Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 495

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч С.Цэрэндорж /томилолтоор/,

Иргэдийн төлөөлөгч З.Нямдаваа,

Гэрч О.Б ,  

            Хохирогч А.М , түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1054/,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч О.Баяраа /шүүхэд төлөөлөх эрхийн  үнэмлэхийн дугаар 0333/ нарыг  оролцуулан тус  шүүхийн  шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Г овогт Д.Д-т холбогдох эрүүгийн 1905049720241 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн машинчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт ... аймгийн ... сум ... дүгээр баг цагаанчулуут ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суудаг гэх /РД: / урьд ял шийтгэлгүй, Ү.Г овогт Д.Д.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Д  нь 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Прогресс” нэртэй зочид буудлын 407 тоот өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.М г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэж, мөн уг гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.М г гараараа цохиж, хөлөөрөө өвдөглөж эрүүл мэндэд нь баруун 3, 4 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, нүүр цээжний зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, нүүр хүзүү, дээд, доод мөчид хэвлийгээр олон тооны цус хуралт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Д ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Над руу байнга утасдаж мессэж бичдэг байсан. Утсаа олон удаа сольсон. Хуучин нөхөр рүү залгаад дугаар авчихдаг байсан. Байнга заналхийлдэг байсан. Хүүхэд ах эгч нар руу утасддаг байсан. Хотод ирэхдээ чиний хувцсыг аваад ирлээ хоёулаа уулзая би чамайг зодохгүй гэсэн. Тэгэхээр нь би чи намайг яах ч үгүй биз дээ гэхэд би чамайг яах ч үгүй гэсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр над руу утасдахаар нь Их дэлгүүрийн тэнд уулзсан. Тэгээд хувцсаа аваад явах гэтэл хоёулаа нэг газар сууж ярилцъя гэсэн. Тэгээд би ээж рүү нь залгаад хүүхдээс чинь хувцсаа авах гээд ирсэн байна гэхэд зүгээрээ наадах чинь одоо ойлгосон байгаа гэсэн. Караокед ороод 4 пиво аваад би нэгийг нь уусан. Гуравыг нь Д өөрөө уусан байсан. Тэгээд хувцсаа аваад явах гэсэн буудал ороод хувцсаа янзалчих гэсэн. Тэгээд хувцсаа янзалчихаад явах гэсэн чинь алгадаад аман дээр дараад бэлгийн ажил хийсэн. Тэгээд би өвдөөд байна гэсэн чинь битгий баашлаад бай гэсэн. Тэгээд би ухаан алдсан байх хооронд Д гараад явсан байсан. Орж ирэхдээ 2 том пиво, 2 хоолтой орж ирсэн. Тэгээд намайг хоол ид гэсэн. Тэгэхээр нь идэхгүй гэсэн пиво уу гэсэн. Тэгээд аяганд хийсэн пивоных нь талыг уусан. Тэр үед Ганаа гэж залуу залгасан. Тэр залуу манай ажлынханыг оройтсон үед хүргэж өгдөг таксины жолооч байсан. Өмнө мөнгө хэрэг болчихлоо гээд надаас 300.000 төгрөг зээлж байсан. Тэгээд мөнгөө 3 хоногийн дараа өгсөн. Тэгээд манай охин бас залгасан чинь надтай яриулаагүй. Пизда минь чи юу гэж залгаад байгаа юм гээд салгасан. Тэгээд миний утсыг нэгжээд тэгээд намайг зодож газар унагаагаад чирсэн. Зодсоныхоо дараа би чамайг аймаар зодчихлоо пизда гээд өөрийгөө сэрээдсэн. Намайг бас гэдэс рүү сэрээдсэн. Би сэрээдсэн зүйл байхгүй. Хүчиндэж байхад нь би цээжийг нь урсан. Буудал орохдоо эхлээд миний хувцас буудалд байгаа гэж хэлсэн дараа нь машины ард байгаа гээд авч ирсэн. Д намайг зодож байхдаа бэлгийн харьцаанд орж байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эдгээр хүмүүс нь 19 цагийн үед манай буудалд орж ирээд 407 тоот өрөөнд орсон. Би царайг нь анзаарч хараагүй. Манай камерын бичлэг 14 хоног хадгалагддаг. Дундуур нь энэ эрэгтэй хоёр удаа орж гарсан бөгөөд эхлээд нэг чемодантай зүйл авч ороод дараа нь нэг хайрцагтай зүйл авч орсон. Шөнө тусламж дуудсан чимээ гараагүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчтой 2017 оны 12 дугаар сард найзындаа танилцаж байсан. ...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би М  руу яриад би төрсөн өдрийн чинь бэлэг гээд эгчдээ захиж Францаас чамд үнэртэй ус авчруулсан. Хоёулаа уулзая гэсэн. Тэгээд Их дэлгүүрийн тэнд уулзаад тэндээсээ 10 дугаар хороололд байдаг Солонгос хоолны газар хоол идээд караоке орж 2, 2 пиво уусан. Караокеноос гараад машины ард байсан хувцсыг М д үзүүлсэн. Тэндээс М  барьж явсан хар цүнхээ солиод хүрэн өнгийн цүнх барьсан. Тэгээд буудал руу 16 цаг 40 минутын орчим орсон. Буудал руу орохдоо ногоон том цүнхтэй хувцсыг нь аваад орсон. Ороод шууд бэлгийн харьцаанд орсон. Тэгээд М  хувцсаа янзална гээд сууж байсан. Тэр өдөржин Ганаа гэж хадгалсан хүн залгаад байсан. Караокед байхдаа хэн юм бэ гэсэн чинь манай ажлын хүн гэсэн. Дараа нь буудалд ороод хэн юм гэж асуухаар охины найз залуу гэсэн. Тэгэхээр нь танай охины найз залууг У гэдэг гэж өдөр хэлсэн биздээ гэхэд энэ таксины жолооч манай ажлынхныг хүргэж өгдөг гэсэн. Тэгээд утсыг нь аваад үзэхэд хоорондоо харьцдаг, бие биедээ мөнгө авч өгдөг, шөнийн 3 цагт уулздаг, уулзчихаад чи сайхан амраарай гэж хэлээд орж болдоггүй юм уу гэсэн мессэж бичдэг байсан. Тэрийг нь би авчирч чадсангүй. Тэгээд би тэр хүн рүү нь яриад та ямар учиртай хүн бэ гэсэн чинь найз залуу нь байна гэсэн. Тэгэхээр нь би таксины жолооч байна. Энэ хүн тасарчихсан байна. Та ирээд авчих уу гэсэн чинь Хангай хотхоны 504 дүгээр байр 131 тоотод аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь тасалчихаад таксины жолооч чиний гэрийн хаягыг мэддэг юм уу гээд би уурласан. Тэгээд гар хүрсэн. Эргээд нөгөө хүн рүү залгаад та ирээд авчих гэсэн би эхнэр хүүхэдтэйгээ амарч байна гэсэн. Тэгээд чи ямар учиртай хүн залгаад байгаа юм гэхээр нь би Эрдэнэтэд байдаг найз залуу нь байна гэсэн. Тэгсэн аан тийн тийн чамайг урьд нь 2 удаа баривчилгаанд өгч байсан гэсэн. Чи гаж донтой гэсэн. Секс хийж чаддаггүй. Бэлгийн ажилдаа муу гэж ярьсан байсан. ...Тэрнээс болж зодоон гарсан. Алгадсаны дараа намайг хэд хэд сэрээдсэн. Тэгэхээр нь ор руу түлхээд унагаасан. Тэгээд хэрүүл маргаан болиод М  босч нүүр гараа усаар шавшиж байсан. Бүр дараа нь буудлын кордорт зогсож байсан. Камерын бичлэг байсан бол гарч ирэх байсан. Маргааш өглөө нь би М д уучлаарай гэж 100.000 төгрөг өгсөн. Намайг цагдаад битгий өгөөрэй, Эрдэнэт амралт явъя гэсэн зүйл яриагүй. Тэр шөнө эмнэлэг дуудъя гэхэд яах юм бэ би хүүхдүүддээ хүмүүсийн дундуур орж байгаад зодуулсан гээд хэлчихье гэсэн. Тухайн өдөр бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Би баримтаар нэхэмжилсэн 300.000 гаруй төгрөгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

 

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “...зочид буудалд хүнд зодуулсан тул өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх хохирогч А.М гийн өргөдөл /хх-ийн 3 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “Миний бие А.М  2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мэдүүлэг өгсөн. Тухайн үед сандарч цочролд орсон байсан тул мэдүүлгээ дутуу өгсөн. ...2017 оны 12 дугаар сард Д.О-той танилцсан. Танилцсанаас хойш Д найзуудаас минь утасны дугаарыг авсан. 1 сар гаруй хугацаанд байнга над руу залгаж, утсаар ярьдаг байсан. 2018 оны 2 дугаар сараас Д.О-тойуулзаж эхэлсэн. Ингээд манай гэрээр орж гардаг байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын сүүлээс 2019 оны 3 дугаар сарын хүртэл 1 жилийн хугацаанд хамт амьдарч байсан. ...2019 оны 12 дугаар сарын 5-6 нд шилжих шөнөжин буюу орой 22 цаг 30 минутаас өглөөний 8 цаг хүртэл намайг зодсон. 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 23 цагийн үед намайг хүчиндсэн. Би болиоч гэж эсэргүүцсэн ч зодож, орилох гэтэл амыг минь дарж, эсвэл хоолой багалзуурдаж байсан. Чамайг зүгээр явуулж чадахгүй ах дүү нар чинь намайг барьж өгсөн, өш хонзон санаж байна, нэг мөсөн хүслээ гүйцээнэ гэж хэлж дарж унагасан. Тэгээд чамайг нэг мөсөн гүйцээгээд алчих уу, яахав дээ шоронд л орно биз гэж хэлж байсан. Эхлээд хүчиндсэнээс хойш 1 цаг тутам дахин хүчиндэж 4-5 удаа хүчиндсэн. Мөн энэ хоорондоо намайг байнга зодож байсан. Хүчиндэх болгонд эсэргүүцсэн ч зодуулж байсан болохоор би болиулж чадаагүй. Шөнийн 3 цагийн үед хоёр хөлөө цээжин дээр өвдөглөж байгаад хоолой боосон. Тэгээд босох гэтэл цээж болоод хамаг бие маш их өвдөөд, амьсгаа давчдаад өндийж ч чадахгүй байсан. Тэгсэн чинь хэвт пизда минь ална шүү гээд дараад босгохгүй байсан. Ингэхэд миний хоёр хавирга хугарсан байна лээ. Өглөө босоход би чамайг Эрдэнэт авч эсхүл амралтын газар руу явъя чи ийм нүүртэй яаж гэртээ очих юм бэ гэсэн. Тэгэхээр нь би хамт явахгүй хүүхдүүд минь санаа зовно, намайг хайж эрэн сурвалжлуулна гэж хэлсэн. Бас би энэ хүнд ходоод маань өвдчихсөн байгаа өдөр болгон эмнэлэг орж байгаа, намайг ингээд явуулчих, би хүүхдүүддээ юу ч хэлэхгүй, хүмүүс зодолдож байхад нь дундуур нь ороод нүүр рүүгээ цохиулчихсан юм гээд хэлчихнэ, цагдаа сэргийлэх гэж явахгүй гэж гуйсаар байгаад арай гэж гарч явсан...” гэх өргөдөл /хх-ийн 4-5 тал/,

 

Хохирогч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2017 оны 11 сарын сүүлээр Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаад Монголд ирээд Эрдэнэт хотод Их залуу багийн яаргуутын овоо 0 тоот гэр хороололд амьдрах болсон. Би Д.Д той өөрийн найз Мөнхцэцэгийн төрсөн өдрөөр танилцсан. ...2018 оны цагаан сараас хойш манай гэрт хамтдаа байх болсон хамт амьдарсан эхний 6 сар архи дарс уугаагүй байж байгаад гэнэт уусан. Өмнө уудаг байсан гэсэн архи уухаараа их агсан өмнө ээжийгээ зодож байсан гэж надад ээж нь хэлж байсан. Би чи надтай ингэж байж байхаас эхнэр дээрээ очиж амьдраач гэхээр эхнэртэйгээ муудсан байсан болохоор гэр рүүгээ явдаггүй байсан. Бас хамт байх хугацаанд ажил хийдэггүй байсан. Би чи залуу хүн ажил хийгээч гэхэд хийнэ гэж хэлчихээд хийдэггүй надад хоёулаа гадаад явж амьдарч аль эсвэл машин авч өг гээд байдаг байсан. Бас манай гэрт цуг байхдаа ааш зангийг нь ажигласан чинь ерөнхийдөө түргэн ууртай биеээ оторлосон ажил хийх дургүй, өөрийгөө их өмөөрдөг өөртөө хир халдаадаггүй, нэг удаа найзууд нь манайд ирээд нэг архи ууж байхад найз нь чи наад муухай зангаа татаж ажил төрөл хий гэж хэлэхэд би ажил хийх хийхгүйгээ өөрөө мэднэ гэж хэлээд хоорондоо зодолдож байсан удаатай. Архи уухаараа намайг зоддог аль эсвэл хүнтэй эвтэйхэн харьц ажил төрөл хий гэж хэлэхэд намайг зоддог болсон. Миний бодлоор ээж нь хүүгээ хүмүүжүүлж чадахаа байсан болохоор надад хаясан байх гэж боддог. Намайг их харддаг байсан хар ихтэй утас дугарахаар хэн асуудаг эсвэл булааж аваад өөрөө ярьдаг байсан аль эсвэл орж гарсан бүх дуудлага руу дахин залгаж хэн гэдгийг лавшруулж асуудаг байсан. Би Д.О-с харилцаагаа бүрэн таслах гэж гэрээсээ зугтаасан юм. Намайг гэрээс гаргах их дургүй гарахаар араас залгаад байдаг, хаана байна гэж асууж шалгаадаг байсан. 2019 оны 3 сарын дунд үеэр Д гэрээсээ гараад явахаар нь би шууд гэрээсээ зугтаагаад Эрдэнэтэд дүүгийндээ байж байгаад Архангайд байдаг ахындаа очсон. 2019 оны 8 сард Эрдэнэтэд буцаж очоод хашаа байшингаа зарах гээд бэлдээд Улаанбаатар-луу явах гээд 2 цүнхтэй хувцсаа бариад микро руу явж байхад замд Д зогсож байсан. Тэгээд явуулахгүй гэж хэлээд надтай зууралдаад байхаар нь би цүнхээ орхиод гүйгээд таксин бариад Эрдэнэтээс Улаанбаатар орох автобусанд суугаад хот орсон. Над руу тэр өдрөөс хойш миний гар утас манай хүүхдүүдийн утас руу залгаж заналхийлдэг байсан, бас уулзъя намайг уучлаач гэж мессеж бичдэг байсан. 2019 оны 12 сарын эхээр над руу мессеж бичээд эвлэрмээо байна, хувцсыг чинь буцаан өгъе гэж мессеж бичсэн би сүүлийн удаа гэж бодоод уулзахаар болсон. Бид хоёр 10 дугаар хороололд байдаг Солонгос хоолны ресторанд очиж хоод идсэн тухай үед Д намайг уучил эв зүйгээ олмоор байна гэж ярьж байсан хоолоо идэж дуусгаад рестораны хажууханд байх кароаке орж 1 цаг дуулсан. 4 шил пиво хувааж уусан, тэндээс гараад намайг явах гэхэд чи хувцсаа авахгүй юм уу гэхэд хаана байгаа гэхэд ойрхон буудал оруулаад тавьсан байгаа ороод юм аа бүртгээд ав гэхээр би дагаж буудал орсон намайг буудлын өрөөнд ороод хувцсаа янзал гэхээр нь би хувцсаа янзлаад явах гэхэд зодсон миний бүх өмсөж явсан хувцсыг тайлсан орон дээр дарж унагаагаад ам дараад нүүрэн дээрээс дэрээр дараад алчуураар хоолой боосон алгадсан цохисон чи намайг нохой шиг хаясан би чамаас хариугаа авна гэж хэлсэн. Намайг зодоод газар чирж унагасан би орилох гэхэд нүүрийг маань дэрээр дараад цээжин дээр 2 өвдгөөрөө дарсан байсан Намайг буцаж орон дээр гаргаж тавиад /Д миний бүх хувцасыг бүгдийг тайлсан байсан/ Д миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би чи болиоч дээ хүн шиг ярилцъя гэж хэлэхэд чи муу намайг нохой шиг хаяж хамаатан чинь намайг баривчилгаанд явуулсан гэж хэлээд хүчиндээд байсан намайг хүчиндэж байхдаа намайг үсдээд цээж, нүүр, хавирга руу цохиод байсан би байдаг чадлаараа эсэргүүцсэн боловч дийлээгүй. Д нэг дур тавиад хэсэг зуур намайг хэл амаар доромжилж байгаад дахиад намайг хүчиндсэн намайг орилох юм бол чамайг гүйцээнэ, би юунаас ч айхгүй шийдсэн хүн шүү гэж хэлсэн. Тэгээд энэ мэтчилэнгээр надтай 5 удаа бэлгийн харьцаанд орсон. Хүчиндэхийн хажуугаар намайг зодоод байсан гараа зангидаж байгаад цохиод байсан би айсан дугарч чадахгүй чичрээд байсан амьсгалах гэхээр хавирга өвдөөд хэцүү байсан. ...Би түр хугацаанд ухаан балартаад ухаан алдсан байсан тэр хооронд Д гаднаас том 2,5 литртэй 2 ширхэг пиво, бас хоол авч орж ирсэн байсан. Би сэрээд босож чадахгүй байсан тэгэхэд Д намайг пиво уу гэж шахсан уухгүй гэхэд миний бие дээр пиво асгаад байсан. Би миний хавирга хугарсан юм шиг байна гэхэд чи энэ пивоны савыг үлээ чамд сайн гээд үлээ гээд хүчээр миний аман дээр бариад үлээлгэх гээд байсан би хавирга өвдөөд байна би үлээж чадахгүй байна гэхэд муу гичий, муу гай гээд есөн шидийн хараал хэлээд байсан болохоор би хүчээр үлээсэн, маш их өвдсөн, тэгээд миний цээж пүд гээд дугарсан, сав үлээсний дараа босоод ир гэж загинаад байсан би яагаад ч босож чадахгүй байхад намайг орон дээр өргөж тавьсан Д орон дээр миний хажуугаар хэвтээд унтаад өгсөн унтахаасаа өмнө би маргааш шорон явна тиймээс сайн унтаад авъя гэж хэлээд унтаад өгсөн. Би их дарамтад байсан тэр шөнө бол их хэцүү байсан. ...Д би чамд мөнгө өгье гэхэд надад мөнгө байгаа гэхэд пизда минь зүгээр байгаарай би чамд өгнө гээд байна гэж орилоод уурлаад байхаар нь би дансаа өгсөн миний дансруу 100,000 төгрөг шилжүүлсэн. Бас надаас булаасан байсан гар утсыг өглөө таксинд суухад өгсөн. ...Гомдолтой байна. Би Д-с эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ хийлгүүлсэн, эм авсан, бас 2019 оны 10 сарын 28-ны өдрөөс Баянгол ресторанд өлгүүрчнээр ажиллаж байсан Даваа-Очирт зодуулснаас хойш 10 хоног ажил хийгээгүй тэр өдрийн цалинг бодоод нийт 841,000 төгрөг нэхэмжлэж байгаа...” /хх-ийн 28-31, 32, 34 тал/

 

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны Намар билүү сайн санахгүй байна. Д ээжид гар хүрсэн гэж сонссон. Би сайн нарийн зүйлс мэдэхгүй байна. ...Би одооноос ээжийн талаар мэдэж эхэлсэн. Ээжийн гадуур хувцас Даваа-Очирт байгаа өгөхгүй байгаа юм. Тэгээд 2019 оны 12 сарын 05-ны өдөр ээжийг Д ирж хувцсаа ав гэхээр нь очсон гэсэн. Тэгээд манай ээжийг аймаар зодоод явуулсан байна лээ...” гэх мэдүүлэг / хх-ийн 42 тал/,

 

Гэрч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цаасан хайрцагтай орж ирээд нэг ортой өрөө авъя гэхээр нь 407 тоот өрөөнд оруулж тооцоогоо мобайл банк ашиглаж хийсэн. Бүртгэлд байгаа цагаар 18 цаг 40 минутад орж ирсэн. Хэзээ гарсан гэдгийг нь санахгүй байна. ...Хэрэлдэж муудалцсан тохиолдол гарвал бид нар очиж шалгадаг юм. Би тухайн өдөр 407 тоот өрөөнөөс дуу чимээ сонсоогүй. Гарсан бол очиж шалгах байсан. ...Хяналтын камерын бичлэг байдаг боловч 14 хоноод өмнөх өдрүүдийн бичлэг устдаг...” /хх-ийн 43-44 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14568 дугаартай “...А.М гийн биед баруун 3, 4-р хавирганы зөрүүтэй хугарал, нүүр цээжний зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, нүүр хүзүү, дээд, доод мөчид хэвлийгээр олон тооны цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байна. 2 хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тотоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүр, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, цус хуралт, зулгаралтууд нь дангаараа гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай “...А.М  нь өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан ба охин хальс үлдэц төдийн болсон байна. А.М  үтрээний арчдас, наалдацанд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй ба бэлгийн харьцаанд хамгийн сүүлд хэзээ орсныг тогтоох боломжгүй байна. А.М  АВО системээр O (I) бүлгийн цустай байна. А.М  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 52 тал/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 11-17 тал/,

 

Шүүгдэгч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М г зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин М г хүчиндсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. ...2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр би М тай уулзмаар байна. Францаас авч ирүүлсэн үнэртэй усыг өгье би чамд бэлэглэх гэж байгаа гэхэд М  за тэгье, уулзъя миний хувцсыг авч ирээрэй гэсэн. ...Бид хоёр Прогресс зочид буудлын 407 тоот өрөөнд ороод бэлгийн харьцаанд орсон. Би хүч хэрэглээгүй аль аль нь хүсэж хийсэн. Бид хоёр нэг удаа бэлгийн харьцаанд орчихоод байж байтал М  цүнхтэй хайрцагтай хувцас оруулаад ирээч гэхээр нь би гараад гаднаас хоол машины ард байсан цүнхтэй хайрцагтай хувцас 2 ширхэг 2,5 литрийн Боргио нэртэй пиво авч орсон. ...Намайг гаднаас орж ирэхэд М  хувцсаа өмсөөгүй нүцгэн байсан. М  охин руугаа залгаад би очихгүй гэдгээ хэлсэн. Тэгээд араас нь мессеж бичиж байх шиг байсан тэгээд бид хоёр 1 ширхэг пиво хувааж уугаад яриад сууж байтал Ганаа гэх дугаар залгасан, би хэн юм бэ гэхэд манай ажлын газрын эмэгтэй байгаа юм гэсэн. Би ахин асуухад миний охин Хандсүрэнгийн найз залуу байгаа юмаа гэсэн. Би чи худлаа ярьдаг шүү өөр юм биш үү гэхэд таксины жолооч байгаа юм гэсэн. ...Тэгээд би М гийн нүүр рүү 3 аас 4 удаа алгадсан, 2 гарын булчин руу 2-оос 3 удаа цохисон. Ор руу түлхэж унагаагаад М гийн хажууд суугаад би цээжин дээр нэг гараараа дараад юм ярьсан. Би буудалд байхдаа М д 100.000 төгрөг дансаар бас таксинд суухад нь өөрийн халаасанд байсан 20.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ч.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зан чанарын хувьд шударга зантай, гэр бүлийн хүрээнд инээгээд явж байдаг найз нөхөдтэйгээ яаж харьцдаг гэдгийг би мэдэхгүй, дотогшоогоо их юм ярьдаггүй би хувьдаа даруухан хүн гэж, бага байхдаа ийм хүүхэд байсан яаг хэвээрээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 75 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 76 тал/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 77 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78 тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй талаарх тодорхойлолт /хх-ийн 79 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 80 тал/, асап сангийн лавлагаа /81-84 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 тал/, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх-ийн 94-95, 97-99 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. 

                                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д ыг 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Прогресс” нэртэй зочид буудлын 407 тоот өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.М г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэж, мөн уг гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.М г гараараа цохиж, хөлөөрөө өвдөглөж эрүүл мэндэд нь баруун 3, 4 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, нүүр цээжний зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, нүүр хүзүү, дээд, доод мөчид хэвлийгээр олон тооны цус хуралт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж холбогдох эрүүгийн 1905049720241 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж ...хүчээр бэлгийн харьцаанд орсон бол” хүчиндэх гэмт хэрэгт тооцохоор, түүнчлэн  12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн” бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хууль тогтоогч хуульчилсан.

 

Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд нарийвчлан зохицуулжээ.

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.

 

            Иймд шүүгдэгчийн үйлдэл дээрх 2 гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

 Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Д , хохирогч А.М  нар 2018 оны 2 сараас 2019 оны 3 сарын хооронд эхнэр, нөхрийн харилцаатай хохирогчийн гэрт хамтран амьдарч байсан байх ба шүүгдэгч Д.Д  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдан зоддог болсон, мөн хардаж гэрээс оруулж гаргадаггүй, утас аваад шалгадаг, ажил төрөл хийдэггүй гэсэн шалтгаанаар хохирогч А.М  нь 2019 оны 3 сард гэрээсээ зугтаан өөрийн төрсөн эгч, ах нарын гэрээр амьдарч байгаад Улаанбаатар хотод ирж ажиллаж амьдарч байсан байна. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн хувцаснуудыг өгөх, авах зорилгоор хохирогч, шүүгдэгч нар уулзалдсан боловч хоорондоо үл ойлголцох нөхцөл байдал үүсч, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Прогресс” нэртэй зочид буудлын 407 тоот өрөөнд шүүгдэгч Д.Д  нь хохирогч А.М гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн, мөн түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун 3, 4 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, нүүр цээжний зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, нүүр, хүзүү, дээд, доод мөчид хэвлийгээр олон тооны цус хуралт зулгаралт бүхий хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.Д  нь “...би хохирогч А.М г зодож гэмтэл учруулсан, гэхдээ хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байх боловч энэ нь хохирогч А.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа тогтвортой мэдүүлсэн “...буудлын өрөөнд ороод хувцсаа янзал гэхээр нь би хувцсаа янзлаад явах гэхэд зодсон миний бүх өмсөж явсан хувцсыг тайлсан орон дээр дарж унагаагаад ам дараад нүүрэн дээрээс дэрээр дараад алчуураар хоолой боосон алгадсан, цохисон. Намайг зодоод газар чирж унагасан би орилох гэхэд нүүрийг маань дэрээр дараад цээжин дээр 2 өвдгөөрөө дарсан байсан. Намайг буцаж орон дээр гаргаж тавиад Д миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би “чи болиоч дээ хүн шиг ярилцъя” гэж хэлэхэд “чи муу намайг нохой шиг хаяж хамаатан чинь намайг баривчилгаанд явуулсан” гэж хэлээд хүчиндээд байсан намайг хүчиндэж байхдаа намайг үсдээд цээж, нүүр, хавирга руу цохиод байсан, би байдаг чадлаараа эсэргүүцсэн боловч дийлээгүй. Д нэг дур тавиад хэсэг зуур намайг хэл амаар доромжилж байгаад дахиад намайг хүчиндсэн намайг орилох юм бол чамайг гүйцээн би юунаас ч айхгүй шийдсэн хүн шүү гэж хэлсэн. Тэгээд энэ мэтчилэнгээр надтай 5 удаа бэлгийн харьцаанд орсон хүчиндэхийн хажуугаар намайг зодоод байсан гараа зангидаж байгаад цохиод байсан, би айсан дугарч чадахгүй чичрээд байсан амьсгалах гэхээр хавирга өвдөөд хэцүү байсан...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.  

 

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 14568 дугаартай дүгнэлтээр хохирогч А.М гийн биед баруун 3, 4-р хавирганы зөрүүтэй хугарал, нүүр цээжний зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, нүүр хүзүү, дээд, доод мөчид хэвлийгээр олон тооны цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдсон, энэ гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байх ба 2 хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тотоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь нотлогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Д.Д ын хохирогч А.М гийн эрүүл мэндэд мэндэд халдан биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, хүч хэрэглэн хүчиндсэн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндсэн” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргүүдийн шинжийг тус тусдаа хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь түүний үйлдэлд тохирно гэж шүүх дүгнэж, шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн,  мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.М  нийт 841.000 төгрөг хохиролд тооцож нэхэмжилсэн бөгөөд тэрээр хавтаст хэрэгт 359.678 төгрөгийн хохирлын баримт гарган өгчээ. /хх-ийн 11-13 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 360.000 төгрөгийг хохиролд тооцож нөхөн төлсөн талаарх баримтыг гарган өгч, энэ талаар хохирогч А.М , шүүгдэгч Д.Д  нар маргаагүй тул шүүх нотлох баримтаар тогтоогдсон хохирол нөхөн төлөгдсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д оос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Хохирогч А.М  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар мэдүүлж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 7 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргасан.

 

   Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 6-нд шилжих шөнө болсон, тодруулбал хэрэг гарах үед 2015 оны Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт ороогүй байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр тус тус заасан.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь ...6 сараас 3 жил хүртэл хорих ялын санкцтай байсан бол 2020 оны 1 дүгээр сарын 10 өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр буюу одоо мөрдөгдөж байгаа хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь 5-12 жил хүртэл хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл ...6 сараас 3 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан байна. 

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн 2 гэмт хэргийн ангилал өөрчлөгдөөгүй боловч тухайн гэмт хэргүүдэд оногдуулах ял хувьд өөрчлөлт орсон буюу одоо мөрдөгдөж буюу хуулиар хүчиндэх гэмт хэргийн хувьд хорих ялын дээд доод хэмжээ нэмэгдэж хүндэрсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд торгох ял сонгох санкцаар нэмэгдэж хөнгөрчээ.

 

Түүнчлэн, шүүгдэгч Д.Д т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдолтой гэсэн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Д т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/-н жил хорих ялаар, 2015 онд батлагдаж 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Д ын биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж шүүгдэгч Д.Д т оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Д  2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 7 /долоо/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг томографикийн зураг тус томографикийн сидинд буулгасан бичиглэл бүхий 1 ширхэг сиди нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Д т хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Ү.Г овогт Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурван/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Д т оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д ын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг томографикийн зураг, тус томографикийн сидинд буулгасан бичиглэл бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.М д хохиролд тооцож 360.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

7. Хохирогч А.М  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

                            

                                               ШҮҮГЧ                                           Л.ОЮУН

                                               

                                               ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ