Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

  2017 оны 01 сарын 31 өдөр

      Дугаар 151/ШШ2017/00118

                                               Төв аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянцогт сум, 3 дугаар баг, Даргиат үйлдвэрийн 1 гудамж, 14 тоотод оршин суух, 56 настай, эрэгтэй, Боржигон овогт Очирбатын Намсрайдорж /РД:НИ61091618/-ын,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Намсрайдорж, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Намсрайдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн. Баянцогт сумын дунд сургууль 1977 онд ЗХУ-ын Иркутск мужийн ХАА-н ТМС-г 1979 онд трактор комбайнчны мэргэжлээр төгсөж 1979 оны 7 дугаар сарын 13-нд Баянцогт Сангийн аж ахуйн 4 дүгээр бригадад трактор комбайнчаар ажиллаж байгаад 1981 оны 7 дугаар сарын 02-нд цэргийн албанд татагдсан. 1984 оны 6 дугаар сарын 17-нд цэргээс халагдаж 1984 оны 7 дугаар сарын 15-нд Баянцогт Сангийн аж ахуйн 3 дугаар компликст трактор комбайнчаар ажилд орсон. 1991 оны 4 дүгээр сарын 01-нд Сангийн аж ахуй татан буугдаж Дээж аж ахуйд шилжин ажилласан. Миний 4-р бригадад 1979 оны 7 дугаар сарын 13-наас 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан 2 жил, цэргийн албанаас халагдаж ирээд Баянцогт Сангийн аж ахуйн 3 дугаар комплекст 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан 6 жил 9 сарын хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Намсрайдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

 

О.Намсрайдорж нь 1979 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн 4 дүгээр бригадад трактор комбайнчаар ажиллаж байгаад 1981 оны 7 дугаар сарын 02-ноос 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд хугацаат цэргийн алба хааж ирээд 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баянцогт Сангийн аж ахуйн 3 дугаар компликст трактор комбайнчаар ажилласан гэх бөгөөд хэрэгт О.Намсрайдоржийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1980 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар цэргийн албанд татагдсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлж тооцоо хийх тухай тушаал, Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 315 дугаар үндсэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байгаа хүмүүст нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, гэрч Т.Нямаа, А.Давааням нарын О.Намсрайдорж нь 1979 оноос 1991 оныг хүртэл Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн Сонорын 4 дүгээр бригадад трактор комбайнчаар ажиллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар О.Намсрайдорж нь Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх, түүний хөдөлмөрийн дэвтэрүүдийн хуулбар, мөн дээр дурдсан тушаалуудыг ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлж, О.Намсрайдоржийг Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Очирбатын Намсрайдоржийг Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Намсрайдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ