Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 501

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Д.Үүлэн /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 21-49/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-н Н-д холбогдох эрүүгийн 1905048060642 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ... дугаар баг Эрдэнэтолгой арцат ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... овоо ... тоотод түр оршин суудаг /РД: / урьд

Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Б.Н .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Н  нь “2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин-2” төвийн орчимд хохирогч Ж.Г-н хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин-2” төвийн орчимд хохирогч Ж.Г-нхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Ж.Г-нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин” худалдааны төвийн үүдэнд Лувсангомбын хамт бид 2 ажил яриад зогсож байтал манай тэр хавьд надтай адилхан ажил хийдэг Н  гэдэг залуу бид хоёрын дундуур орж ирээд ажлын үнэ буулгаад байхаар нь бид 2 ажлын үнэ буулгасан талаар нь маргалдаад байж байтал Н  шууд хүрч ирээд миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би Н ын хувцаснаас нь бариад автал шууд угсруулаад миний нүүр рүү 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 сарын 24-ны өдрийн 13 цагийн орчим Г , Н  бид 3 ажил яриад зогсож байтал нэг залуу хүрч ирээд ажил хийлгэхээр болоод Г  тэр хүний гар утасны дугаарыг аваад байж байтал би цааш нь аваад явсан. Тэгээд би эргээд хартал тэр 2 зууралдаж байгаад бие биенээ цохиод байхаар нь шууд очоод тэр хоёрыг салгасан. ...Эргээд хартал хоёулаа зодолдоод эхэлсэн. Ажлаас болоод муудалцсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14117 дугаартай “...Ж.Г-н биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 26 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн 03 цаг 19 минут 52 секундэд бүжгийн талбайн зүүн хэсэгт хэсэг бүлэг хүмүүс зодолдож эхэлж байх ба уг хүмүүсийн царай нь танигдахгүй байв. ...Хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хувцастай эрэгтэй хоёр бие биенийгээ цохиж байгаа нь бичигдсэн байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 30-32 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 51, 52 тал/,

Шүүгдэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчим Гурвалжин худалдааны төвийн үүдэнд байж байхад нэг хүн ирээд угаалтуурын нүх цоолуулъя гээд яриад байж байтал Гурвалжин гүүрийн ойр орчмоор надтай ижил ажил хийдэг зүс таних Г  гэх залуу хүрч ирээд шууд 80.000 төгрөгөөр угаалтуур цоолно гэхэд нөгөө хүн нь арай хямд хийхгүй юу гэхэд би 60.000 төгрөгөөр хийнэ гэж хэлтэл Г  чи муу хөгшин банди ажил аллаа, чамайг би ажилд гаргахгүй гээд бид хоёр хэрэлдээд байж байтал Г  над руу дайраад өшиглөөд зодоод байхаар нь би зөрүүлээд цохисон. ...Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39 тал/, хохирлын баримтууд /хх-ийн 19 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 40 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 46-48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Н аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 20-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч Б.Н ын үйлдлийн улмаас хохирогч Ж.Г-нбиед хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 14117 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч Б.Н  нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.Н  нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин-2” төвийн орчимд хохирогч Ж.Г-нхувийн таарамжгүй харилцааны улмаас цохиж, эрүүл мэндэд нь хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Н ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Г-нэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэрэгт 164.800 төгрөгийн баримт гарган өгчээ. /хх-ийн 19 тал/ хохирогч Ж.Г-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтдээ “...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Эмчилгээний зардал 180.000 төгрөг өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ.

Иймд шүүгдэгч Б.Н аас гаргуулах хохирол төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Н ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Н ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Н ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ж.Г од хохиролд тооцож 180.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА