Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 470

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч С.Цэрэндорж /томилолтоор/,

Хохирогч Г.Д ,

Шүүгдэгч Э.С , түүний өмгөөлөгч Ч.М /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 24-28/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Хар сүрэгтэн овогт Э.С-т холбогдох эрүүгийн 1905026780820 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны .... дугаар сарын ...-ний өдөр Орхон аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кинг илватор" ХХК-д механикч ажилтай, ам бүл 4, ээж, аав эгчийн хамт ... аймаг ... сум 3-р баг Уурхайчин ... хороолол ... байр ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо Голден парк ...-... тоотод түр оршин суудаг РД:/ /, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.С овогт Э.С .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.С  нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Голден парк” хотхоны ... дугаар байрны ... давхарт иргэн Г.Д тэй маргалдсаны улмаас түүнийг гараар болон хөлөөр өшиглөж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Э.С  нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Голден парк” хотхоны 103 дугаар байрны ... давхарт хохирогч Г.Д тэй маргалдсаны улмаас түүнийг гараар болон хөлөөр өшиглөж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Г.Д  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө манай найз нар Мазаалай каф тэмцээн үзээд тэнд дөрвүүлээ нэг шил Эдэн гэх нэртэй 1 литрийн савалгаатай архи хувааж уусан Хот руу орж ирээд 10 дугаар хороололд байдаг Чоно гээд пабд бид 4 мөн нэг шил 1 литриин Эдэн гэх архи аваад уусан. Бид нар гараад манай найз Самдандоржтой уулзах гээд Голден парк хотхон орсон. Тэгээд би уулзчихаад манай нэг дүү болох 103 дугаар байрны 6-н давхарт Баасансүрэн гээд байдаг юм тийшээ орох гээд явж байгаад 5-н давхарт андуураад өөр айлын хаалга нүдсэн юм. Гэтэл тэр айлд нь согтуу хүмүүс байсан, өөр хүн байхаар нь уучлаарай айл андуурчихлаа гэсэн тэр үед нэг өндөр цэнхэр шорттой залуу надад хандаад чи яахаараа айл андуурдаг юм гээд цохиод авсан. Тэгээд тэр өндөр шорт өмссөн залуу миний зүүн шанаа руу гараараа цохиод авсан би хойшоо саваад унасан. Цаана байсан хоёр залуу нь намайг цуг зодсон. Би хэсэг ухаан алдаад сэрсэн чинь нөгөө хүмүүс байхгүй байсан. ...Намайг анх цохиод унагаасан залуу бол нэлээд өндөр эрүүн доогуураа хууз сахалтай туранхай шар царайтай 180 см орчим өндөр залуу байсан. Би нөгөө хоёрын царай зүс сайн санахгүй байна. Би нээх согтоогүй байсан болсон явдлыг санаж байгаа. Гэхдээ зодуулаад дунд нь хоёр удаа ухаан алдсан энэ хооронд юу болсон талаар сайн санахгүй байна. ...Одоо надад эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөг гарсан байгаа энэ дээр одоо 3 сарын машин унаа барьж болохгүй гэсэн тэгээд би ажлаа хийхгүй байгаа эдгээр зардал нийлээд 10.000.000 төгрөг болж байгаа. ...Надад учирсан хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд 3.518.603 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 48-49, 161-162 тал/,

Хохирогч Г.Д ий шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Голден Парк хотхоны 6 давхарт гарах гэж яваад давхар андуураад 5 давхарт гарсан. Нэг айлын хаалга тогшсоны дараа айл андуурсан байснаа мэдсэн. Би “өө биш байна” гэсэн чинь юун биш байна гэж хэлээд эхлээд нэг намхан залуу гарч ирээд намайг зодсон. Би ухаан алдсан байсан. Сэрээд хартал хэн ч байхгүй байсан. Босоод явах гэхээр буцаж унаад чадахгүй байсан. Тэгээд би утсаар найзыгаа дуудсан. Тэрний дараа дахиж ухаан алдаж унасан. Найзыгаа хэзээ ирсэнийг ч мэдээгүй. Цагдаа ирсэн байхад сэрсэн. Энэ явдлаас болоод би 3-4 сар ажил хийгээгүй. Тэрнээс болоод би ажлаасаа халагдсан. Эм эмчилгээний зардлаа хүнээс зээлж авсан. Мөнгөгүйн шалтгаанаас болоод машинаа зарсан. Эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Дахин бүрэлдэхүүнтэй шинжэчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө надтай явж байгаад салаад айлд орлоо гээд явсан найз маань болох Дөлгөөн нь 00 цагийн үед удалгүй над руу залгаад Голден парк хотхоны 5 давхарт хүнд зодуулчихлаа ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд би 10 орчим минут болоод 4 давхраас найзыгаа олсон. Энэ үед хажууд нь 3-н эрэгтэй хүн байсан. Тэгээд би явж очоод яаж байгаа юм, юу болоод байгаа юм бэ гээд асуухад намайг найзаа аваад яв гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд буцаад орохоор нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/

 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7779 дугаартай “...Г.Д ий биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн мөр, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 24 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн “...Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №7779 тоот дүгнэлтийн 1-р хариултын хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Энэ нь ирүүлсэн эмнэлэгийн бичиг баримтаар тогтоогдож байна. Г.Д ий биед тухайн үед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чинхий дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэлттэй хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх дүгнэлт / хх-ийн 153-157 тал/,

 

 Шинжээч эмч Ө.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Нэгдүгээр хариунд гарсан гэмтэл хамар ясны хугарал таславчийн мурийлт гэх гэмтэл КТГ зургаар хуучин гэмтэл байх бөгөөд бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дөлгөөний биед үзлэгээр зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн гэмтлийн улмаас зүүн хацар, зүүн нүдний цус хуралт нь нэг удаагаар үүссэн гэмтэл болно. Зүүн мөр, зүүн бугалга зүүн шуу хамрын нурууны зөөлөн эдийн няцрал нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг, / хх-ийн 175-176 тал/

 

Хохирлын баримтууд /хх-ийн 50-77 тал/,

 

  Шүүгдэгч Э.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд ялагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00-01 цагийн үед манай хаалга нэг үл таних хүн нүдээд байсан. Тэгээд гарн ирээд яах гэж байгаа талаар асуутал хаалга андуурсан байна гэснээс болоод маргаан үүсээд нөгөө залуутай зодоон хийсэн. ...Миний бие цаашид хохирогч Дөлгөөн гэх залууд эмчилгээнд гарсан зардалыг өөрийн зүгээс төлж барагдуулна. ...Үүдээр гарахад үл таних залуутай би зодолдоод харин нөгөө хоёр намайг салгах гээд байсан юм, тэрнээс бүлэглэж зодсон асуудал байхгүй. ...Би дүгнэлтээр гарсан гэмтлийг хохирогчид учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан бодит зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46, 171 тал/

Шүүгдэгч Э.С  шүүх хуралдаанд өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Э.С ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 33 тал/, гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 34 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 37 тал/ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн Кинг Элеватор ХХК-ны ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.С аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 5-6 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Э.С ын хохирогч Г.Д ийг цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Г.Д ий биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хэргийн 24, 157, 175 дахь талд авагдсан шинжээч эмчийн 7779, 100 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч эмчийн мэдүүлгээр хөнгөн гэмтэл болох нь нотлогдсон байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 7779, 100 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Э.С  нь хохирогч Г.Д ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан тул 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 17-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зөв байна.

 

Иймд шүүгдэгч Э.С  нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Голден парк” хотхоны 103 дугаар байрны 5 давхарт хохирогч Г.Д тэй үл ялих зүйлээс болж буюу хаалга нүдлээ гэх шалтгаанаар маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар 3.518.603 төгрөг баримтаар нэхэмжилсэн нь нөхөн төлөгдөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.С аас хохиролд тооцож 3.518.603 гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан цаг хугацаа зэргийг харгалзаж шүүгдэгчид хохирлыг 3 сарын хугацаанд хохирогч Г.Д д учруулсан хохирлыг төлж барагдуулах хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Э.С т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.С т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.С овогт Эрдэнэбатын Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.С т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С аас 3.518.603 /гурван сая таван зуун арван найман мянга зургаан зуун гурван/ төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Г.Д д олгосугай.

 

5. Шүүгдэгч Э.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА