Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 500

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Д овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1905020630652 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Байгаль орчны яаманд жолооч ажилтай, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, энхтайвны өргөн чөлөөний гудамж, Тэмүүлэл хотхон ... дүгээр байр ... тоотод оршин суудаг /РД: /, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт Б.Г.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 03-04 цагийн орчим өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 83-**УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Д.Хонгорын такси үйлчилгээ авч Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байрны гадна хүргүүлэн буух үедээ гадаад паспорт, “Ай фоне экс эр” гар утас зэрэг эд зүйлээ гээж мартсаныг мэдсээр байж авч өөртөө болон эхнэртээ авч ашиглан улмаар бусдад зарж борлуулан завшиж хохирогч Д.Х 1.916.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 03 цаг 23 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сөүл плазагийн замын хойд талаас найз З-ийн хамт приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси барин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 32 дугаар байрны гадна Зоригоог буулгаад цаашаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо 7а байрны гадаа буухдаа “Айфоне экс эр” гар утас, гадаад паспортоо мартаж буусан. Тэгээд удаагүй 5 минутын дараа гар утсаа шалгатал байхгүй байсан. 83-**УБҮ улсын дугаартай саарал өнгийн приус-20 машин байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэдий ч биеэ хянах чадвартай байсан. Тэр машины хүнтэй манай эгч Н  утсаар ярихад танай дүү буусны дараа 2-3 хүн авсан гэж хэлсэн гэсэн. ...Тэгээд 3 хоногийн дараа уулзая гэхэд за гэчихээд утсаа салгаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Эд зүйл хураан авсан “...Ай Фоне Экс Ар маркийн 357373095267837 имей кодтой, улаан хүрэн өнгийн гар утсыг хураан авлаа...” гэх тэмдэглэл /хх-ийн 16 тал,/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Улаан хүрэн өнгийн гадаргатай хар өнгийн дэлгэцтэй I Phone XR маркийн гар утсыг хохирогч Б.Хонгорыг эгч Д.Н цэцэгт /РД:ТГ89091702/-д хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Б.Г 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө халтууранд явж байгаад ирээд унтаж байгаад өдөр 14 цагийн үед сэрээд би өчигдөр таксинд явж байгаад гар утас олсон гээд улаан хүрэн өнгийн Ай фоне маркийн гар утас надад харуулсан. Тэгэхээр нь би хүн нь залгаагүй юм уу гэхэд сим карт байхгүй байсан, 3 согтуу хүүхэн буулгаад эргээд харсан чинь гар утас байсан гэсэн. Хэд хоногийн дараа нөгөө утас чинь ялтсан сим ордог гар утас байна гээд өөрийнхөө дугаарыг хийсэн барьсан орж ирээд намайг барьж байхгүй юу гээд надад өгсөн. Би яг хэд хоног барьсанаа санахгүй байна хэсэг барьж байгаад больё гээд нөхөртөө буцаагаад өгөхөд за өөрөө мэдэхгүй юу даа гээд тэгвэл энэ утсыг зардаг ч юм уу даа гэж байсан. Тэгж хэлснээс хойш 2-3 хоногийн дараа манай нөхөр нөгөө гар утсыг чинь зарчихлаа гэхээр нь хэдээр зарсан юм гэхэд 1.000.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сард төв Tedy төвийн 2 давхарт гар утас зардаг таньдаг хүнээс I Phone XR маркийн гар утсыг худалдан авсан. Гар утсаа худалдан аваад дүүдээ өгсөн. Тэгэхэд манай дүү рүү Баянгол дүүргийн цагдаагийн газраас залгаад хулгайн гар утас байна уулзах шаардлагатай гэж хэлж би дуудсаны дагуу цагдаа дээр очиход миний худалдаж авсан гар утсыг хурааж авсан. Надад гар утас зарсан танил маань би чиний гар утасны мөнгийг өгнө гээд мөнгийг маань буцаан өгсөн. ...Надад хохирол учраагүй гар утас зарсан хүн надад мөнгийг буцаагаад өгсөн. Би гар утас авсан мөнгөө нэг ч төгрөг дутаалгүй авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн БГ2-19-664 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.916.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 тал/,

“Юнител” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 05-01/3609 дугаартай “...357373095267832 имей кодтой утсанд 2019 оны 4 дүгээр сарын 24-нөөс 26-нд, 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд ашиглаж байсан. 890522 дугаарыг Б.Г, 891522 дугаарыг Б.О нар эзэмшдэг…” гэх албан бичиг, хавсралт, лавлагаа /хх-ийн 40-44 тал/,

“Мобиком корпораци” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18/3829 дугаартай “...357373095267832 имей кодтой утсанд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс ашиглаж байсан. 999170 дугаарыг Ш.Д гэгч эзэмшдэг...” гэх албан бичиг, хавсралт, лавлагаа /хх-ийн 46-47тал/,

Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “...Б.Г нь 83-**УБҮ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг...” гэх цахим архивын лавлагаа /хх-ийн 52 тал/,

Шүүгдэгч  Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө өөрийн 83-**УБҮ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинтай такси үйлчилгээнд явж байгаад шөнийн 03 цаг өнгөрч байсан байх хүүхдийн 100-гаас гар өргөж байсан 2 залууг аваад нэгийг нь 1 дүгээр хороололд буулгаад нөгөө залууг нь 10 дугаар хорооллын 7а байрны үүдэнд буулгасан юм. Уг залууг буулгаад 10 дугаар хорооллын Стелла баарны үүднээс 3 эмэгтэй хүн аваад орос элчингийн хажууд буулгачихаад хойд талын суудал руугаа харахад автомашины хойд суудал дээр Ай фоне маркийн гар утас, гадаад паспортны хамт байсан юм. Тэгээд гар утсыг нь эхнэр Отгонцэцэгтээ 15-20 хоног бариулаад эхнэр маань уг утсыг барихгүй гэхээр нь Теди төв дээр гар утас авдаг ченжед 1.000.000 төгрөгөөр зарчихсан юм. Паспортыг нь хог дээр хаячихсан юм. Намайг уг гар утсыг зарахаас өмнө билүү хойно нь уг гар утасны эзний эгч нь гээд хүн над руу утсаар ярихаар нь би машинд утсаа хаяагүй, байхгүй байсан гэж хэлсэн юм. Тэр л миний буруу болсон. Тэгсэн дараа нь цагдаагаас намайг дуудсан. Тэгээд би сүүлд нь уг гар утсыг худалдан авсан байсан хүнд 1.000.000 төгрөг өгч, хохирогчид нь гар утсыг нь өгч хохиролгүй болгосон. Миний буруу, алдаагаа ухамсарлаж гэмшиж байна, би бусдад учруулсан хохирлоо сайн дураар барагдуулсан байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн алдаагаа ухамсарлаж байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 50 тал/, шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 51 тал/ гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 25-26 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Х-н эзэмшлийн гадаад паспорт, “Ай фоне экс эр” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авсан үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байх бөгөөд хохирогч Б.Х-нгээгдүүлсэн эд зүйлс 1.916.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гаргасан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн БГ2-19-664 дугаартай тайлангаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Г “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Х-т гар утсыг биет байдлаар буцаан өгсөн. Гэрч Ц.М-т 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Г танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ганзулд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Довогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА