Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 554

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч Б.А, түүний өмгөөлөгч А.З /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 16-60/,

Шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч А.Э /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 09-70/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ц-ын Н холбогдох эрүүгийн 2005005740409 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны.... дугаар сарын ......ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой аялал жуулчлал, менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... эх дүү нарын хамт ........дүүргийн ... дүгээр хороо ..... хотхон .........тоотод оршин суудаг боловч ...... дүүргийн .....дугаар хороо ...... дугаар хороолол ...... хотхон .... байрны ...... тоотод түр оршин суудаг, /РД: / урьд

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 5 сарын хугацаагаар биелүүлэхийг хойшлуулсан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3.795.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ш овгийн Ц.Н.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лаки 21 нэртэй бааранд иргэн Б.А-ын толгой руу вискиний шилээр цохиж эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хальсан доорх цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн сарвуу, баруун шуунд шарх баруун сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Н нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “...Б овогтой А  нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний шөнө 01 цагт вискиний шилээр тархиндаа болон гартаа цохигдож хүнд гэмтэл аван гэмтлийн эмнэлгийн мэс заслын тасагт мэдүүлэг өгөх боломжгүй, шоконд орсон байдалтай хагалгаанд орох шаардлагатай эмчлүүлж байна. Иймд өвчтөний биеийн байдал дээрдвэл Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж дэлгэрэнгүй тайлбар өгч гомдол гаргах хүсэлтэй байна...” гэх хүсэлт /хх-ийн 5 тал/,

Хохирогч Б.А-ын: “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 02 цаг болж байхад Н  танил хүмүүстэйгээ хамт сууж байсан бөгөөд намайг дуудсан. Ингээд ширээн дээр нь очоод суугаад бага зэрэг ууж байхад Б, Н  2 хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёр барилцаж аваад бие биенээ ална тална гээд барилцаад авсан. Бие биенээ цохисон. Тэгэхээр нь би боль гээд салгасан чинь салахгүй улам даамжраад бие бие рүүгээ асаад дайраад миний үгийг сонсохгүй бие биенээсээ цус гартал цохилцсон. Гэтэл Н  ширээн дээр байсан вискиний шилийг аваад миний толгойн баруун тал хэсэгт 1 удаа цохисон. Би ухаан балартаад унасан... ...Миний толгой өвдөөд байгаа бөгөөд шөнө болохоор оёдлоороо хатгаж өвдөж байна. Нойр муутай болохоор унтаж чадахгүй байна. Мөн манараад зарим нэг юмаа санахгүй байгаад байна. Зүүн талын гар, хөлний мэдээ муу байна... Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж цусан хураа авахуулах хагалгаанд орсон. Н гээс 23.169.524 төгрөгийг одоогийн байдлаар нэхэмжилж байна. Үүнээс миний эмчилгээнд баримтаар 2.816.062 төгрөгийн зардал гарсан. Эмчилгээнээс хамаарч ажлаа хийж чадахгүй болсноос болоод сахиурын ирж очих зардал, хэрэглээний төлбөрүүд, хугацаандаа төлж чадаагүй байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэг ороод 4.600.441 төгрөг, өмгөөлөгчийн зардал 10.000.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31, 32-33 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед биенээ ална гээд шил бариад яваад байсан. Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би караокены өрөөнд сэрэхэд Эрка байсан. Би Эркагаас ахынх нь утас хаана байна гэж асуугаад утсаа аваад ухаан санаа балартаад хэцүү байсан хэдий боловч утсан дээрээ бичлэг хийсэн. Шөнө 3 цагийн үед ямар байдалтай байгаагаа бичээд ухаан алдсан. Тэгээд маргааш өглөө нь ухаан ороход тэр өрөөнд хэн ч байгаагүй. Тэгээд найзыгаа утсаар дуудаж 07 цагийн үед эмнэлэгт очиж эмнэлэгийн тусламж авсан. Би 23.169.523 төгрөг нэхэмжилж байна. Н  надад 3.660.000 төгрөгийг төлсөн. Цаашид ардын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Лаки 21 бааранд 21 цагийн үед найз Ц , Б , Баяраа нар ирээд хамт сууж Виски уусан. 22 цаг өнгөрч байхад А  2 найзтайгаа орж ирсэн. Тэр 2 найзыг нь бол танихгүй. Ингээд хэсэг сууж байтал Ц , Б , Баяраа 3 яваад өгсөн. Тэр үед Доди /нэрийг нь мэдэхгүй байна/ гэх таньдаг залуу нэг хүүхэнтэй хамт орж ирээд суучихсан байсан. Ингээд би ганцаараа сууж байгаад Доди, Додигын найз нартай нийлээд архи уусан бөгөөд Н гийн ширээнд очоод суусан. Уугаад байж байх үед хажуу ширээнд А  сууж байгаад ирээд хамт суусан. Ингээд архи ууж сууж байгаад өмнө нь миний зээлсэн байсан мөнгөнөөс болоод Н  бид хоёр маргалдсан. Ширээн дээр байсан вискины шилийг аваад толгой дээр цохиод шил нь хагалсан. Миний толгой хагараад цус гарсан. Би эргүүлээд Н гийн нүүр хэсэгт нь гараараа цохиж авсан. Бид 2-ыг салгах гээд дундуур Эрдэнэ гэх манай зөөгч залуу ороод намайг тэврээд авсан. Н г Додиг, Додигын найз А  нар бариад авчихсан байсан. Н  бид 2 бие биерүүгээ асаад дайраад байсан. Тэр үед А-ын  толгой руу Н  архины шил шидээд оносон. А  миний толгойг оночихлоо шүү дээ гэсэн. А-ын  толгойноос цус гарсан зүйл байхгүй Хавдаж овойсон зүйл ч байгаагүй. Ингээд зүгээр байна гэж хэлээд зогсож байсан. Маргаан намжаад байж байтал 00-д А ыг ухаан алдаад унасан байна гэж тэнд байсан нэг хүүхэн тэгж хэлсэн. Н  бид хоёр 00-ын өрөө рүү ороход А  шалан дээр хэвтчихсэн байсан бөгөөд Эрдэнэ хажууд нь зогсож байсан. Эрдэнэ Н  бид хоёрт хандан А  ах эвгүй болчихлоо гэхээр нь А ыг баашлаад байна гэж бодоод би босооч гэтэл А  би босч чадахгүй байна гэж хэлсэн. Би босч чадахгүй бол наанаа хэсэг бай гэж хэлээд гараад явсан. Ингээд нэг харахад А ыг караокений өрөөнд оруулсан байсан. Хэн оруулсныг хараагүй. Ингээд бүгд амарцгаасан. Өглөө хэдэн цагийн үед байсныг санахгүй байна гэнэт нэг юм так гээд дугарахаар нь сэрээд А-ын  унтаж байсан караокений өрөө рүү ортол А  буйдан дээрээс шалан дээр доошоо хараад уначихсан байсан бөгөөд бөөлжсөн байсан. Би ус авчирч өгөөд гайгүй юу гэж асуутал найз нь эвгүй байна гэж хэлсэн. Би Эрдэнийг дуудаад А ыг гэмтэл хүргэж өгөө наад хүн чинь эвгүй болсон байна гэж хэлсэн. Додигыг бас сэрээсэн. Ингээд Додиг, Эрдэнэ 2 А ыг гэмтэл рүү авч явсан. Н  гараад явчихсан байсан. Додигтой хамт явсан хүмүүс бас яваад өгсөн байсан. 2020 оны 2 дугаар сарын 28-ны орой 16 цагийн үед байхаа Н  утсаар залгаад А  тархиндаа гэмтэл авсан байна. Имрайд харуулна гэнэ, боломжоороо мөнгө явуул гэхээр нь би мөнгө явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-10 тал/,

Гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н  Б 2 маргалдсан бөгөөд Бын толгойг вискиний шилээр цохисон бас хундага шидсэн. А-ын  толгойг Н  вискиний шилээр цохиж гэмтээсэн. Үүнийг Додиг, Додигын найз нар харсан бөгөөд хамт байсан. ...Би хамгийн түрүүн  00 ороход босоо 00-ыг налаад уначихсан байсан. Мөн өмдөндөө шээчихсэн байсан. Тэгэхээр нь би явж очоод ахаа та босооч, жүжиглээд байгаа юм уу гэхэд ах чинь нээрээ босож чадахгүй байна гэж хэлсэн. ...Н  “за ахын дүү чи хөлнөөс нь өргөчих, би хөлнөөс нь өргөчихье, караоке руу оруулаад хэвтүүлье” гэж хэлсэн. Бид хоёр өргөөд караоке руу оруулсан. 3 цаг өнгөрч байхад А  ахыг ямар байгааг харах гээд ороход А  ах хэвтчихсэн Н  суучихсан юм яриад байж байсан. ...Эмчид үзүүлээд шинжилгээ хийлгэхэд тархинд цус хурсан байна гэж хэлсэн. А  ах гар утсаараа гэрийнхнийгээ дуудаад байсан. 14-15 цагийн хооронд А-ын  найз охин ирсэн. Тэр үед Додиг ах би явлаа гээд яваад өгсөн. Би 22 цаг хүртэл сахиж байгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 12-15 тал/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр            хамт суугаад ууж байхад Б, Н  2 маргалдаад зодолдож эхэлсэн. Н  гэх залуу вискиний шил аваад Бын толгой руу цохисон. Бын толгой хагараад цус гарсан байсан. Быг зөөгч гэх залуу бариад авчихсан. Би наана нь А  бас нэг танихгүй залуутай хамт нийлээд Н г хориглоод зогсож байхад Н  ширээн дээр байсан вискиний шил аваад А  гэх залуугийн толгой руу цохисон. ...00-д А  уначихсан байна гэсэн. Би 00-руу очиж хараагүй. Ингээд нэг харахад караокений өрөөнд оруулаад хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Шинжээч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хурааг авах мэс заслын дараах байдал зүүн сарвуу, баруун шуунд шарх баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 23 тал/,

Хохирлын баримтууд /хх-ийн 44-59, 141-157 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн №2117 дугаартай “Б.А-ын биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу хальсан доорхи цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2020.01.28/, зүүн сарвуу, баруун шуунд шарх баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 61-63 тал/,

Өвчний түүх, эмнэлгийн баримт /хх-ийн 64-77 тал/,

Яллагдагч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байгаад 28-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Сайханаа гэх найз маань утсаар залгаад “андаа Коби Брайнт нас барсан байна” гэж хэлсэн. Ингээд би сэтгэлээр унаад /би өөрөө сагс тоглодог бөгөөд Спрайт лигийн Хөвсгөл 1 үе багт тоглодог юм байсан юм/ гэрээс гараад Сайханаа гэх найзтайгаа уулзаад Өргөө кино театрын хажуу талд байрлах Лаки-21 нэртэй бааранд орсон. Ороход найз Б, А  болон Б-ын найзууд гэх 1-2 залуу байсан. Ингээд бид нар шууд 1 ширээнд нийлж суугаад 2 шил Жек даниелс нэртэй виски уусан. Бид нар согтоод нилээд муудсан байсан. Б өмнө нь надаас 250.000 төгрөг зээлчихээд хугацаандаа өгөөгүй гэх асуудлаас болж бид 2 маргалдсан. Тэр үед Б над руу нулимаад салаавч гаргахаар нь уусан вискины шилээр Бын толгой дээр цохисон. Тэгтэл Бын найз нь гэх залуу араас тэврээд авсан чинь Б ирээд миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан 1 вискиний шилийг аваад шидсэн чинь Бын хажууд зогсож байсан А-ын  толгойг оносон. А  тэр үед намайг оночихлоо гээд толгойгоо барьж байсан. Би Бтай хэсэг маргалдаж байгаад Б бид 2 эвлэрээд учираа олоод угаалгын өрөө орж цусаа угаах гээд ортол тэр бааранд байсан 1 хүүхэн 00-д А ыг ухаан алдаад уначихлаа гэж хэлэхээр нь 00 ороход А  ухаангүй хагас хэвтээ байдалтай хана налаад унасан байсан. Би А ыг зөөгч Эрдэнэтэй нийлж өргөөд караокений өрөөнд оруулаад хэвтүүлсэн. Үүний дараа А  утсаа оролдоод байсан. Би А ыг зүгээр рүү гээд ортол хурхираад хэвтээд байсан. Би нэг л биш болсоныг мэдээд Бт би цагдаа дуудъя гэтэл манайд хүмүүс үйлчлүүлж байна гэсэн. Ингээд би караокений өрөөнд А-ын  хажууд суугаад өглөө 07 цаг хүртэл сахисан. 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед А  утсаар залгаад найз нь хөлөө мэдрэхгүй байна, дүүгээр өргүүлээд гэмтэл явж байна томографик хийлгэ гэнээ 200.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би амьд байгааг нь мэдээд баярлаад Баас мөнгө аваад шууд 200.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 1 цагийн дараа А  утсаар залгаад тархинд цус харвалттай, хагалгаанд орох юм байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь ээж аав нь утсаар залгаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр ир гэсэн. Миний санаа зовоод очиж чадаагүй бөгөөд ээжийгээ явуулж уулзуулахад хагалгааны зардал гэж 1.410.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь шилжүүлсэн. Ингээд хагалгаа хийлгэсний дараа очиж уулзаад 1.300.000 төгрөг дансанд хийсэн. Гар утасны төлбөр гэж 120.000 төгрөг нэхэхээр нь өгсөн. Эмнэлгээс гарчихлаа гээд А  залгаад байрны зээл өгөх болчихоод байна. Чи над руу 930.000 төгрөг шилжүүл гэхээр нь би өөрт байсан 130.000 төгрөгийг өгөөд эм авч бай гэж хэлсэн. Үүнээс хойш 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөгийг А-ын  ээж Сарангэрэлийн дансанд шилжүүлсэн. Миний шилжүүлсэн бүх мөнгө А-ын  ээжийн дансанд орсон байгаа. Ганцхан томографийн 200.000 төгрөг А-ын  дансанд орсон. Ингээд 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр А тай гэрийнх нь гадаа уулзахад надад 12.000.000 төгрөг өгчих надад зайлшгүй шаардлагатай байна гэж хэлсэн. Би наад мөнгийг чинь олж өгөхийг бодъё гэтэл 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүлээе тэгэхгүй бол явдаг газраараа явна гэсэн. Ингээд би мөнгө олж чадаагүй учир хуулийн байгууллагаар учираа олуулахаар өөрөө ирсэн. Би А т эмчилгээний зардал болгож нийт 3.660.000 төгрөгийг өгсөн. А-ын  эмчилгээ хийлгэсэн зардлыг бүрэн төлсөн. Одоо надаас А  өвчтэй байсан хугацаанд гарсан юнивишний төлбөр, банкны зээл, зэс картын өр, компаний нийгмийн даатгалын төлөгдөөгүй байсан өр, өмгөөлөгчийн зардал 20 гаруй сая төгрөг нэхээд байгаа юм. Үүнийг бол өгөх боломж байхгүй. Би А-ын  цаашид гарах эмчилгээний зардлыг бол төлөх болно....” гэх мэдүүлэг /хх-ийн 81-85 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би хохиролд тооцож 3.660.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэх мэдүүлэг,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо манай хүү надтай цуг амьдарч байгаа. Хүүхдийнхээ найз нөхдийн талаар мэдэхгүй. Хүүгийнхээ зан байдлын талаар хэлэхэд цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу, надад ганц нэмэр болдог хүн нь энэ байгаа юм. Манай хүү цочир түргэн ууртай...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 88 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 89-91, 92-94 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 97, 100 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 98 тал/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 99 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 101 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 103-110 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 114-118 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Н-гээс  гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 18-20 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Гэм буруугийн талаар шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар

шүүгдэгч Ц.Н нь хэрэг учрал болсон 2020 оны 1 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лаки 21 нэртэй бааранд орж нэр бүхий хохирогч, гэрч нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба тухайн үедээ гэрч Д.Бтай төлбөр мөнгөний асуудлаас болж маргалдаж хоорондоо зодолдсон, улмаар зодооныг салгаж байсан хохирогч Б.А-ын толгой руу вискиний шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Н-гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.А-ын биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хальсан доорх цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн сарвуу, баруун шуунд шарх баруун сарвуунд зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2117 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д “тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна” гэж зааснаар хохирогчийн биед учирсан дээрхи гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул шинжээч эмчийн 2117 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, хохирогч Б.А-ын биед учирсан амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ц.Н-гийн гэмт үйлдэлтэй буюу хохирогчийн толгой руу нь вискиний шилээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн хууль бус үйлдэл болно.

Шүүгдэгч Ц.Н үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогчид хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож нийт 23.169.524 /хорин гурван сая нэг зуун жаран есөн мянга таван зуун хорин дөрвөн/ төгрөг нэхэмжилсэн.

Хохирогч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтууд болох байр, гар утас, юнивишн, зэс карт, татвар, нийгмийн даатгал, байрны зээлийн төлбөрийн баримтууд нь энэ хэрэгтээ хамааралгүй, тухайн хувь хүн гэмт хэрэгт өртөгдсөн эсэхээс үл хамааран гарах хүний үндсэн хэрэглээ, урсгал зардлууд учир гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцогдохгүй юм.

Мөн өмгөөллийн хөлс гэх 10.000.000 /арван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогч өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй тул хохирогч Б.А-ын нэхэмжилсэн 23.169.524 /хорин гурван сая нэг зуун жаран есөн мянга таван зуун хорин дөрвөн/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 20.720.223 /хорин сая долоон зуун хорин мянга хоёр зуун хорин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Харин хохирогч Б.А-ын эрүүл мэндэд тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хальсан доорх цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн сарвуу, баруун шуунд шарх баруун сарвуунд зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан нь хэргийн баримтаар нотлогдсон тул энэхүү хохирогчийн эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу Б.А-т хүнд хохирол учирсан гэж, уг хохирлыг арилгахтай холбоотой үүссэн үр дагавар буюу эмчилгээ, оношлогоо, хагалгаа хийлгэсэн, эм тариа авсан болон сахиурын ирж очих замын зардлыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцов.

Тодруулбал, хэргийн 48-59, 141-157 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийхэд: Үзлэг, оношлогоо, хагалгааны зардалд 802.099 төгрөг, эмчилгээ, сувилгаа эм тарианд 1.187.402 төгрөг, сахиурын замын зардалд 459.800 төгрөг, нийт 2.449.301 төгрөгийн бодит зардал гарсан байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-т учирсан хохирол, хор уршгийг 2.449.301 /хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянга гурван зуун нэг/ төгрөгөөр тогтоох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Б.А-т хохиролд тооцож 3.660.000 /гурван сая зургаан зуун жаран мянга/-н төгрөгийн нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон, талууд энэ үнийн дүнд маргаагүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Н-гээс  гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Гэхдээ хохирогч нь цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай, ардын эмчилгээ хийлгэхийг эмч зөвөлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Н хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлж үзэх нөхцөл тогтоогдсон болно.

Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Ц.Н-гийн хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг тус тус харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгуулийн ял оногдуулах нь зохистой гэж дүгнэн, шүүгдэгчид 10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоов.

Шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Ц.Н-д мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл 12 хоног шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу түүний цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжээр тооцож, 180 /нэг зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 180.000 /нэг зуун наян мянга/-н төгрөгийг шүүгдэгчийн эдлэх ялаас хасч, нийт биечлэн эдлэх торгох ялыг 9.820.000 /есөн сая найман зуун хорин мянга/-н төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид торгох ял оногдуулсантай холбоотойгоор түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтлоо.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ц Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ц.Н-гийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон 12 хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 180 /нэг зуун ная/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 180.000 /нэг зуун наян мянга/-н төгрөгийг эдлэх ялаас хасч, Ц.Н-гийн биечлэн эдлэх торгох ялыг 9.820.000 /есөн сая найман зуун хорин мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.Н-д сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг тус тус баримтлан хохирогч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлага 23.169.524 /хорин гурван сая нэг зуун жаран есөн мянга таван зуун хорин дөрвөн/ төгрөгнөөс 20.720.223 /хорин сая долоон зуун хорин мянга хоёр зуун хорин гурван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг 2.449.301 /хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянга гурван зуун нэг/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ц.Н нь хохирогч Б.А-т хохиролд тооцож 3.660.000 /гурван сая зургаан зуун жаран мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

6. Хохирогч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА