| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0082/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 92
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Э-ын Д-д холбогдох 2035000000090 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Э-ын Д 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Тэс сумын ... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .....
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт насанд хүрээгүй хохирогч О.Ч-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000090 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Насанд хүрээгүй хохирогч О.Ч-ийн “...Тэс сумын Э.Д гэх залуу хажуудаа танихгүй нэг залуутай ирж тухайн үед тэнд сагс тоглож байсан бас нэг танихгүй залуутай нэг баг болж 3 эсрэг 3 сагсан бөмбөг тоглосон. Ч.Б, Ж.О бид нар нэг баг болж Э.Д болон танихгүй залуучуудтай тоглох үед эсрэг багийн хүмүүс бид нарыг түлхэх, мөрлөх зэргээр дээрэлхүү байдлаар тоглоод байсан. Манай баг тэд нарыг 3 удаа хожсон Э.Д дараалан 3 удаа хожигдсондоо уурлаж намайг зүүн гараа толгойн дагз хэсэг рүү алгадаад түүний дараа дахин зүүн гараараа цамцны захаас заамдаж байгаад баруун гараа атгаж байгаад хамар хэсэг рүү 1 удаа цохисон. Э.Д бид хоёрыг Ч.Б, Ж.О нар салгасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
2. Гэрч Ж.О-ын “...О.Ч, Б бид нар нэг баг болж Э.Д болон танихгүй залуучуудыг 3 удаа хожсон. Э.Д дараалан 3 удаа хожигдсондоо уурлаж манай найз О.Чийн зүүн гараа толгойн дагз хэсэг рүү нь алгадаад түүний дараа дахин зүүн гараараа цамцны захнаас нь заамдаж байгаад баруун гараар атгаж байгаа хамар хэсэг рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “...Үзүүлэгч О.Ч-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны цуурсан хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой ба шинээр үүссэн гэмтэл байна. Хамар ясны цуурсан хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 348 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
4. Шүүгдэгч Э.Д-гийн яллагдагчаар өгсөн “...Би тоглож дуусчхаад бөмбөг шидэхэд миний шидсэн бөмбөг шийдийн цагариганд гоол орсон энэ үед О.Ч надад хандаж “бөмбөг шийдийн цагариганд гоол хийдэг байсан юм уу” гэж хэлэхээр нь би хохирогч О.Ч-т хандаж бөмбөг шийдийн цагариганд гоол хийдгүй байхдаа сагс тоглодог юм уу? гэж хэлээд уурандаа хохирогч О.Ч-ийн толгой, нүүрний хэсэгт гараараа цохисон. Тэгтэл Чийн хамраас нь цус гарч эхэлсэн ба О.Ч “хамар гэмтчихлээ” гэж хэлэхээр нь хамт сумын эрүүл мэндийн төв орж эмчид үзүүлж анхан шатны тусламж үзүүлсэн...” /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт сагсан бөмбөг тоглож байгаад үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар насанд хүрээгүй хохирогч О.Ч-ийн дагз, хамар хэсэг рүү гараараа тус бүр 1 удаа цохиж, насанд хүрээгүй хохирогчийн биед “хамар ясны цуурсан хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Э.Д-гийн биед учирсан “хамар ясны цуурсан хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан” гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Э.Д нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Д-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн болох нь насанд хүрээгүй хохирогч О.Ч-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д-гийн “Миний хүү О овогтой Ч-ийн биед Э.Д нь хөнгөн гэмтэл учруулсан. Учирсан хохирлыг төлж барагдуулсан учир цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Дгээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Ц.Ц /хх-ийн 11-12 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Ч.Ж /хх-ийн 13-14 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Э-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА