Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 472

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч О овогт Т.Б д холбогдох эрүүгийн 2005012330608 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .......дугаар сарын ........-ны өдөр ...........аймгийн ...... гэх газар төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын зураг инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт ......... дүүргийн ......дугаар хороо ..........дугаар гудамжны ......... тоотод оршин суух /РД:ВК94072817/ урьд ял шийтгэлгүй, Оовогт Т.Б .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Т.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “О” төвийн 204 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулдаг “Мөнх буурал хайрхан” ХХК-д түр хугацаагаар ажиллаж байхдаа тус байгууллагын Dell I-3 загварын суурин компьютер болон процессор, Toshiba I-3 загварын зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Мөнх буурал хайрхан” ХХК-д 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Б-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын сүүлээр манай барилгын компанид инженерээр ажилд орох гээд Т.Б  гэх залуу ирсэн. Тэгээд уг залуу нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээр сууж барилгын схем зураг гаргахаар өрөөний түлхүүрийг менежерээс авч үлдсэн. Тэгээд тэр өдрөөс хойш ажилдаа ирэхгүй утсаа авахгүй фэйсбүүкт намайг блок хийчихсэн байсан. Ажил дээр схем зураг зурдаг өдрөө түлхүүрээ тэр чигээр нь аваад явчихсан өрөөг нь онгойлгох түлхүүр байхгүй болчоод байсан юм. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байрны түрээслүүлэгчээс уг өрөөний түлхүүрийг гуйж аваад онгойлгоод ортол дотор нь байсан нөөтбүүк, суурин компьютер зэрэг эд зүйлс байхгүй болчихсон болохоор цагдаагийн байгууллагад хандсан. ...Суурин компьютерийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хувь хүнээс 550.000 төгрөгөөр худалдаж авсан. Зөөврийн компьютерийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хувь хүнээс 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг алдсан зүйлсээ авсан үнээр нь үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

 

Гэрч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай байгууллагад түр хугацаагаар ажилд орсон Т.Б  гэх залуу ...2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээрээ ажиллахаар болоод надаас оффисийн түлхүүр авч үлдсэн. Тэр өдрөө хойш Т.Б гийн утас нь холбогдохгүй таг чиг алга болсон. Т.Б  оффис дээр байсан суурин компьютер, зөөврийн компьютерийг авсан байж магадгүй. Т.Б  оффисийн түлхүүр үлдээгээгүй аваад явсан байсан Dell I-3 загварын суурин компьютер, Toshiba I-3 загварын зөөврийн компьютер алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Эд зүйл хураан авсан “...Т.Б /РД:ВК94072817/-с 204 гэж дугаарласан түлхүүр, Toshiba брэндийн I-3 зөөврийн компьютер 1 ширхэг, LG процессор 1 ширхэг, Dell монитор 1 ширхэг зэргийг хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...204 гэж дугаарласан түлхүүр, Toshiba брэндийн I-3 зөөврийн компьютер 1 ширхэг, LG процессор 1 ширхэг, Dell монитор 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

 

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дүү Т.Б  нь өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Би дүүтэйгээ хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр уулзаж ажиллаж байгаа газрыг нь очиж үзсэн. Тэр үед манай дүү ажлаас нөөтбүүк, суурин компьютер аваад 7375 УНЗ улсын дугаартай автомашиндаа хийгээд явсан. Надад хэлэхдээ захирал аваарай гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

“Кости-Эстимэйт” ХХК-ний 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Toshiba I-3 загварын зөөврийн компьютерийг 400.000 төгрөгөөр үнэлэв. Dell I-3 загварын суурин компьютерийг 500.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 19-22 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 70, 71 тал/,

 

Шүүгдэгч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн орчим тус компаний хүмүүст хэлэлгүйгээр оффисоос нь зөөврийн компьютер болон суурийн компьютерийг аваад ломбарданд зөөврийн компьютерийг 150.000 төгрөгөөр барьцаанд тавиад харин суурин компьютерийг гэртээ аваачаад тавьчихсан байсан юм. Би өөрийнхөө машинаар тээвэрлэж авч явсан. Би тухайн хүмүүст учруулсан хохирлоо буцаан нөхөн төлсөн бөгөөд авч явсан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Надад мөнгөний хэрэгцээ гарсан учраас ийм үйлдэл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч М.Ю-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 7 дугаар сараас хойш цуг амьдарч байгаа 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дундаасаа охинтой болсон. Одоог хүртэл хамт амьдарч байгаа. ...Миний нөхөр Т.Б  нь зан байдлын хувьд төлөв даруу, шударга үнэнч, сайхан сэтгэлтэй, тусархуу, хүнд огт юмаа хэлдэггүй, мэргэжлээрээ сайн ажилладаг, сайхан зан ааштай хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/, гэрч П.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Б нь зан байдлын хувьд төлөв даруу, тусархуу, сайхан сэтгэлтэй, нийтэч, биеэ даасан хүн. Т.Б нь хувиараа олдсон ажлаа хийгээд явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50, 53 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 51, 52 тал/, гэрлэлт бүртгэлгүйн талаарх лавлагаа /хх-ийн 54 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 55 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 56 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 тал/, Бетон арматурчны мэргэжлийн үнэмлэх /хх-ийн 58 тал, мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-ийн 60-61 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 14-15 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.Б нь түр хугацаагаар ажиллаж байсан компанийхаа суурин болон зөөврийн компьютерийг хууль ёсны эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар хууль бусаар авч ломбарданд зөөврийн, гэртээ суурин компьютерийг тавьж өөрийн өмчлөлд авч захиран зарцуулсан байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл шууд санаатай, шунахайн сэдэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Эрдэнээд 900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Кости Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ. 

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Б гийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Одессо” төвийн 204 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулдаг “Мөнх буурал хайрхан” ХХК-д түр хугацаагаар ажиллаж байхдаа тус байгууллагын Dell I-3 загварын суурин компьютер болон процессор, Toshiba I-3 загварын зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Мөнх буурал хайрхан” ХХК-д 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

 Иймд шүүгдэгч Т.Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Мөн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн “...204 гэж дугаарласан түлхүүр, Toshiba брэндийн I-3 зөөврийн компьютер 1 ширхэг, LG процессор 1 ширхэг, Dell монитор 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл, хохирогч Ц.Э-ийн “...эд материалаа бүрэн бүтэн хүлээн авсан. Т.Б  бид хоёр эвлэрсэн...” гэх хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Т.Т.Б гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  /хх-ийн 71 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 72 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан ялын саналын хүрээнд шүүх шүүгдэгч Т.Б д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Т.Б д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Б д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Т.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА