Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 441

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр,

иргэдийн төлөөлөгч Т.Н,

шинжээч Т.А,

гэрч Б.Б ,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0287/, Б.Цэнгүүн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0894/,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1950/, Б.Дэлгэрнасан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1587/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л-н М-д холбогдох эрүүгийн 1905015760521 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай /РД: /, урьд Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацагаар тэнсэж хянан харгалзсан, Ховогт Л.М.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.М нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “А нэртэй үсчиний газар салаавч өгч эд зүйл эвдэж” гэмтээсэн гэх шалтгаанаар иргэн Н.Ж-н цээжин тус газар нь цохиж, улмаар цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт болж амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М ын өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 26-27 шилжих шөнө болсон. ...Шөнө 00 цагийн үед 88-тай дугаараас над руу залгасан. Би “хэн бэ” гэхэд “та хаана байна” гэсэн тэгэхээр нь би “гэртээ байна” гэсэн. Гэтэл “та хүрээд ирээч, манай нөхөр ажил дээр ирээд агсан тавиад намайг алах гээд хаалга нүдээд байна. Би бие засах өрөөнд дотроос нь цоожлоод байж байна. Та хүрээд ирээчээ” гэсэн. Би утсаа таслаад хувцсаа өмсөөд гарч явж байтал 00 цаг 35 минутад 45 секундэд манай эхнэр ээжийнхээ дугаараас над руу залгасан байдаг. Би түүнд хүүхдүүдээ унтуулсан. Танай ажлын хүн Б  над руу утасдаад нөхөр ирээд агсан тавиад намайг алах гээд байна, та хүрээд ирээч гэж гуйж байна. Би хувцсаа өмсөөд гэрээсээ гарч байна гэж ярьсан. Тэгээд удалгүй Б  над руу залгаад “та яасан бэ” гэсэн. Би гэрээсээ гарч байна гэж хэлсэн. Дахиад 00 цаг 40 минутад над руу залгасан, би гэрээсээ гараад очиж байна гэж хэлсэн. Б  надаас тусламж гуйж 4 удаа залгасан. Б т туслах гэж гэрээсээ гараад явж байхдаа 102 руу дуудлага өгсөн. Тэгээд хэргийн газар манай гэрээс 600 метр зайтай алхаад очтол цагдаа нар ирээгүй байсан. Хаалганы зүүдэг цоож нь газар унасан. Хаалганы цоож нь эвдэрсэн байсан. Гадна талын хаалганы шил нь хагарсан, дотор талын хаалганы рам нь салсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан болохоор цагдаа нар иртэл хүлээж байя гэж бодоод гадаа нь тамхи татаад зогсож байхад ...дахиад Б  тусламж гуйж над руу залгаад байхаар нь дотогш орсон. Тэгээд би ороод “юу болж байна аа, та нар гэртээ очиж хэрүүл зодооноо хийгээчээ энэ чинь муу, сайн ч гэсэн үсчингийн газар шүү дээ” гэсэн чинь талийгаач над руу “чи юу юм бэ, хоёулаа үзэх юм уу” гээд над руу салаавч гаргаад дайраад байсан. Тухайн үед түүний гар нь цус болсон байсан. Би цайвар саарал өнгийн биеийн тамирын хувцас өмссөн байсан болохоор хувцас цус болчих байх гэж бодоод чи цаашаа бай гээд түүнийг түлхсэн. Эргэн тойрон хагарсан, унасан зүйл байсан. Намайг цохих гэхээр нь би нэг алхаад хойшилсон. Гэтэл түүний баруун гарт нь хайч байсан. Би түүнээс өөрийгөө хамгаалж, түүнийг аюулгүй болгохын тулд түүний баруун гарыг биед нааж дараад унасан. Би талийгаачийг босгохгүй гээд дээрээс нь дарсан байсан. Тэгээд Б  бие засах өрөөнөөс гараад ирсэн, яасан бэ ах аа гэхээр нь дөнгөж сая миний гарыг хайчаар зүсчихлээ гэсэн. ...Тэгээд би 102 руу дахиад дуудлага өгөхөөр залгаад “цагдаад дуудлага өгсөн яасан бэ” гэхэд таныг Баянголын цагдаагийн хэлтэс рүү холбоод өгье гэж хэлээд утас тасарсан. Цонхоор харахад цагдаагийн алаг тэрэг ирсэн байсан. Цагдаа нар орж ирээд яасан бэ гэхээр нь би дуудлага өгсөн хүн байна. Энэ хүн орж ирээд хамаг юм эвдээд над руу дайраад намайг хайчаар зүсчихлээ гэж хэлсэн. Түргэн дуудаад түргэн ирэх хугацаанд цагдаа намайг машинд ороод сууж бай гэж хэлсэн. Тэгээд Баянголын цагдаа дээр ирсэн. Б  над руу утасдаад тусламж гуйж байхад очихгүй байж чадаагүй. Өөрийгөө ийм байдалд орно гэж бодоогүй. ...Талийгаач над руу дайрахаар нь нэг хойшоо алхаад, баруун гартаа хайч барьсан байхаар нь хайчийг аюулгүй болгох үүднээс дараад унасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М ын өгсөн “...Нэг жилийн өмнө хайртай хүүгээ алдаж нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүлэгч энэ хэрэгт холбогдсонд харамсаж байна. Миний хүү зүс царай сайтай, хамт олондоо нөхөрсөг, ажилсаг, тусархуу, нэр хүндтэй найдвартай хамтрагч нь байсан. Аав ээждээ өмөг түшигтэй, дүү нартаа хамгийн хайртай ах нь байсан. Үргэлж инээж явдаг, баяр баясгалантай сайхан хүн байсан. Талийгаачийн буяны ажилд ажилчдын төлөөлөл, бага, дунд ангид хамт суралцаж байсан ангийн хүүхдүүдийн төлөөлөл, Да Хүрээ захын хамт олон бидний гашуудлыг хуваалцаж буяны ажилд нь ирсэн. Энэ бүхнээс харахад бусдад нэр хүндтэй, түмэнд нүүртэй ховорхон хүү байсан гэдгийг сүүлчийн замд нь үдэх үед мэдсэн. Талийгаачтай хамт амьдарч байсан Б , дүү нар нь энэ өдрүүдэд харж байсан. Эрүүл саруул, ажиллаж хөдөлмөрлөх идэр залуу 39 насандаа харамсалтайгаар биднийг орхин одсон. Хүүгийн минь маш том орон зай үлдэж, зүрх шимширч, уруул өмөлзөж байна. Энэ 1 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд ёс зүйтэй, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж ирсэн. Шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу миний хүүгийн хэргийг шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Оршуулгын зардалд 28.757.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс ерөөл мааньд 8.600.000 төгрөгийн зардлыг хасаад 20.157.000 төгрөг гарсан. Үүнээс 10 сая төгрөг хохиролд шилжүүлсэн. Б  мэдүүлэхдээ талийгаачийг доошоо хараад унасан гэж хэлсэн байсан. Харин цагдаа Н, Ж нарын мэдүүлгээр хэргийн газар ороход нэг залуу дээшээ харсан байдалтай хажууд нь нэг залуу зогсож байсан. Харин цаад талын бие засах өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирж байсан гэж мэдүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Б ийн өгсөн “Ажил дээрээ байхад манай хүн согтуу утсаар ярьсан. Талийгаач ажил дээр ирэх байх гэж мэдээд гаднаасаа хүнээр хаалгаа түгжүүлсэн. Гэтэл гаднаас хаалга түжигнэх чимээ сонсогдсон. Тэгээд надад хэн туслах бол гээд надад хамгийн ойр дуудах хүн нь шүүгдэгч байсан тул би түүн рүү юу ч бодолгүй ажлынхаа хүний нөхрөөс туслаач гээд шүүгдэгчээс тусламж гуйсан. Шүүгдэгчтэй утсаар яриад бие засах өрөөнд орж хаалгыг нь дотроос нь түгжээд шүүгдэгч рүү мессэж бичсэн. Удалгүй М гаднаас орж ирж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд Мөнхбатыг ирсэн байна даа гэж бодоод бие засах өрөөний хаалгыг дотроос нь онгойлгоод гараад ирсэн. Намайг бие засах өрөөнөөс гарч ирэхэд М талийгаачийн дээр 2 хөл дээр нь суугаад 2 гарыг нь алдалсан байдалтай байсан. Тухайн үед цагдаа дуудахаас илүү М-н  утасны дугаар байхаар нь утасдаж тусламж гуйсан. Талийгаач хаалгаа онгойлго, хаалгаа тайл, ална шүү гээд байсан. Талийгаач архи уухаараа жаахан догшин авиртай болдог. Өмнө нь намайг 2 удаа зодож байсан. Эхлээд гар хүрэхэд миний бие хөх няц болтлоо зодуулсан. Талийгаачийн ах дүү нар ч мэдэж байгаа. Хадам аав, ээж 2 хажууд 5 ханатай гэрт амьдардаг байсан. 2 давхраас миний орилж байгаа чимээ сонсогдохгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд би айгаад Мөнхбатаас тусламж гуйсан. ...М ахыг ирсэн байна гэдгийг мэдээд бие засах өрөөнөөс 2-3 минут л болсон байх тэгээд гарсан. Яагаад юм эвдэж хагалсан юм бэ, цагдаа дуудна гэж М ах хэлсэн. Гэтэл талийгаач шүүгдэгчийн элдвээр хараасан. Намайг гарч ирэхэд талийгаач дээшээ харсан байсан. Газар шалан дээр хайч байсан...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.А-н өгсөн “...Цээжний хэсэгт хүчтэй дарж унах, цээжийг хүчтэй хана руу шахах, цохилт гэсэн гурван механизмын аль аль нь үхэлд хүргэх боломжтой гэсэн үг. Жингийн хувьд дарж унахад энэ гэмтэл үүсэх боломжтой. Цээжний хэсэгт хатуу гадаргатай зүйлээр хүчтэй дарж унахад цээжний хэсэг, зүрхэн дээр дарж унахад цээжний, зүрхний цусны даралтын нөлөө, шахуурга эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд зүрх, зүрхний хана бүхэлдээ хагарах боломжтой. Яагаад гэвэл зүрхний хана бүхэлдээ задрах нь ховор тохиолддог. Зарим тохиолдолд дотор, гадна хана хагарах тохиолдол байдаг. Авто ослын үед бол рулл урдаас гэнэт шахахад зүрх хагарах тохиолдол байдаг. Харин мохоо зүйлийн үйлчлэлийн үед биеийн жингээр л хүчтэй дарж шахах хүчний үйлчлэлээс болж зүрх бүхэлдээ хагарах боломжтой. Талийгаачийн 2 дугаар хавирганы өвчүү ясны зөрүүний хугаралтай байсан. Тэр хэсэгт хүчтэй цохих ч юм уу, хатуу биет дээр унах тохиолдолд тэр түвшинд хугарах боломжтой. Өвчүү ясны хугарал болон зүрх хагарсан даралт нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Өвчүү ясны хугарал үүсгээд цаашаа зүрхний гэмтлийг үүсгэх боломжтой. Биеийн бүх талбай дээр дарахад бүх судасны даралтыг ихэсгэж байгаа. Зүрхэнд цусны эргэлт явагдаж байдаг. Зүрх бол өөрөө шахуургын эрхтэн тул тэнд байгаа цусны эргэлтийг нэмэгдүүлээд үйлчлэл нь судасны хана гэмтсэн. Гол нь зүрхэндээ бүх цусны эргэлт явагдаж байхад түүн дээр хүчтэй даралт өгсөн учир гэмтэл учирсан. Зүрх хагарсан, зүрхний зүүн чихний уушгиний хураагуур судас гэмтсэн тул их даралтын улмаас шахагдсаны улмаас цусны даралт ихсээд түүнээсээ болоод зүрх задарсан. Ийм төрлийн гэмтэл авсан тохиолдолд хүн биеийн энергээрээ эргэх хөдөлгөөн хийх боломжтой. Босоод алхах боломжгүй. Босоод алхлаа гэж бодоход маш богино хугацаанд биеийн жингээрээ 1, 2 алхаад унана. Талийгаачийн уурлаж бухимдсан байдал, хүнд согтолт зэрэг нь зүрх хагарахад ямар нэг нөлөө үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 1905015760521 дугаартай хавтаст хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр байрны 16-н тоотод байрлах “А” үсчин салоны газарт нас барсан хүн байна гэсэн дуудлагын дагуу хэргийн газрын үзлэг хийхэд гадна үзлэгээр ертөнцийн зүүн чигт харсан төмөр хаалгатай, хаалганы хойд талд төмөр гартай, гадна хаалганы үүдэнд хагарсан шил, эвдэрсэн зүүдэг цаг унасан байдалтай, хаалган хойд дотор талд вакум шилэн давхар хаалгатай, хаалганы хажуу талын салхивч хагарсан байдалтай байв. Хаалгаар дотогш ороход давхар вакум хаалга гаднаасаа салсан эвдэрсэн байдалтай, шил нь хагарсан байв. ...Үзлэгээр 2 ширхэг марьлод цус мэт улаан зүйлийг бэхжүүлж авч, үзлэг хийв. Уг өрөө нь шилэн хаалгаар тусгаарлагдсан ба 2 дахь дамжин өнгөрдөг өрөөнд ороход урд талын хэсэгт угаалгын өрөө байх ба угаалгын өрөөнд хаалганы гадна талд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл байв. ...Уг хаалганы баруун талд хүрэн өнгийн буйдан байх ба уг буйдангийн хойд талд шалан дээр ертөнцийн зүгээр баруун хойшоо чигт харсан байдалтай баруун гар биеэс хөндий урагш харсан байдалтай, зүүн гар ташаа хэсэгт хагас нугалан тавьсан, баруун хөл хагас нугалсан, зүүн хөл зүүн урагш зүг шулуун жийсэн байдалтай, хөх жинсэн өмдний гуя хэсэгт цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон, зүүн гарын шуунд хүрэн оосортой шар бугуйн цагтай, зүүн гарын ядам хуруунд шар метал бичигтэй. 2 нүд аниастай дээшээ харсан байрлалтай эрэгтэй хүний цогцос байв. ...Эд зүйлс хэргийн газар эмх замбараагүй байв. ...Цогцосны баруун зүүн гарын сарвуу цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. ...Үс засдаг өрөөнд ороход бүх зүйлүүд нь эмх цэгцгүй өрөөний дотор байх зарим эд зүйл эвдэрч газар унасан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав....” гэх тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 7-18 тал/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн “Цогцосны урт 176 см, толгойдоо 4 см хүрэн өнгийн будсан үстэй, ...туранхайвтар 39 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. ...Суга хэвлий салаа хэсгээрээ бүлээн. ...Хүүрийн толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр хүрэн улаан өнгөөр бүдэг илэрсэн. 2 нүдний зовхи аниастай, хүүхэн харааны 2 талд жигд өргөссөн, ...хүзүүний баруун хэсэгт 1,5х0,8, 2х1, зүүн мөрний доод хэсэгт 1х0,5 см, хүрэн улаан өнгийн баруун чамархайд 0,8х0,3, шууны ард хэсэгт 1,5х0,3 см, зүүн чамархайд 1х0,6 см өнгөц цайвар хүрэн зулгаралттай баруун гарын бугуй сарвууны хэсэг, 2-р хурууны 3-р үед, 5-р хурууны 1-р үе хэсгээр 1х0,5 см хүрэн хэмжээний жижиг зулгаралттай, зүүн гарын 3-р  хурууны 3-р үед, 4-р хурууны 3-р шивнүүр, 5-р хурууны 2, 3-р үед 0,5х0,4 см хэмжээний хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун шилбэний дээд хэсэгт 2,5х1,5, 2,3х1,5, 1,3х0,6, 2,5х0,4, 0,8х0,2, 0,4х0,2, 2х0,2 дунд хэсэгт 3,2х0,6 см хүрэн улаан зулгаралттай баруун гарын 2, 3, 4 хурууны 7-р үед, 2-р хурууны 2-р үе, 3, 5 дугаар хурууны 3-р үе хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун шилбэний ар дээд гадна хэсэгт 7х2 см зах ирмэг цэгц шархтай. Уг шархны дээд үзүүр хэсэгт 3,5х0,2, 1,6х0,2 өнгөц зүсэгдсэн шарх, уг шархны дээр 3,3х1,2 см улаан өнгийн толбо, гадна дунд хэсэгт 1х0,3 доод хэсэгт 8х0,6, 4,8х0,5 см хүрэн улаан өнгийн дундаа зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 19-22 тал/,

Хүний биед үзлэг хийсэн “...Мөнхбатыг нүцгэлж үзлэг хийхэд ...хамарны зүүн талд 1.5*0.5 мм, духны зүүн дээд хэсэгт 1*0.2 мм хэмжээтэй тав тогтсон зулгарсан байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 23-25 тал/,

Амь хохирогч Н.Ж-н LG GFLEX-2 маркийн гар утсанд үзлэг хийсэн “...LG HFLEX-2 маркийн хүрэн улаан өнгийн бор өнгөтэй бор тунгалаг зөөлөн гэртэй гар утас байлаа. Уг утсыг нээж үзэхэд ямар нэгэн кодгүй ...call руу дарж ороход 88258799 гэсэн дугаар руу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 56 минутаас хойш 2019 оны 3 дугаар сарын 27-ны 00 цаг хүртэл 40 удаа залгасан ба 19:56 цагт 17 секунд, 20:19 цагт 20 секунд, 20:20 цагт 45 секунд, 20:21 цагт 27 секунд, 23:05 цагт 14 секунд, 23:06 цагт 23 секунд, 23:07 цагт 15 секунд, 23:08 цагт 08 секунд, 23:10 цагт 25 секунд, 23:19 цагт 13 секунд, 23:10 цагт 10 секунд, 23:22 цагт 15 секунд,  23:39 цагт 34 секунд, 00:00 цагт 10 секунд нийт 14 удаа ярьсан бөгөөд бусад 26 удаад нь 00-03 секундын хооронд ярьсан байв. ...2019 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 00 цагаас 00:32 цагийн хооронд 19 удаа 88258799 дугаар руу ...тасралтгүй залгасан боловч нэг ч минут яриагүй байв. Харин 00 цаг 32 минутад 19 секунд ярьсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 26-30 тал/,

Гэрч Б.Б-ийн LG HFLEX-2 маркийн гар утсанд хийсэн “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 35 минутанд 96280320 дугаар руу мессэж явуулсан байх бөгөөд ...00:33 минутад 5 секунд ярьсан байв. Мөн түүний дээд талд 96280320 гэсэн дугаар руу 2 удаа залгасан байх ба орж үзэхэд ...00 цаг 39 цагт 4 секунд, 00:42 цагт 10 секунд залгаж ярьсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 31-34 тал/,

Шүүгдэгч Л.М-ын гар утсанд үзлэг хийсэн “...Самсунг Жи-7 маркийн шаргал өнгөтэй, гадна талдаа ямар нэгэн эвдрэл гэмтэл цуурал байхгүй гар утас байлаа. ...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00:32 цагт 23 секунд, 00:34 цагт 5 секунд, 00:40 цагт 5 секунд, 00:43 цагт 9 секунд 88258799 гэсэн дугаараас тус тус залгаж ярьсан байв. Мөн 96550800 гэсэн дугаартай 00:35 цагт 45 секунд, 00:36 цагт 2 минут 8 секунд, цагдаагийн 102 дугаар руу 00:40 цаг 49 секунд, 00:46 цагт 24 секунд ярьсан байсан байлаа. Дээрх цэснээс гарч шар өнгийн дөрвөлжин захидлын цэс рүү ороход 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00:36 цагт “GUIJIIN HURDKEE” гэсэн захиадал 88258799 гэсэн дугаараас ирсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 35-38 тал/,

Эрүүлийн офицер Б.Н-н 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “...2019 оны 3 дугаар сарын 27-ны 00:37 минутанд Баянгол дүүргийн 3 хороо, Рокмоны замын урд байрлах гурван давхар байрны Үсчин дотор согтуу хүн цонх хагалсан гэх дуудлага хүлээн авч, түргэн шуурхай шалгахад 35-40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсныг 103 дуудаж үзүүлэхэд нас байна гэснийг Тайшир-10-д мэдэгдэж бүрэлдэхүүн 111 д/ч А-д хүлээлгэн өгөв...” гэх илтгэх хуудас /1 хх-ийн 43 тал/,

Эрүүгийн мөрдөгч, дэслэгч Г.Б-н 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “...Хэргийн газрын ойр орчимд хэрэгт ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл цуглуулж ажиллахад 23 цагийн орчим талийгаач Н.Ж  нь өөрийн эхнэр Б.Б т агсам тавьсан гэх бөгөөд Б  нь өөрийн ажлын газрын эмэгтэйгийн нөхөр Лхагважав овогтой М-г дуудсан гэв. Улмаар Л.М  нь талийгаачийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор хэргийн газарт ирж, энэхүү хэрэг учрал болсон болох нь одоогоор Б.Б , Л.М  нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хэргийн газрын ойр орчимд ямар нэгэн хяналтын камер байхгүй байх бөгөөд А үсчин доторх хяналтын камер нь ямар нэгэн ажиллагаагүй, тэжээлээс салгагдсан байсан болно” гэх тэмдэглэл /1 хх-ийн 44 тал/,

Мөрдөгч, цагдаагийн ахмад У.Н-н 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “...Л-н М-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг “Drager” багажаар 05 цаг 25 минутад цагдаагийн хэлтсийн 114 дугаартай өрөөнд үлээлгэн шалгахад 0.00 байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 45-46 тал/,

Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед намайг гэртээ байхад миний бага хүү Ж өөрийнхөө утсаар залгахаар нь би гар утсаа аваад ярьтал ....ээж та босоод байж байгаарай, би яваад очъё гэж хэлээд гар утсаа тасалсан. Удаачгүй манай хүү хүрч ирээд нөхөр Н, зээ охин А нарыг аваад замдаа А-г 10 дугаар хороололд Ж-н гэрт нь буулгаад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн. Манай бага хүү надад хэлэхдээ “Ж  ах эхнэрийнхээ ажил дээр нас барчихсан” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөөө хүү Ж-г нас барсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-52 тал/,

 

Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”2019 оны 3 дугаар сарын 27-ны өглөөний 10 цагийн орчим Дэнжийн мянгад байх гэрээс хамтран амьдрагч Н-н Ж-н хамт гарсан. Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “А” гэх нэртэй үсчинийхээ газар ирсэн. Өдөрт Ж  1-2 удаа над руу утсаар залгаж ярьдаг боловч ярихгүй болохоор нь оройн 19 цаг өнгөрч байхад Ж-н 991442 дугаарын утас руу өөрийн 882587 дугаарын утсаар залгаад “хаана байна” гэхэд “Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд Г гэх найзындаа байна, хоол идчихээд яваад очино” гэж хэлсэн ба архи уусан шинжтэй хэл нь ээдэрсэн байсан. ...21 цагийн үед “А” үсчиний газрын бариач Л ажлаасаа тараад явахад би ажил дээрээ ганцаараа үлдээд хонохоор болсон. Хажуу талд байх “Астра” хүнсний дэлгүүрийн үйлчлэгчийг гуйгаад гаднаасаа түлхүүрээ өгч цоожлуулж, түлхүүрээ цонхоороо аваад утасныхаа дууг хаагаад 23 цагийн үед ажлынхаа буйдан дээр хэсэг зүүрмэглэн унтаж байсан. Тэгэхэд гадаах хаалганы хажуу талын шилийг хагалгахаар нь сэрэхэд миний нөхөр Ж ална гэж орилж хашгираад байхаар нь хаалга эвдээд ороод ирэх болов уу гэж айсандаа хамт үсчинээр ажилладаг Алимаа эгчийн нөхөр Бадаанайгийн 96280320 дугаарын утас руу залгаад “та хүрээд ирээч, манай нөхөр ирээд хамаг зүйл хагалаад ална гэж хэлээд байна” гэдгийг хэлэхэд “одоо гэрээсээ гарлаа” гэж хэлэн утсаа салгасан. Б-н гэр нь манай үсчиний газартай ойрхон 65 дугаар байранд амьдардаг. Ж үсчиний гадаах хаалгыг эвдээд байхаар нь хаалгыг эвдчихлээ гэж бодоод айсандааа 00-ийн өрөөн дотор орж хаалгаа цоожлоод сууж байхдаа Бадаанай ах руу утсаар залгаад Жийг хаалга эвдэлээд ороод ирлээ гэж хэлэхэд удалгүй Ж 00-ийн хаалгыг 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Б ах “юу болоод байгаан” гэсэн шаардлага тавихад Ж “хэн юм бэ, пизда минь үзэх үү” гэж хэлэх сонсогдохоор нь 00-ийн өрөөнөөс гарсан. Тэгэхэд буйдангийн урд талд Ж шалан дээр доошоогоо хараад хэвтсэн байдалтай, Бадаанай ах гуя хэсэгт нь суугаад зүүн гарыг нь нурууны ар хэсэгт, хайч барьсан баруун гарыг нь шуу хэсгээр барьсан байдалтай байсан. ...Жийн зүүн гарын алга хэсэг нь цус болсон байхаар нь шилэнд зүссэн юм байна даа гэж тухайн үед бодож байсан. Ж хэсэг орилж байгаад тайвширхаар нь унтсан юм байх гээд Бадаанай ах дээрээс нь босоод намайг цагдаа руу дуудлага өгсөн юм уу гэхэд удалгүй хоёр цагдаа гаднаас орж ирээд Ж-ийг үзээд түргэн тусламж дуудсан. …Би Ж-ийг согтуу байгааг мэдээд гэртээ очоогүй. Учир нь согтуу байхаараа надад гар хүрээд зодоод байдаг болохоор очоогүй. 2018 оны зун архи уучихаад надад гар хүрээд байхаар нь ажил дээрээ хэд хонож байсан. Бид хоёр танилцаад 5 жил, хамт амьдараад 3 жил болж байна. ...Намайг ажлынхаа буйдан дээр унтаж байхад шил хагарах чимээ гарахаар нь сэрэхэд манай нөхөр ална чамайг гээд орилохоор нь би 00-ийн өрөө гүйгээд орсон. ...М ах ойрхон болохоор нь яаралтай хүрээд ир, манай нөхөр намайг ална гээд орилоод байна гэж хэлэхэд М ах за за одоо би гэрээсээ гарлаа гэж надад хэлсэн. Харин тэр үед манай нөхөр ажлын өрөөнд ороод ирчихсэн наад хаалгаа тайл гээд 00 өрөөний хаалгыг цохиод байсан. Би 00-ын өрөөнд байхдаа дахиж М ах руу залгаад та ирж байна уу гээд буцаагаад тасалчихсан. Мөн хурдан ирээчээ гэж мессэж бичсэн. Тухайн үед удаа ч үгүй М ах орж ирсэн. ...Талийгаачийг ямар шалтгааны улмаас нас барах болсон гэдгийг мэдэхгүй байна. ...Манай нөхрийн хувьд байнга архи дарс уугаад байдаггүй. Харин архи уусан үедээ догшин зан авиртай болчихдог. Тэгээд л би тэр зангаас нь айгаад тэр өдөр гэртээ хариагүй юм. ...Намайг 00-ийн өрөөнөөс гарахад талийгаач дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд түүний дээр бүдүүн гуя хэсэгт нь Л.М  суучихсан байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудсан юм уу гэхээр би үгүй л гэж хэлсэн. М хэлэхдээ миний хамрыг хайчаар зүсчихлээ гэхээр харсан чинь хамарных нь дээд хэсгээс цус гарсан байдалтай байсан. ...Хэрвээ талийгаач гартаа хайч барьсан байсан бол намайг бие засах өрөнөөс гарч ирэхээс өмнө нь М талийгаачийн гарнаас тухайн хайчийг авсан байх. Тухайн үед үсчиний газрын бүх зүйл эмх замбараагүй байсан…” /1 хх-ийн 53-55, 56-58 тал, 2 хх-ийн 173 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ю.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б  надад хэлэхдээ манай нөхөр агсам тавиад бүх зүйлийг эвдэлсэн гэж хэлж байсан. Тухайн газрын гадна талын хоёр вакум хаалга, дотор талын 00 өрөөний хаалга эвдэрч гэмтсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний мэдэж байгаагаар Б  2018 оны 6 дугаар сарын дунд үеэс 9 дүгээр сарын эхэн хүртэл 3 сарын хугацаанд үсчингийн хойд талын өрөөнд амьдарч байсан. Тухайн үед би Б ээс мөнгө, төгрөг гэж аваагүй. Б  нь хэлэхдээ манай нөхөр намайг зодоод гэрээс хөөсөн, надад энэ хотод очих айл байхгүй гэж хэлсэн. Мөн тухайн үед би Б т хандаж “чи өөрийгөө хамгаалуулж цагдаагийн байгууллагад хэлэх ёстой” гэж хэлж байсан. Харин тэр үед Б  надад хэлэхдээ “би яаж цагдаад хэлээд маргааш нь нөхрийнхөө царайг харах юм бэ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 63-64 тал/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүргэн ахын хувьд архи дарс хэрэглэсэн гэж сонсогдож байгаагүй, даруухан, дөлгөөн ааш зантай байсан. Ямар нэгэн муу зуршилгүй дажгүй сайн байсан гэж боддог. Нэг хоёр удаа эгчийг цохисон гээд Сэлэнгэ аймагт ирж байсан. Тэр үед эгчийн нүд нь хөхөрчихсөн байсан. Тухайн үед тустай амьдралтай хүмүүсийн дундуур ороод яахав гэж бодоод нээх айхтар тэр хоёрын асуудалд ороод байдаггүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 65-66 тал/,

 

Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай үеэл дүү Д нь А одонгоор шагнуулсан. Тухайн өдөр Чингэлтэй дүүрэг Хайлаастад ах дүү нараа цайлсан. Тэгээд 23 цагийн үед үеэл дүү Д-н төрсөн охин А-н нөхөр М нь хүүхдүүдтэйгээ ирж намайг Хайлаастаас аваад намайг 25 дугаар эмийн сангийн буудал дээр буулгаад хүүхдүүдтэйгээ гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 75 76 тал/,

 

Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад манай ээж Д нь өөрийнхөө утсаар Л.М тай яриад хүүхдүүдээ унтуулсан уу гэж асууж байсан. Тэгээд би ээжийнхээ ярьж байсан утсаар М-тай ярихад нөхөр маань надад хэлэхдээ “...Чамтай цуг ажилладаг Б ийн нөхөр нь согтуу ажил дээр очоод хамаг юмыг чинь эвдээд агсам согтуу тавиад байна. Тэгээд намайг ирж туслаач гээд байна...” гэж надад хэлэхээр нь би “тийм бол юу болж байгааг нь очоод хардаа” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 27-ны 01 цагийн үед Л.М  над руу залгаад Б ийн нөхрийг нас барсан талаар надад хэлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-78 тал/,

 

Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд манай хүргэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны орой 11 цаг өнгөрч байхад 2 охиноо ирж аваад гэр лүү явсан. Тэр үед манай үеэл эгч Норов цуг байсан. Шөний 00 цаг 30 минутын үед  өөрийн 96550800 гэсэн дугаараас хүргэн М-н  96280320 гэсэн дугаар руу залгаж ярихад М хүүхдүүдээ унтуулаад гэртээ зурагт үзээд хэвтэж байна гэж хэлж байсан. Би тэр үед өөрийн ярьж байсан утсаараа хүргэн М-тай охин А-г яриулсан. Тэр хоёрыг юуны талаар ярьсан гэдгийг би тухайн үед мэдээгүй. Удаачгүй шөнийн нэг цаг өнгөрч байхад хүргэн М охин А-тай ярьсан бөгөөд тухайн үед охин А-д “хамт ажилладаг эмэгтэйгийн нөхөр нь нас барсан” талаар хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-80 тал/,

 

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тайшир 116 дээр хөдөлгөөнт эргүүлийн үүргийг жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ж-ны хамтаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэж байсан. ...Баянгол дүүргийн 3 дугаар хороо Рокмоны замын урд талын 3 давхар байрны үсчинд согтуу хүн цонх хагалаад байна гэх дуудлагыг хүлээн авч тухайн газарт очоод хэрэг болсон гэх газар руу ороход тухайн үсчин газрын хаалга үүд нь эвдэрсэн, цонх нь хагарсан нэг залуу дээшээ харсан байдалтай түүний хажууд нэг махлаг залуу зогсож байсан. Харин цаад талын 00-ийн өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирсэн. ...Тэр махлаг залуу хэлэхдээ “энэ эмэгтэйгийн нөхөр нь агсам тавиад байна” гээд дуудахаар нь би туслах гэж ирсэн чинь энэ залуу хайч барьчихсан 00-ийн өрөөний хаалгыг цохиж байсан. Тэгээд би над руу хайч бариад дайрахаар нь хайчыг нь булааж авсан” гэж хэлж байсан. ...Газар унасан залуу эвгүй дуу гаргаад байхаар нь 103-т дуудлага өгсөн. ...Би анх хэргийн газарт очиж хархад талийгаачийн толгойн дээд хэсэгт нэг төмөр хайч харагдаж байсан. Тухайн үед би тэр хайчыг сайн анзаарч хараагүй учраас яг ямар ир үзүүртэй хайч байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан үс засахад зориулагдсан төмөр л хайж харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82, 2 хх-ийн 174 тал/,

Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тайшир 10-аас шөнийн 00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 3 дугаар хороо Рокмоны замын урд талын 3 давхарт байрны үсчинд согтуу хүн цонх хагалаад байна гэх дуудлагыг хүлээн авч ...тухайн газар руу ороход хаалга үүд нь эвдэрсэн цонх нь хагарсан байдалтай байсан. Дотогш ороход бүх зүйл нь эмх цэгцгүй замбараагүй зарим эд зүйл нь газар унаж хагарсан, зарим эд зүйл нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Харин нэг залуу дээшээ харсан байдалтай түүний хажууд махлаг бор залуу зогсож байсан. Харин цаад талын өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирж байсан. Тухайн үед хариуцаж явсан эргүүлийн офицер юу болсон талаар асуухад “Энэ эмэгтэй намайг дуудсан. Намайг дуудахдаа манай нөхөр агсраад алах нь туслаач гэсэн. Тэгэхээр би энэ эмэгтэйд туслахаар ирсэн чинь энэ залуу хайч барьчихсан 00-ийн хаалга нүдээд байж байсан. Би хайчийг нь булааж авахдаа хамраа тэр хайчаар эсгүүлсэн. Тэгээд би хайчыг булааж авахад агсраад байхаар нь би гарт нь байсан хайчийг нь булааж аваад дээр нь гараад суусан гэж хэлж байсан. Тэр үед манай эргүүлийн офицер надад хандаж тэр хайчийг холдуулчих гэхээр нь би тэр газар унасан залуугийн толгойны хажууд байсан хайчийг нь хөлөөрөө бага зэрэг холдуулсан. Тэр үед газар хэвтэж байсан залуу сонин дуу гаргаад чимээгүй болчихсон. Тэгэхээр нь би 103 руу дуудлага өгсөн. Тэгээд манай эргүүлийн офицер тайшир 10-т мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 84 тал/ 

Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б  манай дэлгүүрийн хажуу талын үсчингийн газарт үсчиний ажил хийдэг гэдгээр нь мэднэ. ...2019 оны 3 дугаар сарын 26-ны орой ...би яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна. Барагцаагаар 22 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирээд та намайг гаднаас цоожлоод өг манай нөхөр согтуу байна. Би ажил дээрээ хонох гэж байгаа юм гэхээр нь би зөвшөөрөөд гаднаас нь цоожлоод түлхүүрийг нь цонхоор өгсөн. ...Тухайн өдөр би худалдагч Нарантунгалагтай гарч байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 85-86 тал/,

Гэрч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 26-ны орой намайг үйлчлэгч С.О эгчтэй байхад орж ирээд Оюундэлгэр эгчийг та гаднаас цоожлоод өгөөч гээд дагуулаад гарсан. Тэгээд удаагүй О эгч цоожлоод, түлхүүрийг нь цонхоор өгчихлөө гээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 87-88 тал/,

Шинжээч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...талийгаачийн биед учирсан зүүн шилбэний арын шархыг ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хүзүү, мөчдийн болон нурууны цус хуралт зулгаралтууд нь хатуу биетэд цохих, цохигдох, унах, нэдрэгдэх, шахагдах, дарагдах үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой, тэгэхдээ дээрх гэмтлүүд нь талийгаачийн үхэлд нөлөөлөөгүй. Харин талийгаачийг нас барахад хүргэсэн зүрхний булчингийн задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж, зүрх чихэлтэд гэмтэл нь цээжний  хэсэгт хүчтэй дарж унах, цээж рүү нь хүчтэй хана руу шахаж түлхэх, цохих үед үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач дан ганц өөрөө унах үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй..., ...Өвчүү яс нь 2 дугаар хавирганы үелэх хэсгийн түвшинд зөрүүгүй хугарал үүссэн байсан. Уг хугарал нь зөрүүгүй хугарал байсан учраас энэ зүрхний ховдлын ханын задарч урагдсан шархийг үүсгэхгүй. Харин тэр хэсэгт үйлчилсэний улмаас дарагдал, шахагдал үүсэж зүрхний задарсан шархыг үүсгэсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь маш их хүчтэй даралт, шахалтанд үүссэн байх боломжтой. Мөн дээрх хоёр гэмтэл шарх нь зэрэг үүсэх болсон…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 89, 2 хх-ийн 171-172 тал/,

 

Шинжээч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Л.М ын биед хамрын нуруу, духанд үүссэн зулгаралт гэмтэл нь ямар хүчин зүйлийн нөлөөлөлөөс үүсэгдэх боломжтойг хараагүй учраас хэлэх боломжгүй байна. Хайчны үзүүрээр шүргэх үед үүсэх боломжтойг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 90-92 тал/,

 

Шүүгдэгч Л.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар байрны 8 тоотод эхнэр Н.А, том охин Т, дунд хүү С, бага охин У нарын хамтаар ам бүл 5-лаа амьдардаг. Би 2019 оны 3 дугаар сарын 26-ны ...өдөр манай хадам ээж Д нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алтан гадас одонгоор шагнуулсан байсан. Бид нар тэр газраас өдрийн 13 цагийн үед гараад ойрхон байдаг Солонгос хоолны газарт төрөл садангаараа ороод бөөнөөрөө хоол, унд идчихээд 15 цагийн үед гарч ирээд хадам аав, ээж, төрөл садангийн хүмүүсээ Чингэлтэй дүүргийн Хайлаастад гэрт нь хүргэж өгөөд би ганцаараа барс захын ард талын төрийн банк ороод цахилгааны төлбөр гээд 95000 төгрөг тушаагаад тэндээс гараад Төмөр замын эрчим хүчний газар ороод ажлаа амжуулаад Энхтайван гүүр даваад Жигүүр грандын гадаа М-т машиныг нь хүлээлгэж өгөхөд 17 цаг болж байсан. ...18 цаг 15 минутанд 23 дугаар сургууль ороод дунд хүү Сүхбатыг сургуулиас аваад хүүтэйгээ хамт бид хоёр хүүхдийн зууд байрлах түргэн хоолны газар болох KFC ороод хүүдээ хоол авч өгөөд тэндээс гараад шууд гэрлүүгээ харьсан. Хүү бид хоёрыг гэртээ очиход 19 цаг өнгөрч байсан. Тэгээд би гэртээ хүүгийнхээ хичээлийг хийлгэж байж байгаад 20 цаг 40 минутын үед гэрээсээ гараад баруун 4 замын Нарантуул зочид буудлын гурван давхарт их сургуулийн найз нартайгаа уулзаад 10 минут ч болоогүй буцаад гэрлүүгээ явсан. ...Тэгээд би хүүхдүүдэз унтуулчихаад бага охинтойгоо цуг унтах гээд хэвтэж байхад миний гар утсанд 88-тай дугаараас дуудлага ирсэн бөгөөд би аваад ярьсан чинь манай эхнэртэй цуг үсчингээр ажилладаг Б гээд эмэгтэй байсан. Тухайн үед Б надтай утсаар ярихдаа “та хаана байгаа юм бэ” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “гэртээ байна” гэсэн чинь Б “манай нөхөр ажил дээр ирээд цонх хагалж, хаалга эвдээд намайг алах гээд байна. Би бие засах өрөөнд орчихсон байна. Та хүрч ирээд надад туслаач” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би босоод хувцасаа өмсөөд гэрээсээ гараад орцны үүдэнд явж байхад манай хадам ээж Д нь өөрийнхөө 96550800 гэсэн дугаараас залгаад хүүхдүүдээ унтуулаад амраачихсан уу гэж надаас асуухаар нь би амраасан гэж хэлээд эхнэр А-тай яръя гээд хадам ээжийн утсаар дамжуулан эхнэртэйгээ яриад танай ажлын Б  чинь над руу залгаад нөхөр ажил дээр ирээд хаалга, цонх эвдээд алах гээд байна гээд байна. Би гэрээсээ гараад явж байна  гэж хэлсэн чинь ...манай эхнэр юу балай юм болоод байгаа юм бэ гэж хэлэхээр нь би очиж хараад ирье гэж хэлээд утсаа салгаад цаашаа явж “А” нэртэй үсчин рүү явж байхад Б  нөгөө дугаараасаа над руу дахиж залгахаар нь утсаа аваад ярьсан чинь “Та хаана явж байна хурдлаарай” гэхээр нь би “Ах нь очиж байна” гэж хэлээд утсаа салгаад шууд цагдаагийн 102 дугаар руу залгаж ....Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Рокмоны урд талд байдаг гэрлэн дохионы урд талд байрлах зүүн тийшээ харсан хаалгатай үсчингийн газар нөхөр нь ирээд агсам тавиад эхнэрээ ална гээд байна гэж дуудлага өгөхөд дуудлагыг хүлээж авлаа гээд салгасан. Тэгээд би утсаа харсан чинь тэр хооронд Б  нөгөө дугаараасаа мессеж бичсэн байсан. Тухайн үед мессэжийг уншихад “хурдлаарай гуйж байна” гэсэн байсан. Тэгээд би эхнэрийнхээ ажлын гадаа очиход тухайн газрын гэрэл нь асаалттай гадна талын жижиг цонх нь хагарчихсан, хаалгыг нь эвдэлчихсэн байсан бөгөөд дотор нь нэг согтуу залуу орилоод дотор талын 00 өрөөний хаалгыг цохиод байсан. Би цагдаа ирэхийг хүлээгээд хэсэг хугацаанд зогсоод байж байтал дотор шилэн зүйл хагалгах чимээ гарч байсан. Харин тэр үед мөн нөгөө Б  над руу дахин залгаад байхаар нь би дуудлагыг нь таслаад шууд яваад орсон. Намайг ороход Б гийн нөхөр гэх согтуу залуу богино төмөр зүйл барьчихсан, rap нь нилэнхүйдээ цус болчихсон 00-ийн өрөөний модон хаалгыг нүдээд байхаар нь би “хөөе чи яаж байгаа юм бэ, чи хамаг юм эвдээд хагалчихлаа шүү дээ” гэсэн чинь тэр согтуу залуу над руу салаавч гаргаад “чи хэн бэ, надтай үзэх юм уу” гээд над руу хүрч ирээд шууд баруун /цустай/ гараараа миний куртикний зүүн захнаас бариад авахаар нь би зүүн гараараа доороос нь дээш өргөж гарыг нь тавиулаад өөрөөсөө холдуулж түлхээд “би чамтай үзэх шаадлага байхгүй. Би угаасаа цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлээд тэнд юу болсон талаар эргэн тойрноо харахад бүх зүйлүүд газраар хөглөрчихсөн зарим зүйлүүд нь хагарч, эвдэрсэн байсан. Тэр үед миний зүүн нүдний булангаар нөгөө залуу намайг цохих гээд гар нь ороод ирсэн. Тэгэхээр нь би бултах маягтай хойшоо гэдийхэд нөгөө гар нь намайг оноогүй шүргээд өнгөрсөн. Харин тэр залуу энерцэндээ бүтэн эргээд цаашаа харсан. Тэр залуу баруун гартаа хайчтай байхаар нь би сандараад хойноос нь баруун гарыг нь биед наалдуулан хойноос нь тэврээд өөрийгөө хамгаалах маягтай хойноос нь дараад газарт унасан. Тэгээд дээшээ өндийгөөд гуя орчимд нь суугаад зүүн гарыг ард нь мушгиж дараад баруун гарных нь шуунаас нь бариад хайчыг нь тавиулах гээд гарыг нь сэгсэрхэд тэр залуу эсэргүүцээд тийчлээд байсан. Гарыг нь сэгсэрч байгаад хайчыг нь тавиулаад байж байтал Б  00-ийн өрөөнөөс гарч ирэхээр нь би цагдаа дуудсан юм уу гэсэн чинь Б  үгүй гэж хэлэхээр нь би халааснаасаа өөрийнхөө гар утсыг аваад шууд цагдаагийн 102 дугаар руу залгаад “дуудлага өгсөн хүн байна. Цагдаа яасан бэ?” гэсэн чинь “таныг холбоод өгье” гэж хэлээд дуудлага нь тасарчихсан. Харин тэр үед эргээд харахад гадаа үүдэнд цагдаагийн улаан, цэнхэр өнгийн гэрэл анивчиж байсан. Удалгүй цагдаа нар орж ирээд юу болсон талаар надаас асуухаар нь би “энэ согтуу залуу ирээд эхнэртэй агсам тавиад алах гээд байна гээд эхнэр нь над руу залгаж тусламж гуйхаар нь би ирсэн юм” гэж хэлсэн. Харин тэр үед нөгөө залуу эргээд дээшээ хараад яргалаад байсан. Би энэ залуу над руу хайч барьж дайраад хамарны зүүн хэсэгт зүсчихлээ гэж хэлээд хайч нь тэр байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 189-190, 191-193, 2 хх-ийн 175-176 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн эмчийн 815 дугаартай:

”...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүрхний зүүн ховдлын булчингийн ханын задарсан шарх, цус хуралт, зүрхний зүүн чихний уушигний хураагуур судасны задрал, зүрх чихэлдэлт, үнхэлцэг хальс, уушигний угийн холбоосны цус хуралт, уушигний дэлбэнгийн цус хуралт, өвчүү ясны үелэх хэсгийн хугарал, зүүн шилбэний шарх, хүзүү мөчид, нурууны зулгаралт, цус хуралт, зүүн бөөрний хальсны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан зүүн ховдлын булчингийн ханын задарсан шарх, цус хуралт, зүрхний зүүн чихний уушигний хураагуур судасны задрал, зүрх чихэлдэлт зэрэг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт, өвчүүний үелэх хэсгийн хугарал гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт, зүүн шилбэний шарх, хүзүү, мөчид, нурууны зулгаралт, цус хуралт, зүүн бөөрний хальсны цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт болж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх хууч архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач АВО системээр В3 бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 4,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /1 хх-ийн 94-95 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 867 дугаартай:

“...Талийгаачид илэрсэн зүрхний зүүн ховдлын ханын задарч урагдсан шарх, уушигны хураагуур судасны зүрхнээс гарах хэсгийн урагдсан шарх, зүрх чихэлдэлт, үнхэлцэг хальс, уушигны угийн холбоосны цус хуралт, уушигны дэлбэнгийн цус хуралт, өвчүү ясны 2-р хавиргатай үелэх хэсгийн хугарал, зүүн бөөрний хальсны цус хуралт, нурууны зулгаралт цус хуралт гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу бусдад цохигдох, өшиглөгдөх үед үүсэх боломжтой, зүүн шилбэний шарх, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр мөчдийн зулгаралт, цус хуралт нь цохилт, унах ойчих нидрэгдэх үед үүсэх боломжтой ба хүний өөрийн гар хүрч болох түвшин байна. ...Хүзүүний зулгаралт боож багалзуурдах үед үүссэн байх боломжтой далны цус хуралт цохигдох үед үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан зүрхний зүүн ховдлын ханын задрал, урагдал евчүүний хугарал нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжгүй ба хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, дэвсэх, өшиглөх зэрэг үйлдлээс үүсэх боломжтой, зүрх чихэлдэлт гэдэг нь зүрхний зүүн ховдлын ханын урагдал гэмтлийн хүндрэл бөгөөд урагдал зүрхэн доторх цус үхэлцэгийн хөндий рүү гарч зүрхийг тал бүрээс нь шахаж чихэлдүүлэн зүрх агшиж тэлэх боломжгүй болохыг хэлнэ. Зүүн хөлийн шилбэний гадна болон дотор хэсгийн зах ирмэг тэгш шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хатгагдаж зүсэгдсэн шарх байна. талийгаач хүнд зэргийн согтолттой, уурласан байсан нь зүүн ховдлын ханын задрал урагдал, өвчүүний хугарал үүсэхэд хүргэхгүй, мөн хүнд зэргийн согтолтой байсан нь нас барахад нөлөөлөөгүй байна. Дээрх гэмтлийг аваад цаг хугацааны хувьд хэсэг зуур буюу хэдэн секунд, минут амьд байх боломжтой, ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай...” гэх дүгнэлт /1 хх-ийн 99-101 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн 3943 дугаартай:

“Л.М ын биед хамрын нуруу, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 110 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн 2049 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Л.М ын гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 115 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 2050 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Л.М ын гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт /1 хх-ийн 117 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2048 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-р “00”–ийн өрөөний хаалганаас бэхжүүлсэн гэх марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбо, ХГҮ-р шалан дээрээс бэхжүүлэв гэж хаягласан марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Арьс илрээгүй. Баас, шээс илрүүлэх боломжгүй. ХГҮ-р “00”-ийн өрөөний хаалганаас бэхжүүлсэн гэх марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Н.Жанчивдрж гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 130-131 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2052 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2, 5, 8 дугаартай хумснууд бүдэг улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Бусад хумснуудад цус, арьс, үс илрээгүй. 2, 5, 8 дугаартай хумснуудад илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Н.Жанчивдрж гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 144-145 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 895 дугаартай: ”Л.М  гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Л.М  өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна. Л.М  нь удамшлын сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. Мөнхбатад эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 149-151 тал/,

            Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 21б/1446 дугаартай “...102 утсанд 3 сарын 26-наас 27-нд шилжих шөнө 96280320 дугаарын утаснаас ирүүлсэн 1 дуудлагын дэлгэрэнгүй лавлагааг гаргаж хүргүүлэв... ” албан бичиг, лавлагаа /1 хх-ийн 197-198 тал/,

            Шүүгдэгч Л.М ын Баянгол дүүргийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /2 хх-ийн 10 тал/,

            Цагдаагийн дэд ахлагч Г.Цэндмаагийн “...3 хороо, 73 сургуулийн нутаг дэвсгэрт байрлах 3 камерын бичлэг шүүхэд тус камерууд шилэн кабел нь гэмтсэн тул тухайн үед ажиллагаагүй тул бичлэг шүүх боломжгүй болно” гэх илтгэх хуудас /2 хх-ийн 12 тал/,

            Хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гараас нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд  гаргаж байсан хүсэлт, мөрдөгчийн тогтоолууд /2 хх-ийн 24-30 тал/,

            Хохиролтой холбоотой нотлох баримтууд /2 хх-ийн 31-92 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 195 тал/, иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 222 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 223, 245, 2 хх-ийн 101 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 231 тал/,  хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 246-247, 2 хх-ийн 5, 102-104 тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 769 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх-ийн 117 тал/, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 0099 дугаартай шийтгэх тогтоол /2 хх-ийн 130 тал/, “Замт Маргад” ХХК-ийн тодорхойлолт /2 хх-ийн 105 тал/, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2 хх-ийн 115 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Мөн шүүгдэгч Л.М ын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, мөрдөгч нарын тэмдэглэл зэрэг бусад хэргийн нотлох баримтуудтай нийцэж байх тул үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Хэргийн нөхцөл байдлын талаар тогтоогдсон үйл баримтын тухайд:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.М ыг 2019 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй үсчиний газар салаавч өгч эд зүйл эвдэж гэмтээсэн гэх шалтгаанаар иргэн Н.Ж ийн цээжин тус газар нь цохиж, улмаар цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт болж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1905015760521 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Нэг. Хэрэг учрал болсон 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр амь хохирогч Н.Ж  нь өөрийн найз Г-г гэр бүлээрээ Швед улс явах болсонтой холбоотой гаргаж өгөхөөр нэр бүхий гэрч нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба шөнийн 00:30 минутын орчимд эхнэр Б.Б ийн ажлын байранд буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 24 байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулах “А” үсчиний газарт ирж тухайн үсчиний газрын хаалгыг эвдлэн орж, эд зүйлийг эвдэж гэмтээн агсам согтуу тавьсан үйл баримт тогтоогдсон байна. 

Хоёр. Хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн нотлох баримтуудаар гэрч Б.Б  /амь хохирогчийн эхнэр/ нь амь хохирогч Н.Ж ийг архи уусан, архи уухаараа догшин авиртай болж гар хүрээд байдаг гэсэн шалтгаанаар гэртээ хариагүй ажлын байрандаа, гаднаасаа хүнээр цоожлуулж хоносон байх бөгөөд шөнө нөхрийгөө ирж агсам согтуу тавихад өөрийн хамт ажилладаг үсчиний нөхөр болох шүүгдэгч Л.М  руу удаа дараа утасдаж, мессэж бичин тусламж хүссэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, гэрч Б.Б ийн “...Би Жийг согтуу байгааг мэдээд гэртээ очоогүй. Учир нь согтуу байхаараа надад гар хүрээд зодоод байдаг болохоор очоогүй. 2018 оны зун архи уучихаад надад гар хүрээд байхаар нь ажил дээрээ хэд хонож байсан. Бид хоёр танилцаад 5 жил, хамт амьдараад 3 жил болж байна. ...2019 оны 3 дугаар сарын 26-ны ...оройн 19 цаг өнгөрч байхад Жийн 99144242 дугаарын утас руу өөрийн 88258729 дугаарын утсаар залгаад хаана байна гэхэд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд Ганбаа гэх найзындаа байна, хоол идчихээд яваад очино гэж хэлсэн ба архи уусан шинжтэй хэл нь ээдэрсэн байсан. ...би ажил дээрээ ганцаараа үлдээд хонохоор болсон. Хажуу талд байх Астра хүнсний дэлгүүрийн үйлчлэгчийг гуйгаад гаднаасаа түлхүүрээ өгч цоожлуулж, түлхүүрээ цонхоороо аваад утасныхаа дууг хаагаад 23 цагийн үед ажлынхаа буйдан дээр хэсэг зүүрмэглэн унтаж байхад гадаах хаалганы хажуу талын шилийг хагалгахаар нь сэрэхэд миний нөхөр Ж “ална” гэж орилж хашгираад байхаар нь хаалга эвдээд ороод ирэх болов уу гэж айсандаа хамт үсчинээр ажилладаг Алимаа эгчийн нөхөр Бадаанайгийн 96280320 дугаарын утас руу залгаад “та хүрээд ирээч, манай нөхөр ирээд хамаг зүйл хагалаад ална гэж хэлээд байна” гэдгийг хэлэхэд одоо гэрээсээ гарлаа гэж хэлэн утсаа салгасан. ...Ж үсчиний гадаах хаалгыг эвдээд байхаар нь хаалгыг эвдчихлээ гэж бодоод айсандааа 00-ийн өрөөн дотор орж хаалгаа цоожлоод сууж байхдаа Бадаанай ах руу утсаар залгаад Жийг хаалга эвдэлээд ороод ирлээ гэж хэлэхэд удалгүй Ж 00-ийн хаалгыг 2-3 удаа өшиглөсөн...“ гэх, гэрч Ю.Н-н “...Б  надад хэлэхдээ манай нөхөр агсам тавиад бүх зүйлийг эвдэлсэн гэж хэлж байсан. Тухайн газрын гадна талын хоёр вакум хаалга, дотор талын 00 өрөөний хаалга эвдэрч гэмтсэн. ...Миний мэдэж байгаагаар Б  2018 оны 6 дугаар сарын дунд үеэс 9 дүгээр сарын эхэн хүртэл 3 сарын хугацаанд үсчингийн хойд талын өрөөнд амьдарч байсан. Б  нь хэлэхдээ манай нөхөр намайг зодоод гэрээс хөөсөн, надад энэ хотод очих айл байхгүй гэж хэлсэн. Мөн тухайн үед би Б т хандаж “чи өөрийгөө хамгаалуулж цагдаагийн байгууллагад хэлэх ёстой” гэж хэлж байсан. Харин тэр үед Б  надад хэлэхдээ “би яаж цагдаад хэлээд маргааш нь нөхрийнхөө царайг харах юм бэ” гэж хэлж байсан...” гэх, гэрч С-н “...Б ийг манай дэлгүүрийн хажуу талын үсчингийн газарт үсчиний ажил хийдэг гэдгээр нь мэднэ. ...2019 оны 3 дугаар сарын 26-ны орой ...барагцаагаар 22 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирээд та намайг гаднаас цоожлоод өг, манай нөхөр согтуу байна. Би ажил дээрээ хонох гэж байгаа юм гэхээр нь би зөвшөөрөөд гаднаас нь цоожлоод түлхүүрийг нь цонхоор өгсөн...” гэх, гэрч Э.Н-н “...2019 оны 3 дугаар сарын 26-ны орой намайг үйлчлэгч С.Оюундэлгэр эгчтэй байхад орж ирээд Оюундэлгэр эгчийг та гаднаас цоожлоод өгөөч гээд дагуулаад гарсан. Тэгээд удаагүй Оюунаа эгч цоожлоод түлхүүрийг нь цонхоор өгчихлөө гээд ороод ирсэн...” гэх, шүүгдэгч Л.М-ын “...миний гар утсанд 88-тай дугаараас дуудлага ирсэн бөгөөд би аваад ярьсан чинь манай эхнэртэй цуг үсчингээр ажилладаг Б  гээд эмэгтэй байсан. Тухайн үед Б  надтай утсаар ярихдаа “та хаана байгаа юм бэ” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “гэртээ байна” гэсэн чинь Б  “манай нөхөр ажил дээр ирээд цонх хагалж, хаалга эвдээд намайг алах гээд байна. Би бие засах өрөөнд орчихсон байна. Та хүрч ирээд надад туслаач” гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлгүүд,

амь хохирогч Н.Ж-ийн гар утсанд үзлэг хийсэн “...88258799 гэсэн дугаар руу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 56 минутаас хойш 2019 оны 3 дугаар сарын 27-ны 00 цаг хүртэл 40 удаа залгасан ба 19:56 цагт 17 секунд, 20:19 цагт 20 секунд, 20:20 цагт 45 секунд, 20:21 цагт 27 секунд, 23:05 цагт 14 секунд, 23:06 цагт 23 секунд, 23:07 цагт 15 секунд, 23:08 цагт 08 секунд, 23:10 цагт 25 секунд, 23:19 цагт 13 секунд, 23:10 цагт 10 секунд, 23:22 цагт 15 секунд, 23:39 цагт 34 секунд, 00:00 цагт 10 секунд нийт 14 удаа ярьсан бөгөөд бусад 26 удаад нь 00-03 секундын хооронд ярьсан байв. ...2019 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 00 цагаас 00:32 цагийн хооронд 19 удаа 88258799 дугаар руу ...тасралтгүй залгасан боловч нэг ч минут яриагүй байв. Харин 00 цаг 32 минутад 19 секунд ярьсан байв...” гэх, гэрч Б.Б ийн гар утсанд хийсэн “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 35 минутанд 96280320 дугаар луу мессэж явуулсан байх бөгөөд ...00:33 минутад 5 секунд ярьсан байв. Мөн түүний дээд талд 96280320 гэсэн дугаар руу 2 удаа залгасан байх ба орж үзэхэд ...00 цаг 39 цагт 4 секунд, 00:42 цагт 10 секунд залгаж ярьсан байв...” гэх, шүүгдэгч Л.М ын гар утсанд үзлэг хийсэн “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00:32 цагт 23 секунд, 00:34 цагт 5 секунд, 00:40 цагт 5 секунд, 00:43 цагт 9 секунд 88258799 гэсэн дугаараас тус тус залгаж ярьсан байв. Мөн 96550800 гэсэн дугаартай 00:35 цагт 45 секунд, 00:36 цагт 2 минут 8 секунд, цагдаагийн 102 дугаар руу 00:40 цаг 49 секунд, 00:46 цагт 24 секунд ярьсан байсан байлаа. Дээрх цэснээс гарч шар өнгийн дөрвөлжин захидлын цэс рүү ороход 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00:36 цагт “GUIJIIN HURDKEE” гэсэн захидал 88258799 гэсэн дугаараас ирсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Шүүгдэгч Л.М  нь 2019 оны 3 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 00 цаг 43 минут орчимд гэрч Б.Б т тусламж үзүүлэх зорилгоор хэрэг учрал болсон Баянгол дүүргийн 3 хороо, 24 байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулах “А” үсчиний газарт орсон. Түүнийг ороход амь хохирогч Н.Ж  нь 00-ийн өрөөний хаалгыг өшиглөж байсан, “Юу болж байна, яагаад хамаг юм эвдээд байгаа юм” гэхэд амь хохирогч “хэн юм бэ, пизда минь үзэх үү” гээд шүүгдэгч рүү хайч барьж дайрсан, улмаар шүүгдэгч Л.М  амь хохирогч Н.Ж ийг газарт дарж унагаан, хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор дээр нь гарч суусан байсан үйл баримт нотлогдсон байна.

 

Энэ нөхцөл байдал гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ж 00-ийн хаалгыг 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Бадаанай ах “юу болоод байгаа юм, яахаараа юм эвдээд байгаа юм” гэсэн шаардлага тавихад Ж ”хэн юм бэ, пизда минь үзэх үү” гэж хэлэх сонсогдохоор нь би 00-ийн өрөөнөөс гарсан. ...Намайг бие засах өрөөнөөс гарч ирэхэд талийгаач дээшээ харсан байдалтай, М талийгаачийн дээр 2 хөл дээр нь суугаад 2 гарыг нь алдалсан байдалтай байсан. Хайч газар шалан дээр байсан. М ах орж ирээд “Юу болж байгаа юм, яахаараа юм эвдэлээд байгаа юм, гэртээ очиж наад хэрүүлээ хий” гэж хэлэхэд талийгаач шүүгдэгчийг элдвээр хараасан. Би М ахыг орж ирснийг мэдээд удаагүй 2-3 минут л болсон байх шууд гарсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Л.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би ороод “юу болж байна аа, та нар гэртээ очиж хэрүүл зодооноо хийгээчээ энэ чинь муу, сайн ч гэсэн үсчингийн газар шүү дээ” гэсэн чинь талийгаач над руу “чи юу юм бэ, хоёулаа үзэх юм уу” гээд над руу салаавч гаргаад дайраад байсан. ...Талийгаач над руу дайрахаар нь нэг хойшоо алхаад, баруун гартаа хайч барьсан байхаар нь хайчийг аюулгүй болгох үүднээс дараад унасан. Би талийгаачийг босгохгүй гээд дээрээс нь дарсан байсан. ...Б  бие засах өрөөнөөс гараад ирсэн “яасан бэ ах аа” гэхээр нь “дөнгөж сая миний гарыг хайчаар зүсчихлээ” гэсэн. Тэгээд би 102 руу дахиад дуудлага өгөхөөр залгаад “цагдаад дуудлага өгсөн яасан бэ” гэхэд таныг Баянголын цагдаагийн хэлтэс рүү холбоод өгье гэж хэлээд утас тасарсан. Цонхоор харахад цагдаагийн алаг тэрэг ирсэн байсан. ...Би “энэ залуу над руу хайч барьж дайраад хамарны зүүн хэсэгт зүсчихлээ, хайч нь тэр байна” гэж хэлсэн. ...Харин тэр үед нөгөө залуу эргээд дээшээ хараад яргалаад байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Н-н 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудас болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 27-ны 00:37 минутанд Баянгол дүүргийн 3 хороо, Рокмоны замын урд байрлах гурван давхар байрны Үсчин дотор согтуу хүн цонх хагалсан гэх дуудлага хүлээн авч ...тухайн газарт очоод хэрэг болсон гэх газар руу ороход тухайн үсчин газрын хаалга үүд нь эвдэрсэн, цонх нь хагарсан нэг залуу дээшээ харсан байдалтай түүний хажууд нэг махлаг залуу зогсож байсан. Харин цаад талын 00-ийн өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирсэн. ...Тэр махлаг залуу хэлэхдээ “энэ эмэгтэйгийн нөхөр нь агсам тавиад байна” гээд дуудахаар нь би туслах гэж ирсэн. ...Над руу хайч бариад дайрахаар хайчыг нь булааж авсан...” гэж хэлж байсан. ...Би анх хэргийн газарт очиж харахад талийгаачийн толгойн дээд хэсэгт нэг төмөр хайч харагдаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж-н “...Тайшир 10”-аас шөнийн 00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 3 дугаар хороо Рокмоны замын урд талын 3 давхар байрны үсчинд согтуу хүн цонх хагалаад байна гэх дуудлагыг хүлээн авч ...тухайн газар руу ороход хаалга үүд нь эвдэрсэн цонх нь хагарсан байдалтай байсан. Дотогш ороход бүх зүйл нь эмх цэгцгүй замбараагүй зарим эд зүйл нь газар унаж хагарсан, зарим эд зүйл нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Харин нэг залуу дээшээ харсан байдалтай түүний хажууд махлаг бор залуу зогсож байсан. Харин цаад талын өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирж байсан. ...Тэр үед газар хэвтэж байсан залуу сонин дуу гаргаад чимээгүй болчихсон. Тэгэхээр нь би 103 руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, шинжээч Н.Т-н “Л.М ын биед хамрын нуруу, духанд үүссэн зулгаралт гэмтэл нь ямар хүчин зүйлийн нөлөөлөлөөс үүсэгдэх боломжтойг хараагүй учраас хэлэх боломжгүй байна. Хайчны үзүүрээр шүргэх үед үүсэх боломжтойг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн 3943 дугаартай “Л.М ын биед хамрын нуруу, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн “...Мөнхбатыг нүцгэлж үзлэг хийхэд ...хамарны зүүн талд 1.5*0.5 мм, духны зүүн дээд хэсэгт 1*0.2 мм хэмжээтэй тав тогтсон зулгарсан байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Мөн хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 21б/1446 дугаартай албан бичиг, лавлагаа, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд хэргийн дээрх үйл баримт маш богино хугацаанд буюу 2-3 минутанд болж өнгөрсөн байх ба шүүгдэгч Л.М  хэрэг учрал болсон газар луу явж байхдаа 00 цаг 40 минутанд, мөн тухайн газарт очоод 00 цаг 46 минутанд цагдаагийн 102 дугаарт өөрийн гар утаснаас 2 удаа дуудлага, мэдээлэл өгсөн байна.

Дөрөв. Дээрх хэрэг учрал болсон газарт буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 24 байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулах “А” үсчины газар амь хохирогч Н.Ж  нь нас барсан байх ба түүний биед учирсан цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болжээ.  

Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн эмчийн 815 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүрхний зүүн ховдлын булчингийн ханын задарсан шарх, цус хуралт, зүрхний зүүн чихний уушигний хураагуур судасны задрал, зүрх чихэлдэлт, үнхэлцэг хальс, уушигний угийн холбоосны цус хуралт, уушигний дэлбэнгийн цус хуралт, өвчүү ясны үелэх хэсгийн хугарал, зүүн шилбэний шарх, хүзүү мөчид, нурууны зулгаралт, цус хуралт, зүүн бөөрний хальсны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Талийгаач нь цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт болж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх хууч архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач АВО системээр В3 бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 4,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт,

Шинжээч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...талийгаачийн биед учирсан зүүн шилбэний арын шархыг ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хүзүү, мөчдийн болон нурууны цус хуралт зулгаралтууд нь хатуу биетэд цохих, цохигдох, унах, нэдрэгдэх, шахагдах, дарагдах, үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой, тэгэхдээ дээрх гэмтлүүд нь талийгаачийн үхэлд нөлөөлөөгүй. Харин талийгаачийг нас барахад хүргэсэн зүрхний булчингийн задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж, зүрх чихэлтэд гэмтэл нь цээжний  хэсэгт хүчтэй дарж унах, цээж рүү нь хүчтэй хана руу шахаж түлхэх, цохих үед үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач дан ганц өөрөө унах үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй..., ...Өвчүү яс нь 2 дугаар хавирганы үелэх хэсгийн түвшинд зөрүүгүй хугарал үүссэн байсан. Уг хугарал нь зөрүүгүй хугарал байсан учраас энэ зүрхний ховдлын ханын задарч урагдсан шархийг үүсгэхгүй. Харин тэр хэсэгт үйлчилсэний улмаас дарагдал, шахагдал үүсэж зүрхний задарсан шархыг үүсгэсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь маш их хүчтэй даралт, шахалтанд үүссэн байх боломжтой. Мөн дээрх хоёр гэмтэл шарх нь зэрэг үүсэх болсон…” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Цээжний хэсэгт хүчтэй дарж унах, цээжийг хүчтэй хана руу шахах, цохилт гэсэн гурван механизмын аль аль нь үхэлд хүргэх боломжтой гэсэн үг. Жингийн хувьд дарж унахад энэ гэмтэл үүсэх боломжтой. ...Өвчүү ясны хугарал болон зүрх хагарсан даралт нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Өвчүү ясны хугарал үүсгээд цаашаа зүрхний гэмтлийг үүсгэх боломжтой. Биеийн бүх талбай дээр дарахад бүх судасны даралтыг ихэсгэж байгаа. Зүрхэнд цусны эргэлт явагдаж байдаг. Зүрх бол өөрөө шахуургын эрхтэн тул тэнд байгаа цусны эргэлтийг нэмэгдүүлээд үйлчлэл нь судасны хана гэмтсэн. Гол нь зүрхэндээ бүх цусны эргэлт явагдаж байхад түүн дээр хүчтэй даралт өгсөн учир гэмтэл учирсан. Зүрх хагарсан, зүрхний зүүн чихний уушгиний хураагуур судас гэмтсэн тул их даралтын улмаас, шахагдсаны улмаас цусны даралт ихсээд түүнээсээ болоод зүрх задарсан. Ийм төрлийн гэмтэл авсан тохиолдолд хүн биеийн энергээрээ эргэх хөдөлгөөн хийх боломжтой. Босоод алхах боломжгүй...” гэх мэдүүлэг, баримтуудаар амь хохирогч Н.Ж  нь цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь нотлогджээ.

 Дээрх амь хохирогчийн цогцост задлан хийсэн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээс үзэхэд амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл үүссэн шалтгаан нь амь хохирогчийн цээжний хэсэгт хүчтэй дарж унах, цээжийг хүчтэй хана руу шахах, цохих гэсэн гурван механизмын аль алинд үүсэх боломжтой байх ба хэргийн үйл баримтаар тогтоогдсон бодит байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч биеийн жингээр даралт өгч унахад амь хохирогчийн судасны даралтыг ихэсгэж, зүрхэн дэх цусны эргэлтийг нэмэгдүүлэн улмаар судасны хана нь гэмтэж зүрх хагарсан гэж үзэх үндэслэл болж байна.

Тодруулбал, “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтэнд дурдсан үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан нэгтгэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.М  нь амь хохирогч Н.Ж ийг өөрийн эхнэр буюу гэрч Б.Б ийн Монгол Улсын Үндсэн Хууль болон Эрүүгийн хуульд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдан хууль бус довтолгоо хийж байхад хэрэг учрал болсон газарт очсон бөгөөд тухайн этгээдийн гэрч болон өөр рүү нь чиглэсэн бодитой, хууль бус халдлагыг таслан зогсоох зорилгоор амь хохирогчийг газарт дарж унагаан гуя хэсэгт сууж, хоёр гарын хөдөлгөөнийг хориглосон үйлдэл хийсэн болох нь нотлогдсон байна.   

Шүүгдэгч Л.М ыг гэм буруугүйд тооцсон хууль зүйн үндэслэлийн тухайд:

            Хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал гэмт хэргийн шинжтэй эсэхийг дүгнэн үзвэл:

            Амь хохирогч нийгэмд аюултай халдлага, хүч хэрэглэсэн довтолгоон үйлдэж эд зүйл эвдэж байх үед шүүгдэгч Л.М  нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч үйл явцыг гаднаас ажиглаж байсан боловч улмаар гэрч Б.Б т бодитой аюул учрах эрсдэл бий болох тэр цаг хугацаанд тухайн үйл явцыг таслан зогсоож бусдын амьд явах халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг хамгаалж, улмаар хохирогчийн өөрт нь халдсан довтолгооны эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан хуулийн заалттай нийцэж байна.

Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон.

Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Иймд шүүгдэгч Л.М ын хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас өөрийгөө, бусдыг хамгаалах аргагүй хамгаалалтын явцад халдагч этгээдийн амь насыг хохироосон түүний санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр улсын яллагчийн яллах дүгнэлтэнд тусгагдсан хохирогч Б.М , гэрч Б.Б , гэрч Б.Н-н нарын мэдүүлгүүдээр “...М нь ...Н.Ж ийн цээжин тус газар нь цохиж ...амь насыг хохироосон...” гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Мөн яллах дүгнэлтэд тусгагдсан, нэгдүгээр хавтаст хэргийн 99-101 дэх хуудаст авагдсан Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 867 дугаартай шинжээч эмч Б.А-н “...Талийгаачид учирсан зүрхний зүүн ховдлын ханын задрал, урагдал өвчүүний хугарал нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжгүй ба хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, дэвсэх, өшиглөх зэрэг үйлдлээс үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлтэнд үндэслэж шүүгдэгч Л.М ыг бусдыг цохиж амь насыг нь хохироосон гэж яллах боломжгүй юм.

Учир нь энэ шинжээчийн дүгнэлт нь “...цохих, дэвсэх, өшиглөх зэрэг...” гэсэн  энэ 3 механизмаас өөр бусад үйлдлээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл үүссэн байхыг үгүйсгээгүй байх ба шүүгдэгч Л.М  нь амь хохирогч Н.Ж ийг цохисон, амь хохирогчтой зодолдсон гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.   

Иймд улсын яллагчийн хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцлөөс өөрөөр буюу шүүгдэгч Л.М ыг бусдыг цохиж амь насыг нь хохироосон гэж яллаж буй нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...шүүгдэгч Л.М ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх дүгнэлтийг хүлээн аваагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.М ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, Л.М ыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.   

Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар аргагүй хамгаалалтаас учруулсан гэм хорыг уг үйлдэл хийсэн иргэн хариуцан арилгах үүрэггүй бөгөөд шүүх, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохиролд тооцон нийт 28.757.450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхисон болно.

Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Л.М  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М т амь хохирогчийн оршуулгын зардалд тооцож 10.000.000 төгрөг өгсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг марьло, бор шаргал өнгийн ноосон цамц, хар цэнхэр өнгийн мак, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ, саарал өнгийн биеийн тамирын өмд, 1 хос саарал өнгийн пүүзэн гутал, хөх саарал өнгийн эрээн ноосон хос оймс зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.М  нь энэ хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 33 хоног цагдан хоригдсон, түүнд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 115Б дугаартай захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаартай захирамжаар авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Л- М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.М-г цагаатгасугай.

2. Шүүгдэгч Л.М  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нийт 33 /гучин гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ, “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

  3. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.М  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М т оршуулгын зардалд тооцож 10.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2, 2.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг марьло, бор шаргал өнгийн ноосон цамц, хар цэнхэр өнгийн мак, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ, саарал өнгийн биеийн тамирын өмд, 1 хос саарал өнгийн пүүзэн гутал, хөх саарал өнгийн эрээн ноосон хос оймс зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

                            

                                               ШҮҮГЧ                                           Ч.ОТГОНБАЯР

                                               

                                               ШҮҮГЧ                                           Ч.МӨНХ-ЭРДЭНЭ