Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 483

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Гэрч Б.А , Э.Н,

Хохирогч П.О ,

Шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч Д.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 02-16/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогтой Д-гийн М-д холбогдох эрүүгийн 2005008660419 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ......оны .......... дугаар сарын ......-ны өдөр .... аймгийн Жинст суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, комьпютерийн оператор, албан бичгийн мэргэжилтэй, Сити дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт ......... дүүргийн 4 дүгээр хороо .......дүгээр байрны ........тоотод оршин суудаг, /РД: /, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Д овогт Д-гийн М.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.М  нь 2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” төвийн хажууд иргэн П.О тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, гараараа толгойн тус газар нь цохиж, биед баруун чамархайн ясны шугаман хугарал, хугарлын харалдаах тархины хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.М г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр жижиг Б.А  над руу орой 6 цагийн үед яриад хэдүүлээ ойрд уулзаагүй юм чинь тааралдъя гэсэн. Би дүүгээ вокзал хүргэж өгчихөөд орой 20 цагийн үед Хүүхдийн зууд уулзсан. Н.Б.А тай уулзаад байж байсан араас Б.А хүрч ирсэн. Бид 3 хоол идэж пиво ууж байгаад цаг эрт байгаа юм чинь биллард тоглоё гээд Өргөө кино театрын зүүн талд байдаг биллардны газар очсон. Бид нар тэнд биллиард тоглонгоо нэг шил виски хувааж уусан. Би сандал дээрээ унтаад өгсөн байсан. Тэгсэн нэг танихгүй залуу намайг сэрээхээр нь би хэн бэ гэсэн чинь надаас юм асуугаад байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир би мэдэхгүй байна гэсэн. Тэгсэн намайг заамдаж аваад үүд рүү чирсэн. Намайг чирч байх үед тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд манай найз Б.А  юу болоод байгаа юм цагдаа дуудлаа шүү зүгээр байгаа хүнийг яагаад ингээд байгаа юм гээд салцгаасан. Салсны дараа текэн дээр очоод тооцоогоо хийгээд харих гээд гадаа гарцгаасан. Гадаа такси хүлээж байгаад такси ирсний дараа жижиг А  намайг таксинд суулгаж өгсөн. Тэгсэн урдуур нэг жижиг тэрэг орж ирж зогсоод машинаас М  бууж ирээд хаалга онгойлгоод А  хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй байна. Яагаад надаас  асуугаад байгаа юм бэ гэсэн. Намайг цохиход нь би манараад нэг газар унасан. Тэгсэн намайг хүн түшиж босгож байсан. Тэгээд би юм харахгүй байна. Миний нүдний шил хаана байна гэхэд миний шилийг өгсөн. Тэгээд машинд суусан таксины жолооч явах уу гэхээр нь явъя гэсэн. Тэгээд явж байсан миний цамцан дээр чихнээс цус тусч байсан. Тэгээд цагдаад хандаад эмнэлэг дээр очиж үзүүлээд тархины зураг авхуулсан чинь эмч яаралтай хэвт гэсэн. Тэгээд шууд хэвтсэн. 14-21 хоног хараад эмчилгээний үр дүн сайн байвал хагалгаанд орохгүй. Хэрэв үр дүн муутай байвал хагалгаанд орно гэсэн. Одоогоор хагалгаанд ороогүй байна. Машин барьж болохгүй. Хүнд юм өргөж, хэт ачаалал өгч болохгүй гэсэн. Хэт ачаалал өгвөл ухаан алдах аюултай гэсэн. М  хэд хэдэн удаа надаас уучлалт гуйсан. 2 сарын цалинг төлөөд өгвөл би гомдолгүй. Энэ хүнийг хорилоо гээд миний толгой зүгээр болохгүй тиймээс ялыг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.А-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн үед нойлоос гарахдаа бүдэрч унаад уйлчихсан байсан. Тэгээд М  ахыг дуудчихаад ирэхгүй байж магадгүй гэж бодоод Н  руу ярьчихсан байсан. Тэгээд М  ах, Н  хоёр зэрэг ирсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Н-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Том Б.А  намайг уйлчихсан дуудсан. Очиход уйлчихсан байсан бөгөөд хохирогчийг хараагүй, дараа нь таксинд суухыг нь харсан. Очоод Замын 2 дугаар эгнээнд хааж зогсоогоод машинаа хөвөөнд тавиад ирэхэд М  ах Оргилыг босгож байсан. Тэгээд хохирогч нүдний шил хаана байна гэхээр нь олж өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би хохирогчид учруулсан. Хохирол төлбөрт тооцож 880.000 төгрөг төлсөн. Би одоо Пицца хатад ажиллаж байгаа. Миний сарын өрхийн орлого 1.400.000 төгрөг...” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч П.О оос цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако” төвийн автомашины зогсоолын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23-39 тал/

2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” төвийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгт төв замаар саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл дохио өгөн замын хажуу руу зогсох ба түүний ард явж байсан хар өнгийн суудлын тээврийн хэрэгсэл түүний баруун талд зэрэгцэн зогсооход саарал өнгийн тээврийн хэрэгсэл рүү очно. ...саарал өнгийн тээврийн хэрэгслийн ард 2 бараан хувцастай эрэгтэй хүн бие биенийхээ түлхэн зам дагуу байрлах ТҮЦ-ийн араар орох ба энэ үед саарал өнгийн тээврийн хэрэгслийн баруун урд талаас бараан өнгийн хувцастай эмэгтэй хүн бууж ирэн ТҮЦ-н хажууд зогсоно. ...Ингээд хэсэг хугацааны дараа 2 эрэгтэй бие биенийгээ түлхэн зууралдан гарч ирэхэд түүний хажууд бараан хувцастай эрэгтэй даган явна. Уг 2 эрэгтэй хар машин руу очин арын хаалгыг онгойлгон намхан эрэгтэйг том биетэй эрэгтэй нь суулгана...” гэх тэмдэглэл /хх-ийн 40-44 тал/,

Хохирогч П.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 2 дугаар 21-ний орой 19 цагийн үед өөрийн найз жижиг Б.А тай хүүхдийн 100-д байдаг Сөүл плазад уулзаж пабад орсон. Араас нь удалгүй том Б.А  ирсэн. Тэгээд бид 3 тэднээ хоол идэж хүний 3,4 шил пиво уусан. Шөнийн 22 цагийн үед гараад Өргөө кино театрын хойно байдаг “Лаки-21” нэртэй билльярд пабад орж тоглож 1 шил виски авч уусан. …Бид нар гарах болоод жижиг А  бид 2 түрүүлж гарсан. Том А  гарч ирээгүй, жижиг А  намайг таксинд суулгаж өгөөд би ганцаараа таксинд явж байхад Алтантөгрөг дэлгүүрийн орчимд миний явж байсан таксины урдуур машин шахаж орж ирээд машинаас нөгөө пабад надтай муудалцсан залуу бууж ирээд намайг машинаас хаалга онгойлгож буулгаад А  хаана байна гэж асуугаад баруун чих рүү 2 удаа гараараа цохиход би газарт унасан. Энэ үед таксины жолооч бууж ирээд хөөш болиоч ээ гэж хэлээд нөгөө залууг холдуулаад намайг өргөөд машиндаа суулгахад нөгөө залуу өөрийнхөө машинд суугаад хөдлөөд явсан. Машин дотор суухад миний толгой янгинаж өвдөөд баруун чихнээс цус гарч байсан... гэх мэдүүлэг./хх-ийн 47-48 тал/,

Гэрч Н.Б.А-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 2 дугаар 21-ний орой 20 цагийн үед өөрийн найз Б.А , Оргил нарын хамтаар уулзаж Хүүхдийн 100-н тэнд пабад хоол идэж пиво уусан. Тэндээсээ гараад 23 цагийн үед Өргөө кино театрын хойд талд байдаг “Лаки-21” нэртэй пабад очиж 1 шил виски захиалж уусан. Тэгээд би нэлээд муудсан байсан нэг мэдэхэд 1 залуу ирээд Оргилтой муудалцаад байх шиг байсан. Би тэндээсээ үүрээр 06 цагийн үед гараад би таксинд суугаад гэр рүүгээ харьсан. Тэрнээс цааш тэд нар юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50 тал/

Гэрч Б.А-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оройтоод би өөрийн таньдаг ах болох Билли буюу М  ахыг өөрийн найз Намуунаагийн хамт дуудсан байсан. М  ах шөнө 04 цагийн үед ирээд араас нь Намуунаа ирсэн. М  ах манай найз Оргилтой муудалцаад барьцалдаж аваад байх шиг байсан.Тухайн үед би нэлээд муудсан байсан.Тэгээд тэндээс бид нар гараад гадаа зогсож байгаад би гадаа сууж байхад Намуунаа М  ах 2 машинтайгаа яваад, Оргил А  2 хамт такси бариад явсан. Тэгээд удалгүй Намуунаа М  нар ирээд намайг аваад бид нар хоолонд ороод намайг гэрт хүргэж өгсөн. М , Оргил, А  3 пабад бага зэрэг муудалцаад барьцалдаж авахад А  дундуур нь орж салгаад гарцгаасан. Пабад болон гадаа ямар нэгэн зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

Гэрч Ө.Е-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний машинд сууж байсан залууг, нөгөө саарал машинд сууж байсан бүдүүн махлаг шар залуу заамдаад арын суудлаас буулгасан. Цаашаа зууралдаад явахаар нь би машинаа зам чөлөөлж зогсоогоод буугаад ирэхэд миний машинд сууж байсан залуу газар хэвтсэн ард талд нь нөгөө махлаг залуу татаж босгоод хажууд нь хамт явсан эмэгтэй бас зогсож байсан. Тэр бүдүүн залуу түшээд тэр залууг миний машинд суулгаж өгөөд бид 2 хөдөлж явж байгаад эргээд хартал нөгөө залуугийн баруун чихнээс нь цус гарсан байсан....” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-10, 55-56 тал/,

Гэрч Э.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 2 дугаар сарын 22-ны шөнө гэртээ унтаж байтал утас дугаарахаар нь харсан чинь манай найз Б.А  нь залгаж байсан. Шөнийн 05 цаг 30 минут болж байсан. Надтай утсаар ярихдаа уйлчихсан байсан бөгөөд намайг ирээд авчих гэхээр нь би гэрээсээ гарч 73-97 УБМ улсын дугаартай саарал өнгөтэй примо маркийн автомашинаа асаагаад Баянзүрх дүүрэг Амгалан хорооллоос Өргөө кино театрын хойд талд байх Лаки-21 нэртэй биллъяардны гадна ирсэн. Би уг газар руу ороогүй бөгөөд намайг ирэх үед манай найз 1998 онд төрсөн өндөр нуруутай Б.А , болон найз Б.А , 2 эрэгтэйн хамт зогсож байсан. Миний хувьд 2 Б.А ыг таньдаг учраас 2 Б.А ыг авч явах гэсэн юм. ...Өндөр нуруутай манай найз Б.А ыг аваад явчихлаа гэж бодоод хар өнгөтэй приус-30 маркийн автомашины араас явж байгаад зам дээр урдуур нь орж хашиж зогсоосон. Тэгтэл М  нь машинаас бууж приус-30 машин руу очсон. Би зам чөлөөлж зогсоод буугаад ирсэн чинь приус-30 маркийн автомашинд сууж явсан залуу газар уначихсан М  хажууд нь зогсож байсан. М  нь уг залууг түшиж газраас босгосон чинь зодуулсан гэх залуу миний нүдний шил хаана байна гэхээр нь би тухайн орчмоор хайж олоод таксины жолоочид нүдний шилийг нь өгсөн юм. Энэ үед манай найз өндөр Б.А  нь над руу утсаараа залгаад та 2 хаана байна би Лаки-21 ийн гадна байна гэж хэлэхээр буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2997 дугаартай шинжээчийн “...П.О ын биед баруун чамархай ясны шугаман хугарал, хугарлын харалдаах тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг авсан үөд биеэ даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 66-68 тал/,

Шинжээч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр баруун чамархайн тус гараар хатуу мохоо хавтгай гадаргуутай хязгаарлагдмал бус зүйл дээр тухайн хэсэг газраа унах савагдах үед үүсгэгдэх боломжтой.... гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,

Хохирогч П.О ын өвчний түүх /хх-ийн 75-82 тал/,

Хохирлын баримтууд болон хохирогч П.О ын ажлын газрын тодорхойлолт

/хх-ийн 84-86 тал/,

Шүүгдэгч Д.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө манай таньдаг дүү Б.А  над руу залгаад ирээд авчих гээд би шөнө 4 цагийн үед Өргөө кино театрын ард байрлах Лаки 21 нэртэй пабад очсон. Тэгэхэд ширээн дээр 2 Б.А  виски уугаад бас нэг залуу ширээн дээр унтаж байсан. Би Б.А ыг явах уу гэхэд чи юу юм пизда минь би чамд Б.А ыг өгч явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь би заамдаж авахад зөрүүлж заамдаад хүмүүс салгаад би түрүүлж машин дээрээ ирээд хүлээж байсан. Тэгээд тэр 3 гарч ирээд замаас такси бариад явсан. Би тухайн үед А г аваад явчихлаа гээд таксины араас хөдлөөд Москва их дэлгүүрийн урд талд уг таксиг сигналдаж зогсоосон. Тэгээд бууж очоод арын хаалгыг онгойлгоход Оргил гэх залуу ганцаараа сууж байхаар нь А  хаана байна гэж асуутал мэдэхгүй пизда минь гээд хэл амаар доромжлоод байсан. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч П.О ын эмчилгээний зардлыг баримтын дагуу бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэрээт цэрэгт алба хаагад ирсэн. Одоо Сити дээд сургуульд сурч байгаа оюутан. Манай найз М  нь хувь хүнийхээ хувьд бусдад их тусархуу, зөөлөн цайлган сэтгэлтэй, юманд их тэвчээртэй ханддаг, аливаа асуудлыг эвээр шийддэг, хөдөлмөрч, ажилсаг хичээнгүй, бусадтай их нөхөрсөг, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, илүү дутуу зангүй, ямар нэгэн муу зуршилгүй, сайн залуу байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 тал/, гадаад паспортны хуулбар /хх-ийн 97 тал/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 98 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 99 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 100тал/, Ерөнхий боловсрлын гэрчилгээ /хх-ийн 101 тал/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 103-105 тал/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /хх-ийн 104 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хууудас /хх-ийн 128 тал/, шийтгэх  тогтоолын хуулбар /хх-ийн 130-132 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.М  нь 2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” төвийн хажууд хохирогч П.О тэй үл ойлголцон маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд халдан цохиж, биед нь баруун чамархайн ясны шугаман хугарал, хугарлын харалдаах тархины хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: …чамархай, дагз ба суурь ясны хугарал хамаарна” гэж зааснаар хохирогчийн биед учирсан дээрх баруун чамархай ясны шугаман хугарал, хугарлын харалдаах тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул шинжээч эмчийн 2997 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хохирогч П.О ын биед учирсан гэмтэл шүүгдэгч Д.М гийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн хохирогчийг гараараа толгойн тус газар нь цохисон үйлдэл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл ба уг үйлдлийг хийснээр хохирогчид хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.М г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас П.О ын биед баруун чамархай ясны шугаман хугарал, хугарлын харалдаах тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт баримтаар 808.496 төгрөгний хохирлын баримт гарган өгсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М  нь 850.000 төгрөгийг бэлнээр хохирогч П.О д хүлээлгэн өгсөн. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хохирогч цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай талаар мэдүүлж байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.М г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Д.М гийн “Сити” дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан, эхтэйгээ хоёулаа амьдардаг, тогтмол эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг тус тус харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгуулийн ял оногдуулах нь зохистой гэж дүгнэн, шүүгдэгч Д.М г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

Шүүгдэгч Д.М  нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Доржсамбуу овогтой Доржсүрэнгийн М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд тооцож 850.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч П.О  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан гэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА