Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00151

Зуунмод сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Баянбулаг, Наран 2 гудамж, 02 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, Боржигин овогт Авирын Бат-Ирээдүй /НМ62032602/-гийн,

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Бат-Ирээдүй, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Бат-Ирээдүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн. Би 1978 оноос эхлэн 2016 он хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйд нормчин, жолооч, тогооч клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн миний хөдөлмөрийн дэвтрийн овог маань зөрүүтэй учраас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Би багадаа ээжийнхээ эгч дээр өссөн. Тэгээд анх ажилд ороход тухайн үеийн Сангийн аж ахуйн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр нээж өгөхдөө эгчийн нөхөр Чоёнгоор овоглосон. Үүний дараа ах Чоёнг нас барсаны дараа иргэний үнэмлэхний солилцоо явагдахад эцэг эхийн аль амьд байгаагаар нь овоглоно гээд эгч Авираар овоглосон. Миний хөдөлмөрийн дэвтэр 1978 оноос 1995 он хүртэл Чоён, 1996 оноос 2016 он хүртэл Авир овогтой байгаа. Иймд хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Бат-Ирээдүй нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт дараах бичгийн нотлох баримтууд авагджээ. Үүнд: А.Бат-Ирээдүй нь 1978 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1995 онд нээлгэсэн 169276 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 357/003217 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, ТӨ№1188645 дугаар паспортын хуулбар, мөн түүнчлэн гэрч Д.Гантулга, Д.Баасансүрэн, Ц.Уранчимэг нарын тодорхойлолт, тэдгээрийн шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 1/1083 дугаар албан бичгээр ирүүлсэн 4 хуудас бичгийн нотлох баримтыг ач холбогдолтой баримт гэж үзлээ. /хх28-31/

 

Түүнд бичигдсэн 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн иргэний бүртгэлийн баримтад Авирын Бат-Ирээдэй, Төв аймаг Жаргалант Сангийн аж ахуйд тракторч гэж, 1988 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн иргэний бүртгэлийн баримтад эцэг Дэлэгийн Чоён, эх Гомбын Авир Жаргалант сангийн аж ахуй, үтрэмд ажилчин гэж тус тус бичигдсэн байна.

 

Мөн түүнчлэн 1962 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Думаагийн Бат-Ирээдүйг, 1963 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үрчлэж авсныг 1978 оны 2 дугаар сарын 10-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон байна.

 

Иймд дээрх бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Чоёнгийн Бат-Ирээдүй гэж бичигдсэн 1978 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 онд нээсэн 169276 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Авирын Бат-Ирээдүй мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Бат-Ирээдүйгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ