Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 85

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Болормаа, Б.Батгэрэл, шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, шүүгдэгч Н.Н, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М ургийн овогт А.гийн Х, Б ургийн овогт С-ын Б, Э ургийн овогт Г-ын Б, М ургийн овогт Н-н Н нарт холбогдох 1935004930044 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн М ургийн овогт А-гийн Х 1971 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гедротехникч мэргэжилтэй, Н ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаангом сумын ... дугаар баг ... дугаар байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ......,

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт С-ын Б, 1965 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, Увс аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаангом сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...,

Монгол Улсын иргэн, М ургийн овогт Н-н Н, 1961 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын ... дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ....,

Монгол Улсын иргэн, Э ургийн овогт Г-ын Б, 1980 оны 11 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын... дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .....,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Х, Г.Б, Н.Н, С.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газарт буюу Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зөвшөөрөлгүйгээр дөрвөн тооны ойн зэрлэг гахай агнаж байгаль орчинд 2’580’000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А.Х нь 2019 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газарт буюу Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнаж байхдаа болгоомжгүйгээр хамт ан агнаж байсан иргэн Б.С-ыг өөрийн эзэмшлийн Вепрь-хантер загварын галт зэвсгээр буудаж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935004930044 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ...12 цагийн үед би хөгшин рүүгээ гар утсаар залгаж: үдийн цаандаа гарах уу? хоёулаа гэртээ очиж цай хоолоо хийж идэх үү? Гэж асуухад: чи харьж бай. Хөгшин чинь Б-ын өрөөнд байна гэж хэлэхээр нь би түүнээс: яагаад наанаа байж байгаа юм бэ? юу хийж байгаа юм бэ? гэж асуухад хөгшин: Б бид нар хөдөө явах талаар ярилцаж байна. Б-ын найз хөгшин Өндөрхангайгаас ирчихсэн байна. Бид нар ярилцаж байна. Одоо Х-ыг дуудчихсан байна. Одоо ирэх гэж байна гэж хэлсэн...

2019  оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үдээс 14-15 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Манай хүргэн О-ын гар утсаар залгаж нэг хүн ярьсан. О тэр хүнтэй гар утсаар ярьж байгаад ээжээ, ээжээ одоо яанаа гээд чанга дуугараад орилж хашхирахаар нь түүнээс юу болов ээждээ хэлчих гээд орилсон. ...Би хүргэнээсээ хэн ярьж байна гэж асуухад тэр Ц ах ярьж байна. Аав буудуулсан байна. Наашаа хөдөлсөн гэнэ. Наранбулаг сумын хажууд ирж байна гэж хэлсэн. Би хөгшнөө нас барсан гэж бодоогүй. Бэртэж гэмтсэн байх гэж бодоод хүргэндээ чи битгий орилоод бай хоёулаа учрын олъё. Цын гар утас руу залгаад өг гээд залгахад Ц-ын гар утас холбогдохгүй байсан. Тэгээд манай хүргэн Ц хүмүүс рүү залгасан бололтой манай гэрт талийгаачийн дүү нар, найз нөхөд ирчихсэн байсан. Тэгээд би дүү нартаа урдаас нь очиж тосъё гээд явах гэхэд талийгаачийн найз Энхбаатар, Энхцэцэг нар бид нарыг гэрийн хаалгаар гаргаагүй. ...Бид нарыг эмнэлэг дээр очиход ирээгүй байсан. Наранбулаг сумаас гарч байна гэж хэлсэн мөчөөс хойш 3 цаг өнгөрч байхад ирээгүй байсан. Тэгээд бид нар нэлээн хүлээсний эцэст Хын машин эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед аймгийн цагдаагийн газрын ажилтан аймгийн прокурор болон бусад хүмүүс ирчихсэн байсан. Намайг машинаас буулгахгүй байхаар нь намайг барьж байсан хүмүүсийг хүчээр цохиж бууж Х-ын машин руу гүйж очиход машинаас хүмүүс буухгүй байсан. Би очоод Х-ыг хаалгаа онгойлго гэхэд хаалгаа онгойлгож яанаа эгч гээд хоёр гараараа нүүрээ дараад жолооны хүрд дээрээ тонгойгоод уйлж байх шиг байсан. Тухайн үед талийгаачийн дүү Э очсон машиныг өшиглөсөн цохиж орилж байсан. Би тэнд байсан цагдаагийн хүмүүст та нар хэнийг хамгаалаад байгаа юм бэ? машин дотор байгаа хүмүүсийг буулгаач би энэ хүмүүсээс юм асууж тодруулмаар байна гэхэд цагдаа нар машинаас Х, Б хоёрыг буулгаж цагдаагийн фургон машин руу оруулахад нь би Б-ыг замаас нь барьж миний хөгшин амьд байгаа юм уу? нааш хүрээд ир чи яг үнэнийг надад хэл гээд түүний дээлээс нь заамдаж авахад Б би мэдэхгүй. Намайг үргээлгээс хүрээд ирэхэд өөрөө ингэчихсэн байсан гэж хэлэхээр нь би түүнийг тавьчхаад цагдаа нарт эгчдээ талийгаачийг харуулчих гэж гуйхад машины баруун талын хаалгыг онгойлгоход арын суудал дээр нэг залуу талийгаачийн толгойг тэвэрсэн суусан. Өвдөг нь нугарсан амьд байгаа юм шиг байсан. Ам хамраас нь цус гарсан юм шиг чих рүү нь цус урсаж орсон байх шиг байсан. Тэгээд би толгойг нь нэг илчхээд явсан. ...Тэгээд бүрэлдэхүүн ирсний дараа дүү бид нар өөрсдөө талийгаачийг машинаас өргөж эмнэлгийн моргт оруулсан. Моргт оруулахад талийгаачийн бие нь халуунаараа гэдэс нь халуун, нүүр нь цайгаагүй, амьд юм шиг нүүр нь бор, хөл гар нь хөшөөгүй байсан. Тухайн үед би хөгшнөө ямар шалтгааны улмаас нас барсныг мэдээгүй. Тэр орой талийгаачийн цогцост задлан шинжилгээнд ороход талийгаачийн ар нуруунд бууны шархтай, сумны хошуу нь цогцос дотор үлдсэн байна гэж манай номын дүү А, хүргэн О хоёр хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 185-187 дугаар хуудас/,

“...Нийт дөрөв ширхэг галт зэвсэгтэй байсан. Би ямар нэртэй ямар загварын галт зэвсэг гэдгийг мэдэхгүй. Шувууны буу 1 ширхэг, калибр буу 1 ширхэг, том буу 1 ширхэг, үргээлгийн буу болох винтов 1 ширхэг байсан. Ямар ч байсан 2 ширхэг буу нь бичиг баримттай байсан. Хоёр бууны татвар төлөөд явдаг байсан. ...Насаараа ханилсан хань ижлээ алдчихаад гомдолгүй гэж хэлж чадахгүй. Ийм сайхан ханиа алдчихаад гомдолгүй гэж хэлэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын “...Миний хувьд энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Хэрэг гарснаас хойш хэдэн хоногийн дараа Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газарт буюу Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалтай газар нутагт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр дөрвөн тооны ойн зэрлэг гахай агнасан талаар сонссон. Өвлийн улиралд Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газарт машин, хүн явах боломжгүй байдаг. Яагаад гэвэл цас их ордог учраас хүн мал техник явах замгүй байдаг. Өвлийн улиралд хулгайн ан хийх буюу бугын эвэр хайсан хүмүүс л явдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 197-198/,

3. Иргэний нэхэмжлэгч Э.Э-ын “...Би энэ талаар урд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. Урд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би аавынхаа “Сайга М3” загварын галт зэвсгийг өөрийн нэр дээр ...шилжүүлж авахаар сумын цагдаад бичиг баримтыг бүрдүүлээд өгчихсөн байсан. Одоогоор өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Уг бууг жил бүр бүртгэлд оруулж татвар төлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 200-201 дүгээр хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч Э.Э-ын гэрчээр өгсөн “...Миний аав Э нь Өндөрхангай сумын 2 дугаар багт амьдарч байгаад 2019 онд нас барсан юм. Миний аав “Сайга М3” загварын галт зэвсэг эзэмшдэг байсан. Аав нас гарснаас хойш “Сайга М3” загварын галт зэвсгийг би өвлөж авч галт зэвсгийн гэрчилгээг өөрийн нар дээр шилжүүлж авах гэхэд бичиг баримт дутуу байсан тул өөрийн нэр шилжүүлж авч чадаагүй. ...Тэр өдөр би адуунд явчихсан байхад Б манай гэрт ирээд манай эхнэрт манай гэрийн авдарт сум байж буугаа өгч бай гэхээр нь манай эхнэр миний бууг Бт өгч явуулсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 223 дугаар хуудас/,

5. Гэрч Д.Д-ын “...2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Улаангомоос Өлгий сум руу хувийн ажлаар явж байхад Бургастай гэдэг газар утасны сүлжээ ороход Х над руу гар утсаар залгаж аюул болсон. Буу алдаад С ах газар дээрээ нас барсан. Тэгээд бид нар аваад Улаангом руу явж байна. Бид нар Зүүнговь сум зөрөөд явж байна гэж хэлсэн. Х над руу гар утсаар ярьсан шалтгаан бол талийгаачийн ар гэр рүү яаж энэ талаар хэлж мэдэгдэх вэ? гэж ярьсан байсан. Би түүнд Өлгий сум руу ажлаар явж байна. Цтай ярь гээд Цын гар утасны дугаарыг өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/,

6. Гэрч Ц.Э-ын “...2019 оны 12 дугаар сарын 3, 4-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн захиргаан дээр хоёр өдөр хуралдсан. Би ажлын шугамаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцож байхад талийгаач Б.С, А.Х хоёртой уулзаж байсан. Миний мэдэж байгаа зүйлийн хувьд энэ хоёр хүний хооронд ямар нэг хэрүүл маргаан, өс хонзонгийн зүйл байдаггүй байсан. Гэхдээ надад мэдэгдэхгүйгээр юу байсныг мэдэхгүй. Ер бол энэ хоёр хоорондоо хэвийн харьцаатай байдаг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 2 дугаар хуудас/,

7. Гэрч Ж.О-ийн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний нөхөр Б надад Б ах болон аав /Н/ хоёр над руу гар утсаар залгаж ярилаа. Хоёр морь аваад Өндөрхангай сумын ар луу хүрээд ир гэж байна гэж хэлээд өөрийн эзэмшлийн хар зүсмийн морь, хул алаг зүсмийн морийг аваад нэгийг нь унаад нэгийг нь хөтлөөд явсан. Б явахдаа найз Э-ын бууг авч явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 224-225 дугаар хуудас/,

8. Гэрч П.А-ийн “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байхад Ханхөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Ц гар утсаар залгаж таны хариуцсан газар Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг Дунд шаварт гэх газарт гахай агнасан зөрчил гарч хүн буу алдаж нэгнийхээ амь насыг хохироосон байна. Та явж хэргийн газар очиж нөхцөл байдалтай нь танилцах хэрэгтэй байна гэхээр нь би 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой морьтой явж хэргийн газарт очсон. Би хэргийн газар очиж үзэхэд Сонин хангайн ганц модтын адуучдын байранд хүмүүс хоносон бололтой байсан. Хоёр морьтой хүн Өндөрхангай сумаас ирсэн бололтой байсан. Мөн автомашинтай хүмүүс Дунд шавартаас хөдлөн мод руу орсон гахай нь мөрийг анх харсан бололтой автомашинаас хүмүүс буугаад өөр тийшээ явж ул мөр харсан бололтой байсан. Тэгээд хоёр морьтой хүн тэд нар дээр ирж уулзаад хоёр морьтой хүн гахай орсон ой мод руу яваад машинтай хүмүүс Дунд шавартын эхэн рүү явж отолтод суусан бололтой байсан. Отолтод гурван хүн суусан уулын доод талд нэг нь, дунд талд нэг нь, дээд талд нэг нь суусан ул мөр байсан. Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дунд шаварт гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах тул гахай агнах зөвшөөрлийг олгодоггүй юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 231-232 дугаар хуудас/,

9. Гэрч Ю.С-ын “...Хурлын завсарлагаагаар талийгаач Б.С ах надтай уулзаад нэг салхинд гарцгаах уу. Б үргээлгийн хүмүүсийг зохицуулна гэсэн зүйл хэлж байсан. Тухайн үед би С ахад ёстой хэлж мэдэхгүй байна. Тухайн үед зав чөлөө юу болох нуу. Сайн мэдэхгүй байна гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн З дугаар хуудас/,

10. Гэрч С.А-ийн “...Талийгаачийн биеийг хүлээж авахад хамар, амнаас нь цус гарсан, духны хэсэгт жаахан зулгаралт шархтай байсан. Талийгаачийн биеийг өргөхөд биед нь нэг их хөшилт үүсээгүй гайгүй байсан. Би өс хонзонгийн талаар мэдэхгүй. Ямар ч байсан Х, Б.С ах бид нар урд нь хамтдаа анд явж байсан удаатай...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/,

11. Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “...Тухайн дөрвөн ширхэг гахай нь ойн зэрлэг гахай байна. Дөрвөн ширхэг гахайны хоёр нь мэгж буюу гурван настай эм гахай, хоёр гахай нь тоорой буюу нэг настай, эр гахайнууд байна. Ойн зэрлэг гахайг Амьтны тухай хуульд нэн ховор, ховор ангилалд оруулаагүй бөгөөд зэрлэг гахай нь элбэг амьтны ангилалд хамаарна. Дөрвөн ширхэг гахайны экологи эдийн засгийн үнэлгээ нийт 5’160’000 төгрөг. Увс аймгийн Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх 49.28.05.69N8 94.56.48.27Е солбицол бүхий газар нь Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 48-56 дугаар хуудас/,

12. Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “...Талийгаач Б.С-ын биед гэмтэл учирсан байна. Баруун далны хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, шархны эргэн тойронд зулгаралт, баруун дал ясны хугарал, баруун уушгины дээд дэлбэн, голт, цагаан мөгөөрсөн хоолой, зүүн уушгины дээд дэлбэн, цээжний зүүн хөндийг нэвтэрч цээжний зүүн урд хэсгийн арьсан доорх булчин хүртэл суваг үүсгэсэн мухар төгсгөлтэй шарх, цээжний зүүн урд хэсгийн булчингийн эдэд цус хуралт, цээжний баруун, зүүн хөндийд цус хуралдалт, голтод цус хуралт, духанд зулгаралт гэмтэл учирсан байна. Баруун далны хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, шархны эргэн тойронд зулгаралт, баруун дал ясны хугарал, баруун уушгины дээд дэлбэн, голт, цагаан мөгөөрсөн хоолой, зүүн уушгины дээд дэлбэн, цээжний зүүн хөндийг нэвтэрч цээжний зүүн урд хэсгийн арьсан доорх булчин хүртэл суваг үүсгэсэн мухар төгсгөлтэй шарх, цээжний зүүн урд хэсгийн булчингийн эдэд цус хуралт, цээжний баруун, зуун хөндийд цус хуралдалт, голтод цус хуралт гэмтлүүд нь галт зэвсгийн сумны хошууны нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духанд байрласан зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх галт зэвсгийн сумны хошуугаар үүсгэгдсэн гэмтлүүд нь ямар төрлийн буу, сумнаас үүссэн болохыг шинжээч эмч тогтоохгүй. Б.С-ын биед баруун далны хэсэгт сумны хошуу орсон нэг шарх байна. Сумны хошуу биеэс гарсан шарх байхгүй буюу нэвтэрч гараагүй ба цээжний зүүн урд хэсгийн булчинд сумны хошуу байрласан байсан. Сумны хошуу нь баруун дал хэсгийн арьсаар нэвтэрч баруун дал ясыг хугалж цээжний баруун хөндий рүү нэвтэрч, баруун уушги, голт, цагаан мөгөөрсөн хоолой, зүүн уушгийг дайрч цээжний зүүн хөндийгөөс гарч цээжний зүүн урд хэсгийн булчин хүртэл мухар төгсгөл үүсгэсэн шархтай байна. Иймд дээрх шархны сувгаас харахад сумын хошууны чиглэл нь баруун араас зүүн урагш, бага зэрэг дээрээс доош чиглэлтэй байна. Талийгаачийн цогцост сумын хошуу орсон 1 шарх байсан ба биеэс нэвтэрч гарсан шарх байхгүй байна. Шинжээч эмч талийгаачийн хувцаст үзлэг, шинжилгээ хийхгүй. Талийгаачийн баруун далны хэсэгт байрласан шарх, тус хэсгийн эдийн шинжилгээнээс харахад тамгалагдсан шинж байхгүй, шархны сувагт тортог байхгүй байгаа учир холын зайнаас буудагдсан байх боломжтой. Буудалтын чиглэлээс харахад талийгаач өөрөө өөрийгөө буудах боломж маш бага. Талийгаачийн биед үүссэн дээрх галт зэвсгийн гэмтлүүд болон духанд байрласан зулгаралт гэмтлүүд нь нэг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтлүүд ба талийгаачийг амьд үед үүссэн байна. Талийгаач Б.С-ын бие эрхтэнд бүтцийн хувьд үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Б.С нь дээрх галт зэвсгийн гэмтлүүдийн улмаас цус алдалт, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 91-93 дугаар хуудас/,

13. Шинжээч Н.О-ын “...Талийгаачийн цогцсыг цогцос хадгалах өрөө рүү зөөвөрлөж оруулж байх үед талийгаач нь хувцастайгаа байсан ба хүүрийн хөшилт эрүүнд тод, хүзүүнд сул, гарын хуруунуудад илрээгүй байсан ба 22 цаг 16 минутад үзлэг шинжилгээ хийх үед талийгаачийн цогцост хүүрийн хөшилт эрүүнд тод, мөчдөд сул илэрсэн байсан. Хүүрийн толбо хоёр чихний дэлбэн хүзүүний ар болон биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн өнгөөр бүдэг үүссэн ба дарахад өнгөн сэргэж байсан. Хүүрийн хөшилт нь цогцост нас барснаас хойш 2-3 цагийн дараа эрүүний булчинд үүсэж эхэлж 24-36 цаг гэхэд бүх биеийн булчинд тод үүссэн байдаг. Хүүрийн толбо нь нас барсны дараа мөн 2-3 цагаас эхэлж бүдэг өнгөөр үүсэж эхлэх ба цаашлаад улам хүрэн өнгөтэй болж тодордог. Хүүрийн толбо нь талийгаачийн цус алдалтын байдлаас хамаарч өнгөний хувьд харилцан адилгүй илэрч болох ба бүдэг хүрэн өнгөөр үүсэж болдог. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс харахад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломж маш бага байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 7.62 мм калибртай сумны хошуу нь шинжилж буй ОХУ-д үйлдвэрлэгдсэн, гол төмрийн суваг 7.62x63 мм/30-06 SPRG/ калибртай, ВЕПРЬ- ХАНТЕР загварын гал зэвсгээр буудагдсан. Шинжилж буй сумны хошуу нь шинжилгээнд ирүүлсэн ВЕПРЬ-ХАНТЕР загварын гал зэвсгээр буудагдсан. Шинжилж буй сумны хошуу нь хатуу биеттэй харилцан үйлчилсний улмаас зөв хэлбэр дүрсээ алдсан” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 113-119 дүгээр хуудас/,

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын физикийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 290 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Вепрь хантер маркийн, Сайга МЗ маркийн, ZКК-600 маркийн, Тоз-8 маркийн, Винтов маркийн, Дробинка маркийн нийт 6 ширхэг галт зэвсгүүдээр тус бүр буудлага үйлдсэн байна” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 124-125 дугаар хуудас/,

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 506 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй 7.62x39 мм калибртай сумны хошуу нь шинжилж буй ОХУ-д үйлдвэрлэгдсэн, гол төмрийн суваг 7.62х39 мм калибртай САЙГА-МЗ загварын галт зэвсгээр буудагдсан. Шинжилж буй сумны хошуу шинжилгээнд ирүүлсэн САЙГА-МЗ загварын галт зэвсгээр буудагдсан” гэх дүгнэлт, /2 дугаар хх-ийн 186-191 дүгээр хуудас/,

17. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1дүгээр хх-ийн 3-21 дүгээр хуудас/,

18. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 23-34 дүгээр хуудас/,

19. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 36- 49 хуудас/,

20. Урт буунуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 50-56 дугаар хуудас/,

21. Амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 57-65 дугаар хуудас/

22. Гахайнуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 121-133 дугаар хуудас/,

23. Мөрдөн шалгах туршилтыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 167-182 дугаар хуудас/,

24. Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 257 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 199-211 дүгээр хуудас/,

25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 260 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 218-226 дугаар хуудас/,

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 507 дугаартай дүгнэлт /3 дугаар хх-ийн 56-67 дугаар хуудас/,

27. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын Улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04, 01, 02, 03 дугаартай дүгнэлтүүд /3 дугаар хх-ийн 89-90, 100- 101, 112-113, 124-125 дугаар хуудас/,

28. Шүүгдэгч Н.Н-ы яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өглөө 10 цагийн үед найз Бын гэрт очсон. ...Б надад: Өндөрхангай руу хөдөө явъя, анд яваад ирье, хүн анд явъя гээд гуйгаад байна гэж хэлээд хамтдаа яваад ирье гэж намайг гуйсан. Тэр өдөр Бын ажлын газар буюу Шуудан холбооны газрын түүний ажлын өрөөнд ороод Б хүнтэй гар утсаар яриад байсан. Тэгээд гар утсаар яриад удалгүй байж байхад талийгаач Б.С, Х нар нэг нэгээрээ орж ирсэн. Бид нар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Өндөрхангай сумын нутаг руу Х-ын автомашинаар чоно болон гахайны анд явахаар болж ярьж тохирсон. Намайг газар орон зааж өгч яваач гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд би өөрийн хүргэн Б руу гар утсаар залгаж: аав нь эндээс хүмүүстэй маргааш ан хийхээр гарах гэж байна. Бид нар эхлээд Өндөрхангай сумын Адуучны байр руу очно. Чи наанаасаа 2 морьтой хүрээд ир гэж хэлж дуудсан. ...2019 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 05 цагт Х нь ганцаараа өөрийн улаан хүрэн өнгийн жийп автомашинтай Бын гэрийн гадна ирж Б бид хоёрыг авч бид гурав С-ыг гэрээс нь очиж авсан. ...Бид нар Улаангомоос гарч Баруунтуруун сумаар дайрч Өндөрхангай сумын чиглэлд явж өдөр 13 цагийн үед Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг Адуучдын байранд ирцгээсэн. Бид нар Адуучдын байранд ирээд байж байтал удалгүй манай хүргэн Б нь Өндөрхангай сумын төвөөс 2 морьтой ирсэн. Б ирэхдээ манай нутгийн Эын Эын Сайга М3 маркийн буутай ирсэн бөгөөд хэдэн ширхэг сумтай ирсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. ...2019 оны 12 дугаар сарын 14-ны өглөө 07 цагийн үед босоод ...Шажингийн даваан дээр гарч зогсож Б бид хоёр морьтой үргээлэг хийхээр болж бусад нь отолтод суухаар тохиролцож явахаар болоход С надад Винтов маркийн бууг 3 сумны хамт өгч явуулсан. ...Бид эхлээд Хойд шаварт руу үргээлэгт явж модон дотор үргээлэг хийхэд ямар нэг ан амьтан гараагүй юм. Тэгээд Дунд шавартын модыг үргэхээр болж Б бид хоёр морьтой явж бусад нь машинтайгаа явсан... Б бид хоёр морьтойгоо Дунд шавартын модыг үргээхээр явж мод руу орж модны дээд хэсгээр Б явж, доод хэсгээр би явж үргээлэг хийж орилж явсан бөгөөд Дунд шавартад үргээлэг хийж явахад Б надад харагдахгүй байсан. Харин Бын орилж хашхирах чимээ сонсогдож байсан. би үргээлэг хийж явахдаа Сын өгсөн буугаар нэг удаа дээшээ чиглүүлж буудсан. ...Б бид хоёр үргээлэг хийгээд явж байхад буу буудах чимээ гарсан. Буун дуу гарснаас хойш 20 орчим минут яваад Дунд шавартын эхэнд отолт хийж байсан гэх газарт ирэхэд Х, Б хоёр модон дотор газарт унасан хөндлөн модны хажууд зогсож байсан бөгөөд уг хөндлөн модны зүүн талд С газарт дээшээ харсан хэвтэж, нүүрний хэсэг нь цус болчихсон ямар нэг хөдөлгөөнгүй байсан. ...Б мориноосоо буугаад Сын цээжийг өргөж амьд байгаа эсэхийг шалгаж үзээд нас барчихсан байна гэж хэлээд орилж уйлсан. ...Тухайн үед би яг хэн нь яаж сум алдсан талаар мэдээгүй бөгөөд би талийгаачийг өөрөө сум алдсан байх гэж ойлгосон. Тэгээд би тухайн газрын эргэн тойрныг харахад талийгаачийн байсан газраас баруун зүгт 3 ширхэг уулын зэрлэг гахай буудагдсан байсан ба хоёр гахай нь газар дээр үхсэн, нэг гахай амьд шархадсан байхаар нь Б-ын буугаар нэг удаа буудаж алсан. ...Тэгээд Б, Б, Х бид нар ярилцаад гахайнуудыг мод руу оруулж замаас холдуулж хаяхаар тохиролцсон юм. Талийгаач С-ын цогцсыг машины арын суудалд тавиад Улаангом руу Б, Х, Б нар аваад явцгаасан. Харин би хоёр морио аваад Өндөрхангай сумын төв рүү гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 183-185 дугаар хуудас/,

29. Шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 06:00 цаг өнгөрч байх үед босоод цай, хоол хийж идчихээд ан хийхээр гарсан. ...Тэд нар намайг “чи морьтойгоо Хойд шавартад очиж бай. Бид нар араас чинь машинтай очин. Тэнд очиж байгаад хэн нь үргээлэгт явах, хэн нь отоонд суухаа ярилцаж шийдье” гэж хэлсэн юм. ...Тэгээд бид нар хоорондоо ярилцаад миний хадам аав Н.Н болон С.Б ах нар морь унаж үргээлэгт явахаар болсон. Харин А.Х, талийгаач Б.С бид 3 отолтод суухаар болсон. ...Бид 3 машинтай яваад Дунд шавартын эхэн гэх газарт модны эхэнд очиж отолтод суухаар явсан. Бид 3 машинтай яваад Дунд шавартын модны эхний судагт очсон. Улмаар А.Х, талийгаач Б.С бид 3 Дунд шавартын модны эхний судгийг дагаж отолтод суухаар болсон бөгөөд судгийн доод захад машинаа тавиад, А.Х ах машиныхаа ойролцоо модны захад отолтод суугаад үлдсэн. ...Талийгаач Б.С бид хоёр А.Х ахын суусан газраас урд зүгт судгаа өгсөж яваад А.Х ахаас ойролцоогоор 50-100 метр зайд очоод бид хоёр тамхи татаад Б.С ах: би энэ хавьд отолтод сууя гэж хэлсэн. Гэхдээ тухайн үед талийгаач яг энд сууна гэж хэлээгүй. ...Би талийгаач Б.С ахын суусан газраас урд зүгт судгаа өгсөж яваад талийгаач Б.С ахаас ойролцоогоор 50-60 метрийн зайд отолт хийхээр суусан. ...Би отолтод суугаад мөн л 20-30 минут өнгөрч байхад Өндөрхангай сумын Батсайхан багийн нутагт байх Дунд шавартын модонд 1 удаа буу буудах чимээ гарсан. Удалгүй миний суусан газрын баруун талаас модон дотроос ойролцоогоор 10 гаруй тооны гахай гарч ирээд зүүн зүгт С бид хоёрын дундуур чиглээд давхисан. Гахайнууд модноос гарч ирэх үед би буудаж эхэлсэн. ...Би гахай модноос гарч ирээд талийгаач Б.С бид хоёрын сууж байсан газрын дундуур зүүн зүг рүү давхих хугацаанд ойролцоогоор дайзанд байсан 10 ширхэг бүх сумаар буудахаар нь дайзаа дахиж 4 сумаар цэнэглэж байхад гахайнууд бүгд гүйгээд зөрөөд өнгөрсөн. ...Энэ хугацаанд талийгаач Б.С болон А.Х ах нарын отолтод сууж байсан газраас буюу хойд зүгээс ойролцоогоор 2-3 удаа буун дуу гарсан. Би буудлага хийж байхдаа талийгаач Б.С болон А.Х ах нарыг олж хараагүй. Зөвхөн давхиж яваа гахай руу хараад буудлагаа хийж байсан. Би буудлага хийж дуусахад гурван ширхэг гахай газарт хэвтэж байсан ба 2 үхчихсэн, 1 гахай үхээгүй шархадсан байсан. Тэгээд би босоод талийгаач Б.Сын сууж байсан газар руу явж: та оносон уу? гэж орилоход хүн дуугарахгүй болохоор нь би алхаад ойртож очиход Б.С нь хөндлөн модны хажууд толгойн баруун урд зүг рүү доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд хажууд нь очиход шувууны бууг хөндлөн модыг түшүүлж тавьсан, арьсан дурантай буу нь талийгаачийн баруун талд газарт хэвтэж байсан. Тэгээд очоод С ахыг тэврээд эргүүлээд харахад амнаас цус гарчихсан байсан. Тухайн үед би чихээ түүний ам хамар дээр тавьж амьсгал байгаа эсэхийг шалгахад амьсгалахгүй байхаар нь талийгаачийг дээш нь харуулж тавьчхаад: хүн байна уу? наашаа ирээрэй. Хүн үхчихсэн байна гэж орилоход Х ах машинтайгаа хүрч ирээд надаас: яав юу болох гэж асуугаад над руу ирэхэд нь би түүнд: би хүн алчихлаа. Над руу ойртож болохгүй. Над руу ирвэл би өөрийгөө буудлаа шүү гэж хэлсэн. Х талийгаачийн хажууд очиж үзээд надад: чи тайван бай гэж хэлээд зогсож байсан. Энэ үед туслаарай, хүн алчихлаа гээд орилж байхад Б, аав Н хоёр хүрч ирээд Б ах шууд С ахыг тэвэрч аваад гүрээний судсанд хуруугаа тавьж үзээд энэ хүн байхгүй болчихсон байна гэж хэлээд уйлж: би сайхан найзыгаа алчихлаа гэж уйлж байсан. ...Тухайн газарт ямар ч утасны сүлжээ байхгүй, тусламж дуудах боломж байхгүй байсан учраас бид нар шууд талийгаач Б.С-ыг машинд өргөж оруулаад Увс аймгийн Улаангом сумын төв рүү хөдөлсөн. Улаангом руу явах үед тухайн газарт 3 ширхэг гахай байсан. Шархдаж амьд байсан нэг ширхэг гахайг аав Н миний бууг авч буудаж алсан. Тэгээд Б ах надад: эдгээр үхсэн гахайнуудыг мод руу оруулаад хаячих. Зам дээр муухай байна гэж хэлэхээр нь гурван ширхэг гахайг мод руу оруулж хаясан. Гурван гахайн хоёр нь тоорой, нэг гахай нь эм гахай байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 195-198 дугаар хуудас/,

30. Шүүгдэгч С.Б-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр талийгаач Б.С над руу залгаж ярихад нь би түүнд: Н Өндөрхангай сумаас ирчихсэн манай ажлын өрөөнд байна гэж хэлэх С та хоёр байж бай, чи Х руу залгаад түүнийг дуудчих гэж хэлсэн. Тэгээд би Х руу гар утсаар залгаж: С манай өрөөнд ирнэ гэнэ. Чамайг С хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Удалгүй Х ганцаараа орж ирсэн. Араас удалгүй С ганцаараа орж ирсэн. Бид нар уулзаж Өндөрхангай сум руу салхинд гарахаар ярилцсан. ...Н бид хоёрыг модны захад гарч ирэх үед “хүн болохоо байчихлаа. Хол байгаарай” гэж орилох чимээ гарсан. Н бид хоёрыг модны захад гарахад хүн үзэгдэхгүй байсан бөгөөд уулын цаанаас хүн орилох чимээ сонсогдож байсан учраас үргээлэг хийхээ дуусаад, хүн орилох чимээ гарсан зүгт явсан. Бид хоёр хүн орилох чимээ гарсан зүг рүү уулын амаар өгсөж явахад уулын амны дунд хэсэгт А.Хын машин харагдсан. Тэр зүгт яаравчлан очиход А.Х, Г.Б нар зогсож байсан ба хажууд нь талийгаач Б.С газар дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 208-211 дүгээр хуудас/,

31. Шүүгдэгч А.Х-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үдийн үед байх Б ах над руу гар утсаар залгаж: манай өрөөнд хүрээд ирээч гэж хэлэхээр нь би ганцаараа яваад очиход Б ах Н-тай сууж байсан. ...Би ороод сууж байхад удалгүй араас С ах орж ирсэн. Тэгээд бид нар Өндөрхангай руу салхинд явахаар ярилцсан. ...Б, Н хоёр морьтой мод руу орж үргээхээр орсон. Харин С, Б бид гурав тэр хоёроос салж яваад уулын аманд очоод уул руу Б, С хоёр отолт хийж суухаар уулын өөд модон дундуур явган явсан. Би тухайн үед тэр хоёрыг дээш яваад хаана сууж байгааг хараагүй. ...Би машиныхаа ойролцоо модны хажууд зогсож байсан. Тэгээд үргээлгийн хүмүүсийн буу буудах дуу гарсан. ...Буун дуу гарсны хэсэг хугацааны дараа С, Б хоёрын уулын өөд явсан чиглэлд ойр ойрхон буун дуу гарсан. Тухайн үед миний хажуугаар чоно гараад ирдэг юм болов уу гэж бодоод харж байтал гэнэт модны заагаар ан амьтан гүйгээд өнгөрөхөд нь би түүнийг дагуулаад нэг буудахад нөгөө амьтад гүйгээд мод руу ороод алга болсон. Тэгээд би одоо юу болдог юм бол гэж бодоод зогсож байхад хүний орилох дуу гарч: би хүн алчихлаа. Жолооч ахаа гээд хашхираад байхаар нь би машин руу гүйж очоод машинаа унаад модны заагаар дээш өгсөж очиход Б гартаа буугаа барьчихсан: би хүн алчихлаа гэж орилж байсан. Түүний ойролцоо С ах газар дээр дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан. ...Тухайн үед би ой дотор ан амьтан гүйхэд нь түүнийг дагуулж нэг удаа буудсан. Миний буудсан зүг чиглэлд талийгаач сууж байсан юм билээ. Сүүлд хэргийн газрын болон мэдүүлэг шалгах ажиллагаа зэрэгт оролцож байхад миний буудсан бууны сумын хошуу талийгаачийн биеэс гарсан сумны хошуутай тохирч байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 221-225 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Н.Н-аас “...Өндөрхангай руу хөдөө явъя, анд яваад ирье, хүн анд явъя гээд гуйгаад байна. Хамтдаа яваад ирье...” /3 дугаар хх-ийн 183-185 дугаар хуудас/ гэж гуйж, улмаар Увс аймгийн шуудан үйлчилгээний газрын байранд буюу өөрийн ажлын өрөөндөө шүүгдэгч А.Х, амь хохирогч Б.С нарыг дуудан ирүүлж хууль бусаар ан агнахаар харилцан тохиролцсон байна. Мөн уг үйлдэлдээ шүүгдэгч Н.Н нь шүүгдэгч Г.Быг оролцуулахаар утсаар ярьж, харилцан тохирсон байна.

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч А.Х нь эхнэрийнхээ эзэмшлийн 00-66 УВХ улсын дугаартай, Ланд круйзер-200 загварын автомашинаар Увс аймгийн Улаангом сумаас Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг Адуучны байр гэх газар луу шүүгдэгч С.Б, Н.Н, амь хохирогч Б.С нарын хамт явсан байна.

2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч А.Х, С.Б, Н.Н, Г.Б, амь хохирогч Б.С нар нь хууль бусаар ан агнахаар Увс аймгийн Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газарт буюу Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт нутагт очиж, шүүгдэгч Н.Н, С.Б нар нь мориор үргээлэг хийж, шүүгдэгч А.Х, Г.Б, амь хохирогч Б.С нар нь отолтод суусан байна. Улмаар шүүгдэгч Н.Н үргээлэг хийхээр нэг удаа буудсаны дараа шүүгдэгч Г.Бын сууж байсан газрын баруун талаас 10 гаруй тооны ойн зэрлэг гахай гарч шүүгдэгч Г.Б болон амь хохирогч Б.Сын сууж байсан газрын дундуур баруунаас зүүн чиглэлтэй гүйсэн байна. Шүүгдэгч Г.Б нь гахайг агнах зорилгоор өөрийн барьж байсан Сайга-М3 загварын бууны дайзанд байсан 10 ширхэг сумаар дуустал буудаж, 3 тооны гахайг алж, 1 тооны зэрлэг гахайг шархдуулсан. Уг шархдуулсан гахайг шүүгдэгч Н.Н гүйцээж алсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн энэ явцад шүүгдэгч А.Х нь амь хохирогч Б.Сын сууж байсан газрын ойролцоо байсан гахайг агнах зорилгоор нэг удаа буудаж, уг сум нь амь хохирогч Б.Сын хажууд байсан модыг онож, чиглэлээ өөрчлөн амь хохирогч Б.Сын баруун дал хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч баруун дал ясны хугарал, баруун уушгины дээд дэлбэн, голт, цагаан мөгөөрсөн хоолой, зүүн уушгины дээд дэлбэн, цээжний зүүн хөндийг нэвтэрч цээжний зүүн урд хэсгийн арьсан доорх булчин хүртэл суваг үүсгэсэн мухар төгсгөлтэй шарх, цээжний зүүн урд хэсгийн булчингийн эдэд цус хуралт, цээжний баруун, зүүн хөндийд цус хуралдалт, голтод цус хуралт, духанд зулгаралт гэмтэл учруулсан байна. Улмаар амь хохирогч Б.С нь дээрх гэмтлүүдийн улмаас цус алдалт, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын 4 тооны ойн зэрлэг гахай агнасан Увс аймгийн Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газар /49.28.05.69N8 94.56.48.27Е солбицол бүхий газар/ нь Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болох нь шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнахаар шүүгдэгч А.Х, Г.Б, С.Б, Н.Н нар нь урьдчилан тохиролцож, бэлтгэж, тухайн үйлдэлд оролцох чиг үүргээ хуваарилсан нь С.Б, Н.Н нараар үргээлэг хийлгэж, А.Х, Г.Б, амь хохирогч Б.С нар нь отолтод сууж буудсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч А.Х, Г.Б, С.Б, Н.Н нар нь Өндөрхангай сумын 2 дугаар багийн Дунд шавартын эхэн гэх газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг мэдсээр байж, тухайн газар зөвшөөрөлгүйгээр ан агнах нь хууль бус гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Х, Г.Б, С.Б, Н.Н нарын Өндөрхангай сумын 2 багийн нутаг Дунд шавартын эхэн гэх газар бүлэглэн 4 тооны ойн зэрлэг гахай агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэх шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг улсын тусгай хамгаалалтай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Х нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтой эсэхийг буюу галт зэвсэг эзэмшдэг хүн буудлага үйлдэхдээ амь хохирогч Б.С, шүүгдэгч Г.Б нарыг хаана отолтод суусныг магадлахгүйгээр хайхрамжгүй хандаж буудлага үйлдсэний улмаас амь хохирогч Б.Сын амь насыг хохироосон гэж дүгнэв.

Амь хохирогч Б.С, шүүгдэгч А.Х нар нь хоорондоо сайн харилцаатай, хэрэг гарах үед болон урьд хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрэлдэж маргалдсан, өр авлага, өш хонзон байгаагүй буюу шүүгдэгч А.Х нь амь хохирогч Б.Сыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Х, С.Б, Н.Н, Г.Б нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А.Х, С.Б, Н.Н, Г.Бын нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас байгаль экологид /Увс аймгийн Өндөрхангай сумын Тамгын газарт/ 5’160’000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна. Уг хохирлыг шүүгдэгч нар нь төлсөн болох нь Хаан банкны “Банк хоорондын шилжүүлэг” /4 дүгээр хх-ийн 38 дугаар хуудас/ гэх баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын “...Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулж авсан. Хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлгээр /1 дүгээр хх-ийн 197-198 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Хын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон байна. Амь хохирогч Б.Сын оршуулгын зардалд буюу хор уршигт шүүгдэгч А.Х 88’687’000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны “Мөнгөн шилжүүлэг” /4 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/ гэх баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэл гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч А.Х, С.Б, Н.Н, Г.Б нараас гаргуулах хохирол, төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалтай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Н, Г.Б, С.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалтай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч А.Х, С.Б, Н.Н, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч А.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Х-ын хувийн байдал тогтоосон гэрч И.Б-ы /2 дугаар хх-ийн 21 дүгээр хуудас/ мэдүүлэг, гэрч Т.Л-гийн /2 дугаар хх-ийн 22 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 231 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Н-ы хувийн байдал тогтоосон гэрч А.А-ийн /2 дугаар хх-ийн 20 дугаар хуудас/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 230 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б-ын хувийн байдал тогтоосон гэрч Ц.Ц-ын /2 дугаар хх-ийн 24 дүгээр хуудас/ мэдүүлэг, гэрч Ж.Б-ын /2 дугаар хх-ийн 25 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 229 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б-ын хувийн байдал тогтоосон гэрч Б.Ж /2 дугаар хх-ийн 19 дүгээр хуудас/ мэдүүлэг, гэрч Т.Л-гийн /2 дугаар хх-ийн 26 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 228 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч А.Х-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, эрүүгийн хариуцлагыг тус тусад эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Х-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал буюу анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус зүйл ангид заасан ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгчийг тэнсэгдсэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын хэмжээ авах үндэслэлтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан тэнсэх гэх ойлголт нь шүүгдэгчид хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалзах хугацаа тогтоохоор тодорхойлсон байсан. Харин 2015 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ял оногдуулахгүйгээр тэнсэх, 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэж ялган хуульчилсан байна. Тодруулбал 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлал нь эрүүгийн эрх зүйн тэнсэх гэх ойлголтыг өмнөх хуулийнхаас өөрчилж, шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, хяналтын хугацаа тогтоохоор хуульчилсан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэх тохиолдолд сонгох санкцтай буюу тухайн гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын аль нэгийг сонгож хэрэглэж болох тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх тохиолдолд тухайн төрлийн гэмт хэрэгт хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах боломжгүй эсхүл зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хэрэглэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч А.Х-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахыг тэнсэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд  гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч А.Х-т 6’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’000’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь тухайн гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, төлөвлөсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н, Г.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Б-ыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Н-г 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч нарыг тэнсэгдсэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын хэмжээ авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А.Х-ын баруун, зүүн гараас авсан арчдас, баруун, зүүн гараас авсан хумс, С.Б-ын баруун, зүүн гараас авсан арчдас, баруун, зүүн гараас авсан хумс, Г.Б-ын баруун, зүүн гараас авсан арчдас, баруун, зүүн гараас авсан хумс, амь хохирогч Б.С-ын цогцсын баруун, зүүн гараас авсан арчдас, баруун, зүүн гараас авсан хумс, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус 5 ширхэг, модны хэсэг 1 ширхэг, Улаанбаатар гэх нэртэй архины шил 1 ширхэг, Эдэн нэртэй архины шил 1 ширхэг, эмээл 2 ширхэг, хазаар 2 ширхэг, тохом 2 ширхэг, гахайны арьс 4 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вепрь хантер загварын буу 1 ширхэг, Сайга М3 загварын буу 1 ширхэг, ZKK 600 загварын буу 1 ширхэг, ТОЗ-8 загварын буу 1 ширхэг, Винтов загварын буу 1 ширхэг, Дорбинк загварын буу 1 ширхэг, бууны уут 3 ширхэг, сумны хонгио 7 ширхэг, сумны хошуу 2 ширхэг, сум 147 ширхэг зэргийг устгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж, амь хохирогч Б.Сын өмсөж явсан хүрэм 1 ширхэг, хантааз 1 ширхэг, цамц 2 ширхэг, майк 1 ширхэг, өмд 2 ширхэг, дотоож 1 ширхэг, оймс 2 хос, гутал 1 хос, хутга 2 ширхэг, таван хурууны бээлий 2 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт буцаан олгож, Ди ви ди /DVD/ 2 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн ...энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заасан байна. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сайга М3 загварын буу нь иргэний нэхэмжлэгч Э.Эын өмч биш тул түүнд буцаан олгох үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ланд круйзер-200 загварын 00-66 улсын дугаартай автомашин нь түүний өмч биш тул уг автомашиныг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ болох 87’716’667 төгрөгийг, шүүгдэгч Г.Б-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хул зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай, 8 настай морь 1 ширхэг, халиун алаг зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай, 10 настай морь 1 ширхгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулах үндэслэлтэй. Иймд Ланд круйзер-200 загварын 00-66 улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаярын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан туршилт хийх ажиллагааны зардалд шүүгдэгч А.Хаас Увс аймгийн шүүхийн тамгын газарт 396’750 төгрөгийг, Увс аймгийн прокурорын газарт 219’000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ургийн овогт А-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалтай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М  ургийн овогт Н-н Н, Э ургийн овогт Г-ын Б, Б ургийн овогт С-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалтай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’000’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг  5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгчийг тэнсэгдсэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7’000’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Б-ыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Н-г 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч нарт тэнсэгдсэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын хэмжээ авсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, Н.Н, Г.Б нарт хяналт тавих үүргийг тэдгээрийн оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, Н.Н, Г.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Шүүгдэгч А.Х, С.Б нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

8. Шүүгдэгч А.Х, С.Б, Н.Н, Г.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А.Х-ын баруун, зүүн гараас авсан арчдас, баруун, зүүн гараас авсан хумс, С.Бын баруун, зүүн гараас авсан арчдас, баруун, зүүн гараас авсан хумс, Г.Б-ын баруун, зүүн гараас авсан арчдас, баруун, зүүн гараас авсан хумс, амь хохирогч Б.С-ын цогцсын баруун, зүүн гараас авсан арчдас, баруун, зүүн гараас авсан хумс, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус 5 ширхэг, модны хэсэг 1 ширхэг, Улаанбаатар гэх нэртэй архины шил 1 ширхэг, Эдэн нэртэй архины шил 1 ширхэг, эмээл 2 ширхэг, хазаар 2 ширхэг, тохом 2 ширхэг, гахайны арьс 4 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Вепрь хантер загварын буу 1 ширхэг, Сайга М3 загварын буу 1 ширхэг, ZKK 600 загварын буу 1 ширхэг, ТОЗ-8 загварын буу 1 ширхэг, Винтов загварын буу 1 ширхэг, Дорбинк загварын буу 1 ширхэг, бууны уут 3 ширхэг, сумны хонгио 7 ширхэг, сумны хошуу 2 ширхэг, сум 147 ширхэг зэргийг устгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж, амь хохирогч Б.Сын өмсөж явсан хүрэм 1 ширхэг, хантааз 1 ширхэг, цамц 2 ширхэг, майк 1 ширхэг, өмд 2 ширхэг, дотоож 1 ширхэг, оймс 2 хос, гутал 1 хос, хутга 2 ширхэг, таван хурууны бээлий 2 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт буцаан олгож, Ди ви ди /DVD/ 2 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ланд круйзер -200 загварын 00-66 улсын дугаартай автомашины үнэ болох 87’716’667 төгрөгийг, шүүгдэгч Г.Б-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хул зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай, 8 настай морь 1 ширхэг, халиун алаг зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай, 10 настай морь 1 ширхгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, С.Б, Н.Н, Г.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗАЯА