Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 600

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э ,

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн А-д холбогдох эрүүгийн 2005010150638 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .........оны ...... дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт ....... дүүргийн .........дүгээр хороо ............ ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо, ..... хороолол ...... байрны .......... тоотод оршин суух хаягтай, /РД: / урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-лийн А.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Т.А нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шанхад фүүдс ХХК-ний Jaga’s Lounge рестораны үүдэнд хохирогч Д.О-ын үснээс зулгааж унаган нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шанхад фүүдс ХХК-ний Jaga’s Lounge рестораны текний ар талын тавиур руу меню авч шидэн өрөөстэй байсан виски, вино зэргийг онож хагалан устгаж гэмтээсний улмаас 354.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.А-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан “...Алтай хотхоны Жагар нэртэй Лоунжид зүс таних хүн бусдыг зодож эд зүйлс эвдсэн гэх” тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үйлчлүүлэгч нар хороондоо маргалдаж улмаар гадаа талбайд зодолдсон. ...Текэн дээрээс меню авч шидэн манай байгууллагад хохирол учруулсан. Иймд тухайн хохирол учруулсан хүнээр хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэх хохирогч Б.Д ын өргөдөл /хх-ийн 4 тал/,

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...Д.О  миний биеийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны 21 цаг 00 минутад Алтай хотхон найз О ын дүү Зулаа, Зулаагийн найз зодож надад гэмтэл учруулсан...” гэх хохирогч Д.О-ын өргөдөл /хх-ийн 5 тал/,

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч А.Д.О ын “...Дуудлага өгсөн газарт очиход Д.Д.О  найз Сараа болон 2 дүүгийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад түүний эмэгтэй дүү үл ялих зүйл чи манай эгч Сарааг түлхэлээ гэх шалтгаанаар маргалдан, хэрүүл маргаан хийж, иргэн Д.Д.О  гэгчийг нүүр болон толгой орчим цохиж танхайрсан байх ба дуудлагаар очих үед тухайн үед гараад явсан байв...” гэх илтгэх хуудас /хх-ийн 11 тал/,

Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О , Т.А бид 3 архи хувааж ууж байгаад О  бид 2 найз нартайгаа уулзана гээд гарсан. ...Уулзахаа болиод ...Алтай хотхонд байдаг Жагар нэртэй пабад ороод 0.75 литрийн архи аваад задлаад байж байхад Т.А нөхөртэйгөө бас Мөөгий гэх хүнтэй ирээд бид нар архиа хувааж уусан. О  нэг танил залуугаа дуудна гэхээр нь би хэрэггүй гээд бид 2 маргасан. Хажуунаас Т.А манай эгчийг дээрэлхээд байгаа юм уу гээд байсан, би тоогоогүй. Уг пабаас гарахад мөстэй байсан учир халтирч унасан тэгэхэд Т.А араас гарч ирээд чи миний эгчийг дээрэлхээд байна уу гээд миний үснээс татаад газар унагаасан. Тэгээд толгой руу өшиглөх шиг болсон. Би манараад намайг толгой руу дахиад хэд хэдэн удаа өшиглөсөн. Хажуунаас пабын эзэн гэх залуу салгаад паб руу оруулаад гал тогооны өрөө рүү оруулсан. Т.А араас орж ирээд хаана нуусан гээд орилоод байсан тэгээд шил хагарах чимээ гарсан... Шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг Т.А надад учруулсан. Надад эмчилгээний зардал 210.000 төгрөгийн зардал гарсан. Дахин 56.000 төгрөгөөр зураг авахуулах шаардлагатай... ...Ажил хийгээгүйн цалин авах ёстой байсны тавин хувь буюу 485.000 төгрөг нэхэмжилмээр байна. Мөн толгойгоо бариачид бариулсан 40.000 төгрөг болсон. Би нийт эмчилгээний зардал 290.520 төгрөг, цалин 485.000 төгрөг, бариа хийлгэсэн 40.000 төгрөг, эмчилгээ хийлгэх хугацаанд гарсан урсгал зардал 100.000 төгрөг нийт 915.590 төгрөг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 79-81 тал/,

Хохирогч Шанхад фүүдс ХХК-ийн захирал Б.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Лоунжаа хаалгах гээд 21 цагийн үед очиход нэг ширээн дээр сууж байсан 2 эмэгтэй нь маргалдаад байсан. Уг хүмүүс төлбөр тооцоогоо хийгээд гараад явсан. Би гарахад 2 найз эмэгтэйгийн дүү эмэгтэй нь эгчийнхээ найзыг үсдчихсэн газар хэвтэж байсан, хоорондоо маргаад дүү гэх эмэгтэй нь хэд хэдэн удаа дайрсан. Тэгээд би салгаад зодуулаад байгаа эмэгтэйг дотогш оруулсан, дүү эмэгтэй нь араас орж ирсэн, тэгээд манай пабад маргаан болоод зодсон эмэгтэйг үсдээд авахаар нь гялс салгасан. Зодуулсан ахимаг настай эмэгтэйг гал тогоо руугаа оруулсан. Тэгэхэд дүү гэх эмэгтэй нь дотор хайгаад, эгч нөхөр 2 нь чиний буруу гэхэд шарандаа меню аваад шидсэн. Тэгэхэд уг меню нь өрсөн байсан архи дарс оноод хагалсан. Нийт 8 шил виски, вино хагарсан, нийт хохирлоо авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллагад учирсан хохирол бүрэн барагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... О  эгч, О  эгч 2 хоорондоо чи зайл, чи зайл гээд маргаад байсан. О  эгч О  эгчийг 2 удаа цээж рүү нь цохиж буйдан руу унагаасан, би болиоч гээд салгасан тэгэхэд эхнэр Т.А ирээд манай эгчийг яагаад байгаа юм бэ зодоод байгаа юм уу гэсэн. О  эгч манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан, манай эхнэр О  эгчийг түлхээд цээж рүү нь гараараа цохисон тэгээд орилолдоод уг пабаас О  эгч, О  эгч 2 гарсан, би эхнэрээ бариад үлдээсэн, тэгээд удаагүй араас нь гарахад тэр 2 газар хэвтчихсэн. О  эгч О  эгчийн үснээс зулгаасан байсан. Тухайн үед уг пабын үүдэнд дээврээс ус гоожиж мөстсөн байсан. Уг мөсөн дээр хальтарч унасан уу зодолдоод унасан уу гэдгийг нь мэдэхгүй байна. Эхнэр Т.А бид 2 тэр хоёрыг газраас босгосон. Тэгэхэд Т.А О  эгчийг миний эгчийг зодлоо гээд гараараа толгой руу нь хоёр гурав цохиод үснээс нь зулгаагаад доошоо дарсан, би эхнэрийг татаад салгасан, тэгээд хоорондоо маргалдан О  эгч О  эгчийг алгадсан, О  эгч их согтолттой хөл дээрээ тогтож чадахгүй тэнцвэргүй алгадахад нь газар унасан, эхнэр Т.А О  эгчийн үснээс зулгаагаад түлхэж газар унагаасан, зууралдаад манай эхнэр дээрээс нь унасан, би араас нь татаад салгасан. ...Паб руу О  эгч, О  эгч 2 орсон, араас нь эхнэр ороход О  эгч ширээний хажууд уйлаад сууж байсан, эхнэр очоод уучлалт гуйгаад би согтсон байна, миний буруу уучлаарай гэсэн чинь О  эгч эхнэрийн үснээс зуурч дараад доошоо унагаагаад нэг цохисон, пабын эзэн бид 2 салгасан тэгэхэд хоорондоо маргаад О  эгч гал тогооны өрөө рүү зугтаагаад орсон... би эргээд ороход манай эхнэрийг өрөөтэй байсан архи дарсыг хагалсан гэж хэлсэн. О  эгчийн баруун хөмсөг хэсэгт хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/,

Гэрч Т.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Т.А-ын эгчийг найз нь түлхсэн тэгэхээр нь Т.А очоод эгчийнхээ найзыг хоёр гурав цохиод үсдээд байсан уг эгч буцаад паб руу орсон тэгэхээр нь Т.А уучлалт гуйсан тэгэхэд уг эмэгтэй Алтанзулыг үсдсэн, салгачихаад бид нар гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3559 дугаартай “Д.О-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,

Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №ТХY-720/216 дугаартай “...Тайлангаар үнэлэгдэж буй зах зээлийн дундаж үнийг 354.000 төгрөгөөр тогтоов...” гэх тайлан /хх-ийн 44-46 тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...20200306_215624.pm.4 файлыг нээн ороход дэлгэцэнд Т.А Б  Мөнхчимэг О  нар байх ба Т.А юм ярина алхана хажууд нь Мөнхчимэг мөн юм ярьж алхан Б  хоёр тийш алхан Т.А О  хоёр юм ярьж зогсож байгаад Т.А текэн дээр байсан меню авч шиднэ. ...бичлэгээр текний арыг харуулахад газар дарс виски зэрэг хагарсан шилнүүд байв. Дараагийн NO2210206.mp4 дугаартай файлыг нээн ороход ...Т.А голоор нь орж Д.О ыг өшиглөн түлхэн Д.О  О  хоёр нэг нэгнээ барихад Т.А Д.О ын гарнаас татна үснээс нь зулгааж татна. Б  салгах гэж голоор нь орно. Цаанаас нь нэг эмэгтэй очиход Т.А Д.О ын үснээс зулгаана... Дараагийн NO3213206.mp4 файлыг нээн ороход текний ард улаан цамцтай эмэгтэй байх ба цаана 3 эмэгтэй гарч явна текэн дээр хоёр залуу очиж зогсоод гарч явна Дамдинбазар гарч Т.А Дамдинбазар хоёр хамт орж ирнэ. ...Т.А хуруугаараа заан юм ярьж байгаад текэн дээр байсан менюг авч шидэхэд текны ард өрөөтэй байсан виски дарснууд газар унана...” гэх  тэмдэглэл /хх-ийн 58-60 тал/,

Хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 84-85, 103-107 тал/,

Хохирогч Д.О-дзөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан тухай шийтгэлийн хуудас /хх-ийн 82 тал/,

Шийтгэлийг төлж барагдуулсан тухай төлбөрийн баримт /хх-ийн 83 тал/,

Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нөхөр хүүхдүүдийн хамт эгчийнд хоол идэх гээд очсон. ...Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Жагар нэртэй пабад байна гэсэн чинь би найзтайгаа яваад очиход эгч найзтайгаа нэг шил архи аваад уугаад сууж байсан. Би юм яриад сууж байхад Д.О  эгчийг цохиж унагаасан тэгээд би Д.О тай маргасан тэгээд та яагаад ингэж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Улмаар эгч Д.О  хоёр гараад явахаар нь би араас нь гартал эгч, Д.О  хоёр дээр доороо орсон байдалтай байсан. Би Д.О ын болиоч ээ гээд татаад цохисон. Д.О  паб руу гүйгээд орохоор нь би араас нь ороод сандал дээр суугаад уучлаарай анай одоо хэрэлдээд яах юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд миний үснээс зулгааж дараад чирсэн. Дараа нь гал тогооны өрөө рүү орсон тэгээд би текны хажууд сууж байгаад уурандаа меню аваад шидэхэд уг пабын архинуудыг оноод хагалсан тэгээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-70 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн эд зүйл эвдэж гэмтээсэн гэм буруугаа ойлгож байна. Баарны эд зүйлсийн үнийг төлж барагдуулсан байгаа. Харин хохирогч Д.О ын эмчилгээний төлбөрийг одоо төлөх хүсэлтэй байна. Ажилгүй байсан хугацааны цалин гээд байгаа төлөхгүй. Ажилдаа яваагүй гэдэг нь тогтоогдохгүй байна гэж бодож байна. Зодуулсны маргааш нь ГСҮТөвд томографик зураг авахуулсан. Тэгэхэд би өөрөөс 100.000 төгрөг төлсөн байгаа. Гэм буруутай үйлдэл хийсэн, надад торгох ял оногдуулж өгнө үү. Би торгуулийн ялыг хэсэгчилэн төлөх боломжтой...” гэсэн мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 тал/, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 74 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 75-77 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. 

                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.А нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шанхад фүүдс ХХК-ний Jaga’s Lounge рестораны үүдэнд хохирогч Д.О-ын үснээс зулгааж унаган нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Шанхад фүүдс ХХК-ний Jaga’s Lounge рестораны текний ар талын тавиур руу меню авч шидэн өрөөстэй байсан виски, вино зэргийг онож хагалан устгаж гэмтээсний улмаас 354.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Т.А, хохирогч Д.Д.О , нэр бүхий гэрч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба улмаар биеэ хянах чадвар нь алдагдаж хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж эхэлсэн, улмаар шүүгдэгч Т.А хохирогч Д.О-ын биед “...миний эгчийг зодож дээрэлхлээ...” гэх шалтгаанаар халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хангалттай нотлогдож тогтоогджээ.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Т.А хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 3559 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хохирогч Д.О-д 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын биед халдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх ба уг шийтгэл биелэгдсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.А нь Шанхад фүүдс ХХК-ний Jaga’s Lounge рестораны текний ар талын тавиур руу меню авч шидэн өрөөстэй байсан виски, вино зэргийг онож хагалан устгаж гэмтээсэн үйлдэл тогтоогдсон.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Шанхад фүүдс ХХК-д эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэргийн 44-46 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр 354.000 төгрөгний хохирол учирсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ. 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэсэн үндсэн шинжийг хангажээ.

Иймд шүүгдэгч Т.А-ын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Шанхад фүүдс ХХК-ийн Jaga’s Lounge рестораны үүдэнд хохирогч Д.О-ын үснээс зулгааж унаган нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, мөн тус компанийн текний ар талын тавиур руу меню шидэн өрөөстэй байсан виски, вино зэргийг онож хагалан бусдын эд  хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А нь хэргийн зүйлчлэл болон үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Бусдын эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн улмаас хохирогч Шанхад Фүүдс ХХК-д 354.000 /гурван зуун тавин дөрвөн мянга/-н төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №ТХY-720/216 дугаартай үнэлгээний тайлангаар нотлогдож байх ба тус компаний төлөөлөгч Б.Д  нь хавтас хэргийн 20-22 дахь талд “...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллагад учирсан хохирол бүрэн барагдсан...” гэж мэдүүлсэн байна. Иймд тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр арилсан гэж дүгнэлээ.

Мөн хохирогч Д.О-дэрүүл мэндийн буюу баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хавтас хэргийн 64-65, 103-107 дахь талд хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтад дүгнэлт хийж, бодитоор 298.520 /хоёр зуун ерөн найман мянга таван зуун хорин/ төгрөгийг эмчилгээ, эм тарианы зардалд зарцуулсан байна гэж үзэж, уг төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон гаргуулахаар гэм буруугийн хуралдаанд шийдвэрлэлээ.

 Ингэж шийдвэрлэснийг шүүгдэгч Т.А нь хүлээн зөвшөөрч, уг хохирлыг шүүх хуралдаанд төлж барагдуулах хүсэлт гаргаж, хохирогч Д.О-ын эзэмшлийн Хаан банкны дансаар 300.000 төгрөг хохиролд тооцон шилжүүлсэн тул шүүх энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Алтанзулаас гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч Д.О-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Учир нь хэрэгт хохирогчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан боловч хохирогч Д.О  нь энэ гэмт хэргийн улмаас хэднээс хэдний хооронд ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдохгүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинд 487.279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.А нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн бусдын эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Т.А-д  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал болон түүний бага насны 3 хүүхэдтэй, урьд хэрэгт холбогдож байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.А-ын биечлэн эдлэх торгох ялыг 1200 /мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 2, 4, 5 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ” гэж заасан тул шүүгдэгч Т.А-д  шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.            

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.А-д  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Б овогт Т-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.А-ын биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д  оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.А-д  сануулсугай.

5. Хохирогч Д.О  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Д-т  354.000 /гурван зуун тавин дөрвөн мянга/-н төгрөг, хохирогч Д.О-д 300.000 /гурван зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА