| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01350/И |
| Дугаар | 116 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 116
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/00116 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, Баянбулаг 3 дугаар багт оршин суух, 49 настай, эмэгтэй, Боржигон овогт Батаагийн Должиндолгор /РД:НЬ68032869/-ын,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Должиндолгор, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Должиндолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд Баянчандмань сумын Техник мэргэжлийн сургууль төгсөөд Төв аймгийн Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн 400 үнээний фермд саальчнаар орсон. Тэгээд 1980 оны 6 дугаар сараас эхлэн 1990 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Ажилд орсон тушаал нь байгаа боловч ажлаас халсан тушаал нь байхгүй байгаа. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажиллаж байсан хугацааг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Должиндолгор нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Должиндолгор нь 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Аргалант сумын Мал бэлтгэлийн нэгдлийн харъяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйд саальчнаар ажилласан гэх бөгөөд хэрэгт Мал бэлтгэлийн нэгдлийн харъяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар Б.Должиндолгорыг ажилд томилох тухай тушаал, Мал, сүүний нэгдлийн харъяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, ТАА-н даргын 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар тушаалын хавсралт, гэрч Б.Өнөрсайхан, Р.Нямжав нарын “Б.Должиндолгор нь 1987 оноос эхлэн 1989 оныг хүртэл “Нөхөрлөл” Сангийн аж ахуйн 400-н үнээний фермд саальчнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Должиндолгор нь Төв аймгийн Аргалант сумын Мал бэлтгэлийн нэгдлийн харъяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйд 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх, хэрэгт авагдсан шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШЗ2016/00267 дугаартай захирамжийн дагуу Төв аймгийн Архивын тасгаас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаартай албан бичгээр ирүүлсэн 5 хуудас бичгийн нотлох баримтыг ач холбогдолтой баримт гэж үзэж түүнд бичигдсэн байдлыг үнэлж, нэхэмжлэгч Б.Должиндолгорыг Төв аймгийн Аргалант сумын Мал бэлтгэлийн нэгдлийн харъяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйд 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Батаагийн Должиндолгорыг Төв аймгийн Аргалант сумын Мал бэлтгэлийн нэгдлийн харъяа “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйд 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Должиндолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ