| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01349/И |
| Дугаар | 120 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 120
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/00120 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс энгэр, 3 гудамж, 4 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, Боржигон овогт Гонгорын Чулуунцэцэг /НЭ62032704/-ийн,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Бага дунд сургууль төгсөөд 1980 оны 8 сард Тээврийг удирдах газарт туслах ажилтнаар орж ажилласан бөгөөд тус байгууллагад 1983 оны 7 сарыг дуустал 3 жил ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа нотлох баримтыг үндэслэн Тээврийг удирдах газарт ажиллаж байсан 3 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Г.Чулуунцэцэг нь Төв аймгийн Тээврийг удирдах газарт 1980 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 29-ны өдрийг хүртлэх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт дараах бичгийн баримтууд авагджээ.
Үүнд: Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 896 тоот албан бичигт “Тус аймгийн ТУГ-ын даргын 1980-1983 оны тушаалд холбогдох баримт гараагүй тул иргэн Г.Чулуунцэцэгт лавлагаа олгох боломжгүй байна” /хх-4/,
мөн МХЗЭ-ийн гишүүний №122502 тоот бат илэрхийлэх, 1983 оны гэх фото зураг, Тээврийн удирдах газрын захиргаа 1982 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн баярын бичиг, гэрч П.Хишигсүрэн, С.Шатар нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Г.Чулуунцэцэгийн ажиллаж байсан болох нь бүрэн нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Учир нь: Шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШЗ2016/00266 дугаар захирамжийн дагуу Төв аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 99 тоот “Тус аймгийн ТУГ-ын даргын 1980-1983 оны тушаалд холбогдох баримт гаргаагүй, мөн цалингийн цэсэнд нэр гараагүй тул иргэн Г.Чулуунцэцэгт лавлагаа олгох боломжгүй байна” албан бичиг,
Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн МХЗЭ-ийн гишүүний №122502 тоот бат илэрхийлэх, 1983 оны гэх фото зураг зэрэг нь хаана ажиллаж байсныг тогтоох боломжгүй байх бөгөөд Г.Чулуунцэцэгийг Төв аймгийн Тээврийн удирдах газарт ажиллаж байсан гэдгийг бүрэн нотлож чадахгүй байна.
Гэрч П.Хишигсүрэн, С.Шатар нарын “хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг нь өөр бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдохгүй байна.
Тээврийн удирдах газрын захиргаа 1982 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн баярын бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангахгүй байх бөгөөд нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд дээрх баярын бичгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Боржигон овогт Гонгорын Чулуунцэцэгийн Төв аймгийн Тээврийг удирдах газарт 1980 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 29-ны өдрийг хүртлэх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ