Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2017/00126

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, 9/1 тоотод байрлах, Хаан банкны нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Баяндэлгэр сум, 2 дугаар баг, Галуут 27 дугаар байр, 1 тоотод оршин суух, Боржигон овогт Мажигсүрэнгийн Болдбаатар /НЧ73101212/,

 

хариуцагч: Төв аймаг, Баяндэлгэр сум, 2 дугаар баг, Галуут 27 дугаар байр, 1 тоотод оршин суух, Сахлагууд овогт Сумъяажавын Болортуяа /АЗ72122822/ нарт холбогдох,

 

зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт 14.130.274 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяртулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Хаан” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Болдбаатар, С.Болортуяа нар нь “Хаан” банкны Багануур салбарын Баяндэлгэр тооцооны төвөөс 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ201642619418 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 13.583.849.86 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 2.000.000 төгрөгийн зээлийг нэмж нийт 15.583.849.86 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд хөргөгч, зурагт, зөөврийн компьютер барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр №ЗГ201642619418 тоот дугаартай зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 1.764.295 төгрөг, зээлийн хүү 1.191.832 төгрөг, нийт 2.956.127 төгрөг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 2016 оны 10 сараас хойш огт төлөлт хийлгүй 14 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн тодорхой эрхэлсэн ажилгүй цаашид зээл хэвийн төлөгдөх боломжгүй болсон байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар мэдэгдэж байсан ба өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 13.819.555 төгрөг, 310.719 төгрөг, нотариатын хураамж 9.500 төгрөг нийт 14.130.274 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Болдбаатар миний бие Багануур салбарын харъяа Баяндэлгэр сумын Хаан банкнаас 2016 оны 4 сард 15.583.849.86 төгрөгийг 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн графикт хугацаагаар төлсөн. Зээл төлөлт эргэн төлөлтийн хуваарийн дагуу цаашид сард зээл, хүүгийн хамт 566.300 төгрөгийг графикийн дагуу төлнө гэжээ.

            Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хаан банк нь М.Болдбаатар, С.Болортуяа нараас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт 14.130.274 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Хаан банк нь О.Баяртулгад 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 5770/11 дугаар итгэмжлэлийг олгожээ. /хх 35/

 

Хариуцагч С.Болортуяа нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.Болдбаатар /НЧ73101212/ -т 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ. /хх 29/

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагч М.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяртулга нь дээрх тайлбарыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.  /хх 36/,

 

Тус бичгийн баримтад “Миний бие Багануур салбарын харъяа Баяндэлгэр сумын Хаан банкнаас 2016 оны 4 сард 15.583.849.86 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж авсан. 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн графикт хугацаагаар төлсөн. Зээл төлөлт эргэн төлөлтийн хуваарийн дагуу цаашид сард зээл, хүүгийн хамт 566.300 төгрөгийг графикийн дагуу төлнө” гэжээ.

Хариуцагчийг бүрэн төлөөлөх итгэмжлэл нь хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх хариуцагч М.Болдбаатарт олгогдсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хянан шийдвэрлэсэн тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Болдбаатар, С.Болортуяа нараас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 228.601 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Хаан” банкны нэхэмжлэлийн шаардлага 14.130.274 төгрөгийг хариуцагч М.Болдбаатар, С.Болортуяа нар нь 14.130.274 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ201642619418 дугаартай барьцаат зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Болдбаатар С.Болортуяа нараас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 228.601 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ