Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2023

 

Ж.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00806 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЗТН" ОНӨААТҮГ-т холбогдох

 

Буцалтгүй тусламжид олгогдсон 11 111 111 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д миний бие чин үнэнчээр 28 жил үр бүтээлтэй ажилласан. Улсад нийт 35 жил ажилласан. Миний ажлыг компаний зүгээс өндөрөөр үнэлж, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн захирлын Б/36-1 тоот тушаалаар орон сууцны нөхцөлөө сайжруулахад зориулж 11 111 111 төгрөгийн буцалтгүй тусламжийг Ж.Д надад олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл 2014 оны 10 дугаар сард байгууллагын бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн, өөрчлөгдөж “ЗТН" ОНӨААТҮГ нэртэй болсон. Миний бие тушаалаар олгогдох мөнгийг асуухад “Байгууллагын боломж муу байна. Боломжтой үедээ өгнө” гэж Цахилгаан тээвэр компаний тухайн үеийн удирдлагууд хэлдэг байсан. Ийнхүү миний бие өгөх байх гэж итгэж явсаар байгаад 2 жил гаран болсон. Ингээд миний бие тус мөнгөө авч чадалгүй явж байгаад 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Зорчигч тээврийн нэгтгэлийн захиралтай уулзахад “Шүүхээр асуудлаа шийдүүл” гэж хэлсэн.

Миний бие шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд миний бие 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “ЗТН" ОНӨААТҮГ-ын захиргаанд өргөдөл гаргасан. “ЗТН" ОНӨААТҮГ-ын захиргаанаас миний гаргасан өргөдлийн ард талд “2014 оны 10-р сарын 10-нд 2-р бааз татан буугдаж, нэгтгэл үүсэн байгуулагдахад өр, авлагын жагсаалтанд уг тушаалаар баталгаажаагүй тул өгөх боломжгүйг хүргүүлж байна” гэж бичээд, тамга дарж өгсөн.

Манай байгууллага татан буугдаагүй, зөвхөн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон. Одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд тус байгуулаллагаас Б/36-1 тоот тушаалаар надад олгохоор шийдвэрлэсэн 11 111 111 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д нь “ЗТН" ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад хэсгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 6/1152 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах шалтгаанаар ажпаас чөлөөлөгдсөн. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/1600 тушаалаар 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 3 091 860 төгрөгийг тэтгэмжийн сангаас олгосон.

1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/778 тоот захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоолоор “Цахилгаан тээвэр компани”, “Автобус-1”, “Автобус-3” ӨНҮГ-ыг татан буулгаж шинээр үүсгэн байгуулагдсан Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлд үйл ажиллагааг нь нэгтгэсэн. Дээрх байгууллагууд нь нэгдэх үед Цахилгаан тээвэр компаниас Ж.Д д олгогдох тэтгэмж нь татан буулгах комиссын хаалтын болон нээлтийн балансанд тусгагдаагүй бөгөөд өр төлбөр баталгаажиж ирээгүй.

2. 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6/36-1 тоот орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тушаалын үндэслэх хэсэгт Цахилгаан тээвэр компаний захиргаа, Үйлдвэрчний эвлэлээс 2012-2014 онд байгуулсан хамтын гэрээг үндэслэсэн байна. Энэ хамтын гэрээ бол 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөөд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болсон хамтын гэрээ юм.

3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/778 тоот захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоол гарч Цахилгаан тээвэр компани татан буугдсан учраас Цахилгаан тээвэр компанийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6/36-1 тоот орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тушаал нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч “ЗТН" ОНӨААТҮГ-аас 11 111 111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Ж.Д-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 192 727 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/778 тоот захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоолоор “Цахилгаан тээвэр компани”, “Автобус-1”, “Автобус-3” ӨНҮГ-ыг татан буулгаж шинээр үүсгэн байгуулагдсан Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлд үйл ажиллагааг нь нэгтгэсэн. Дээрх байгууллагууд нь нэгдэх үед Цахилгаан тээвэр компаниас Ж.Д д олгогдох тэтгэмж нь татан буулгах комиссын хаалтын болон нээлтийн балансанд тусгагдаагүй бөгөөд өр төлбөр баталгаажиж ирээгүй гэдгийг баримтаар гаргаж өгсөн боловч үнэлээгүй. Нэхэмжлэгч нь “ЗТН" ОНӨААТҮГ-т нэгдэж байх үед хэсгийн даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан. Хэсгийн дарга гэдэг орон тоо нь захиргаа, инженер техникийн ажилтанд хамаарагддаг тул өглөгийн 3141 дансанд хамаарах ёстой гэдгийг шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргасан 3120 /дотоод байгууллага/ тоот данс нь байгууллага хоорондын өглөг, 3142 /автобусны кондуктор/ тоот данс нь автобусны кондукторт өгөх өглөг, 3197 /актын өглөг/ бүх ажилчдын эмнэлэгийн хуудас /лист, акт/-ны өглөгүүд хамаарч байгаа юм.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 008006 тоот шийдвэрийн 4 дэх нүүрний хамгийн доод доголд “Татан буугдсан “Цахилгаан тээвэр” ӨНӨААТҮГ-ын санхүүгийн тайлан дахь өглөгийг “ЗТН" ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн aктaap дансанд өр төлбөр шилжиж ирсэн болох нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн буцалтгүй тусламж болох 11 111 111 төгрөг нь 3141 /Захиргаа, ИТА, БТА/, тоот дансанд тусгагдах байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх тайлбараа хариуцагч нь баримтаар нотлоогүй” гэж дүгнэж хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзсэн нь хэтэрхий нэг талыг барьж гаргасан шийдвэрт гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч “ЗТН" ОНӨААТҮГ-т холбогдуулан “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-аас буцалтгүй тусламжид олгосон 11 111 111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ нь татан буугдсан тул тусламж олгосон тушаал хүчингүй болсон, компани татан буугдах үед компанийн хаалтын болон нээлтийн блансад буцалтгүй тусламж тусгаагүй, мөн уг тусламж олгосон тушаалыг үндэслэсэн “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын хамтын гэрээ хүчингүй болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хамтын гэрээ гэх ба тухайн үеийн “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хамтын гэрээ байгуулагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт нийцсэн байх бөгөөд уг гэрээний 7.6-д “Монгол Улсын Засгийн газрын 100 000 айлын орон сууц хөтөлбөрт ажилтнуудыг хамруулж тус компанид он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон тэргүүний ажилтнуудад орон сууц худалдан авахад нь 5-15 сая төгрөгийн санхүүгийн туслалцааг ажил олгогч үзүүлнэ” гэж заасны дагуу “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/36-1 тоот “Орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тухай” захирлын тушаалаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2010 оны 1/120 тоот, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2010 оны 1/172 тоот албан бичиг, компанийн захиргаа, Хамтын гэрээний 7.6 дахь заалтыг үндэслэн захирлын зөвлөлийн мөн өдрийн 06 тоот хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор автобусны хэсгийн дарга Ж.Д д орон сууц худалдан авахад нь зориулж 11 111 111 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн талаар талууд маргаагүй байна. /хэргийн 7, 10-14 дүгээр тал/ Уг тушаалыг гаргахад үндэслэл болгосон хамтын гэрээ нь тухайн үед хүчин төгөлдөр байсан тул одоо хүчин төгөлдөр бус болсон эсэх нь тухайн тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм.

 

Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж үзэх талаар Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нийлүүлсэн нь тогтоогджээ. Иймээс шинээр бий болсон хуулийн этгээд буюу хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь татан буугдсан “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм. Хэлцэл хийснээс хойш эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд хийсэн хэлцэл, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байхыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заажээ.

 

Тусламжийн мөнгийг олгох санхүүгийн эх үүсвэргүй болох нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч Ж.Д ыг “ЗТН" ОНӨААТҮГ-ын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/1152 тоот захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан гэх үндэслэлээр 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1600 тоот тушаалаар 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид 3 091 860 төгрөгийн тэтгэмж олгосон нь дээрх буцалтгүй тусламжтай хамааралгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/36-1 тоот тушаалаар олгогдох ёстой буцалтгүй тусламжийг авах талаарх өргөдлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасанд хариуцагч мөн өдөр нь “3 бааз татан буугдаж нэгтгэл үүсэн байгуулахад өр, авлагын жагсаалтад уг тушаал баталгаажаагүй тул олгох боломжгүй” гэсэн хариу өгсөнтэй холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасныг зөрчөөгүй байна. /хэргийн 67 дугаар талын ар тал/

 

Хуулийн этгээдийг нэгтгэх, нэгтгэсний эрх зүйн үр дагавар, мөн нэхэмжлэгч нарт олгох тэтгэмж, түүний хэмжээ, нэхэмжлэл гаргах хугацааны талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 727 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                С.ЭНХТӨР