| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0085/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 94
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Х-гийн А-д холбогдох 2035000000092 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Х-гийн А 1973 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 31-14 тоотод оршин суудаг, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3-д зааснаар 1 жил 6 сар хорих ял, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .....
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч, хохирогч Ц.Ж-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000092 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ц.Ж-ийн “...би Х.А-ийг дагуулаад доошоо эргээд хэнийд очиж хонох вэ гээд явж байтал Заяшик гэх газарт байх шатахуун түгээх газрын ойролцоо гудамжинд Х.А миний үснээс татаж байгаад гэдэс тус газарт өшиглөсөн. Тэр үед бид хоёрын хажуугаар зөрж явсан танихгүй эрэгтэй хүн Х.А-ийг надаас салгаж бид хоёрыг хоёр тийш салгачхаад яваад өгсөн. ...Тэгэхээр нь би Б, У хоёрыг дагаад явсан. Харин А урагш эргээд ганцаараа явсан. Би тэндээсээ У-ын гэрт очсон. Ингээд байж байтал А нь намайг авч дагуулж явахаар Г гэх дүүтэйгээ цуг Уын гэрт ирсэн. А Уын гэрт орж ирсэн ба Г машин дотроо үлдсэн байсан. Би гэрээс гараад А-тэй уулзсан ба би дагаж явахгүй гэсэн чинь намайг хамт явъя гээд машин руу чирсэн. Би явахгүй гээд эсэргүүцсэн чинь А миний хамрын хэсэг рүү гараараа 1 удаа цохиод цавины хэсэг рүү өшиглөсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
2. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “...Үзүүлэгч Ц.Ж-н биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний дээд, доод зовхи, өвчүү, зүүн бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Зүүн нүдний дээд, доод зовхи, өвчүү, зүүн бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-1.5 хувийн талбайг хамаарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 346 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
3. Шүүгдэгч Х.А-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед эхнэр У гэх хүргэний гэрт очиж хоноё гэхээр нь би “согтуу байгаа юм чинь Уын гэрт очиж хонож яах юм бэ” гэсэн зүйл ярьж маргалдсан. Уг маргалдааны явцад эхнэрийн үснээс татаж байгаад өшиглөсөн, дараа нь гараараа нүдний хэсэгт 1 удаа цохисон. ...Тэгэхээр нь би эхнэртээ “одоо эндээс хамт явъя өөр газар очиж хоноё” гэсэн чинь эхнэр чамайг согтуу байгаа юм чинь би хамт явж чадахгүй” гэж эсэргүүцээд суухгүй байсан. Тэхэд миний уур хүрээд гараараа эхнэрийн хамрын хэсэгт 1 удаа цохисон, дараа нь хөлийн хэсэг рүү нь өшиглөсөн...” /хх-ийн 40-42 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч, хохирогч Ц.Ж-тэй маргалдаж түүний хамар, нүдний хэсэг рүү тус тус нэг удаа цохиж, мөн хөл рүү нь өшиглөж, машинд суулгах гэж чирч хохирогч Ц.Ж-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, өвчүү, зүүн бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэм учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт авагдаагүй хохирол, хор уршгийн талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч хохирогч нар эвлэрсэн болох нь хохирогч Ц.Ж-ийн “Надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй. Бид 2 хоорондоо ярилцаж учраа олсон Х.А надаас уучлалт гуйж, архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн байхдаа миний биед халдсан гэдгээ хэлж, буруугаа хүлээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.А-ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Ү /хх-ийн 31-32 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Ц.Б /хх-ийн 33-34 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Х.Э /хх-ийн 35-36 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Х-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА