Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 516

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Д.Үүлэн,

Шүүгдэгч Ц.Э , В.Б , тэдгээрийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 09-29/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ц.Э, Б овогт В-н Б нарт холбогдох эрүүгийн 2005007250435 дугаартай хэргийг 2020 оны  4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын  биеийн  байцаалт:  

1. Монгол  Улсын  иргэн,  ...  оны   ... дугаар сарын …-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эх, ... хүүхдийн хамт, Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг, Мөрөн гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ...  дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод түр түрээслэн оршин суух хаягтай, /РД: / урьд

2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан;

2015 оны 4 дүгээр 07-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2016 оны 1 дүгээр сарыг 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 25 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1029 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, С овогт Ц.Э.

 

2. Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн,... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эх, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын ... дугаар баг, Жаргалан ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, /РД:/, урьд

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт В.Б.

 

Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Э , В.Б  нар бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн 7 давхарт байрлах хохирогч Б.Э-н эзэмшлийн 195 тоот лангуунаас 4 хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч 551.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсд гаргасан С-н “...Хархорин худалдааны төвийн 0 давхарын 0 лангуунаас арьсан 180.000 төгрөгийн 2 гутал болон бусад гутлыг хулгайд алдсан...” гэх өргөдөл /хх-ийн 4 тал/,

            Гэрч Ч.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хархорин худалдааны төвийн 7-н давхар 195 тоот лангуун дээр сууж байгаад 14 цаг 20 минутын үед 00 орохоор болоод хажуу талын лангууны эгчид хэлээд явсан. Тэгээд 00 цаг 10 минут болоод буцаад лангуун дээрээ ирээд гутлаа бүртгэж байхад 2 гутал дутахаар нь хажуу талын лангууны эгчээс манай лангуунаас хүн ирж гутал авсан уу гэхэд аваагүй гэсэн. Тэгэхлээр нь би нөгөө 2 лангуун дээр зогсдог хүн рүү залгаад ирж гутал авсан уу гэж асуутал үгүй гэж хэлсэн. Тэр үед би хулгайч аваад явчихлаа гэж бодоод харуул дээр очиж камер шүүлгэхэд намайг 00 орсон хойгуур миний ажилладаг 195 дугаарын лангуу руу 2 эмэгтэй ороод тортой зүйл бариад гарсан удалгүй араас нь хамт явсан хоёр эмэгтэй нь ороод мөн адил тортой зүйл аваад гарч байгаа бичлэг гарсан. ...Тэр хар торон дотор манай гутлыг хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин худалдааны төвийн 7 давхрын 195 тоот лангууг түрээслэн ажиллуулдаг юм. Би уг лангуун дээр дан эрэгтэй хүний гутал зарж борлуулдаг юм. Манай 195 дугаар лангуун дээрээ хүн хөлсөөр цалинжуулж, худалдагч ажиллуулдаг юм. 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 195 дугаар лангууны худалдагч Саруулгэрэл нь сууж байгаад 14 цагийн үед бие засахаар хажуу лангууныхаа худалдагчид харж байгаарай гэж хэлээд захиад үлдээсэн гэсэн. Үдээс хойш манай 195 дугаар лангууны худалдагч охин Саруулгэрэл лангуун дээрээс гутал алга болсон байна гэж над дээр хүрч ирсэн... Тэгээд манай худалдагч охин Саруулгэрэл хяналтын камерын өрөө явж камер шүүхээр явсан ...Бүгд найрамдах Хятад ард улсын Fad-fine бредийн эрэгтэй гутал 4 ширхэг алдагдсан. Нэг ширхэг гутлын үнэ нь зах зээлийн ханшаар 180.000 төгрөг байдаг...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Б нь улаан өнгийн куртиктэй хар хөх өнгийн цамц өмссөн баруун гартаа хар өнгийн ууттай зүйл барьсан явж байгаа мөн түүний ард гутал алдагдсан гэх лангуунаас Энхжаргал нь тортой эд зүйл бариад гарч байгааг зургаар харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 22-23 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Цагаан өнгийн CD-R нэртэй сидийг энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов” гэх тогтоол /хх-ийн 24 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 53-55, 62-64 тал/ гэх мэдүүлэг,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №БГ2-20-207 дугаартай “...арьсан шинэ зарж байсан гутал 1 ширхэг нь 137.900, нийт үнэлгээний дүн 413.700 төгрөг, элгэн шинэ зарж байсан гутал 137.900 төгрөг, ...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 551.600 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-ийн 27-28 тал/,

Шүүгдэгч В.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр дүү Энхжаргалын хамт Хархорин зах орж хулгай хийх санаатай орсон. Шууд лифтээр 7 давхарт гараад эзэнгүй лангуу байхаар нь Энхжаргал бид 2 өөрсдийнхөө барьж явсан хүн бүрийн нэг торонд 2, 2 гутал хийж авсан. Уг лангууны хүн нь байхгүй. Гэхдээ онгорхой байсан. Авсан гутлаа аваад Хархорин захаас гараад Нарантуул захын арын мангасын аман дээр зогсож байгаад явуулын хүмүүст нэг гутлыг нь 30.000 төгрөгөөр, нийт 120.000 төгрөгөөр зарсан. Одоо гутал авсан хүнийг хараад танихгүй. Явуулын хүмүүс байсан. Олсон мөнгөөрөө бид 2 буудал орж хоноод архи уугаад дуусгачихсан. Бид хоёр 60.000 төгрөгийг тус бүрээр хувааж аваад Энхжаргал хүүхдэдээ мөнгө өгнө гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр эгч Б-тэй тааралдаж уулзсан юм чинь архи ууж юм ярьж сууж байгаад нэрийг нь мэдэхгүй нэг жижигхэн буудал орж ...нэг шил архи хувааж уугаад өглөө нь босоход мөнгөгүй болсон байсан тул Хархорин худалдааны төв орж хувцас хулгай хийхээр ярилцаж тохиролцоод Хархорин зах руу орохдоо хар өнгийн гялгар уут аваад уутан дотроо малгай ороолтоо хийгээд Хархорин зах руу орсон. ...Боогий эгч бид хоёр нэг эзэнгүй лангуу байхаар нь очиж нэг нэгнийхээ барьж байсан уутанд хоёр хоёр гутал хийсэн. ...Боогий эгч бид хоёр шууд автобусны буудлаас Дүнжингарав Нарантуул гэсэн шар өнгийн автобусанд суугаад Нарантуул зах орж хуучин эд зүйл зардаг хэсэг дээр очиж гутлыг нэгийг нь 30.000 төгрөгөнд бодоод аваач уул нь маш үнэтэй гутал байгаа юм гэж хэлсэн тэгтэл тэр эгч шууд дөрвөн гутлын мөнгө 120.000 төгрөг өгөөд авсан. Бид хоёр мөнгөө шууд 60.000 төгрөгөөр нь хувааж аваад би өөрийнхөө 60.000 төгрөгнөөс ээж рүүгээ 20.000 төгрөг явуулаад үлдсэн мөнгөөр нь хоол унд авч идээд дуусгасан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б-н хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/, Булган аймгийн Булган сумын тавдугаар багийн засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай “Иргэн В.Б, ам бүл 3, амжиргааны түвшингээс доогуур орлоготой, өрх толгойлсон эмэгтэй болохыг тодорхойлов..” гэх тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 35-36 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 80-84 тал, хүүхдийн томографийн зураг /хх-ийн 125 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хүүхдийн томографийн зураг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, хохирол төлбөр нөхөн төлсөн талаарх баримт, шүүгдэгч Ц.Э ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40, 74 тал/, Булган аймгийн засаг даргын Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн засаг дарга албан бичиг /хх-ийн 76-77 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 86-89 тал, 90-92 тал, 93-99 тал, 120-124 тал/, Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-ийн 100, 119 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол 200.000 төгрөг төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Э , В.Б  нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 7-9 тал, 12-13 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байх тул үнэн зөв гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн 7 давхарт байрлах хохирогч Б.Э-н эзэмшлийн 195 тоот лангуунаас 4 хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч 551.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Мөн хулгайн эд зүйл болох 4 хос гутал нь 551.600 төгрөгийн үнэтэй болох нь хэргийн 27-28 дахь талд авагдсан Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 551.600 төгрөг...” гэх тайлангаар нотлогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Ц.Э , В.Б  нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй. Мөн тэдгээр нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилсан үгсэн тохиролцож, санаатай нэгдэж үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Ц.Э , В.Б  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөдөгч нь шүүх хуралдаанд оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э т 551.600 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №БГ2-20-207 дугаартай тайлангаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б  нь 276.000 төгрөг, шүүгдэгч Ц.Э  нь 200.000 төгрөг төлсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э аас үлдэх хохирол 75.800 төгрөг гаргуулж хохирогч Б.Э т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нар нь “Хулгайлах” гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.   

Шүүгдэгч В.Б д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Э  ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар хэн хэн нь бага насны хүүхдүүдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй өрх толгойлсон эмэгтэйчүүд байх ба тэдгээр нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдож ял шийтгэл хойшлуулж шийдвэрлэж байсан боловч засарч хүмүүжээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 Мөн шүүгдэгч В.Б  нь жирэмсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шүүгдэгч Ц.Э  нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1029 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Дээрх байдал нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзэх үндэслэл болох ба мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

 Иймд шүүх дээр дурдсан шүүгдэгч нарын хувийн байдал, хуулинд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э , В.Б  нарыг тус бүр 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Э  нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1029 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай хийлгэх ялыг биелүүлээгүй болох нь  Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний 1/374 дугаартай албан тоотоор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/-н сар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1029 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 40 /дөч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/-н сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

   Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч В.Б  нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн буюу 1 нас 10 сартай хүүхэдтэй, 2012 оны 3 дугаар сарын 4-ний өдөр төрсөн буюу 7 нас 2 сартай хүүхэдтэй, шүүгдэгч Ц.Э  нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн буюу 1 нас 10 сартай хүүхэдтэй, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн буюу 5 нас 10 сартай хүүхэдтэй болох нь тус тус тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар эдгээр насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлыг тэдний оршин суугаа газрын Засаг даргад шийдвэрлүүлэхээр даалгах нь зүйтэй болно. Үүнд: Шүүгдэгч В.-н 1-7 нас насны 2 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг Булган аймгийн Булган сумын, шүүгдэгч Ц.Э ын 1-5 насны 2 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргад тус тус хариуцуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч Ц.Э , В.Б  нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Э , В.Б  нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ц.Э, Б овогт В.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, В.Б  нарт 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1029 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 40 /дөч/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/-н сарын хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Э ын биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/-н сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б д оногдуулсан 6 сар хорих ял, шүүгдэгч Ц.Э д оногдуулсан 7 сар 10 хоног хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э аас 75.800 /далан таван мянга найман зуу/-н төгрөг гаргуулж хохирогч Б.Э т олгосугай.

 

  7. Гэр бүлийн тухай хуулийн 64.1 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч шүүгдэгч Ц.Э ын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Н, шүүгдэгч В.Б-н 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Г, 2012 оны 3 дугаар сарын 4-ний өдөр төрсөн охин Б.Г нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын Булган аймгийн Сэлэнгэ, Булган сумын Засаг даргад тус тус даалгасугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э , В.Б  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА