Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 0120

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Д.Нямбат,

            шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Ч овогт Г.Бод холбогдох 1908050930075 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэлд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрхан 1 дүгээр гудамжны 2а тоотод оршин суудаг, Урд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 43б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн, Ч овогт Г.Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Г.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... “чамаас болж миний эхнэр хүүхэд надаас салсан” гэх шалтгаанаар П.Гын нүүрэн тус газар цохиж, хутгаар хөл рүү нь хутгалж, биед баруун дээд 1,2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн өвдөгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн шинжтэй дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7х/, ...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10х/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13х/, хутгыг эд мөрийн тооцсон тогтоол /хх-ийн 14х/, хохирогч П.Гын мэдүүлэг /хх-ийн 22х, 23х/, гэрч Б.Нын мэдүүлэг /хх-ийн 26-27х/, гэрч Л.Огийн мэдүүлэг /хх-ийн 29х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11914 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32х/, шүүгдэгч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 50х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... “чамаас болж миний эхнэр хүүхэд надаас салсан” гэх шалтгаанаар П.Гын нүүрэн тус газар цохиж, хутгаар хөл рүү нь хутгалж биед эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн шинжтэй дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7х/, 

...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10х/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13х/,

Хохирогч П.Гын “...хаалга тогшихоор онгойлготол Б согтуу байсан. Б надад хандаж өдөр би архи авч өгөхөд чи надад зөрүүлээд архи авч өгсөнгүй гээд надад агсан согтуу тавьсан. Н ах та хоёроос болж би их хохирсон хүн, шүүхээр торгуулийн ял авсан. Уг торгуулийн ялаас болж манай эхнэр хүүхэд надаас салсан гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн хөргөгчин дээр байсан хутга аваад өмнө чиний 2 нүдийг ухаж чадаагүй юм чинь одоо чамайг алчихсан ч яах бэ гээд зүүн өвдөг тус газар хутгалсан. Дахиж хутгалах гээд байхаар ноцолдоод гадагшаа зугтах гэхэд Б хаалгыг дотроос нь цоожилсон. Ноцолдож байхад нийтийн байрны хажуу өрөөний залуу Н цагдаа дуудаад, цагдаа ирээд Быг саатуулах байр руу аваад явсан. ...Б саатуулах байрнаас гарч ирээд бэлнээр надад 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х, 23х/,

Гэрч Б.Нын “...2019 оны 09 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай хажуу өрөөний Г согтуу коридорт хөл нүцгэн явж байхаар нь “юу хийж байгаа юм” гэж асуухад хойд хашааны Б гэрт орж ирээд байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод байж байхад Г гэрийнхээ хаалгыг балбаад байсан ба нэлээн чанга удаан нүдэж байгаад гэртээ орох шиг болсон. Тэгээд өрөөндөө маргалдаад байх шиг чимээ гарч байснаа сүүлдээ зодолдоод байх шиг болохоор нь би гэрээсээ гараад хаалгыг нь нүдэхэд онгойлгохгүй байхаар нь цоожных нь нүхээр хартал Б манай хажуу өрөөний Гыг зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11914 дугаартай: “П.Гын биед баруун дээд 1,2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, дээд уруулын дотор салстын язрал, шүдний сулрал гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийнн 32х/,

Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нгийн дүү гэх Г гэх залуутай би хааяа нийлж архи уудаг. Урд өмнө 2019 оны 04 дүгээр сард бид хоёр хамт ууж байгаад хутгалаад Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1.200.000 мянган төгрөгөөр торгуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би эхнэртэйгээ муудалцаад манай эхнэр хүүхдүүд аваад явсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр архи уумаар санагдаад 16 цагийн үед Г ахтай тааралдаад ганц шил архи хувааж ууя гээд 0.75 граммын архи хувааж уусан. Тэгээд архи ууж байхдаа маргалдаад өмнөх хэрэг дээр шүүхээр орохдоо хохирлын мөнгө өгөөгүй. Г тэгтэл надад хандаад чи муу надад хохирлын мөнгө өгөөгүй, новш энэ тэр гээд хараагаад байсан. Би Гтай муудалцмааргүй санагдаад гэртээ буцаж ороод ганцаараа архи уусан. Согтоод уур хүрээд эхнэр хүүхэд байхгүй байсан учраас сэтгэл санаагаар унаад Гын гэр рүү буцаж орохоор хаалгыг нь нүдсэн. Хаалгыг нүдээд их согтсон байсан учраас юу гэж хэлснээ мэдэхгүй байна. Ямар ч байсан чамаас болж миний амьдрал сүйрлээ гээд хөргөгчин дээр байсан хутгыг нь аваад зүүн өвдгөн тус газар хутгалсан. Ер нь айлгах санаатай хутгалсан. Тэгээд Г надтай ноцолдоод байсан би ядраад болиод байж байтал цагдаа нар ирээд намайг саатуулах байр руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч П.Гыг хутгалж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Г.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...100,000 төгрөг авсан, цаашид надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 23х/, хүсэлт /хх-ийн 86х/ зэргийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбат нь Г.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Г.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан Г.Бын хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй,  хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул шүүгдэгч Г.Бод торгох ял оногдуулах  боломжгүй байна.

 Мөн улсын яллагчаас шүүгдэгч Г.Бод 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан боловч шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Г.Б нь өмнө хохирогч П.Гын эрүүл мэндэд хутга, унь гэх мэт эд зүйл, хүйтэн зэвсгийг хэрэглэн хөнгөн хохирол учруулсан хэргээр торгох ял шийтгүүлсэн атал тэрбээр энэ үйлдэлдээ дүгнэлт хийлгүй дахин хохирогч П.Гыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу гэмт хэрэг үйлдэх болгондоо байнга зэвсэг хэрэглэж буй нөхцөл байдал тогтоогдсон, түүний хувийн байдал, бусад хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 48 цагийн хугацаагаар сэжигтнээр баривчлагдсан /хх-ийн 39-40х/ байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 2хоногх8цаг=16 цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтож, шүүгдэгч Г.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 2хоногх8цаг=16 цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ