Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 517

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Д.Үүлэн /томилолтоор/,

Шүүгдэгч Ц.Ж , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 09-29/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц.Ж-т холбогдох эрүүгийн 1905026120361 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан суманд ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., эцэг, эхийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр ... дугаар баг ягаан толгой... дугаар гудамжны ...тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн нарангийн ...тоотод оршин суудаг , /РД: /, урьд

2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн торгох ялаар,

2005 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 1/106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 674 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Х овгийн Ц.Ж,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ж  нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ... дугаар гудамжны ... тоот хашаанд баригдаж байсан хаалга, цонх, цоож хийгдээгүй блокон байшингаас Ц.М-н эзэмшлийн “Кен” брэндийн зүсэгч, “Кен” брендийн гар дрилл, “Кен” брендийн цохилттой дрилл, нүдэн гэрлийн ком багаж цүнхтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 6 дугаар сарын 05-ны шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн ... дугаар гудамжны ...тоот хашаанд баригдаж байсан хаалга, цонх, цоож, хийгдээгүй блокон байшингаас Ц.М-н эзэмшлийн гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулж буюу үргэлжилсэн үйлдлийн улмаас нийт 515.000 төгрөг бүхий бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ж ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Хохирогч Ц.М-н Баянгол дүүргийн прокурорын газар гаргасан “...Миний бие нь 2019 оны 6 дугаар сарын 7-нд алдагдсан бүх зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Үүнд: гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, гар дрилл 1 ширхэг, нүдэн багаж 1 ширхэгийг хүлээн авсан гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-ийн 15 тал/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 0 тоот гэсэн хаягтай гадуураа усан цэнхэр өнгийн блокон хашаатай, бор өнгийн баруун тийш гүйдэг дааман хаалгатай байх бөгөөд уг хаалгаар дотогш ороход хашааны хойд хэсэгт улаан өнгийн дээвэртэй, 1 давхар, урд зүгт харсан 2 цонхтой тоосгон байшин байх бөгөөд хашааны үүдний дааман хаалгаар дотогш ороход хаалганы баруун гар талд буюу хашааны ертөнцийн зүгээр зүүн урд буланд урд зүгт харсан бор өнгийн бүргэд хаалгатай, гадуураа хөөсөнцөрөөр дуулаалга хийж байгаа, саарал өнгийн замаск татсан, цэнхэр өнгийн дээвэртэй 1 давхар Г хэлбэрийн байшин баригдаж байх бөгөөд уг байшингийн гадна хэсгийг хөөсөнцөрөөр дулаалж байгаа байдалтай хананд нүх гаргаж баруун тийш харсан 2, урд зүгт харсан 2 вакум цонх байрлуулсан байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 тал/,

Хохирогч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Би Баянгол дүүргийн 10 дугаар хороо. Зүүн нарангийн 10-47 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд хашаандаа байшинтай залгаа граж барьж байгаа юм. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хашаандаа байшингаа бариад байж байтал өдөр 15 цагийн орчимд манай тэр хавиар архи ууж явдаг Жагаа буюу Жаргалдэлгэр орж ирээд тамхи байвал өгөөч гэхээр нь 2 ширхэг тамхи өгөөд гаргасан юм. Ингээд ажлаа хийж байгаад 18 цагийн үед оройны хоолоо идчихээд 19 цагийн орчим гэрээсээ гарч ирээд урьд баригдаж байгаа байшин руугаа ортол засвар хийж байсан багажнууд алга болсон байсан. Алга болсон эд зүйлс гэвэл кен брендийн зүсэгч, кен брендийн гар дрилл, кен брендийн цохилттой дрилл, таазны /хүмүүсийн хэлж заншсанаар нүдэн гэрэл/ ухаж зуулгадаг ком багаж зэрэг эд зүйлсийг авч явсан байсан. Мөн тухайн үед самсунг галакси 7 загварын гар утас хулгайд алдсан байна гэж бодсон. Гэтэл алдаагүй болж таарсан. Хойно амьдардаг гэртээ үлдээчихсэн байсан. ...Ингээд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дээрх зүйлсийг хулгайд алдсан мэдээд цагдаад хандаагүй бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэртээ эргэж орж унтаж амраад 2019 оны 6 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө буюу 2019 оны 6 дугаар сарын 05-ны өглөө босож ирээд засвар хийж байгаа байшин руу ороод хартал дахин байшин дотор байсан гагнуурын аппарат хулгайд алдсан байсан. Ингээд гэрийн ойр хавиар хулгай хийсэн хүн явж байж магад гээд байж байтал Жаргалдэлгэртэй тааралдаад шууд тулгаад Жаргалдэлгэрийг байшингаас эд зүйлс авсан байна гэхэд эхэндээ аваагүй гэж байснаа сүүлдээ ахаа би аваад архины мөнгөний барьцаанд өгчихсөн танд аваад өгье гэж хэлсэн. Ингээд би шууд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгөөд Жаргалдэлгэрийг шалгуулсан бөгөөд 1 хоногийн дараа Жаргалдэлгэр манай байшингаас авч явсан кен брендийн зүсэгч, кен брендийн гар дрилл, кен брендийн цохилттой дрилл, таазны /хүмүүсийн хэлж заншсанаар нүдэн гэрэл/ ухаж зуулгадаг ком багаж, гагнуурын аппарат зэрэг алдсан бүх эд зүйлсийг маань өөрөө эргүүлэн авчирч өгсөн. Би эд зүйлсээ авсаныхаа дараа эд зүйлс хүлээн авлаа гэсэн бичиг хийж өгсөн. Ийм учраас надад хохирол учирсан зүйлгүй учир цаашид гомдол санал хүсэлт шалгуулах зүйлгүй болно. Дөнгөж барьж байгаа байшин учраас хаалга үүд гээд байх зүйлгүй, хүн зүгээр ороод гараад байж болох тийм байшин байсан. Одоогоор бол байшингийн ерөнхий арам нь босоод явж л байгаа байшин байсан. Тэгэхээр Жаргалдэлгэр зүгээр ороод эд зүйлс авчих боломжтой гэсэн үг. Мөн хашааны хаалга маань онгорхой байдаг. Хашааны хаалганы хажуу талд баригдаж байгаа байшин байдаг. Хойд байшиндаа орсон тохиолдолд хүн орж гарч байгаа нь мэдэгдэх боломжгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38, 46-47 тал/,

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №БГ2-19-625 дугаартай Дамно ХХК-ний “гагнуурын аппаратыг ...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 200.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 23-24 тал/,

2020 оны  1 дүгээр сарын 16-ны өдрийн №БГ2-20-056  дугаартай Дамно ХХК-ийн “...2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр ...зүсэгч 70000, гар дрилл 65000, дрилл 145000, багаж 35000 ...төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 30-31 тал/

Шүүгдэгч Ц.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хохирогч болох М  ахтай хороололын эцэс дээр таарсан юм. Ингээд М  ах бид хоёр хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 10-47 тоот хашаанд баригдаж байсан граж бүхий байшин дотор сууж байгаад 1 шил 750 граммын хараа архийг хувааж уусан. Архиа ууж дуусаад М  ах гэр рүүгээ орлоо гээд явсан ба би өөр тийшээ явлаа гээд цаг хэд болж байсанг сайн хараагүй, 16-17 цагийн хооронд байх гараад явсан. Ингээд гадуур явж байгаад архи уучихсан, архиныхаа халуунд дахиж архи уумаар санагдаад байхаар нь орой цаг хэд болж байсанг хараагүй, гадаа харанхуй болчихсон байсан, М  ахын барьж байсан байшингийн хаалга нь онгорхой байхаар нь хаалгаар дотогш орж дотроос шалан дээр байсан Кен брэндийн зүсэгч, кен брэндийн гар дрилл, кен брэндийн цохилттой дрилл, нүдэн гэрэлний ком багаж зэргийг цүнхэнд хийсэн байхаар нь хулгайлан авсан. Ингэснийхээ дараа дахин бүр орой шөнө дахин байшин руу орж гагнуурын аппарадыг хулгайлсан. Тэгээд хулгайлсан эд зүйлсээ архины барьцаанд тавьчихсан байж байгаад хулгай хийсний маргааш нь явж байгаад М  ахтай тааралдахаар нь эргүүлээд аваад өгчихсөн. Архиныхаа халуунд бусдын эд зүйлсийг хулгайлан авч, архи авч уусан маань миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх  мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Төрсөн ах маань зан байдлын хувьд төлөв даруу ажилч хичээнгүй, гэртээ ихэвчлэн байдаг, хийсэн ажилдаа үр бүтээл сайтай, эхэлсэн ажлаа дуусгаж байж дараагийн ажилдаа ордог, их ажилч хөдөлмөрч хүн байгаа юм. ёс суртахууны хувьд нээх доголдол гээд зүйлгүй, архи л жоохон уучих гээд байдаг. Архинаас л болж хэрэг асуудалд холбогдчихоод байдаг юм. Хүнтэй элдвээр харилцаад байдаггүй, даруу, хүнд их тусархуу, эрхэлсэн ажилдаа сайн, бусдыгаа манлайлж ажилладаг л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/, гэрч Ц.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зан байдлын хувьд төлөв даруу, гэрийн ажилдаа сайн, бусдад эв зүйгээ олохдоо сайн, дүү нартаа халамжтай, эхлүүлсэн ажлаа дуусгаж бай дараагийн ажилдаа ордог, суурь хүмүүжил сайтай хүүхэд. ...гэрийн ажилд сайн их цэвэрч нямбай хүүхэд байгаа юм. Ес суртахууны хувьд доголдол гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны түр оршин суух тодорхойлолт /хх-ийн 59 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 тал/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /63-64, 67-68, 70-78 тал/, Ц.Ж ийн хувийн байдал, суллагдлын “...зан байдлын хувьд их хүсэлт эрмэлзэлтэй, аливаа зүйлд нухацтай ханддаг, хүнд тусархуу, хүнээр заалгах дуртай, хөдөлмөрлөх үүргээ ухамсарласан ажил хөдөлмөр хийх сонирхолтой бүтээлч, нийгмийн идэвхи өндөр, нэлээд хашир, бусадтай харилцахдаа нухацтай ханддаг, цэвэрч эмх цэгцтэй зан байдлын хувьд даруу төлөв өндөр мэдрэмжтэй, гэхдээ сэтгэл хөдөлсөн үед юм уу сандарсан үед бага зэрэг сэтгэлийн хөөрөл илэрдэг...” тодорхойлолт /хх-ийн 73 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн “Өвийн Хөндий” ХХК-ний “Цэдэвдорж овогтой Жаргалсайхан нь манай компанид 2015 оноос одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд манай шилдэг ажилчдын нэг юм” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 10-11 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Ж  нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 47 тоот хашаанд баригдаж байсан хаалга, цонх, цоож хийгдээгүй блокон байшингаас Ц.М-н эзэмшлийн “Кен” брэндийн зүсэгч, “Кен” брендийн гар дрилл, “Кен” брендийн цохилттой дрилл, нүдэн гэрлийн ком багаж цүнхтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол, мөн 2019 оны 6 дугаар сарын 05-ны шөнө гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200.000 төгрөгийн буюу нийт 515.000 төгрөгийн хохирол хохирогч Ц.М олд учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар удаа дараа авч буй дээрх үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцогдоно.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Ц.Ж  нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.  

Иймд шүүгдэгч Ц.Ж ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэйгээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж , түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №БГ2-19-625 дугаартай Дамно ХХК-ний “гагнуурын аппаратыг ...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 200.000 төгрөгөөр, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №БГ2-20-056  дугаартай Дамно ХХК-ийн “...“Кен” брэндийн зүсэгч, “Кен” брендийн гар дрилл, “Кен” брендийн цохилттой дрилл, нүдэн гэрлийн ком багаж цүнхтэй зэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр 315.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Иймд хохирогч Ц.М од тус гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 515.000 төгрөг байх ба хохирлыг буюу эд зүйлсийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь хохирогч Ц.М-н мэдүүлэг, Баянгол дүүргийн прокурорын газар гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Ж ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Ж  нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 9 сарын хорих ял шийтгүүлж, энэ ялаа эдэлж дууссан байх ба энэ хэргийн үйл баримт нь 2019 оны 6 дугаар сарын 04, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд үйлдэгджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Ж  тус шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэхээс өмнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн ... дугаар гудамжны ... тоот хашаанд баригдаж байсан хаалга, цонх, цоож хийгдээгүй блокон байшингаас Ц.М-н эзэмшлийн “Кен” брэндийн зүсэгч, “Кен” брендийн гар дрилл, “Кен” брендийн цохилттой дрилл, нүдэн гэрлийн ком багаж, гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Ж ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 /зургаан зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ц.Ж т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч Ц.Ж ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Ж т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Ц-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж т 640 /зургаан зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ж т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч Ц.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА