Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0611

 

 

 

 

 

 

 

 

 

  Ч.Б-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Б-лын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулин 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.9 дэх заалтыг баримтлан Ч.Б-ын гаргасан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэснийг маргаан бүхий акт нь зөрчсөн болохыг тогтоосон.

Харин нэхэмжлэгчийг хуралдаанд ирж ирцэд бүртгэгдэн, хуралдааныг орхин гарсан учраас маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байна гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь шүүгч хуулийн 23, 24 дүгээр зүйлийн агуулгыг ойлгоогүй, эсхүл буруу тайлбарласан гэж үзэхээс өөр аргагүй байна.

Учир нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтаар агуулга илэрхий харагдана.

Хурлын ажлын албанаас тухайн хурлын төлөөлөгч бүрт энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчид тараах ёстой. Ингэснээр хурлын төлөөлөгч бүр тухайн хуралдаанаар хэлэлцэж буй асуудал, гарах шийдвэр, үр дагаврын талаар зохих мэдээлэлттэй болж, хуралдаанд хариуцлагатайгаар оролцох нөхцөл бүрдэх юм. Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй бол ямар ч асуудлыг хэлэлцэхгүй буюу эцэслэн шийдвэр гарахгүй байх учиртай.

Дээрх заалтыг ач холбогдлыг үнэлбэл, Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгогдож бүрэн эрх олж авсан хурлын төлөөлөгчид хэлэлцэн шийдвэрлэх аливаа асуудлын талаар урьдчилан хангалттай эсхүл шаардлагатай мэдээлэл олж авсан байх нөхцөлийг бүрдүүлж байгаа төлөөлөгчид олгогдсон чухал эрх юм.

Энэхүү заалт буюу эрх зөрчигдвөл тус хуулийн 12 дугаар зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрх хангалттай хэрэгжих боломжгүй юм. Гэтэл шүүх энэ эрх зөрчигдсөн ч тус хуулийн 12 дугаар зүйлд заасан төлөөлөгчийн эрх хөндөгдөхгүй гэсэн нь тухайн заалтын холбоо хамаарлыг бүрэн ойлгоогүй, эсхүл төлөөлөгчийн мэдээллээр хангагдах эрхийг эрх үзээгүйтэй холбоотой юм.

Өөрөөр хэлбэл “...энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчид тараах” гэсэн нь хурлын төлөөлөгч хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гаргах шийдвэрйн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө” хүлээн авах эрхтэй гэсэн утгыг илэрхийлнэ.

Энэ эрхийг хөндсөн эсэхэд төлөөлөгч өргөн мэдлэгтэй болон огт мэдлэггүй, хуралд ирж ирцэд бүртгэгдсэн болон огт ирээгүй, хуралдааны эхэн болон дундаас орхин гарсан болон бүрэн оролцсон, хуралдаанд идэвхтэй оролцож, санал бодлоо солилцсон болон огт дуу гаргаагүй зэрэг нөхцөл байдал, хүчин зүйл огтоос нөлөөлөхгүй буюу ямар ч хамааралгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Б-аас Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдуулан “Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23.4, 25.1-д заасныг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдааныг тухайн өдрийнхөө 18.00 цагт товлож, аймгийн 2021 оны төсвийн төсөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, иргэдийн Хурлын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт гэсэн 3 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байна.

Захиргааны шүүх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлах буюу байгууллагын дотоод чиг үүрэг, зохион байгуулалттай холбоотой шийдвэрийг хянах боломжгүй.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхойлж, 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий 70 дугаар тогтоолыг гаргасан нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 70 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны товыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд зарласан нь захиргааны байгууллагын дотоод хүрээнд буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг агуулаагүй байна. Хэдийгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлахдаа эрх зүйн /тогтоол/ акт гаргадаг боловч эрх бүхий этгээд буюу Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан /дотогш чиглэсэн/ захиргааны актыг захиргааны шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.

Харин маргаан бүхий 70 дугаар тогтоолоор товлосон тухайн өдрийн 18:00 цагт болсон хуралдаанаар хэлэлцсэн гадагш чиглэсэн бусад асуудлаар буюу “...аймгийн 2021 оны төсвийн төсөл...” гэх зэрэг асуудлаар гаргасан шийдвэрт Ч.Б /аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгч/ эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой байжээ.

Иймд нэхэмжлэгч Ч.Б-ын “Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар Ч.Б-аас Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН