Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 102/2016/06912/и |
Дугаар | 2050 |
Огноо | 2016-12-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2050
“А” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05459 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “А” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Ө-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66 074 570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М ,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ө ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч “А” ХЗХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ХЗХ нь Г.Ө-д 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ-110911 тоот зээлийн гэрээ байгуулан, 26 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж, зээлийг мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээл, хүүгийн хамт 27 300 000 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцсон боловч Г.Ө нь уг хугацаандаа төлөөгүй.
Хариуцагчаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан ба нэг удаагийн уулзалтаар Г.Ө нь өрөмдлөгийн ажил олсон, сайн мөнгө олдог учир хамтран ажиллая гэсэн тул захирал Ц.Б нь Солонгос компаниас хайгуулын өрөмдлөгийн машин худалдан авахаар болсон.
Уг машиныг авахад гааль, тээврийн зардал дутсан учир Г.Ө гөөс 22 445 000 төгрөг авч төлсөн бөгөөд түүний төлбөл зохих зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцохоор харилцан тохиролцсон.
Тухайн үед хариуцагчийн зээлд төлөх төлбөр 38 792 000 төгрөг байсан тул 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон зээлийн хүүд 10 660 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 132 000 төгрөг, үндсэн зээлд 9 653 000 төгрөгийг төлснөөр тооцож, Г.Ө нь 16 347 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон боловч төлөөгүй байна.
Иймээс 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, хариуцагчаас үндсэн зээл 16 347 000 төгрөг, зээлийн хүү 41 439 645 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 287 925 төгрөг, бүгд 66 074 570 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус ХЗХ-ноос 26 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Би нэхэмжлэгчид ажил олж өгөөд 22 445 000 төгрөг төлж тооцоогоо дарсан гэж ойлгосон. Өдий олон жил болоход надад ерөөсөө хандаж байгаагүй. Одоо манай компани болох “С” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа зогссон, би бүх байр, эд хөрөнгөө барьцаанд тавиад алдсан, төлбөрийн чадварүй болсон. Тухайн үед би Ц.Б-т 22 445 000 төгрөгөөс гадна өрөмдлөгийн ажлын дагуу 23 805 000 төгрөг өгсөн бөгөөд надад тусалсан учир би хариу тусалж байсан.
Иймээс би зээлд 3 555 000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа. Уг мөнгийг төлөхийг зөвшөөрнө. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХЗХ-ны Г.Ө гөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66 074 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 488 322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрт дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг “хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ “...зээлийн тооцоо дууссан гэж ойлгосон, ... олон жил өнгөрөхөд надад нэг ч удаа хандаж байгаагүй...” гэж тайлбарладаг” гэх хариуцагчийн тайлбарт үндэслэн “...нэхэмжлэгч талын, хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардаж буй нь үндэслэлтэй боловч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөний улмаас Г.Ө нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх үүсчээ” хэмээн шүүгч өөрийн ийм шийдвэр гаргах болсон үндэслэлийг тайлбарлажээ.
1. Хариуцагч Г.Ө нь шүүх хурал дээр “гэрээний үүрэг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх шалтгаанаар “үүргээ гүйцэтгэхээс татгалзсан” талаар ямар нэгэн хүсэлт, тайлбар огт хийгээгүй, дурьдаагүй, харин зээлсэн мөнгөнөөсөө 3 555 000 төгрөг төлье гээд байхад шүүгч талуудын сунгасан эсэх болон зөвхөн нэхэмжлэгч талд асуулт тавьж, хариулт авах замаар болон шүүгч өөрийн хэлж буй үг, үйлдлээрээ “хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул мөнгө төлөхгүй гэж татгалзах эрхтэй байна шүү” гэж хариуцагчид ойлгуулан, талуудад мэтгэлцэх, эвлэрэх боломж олголгүй, нэг талд үйлчлэн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хариуцагч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн нь нэхэмжлэгчийн өгсөн мөнгөө шаардах субьектив эрхийг ор тас үгүйсгэхгүй бөгөөд 82.2-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасан байдаг. Хариуцагч Г.Ө нь бичгээр болон шүүхэд гаргасан тайлбартаа тус хоршооноос 26 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн төлбөр тооцооноос өмнө нь 22 445 000 төгрөгийг төлснөө мөн шүүхээр нэхэмжилж буй зээлийн өр төлбөрөөс 3 555 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгч ч “хариуцагч Г.Ө нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талд 3 555 000 төгрөг төлж эвлэрэх санал тавьсан” болохыг шийдвэртээ дурьдсан зэрэг нь түүнийг “үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн”, хариуцагчийг “үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” болохыг нь харуулж байгаа.
Түүнчлэн хариуцагч 3 550 000 төгрөг төлөх санал тавьсан явдал нь “үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, дүнг багасгах хүсэл сонирхолтой” болохыг нь л харуулж байгаа болохоос бус шүүгч шийдвэрийнхээ үндэслэл болгосон шиг “хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан шалтгаанаар үүргээ гүйцэтгэхээс татгалзсан” явдал огт биш юм.
Анхан шатны шүүх маргааныг талуудын тавьсан шаардлагын хүрээнд л шийдвэрлэх ёстой бөгөөд шүүхэд маргааны агуулгыг өөрийн санаачлагаар дур мэдэн өөрчлөх эрх олгогдоогүй билээ. Гэтэл шүүгч нь дээрх байдлаар хариуцагчийн хариу тайлбарыг гуйвуулан тайлбарлаж, хариуцагч хугацаа дууссан үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзсан мэтээр үндэслэлгүй шийдвэрлэсэн нь шүүгч өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих хэргийн оролцогчдод эрх тэгш хандах, төвийг сахих, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц байдлаар биеэ авч явах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажилгаагааны журам болон шүүгчийн ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчсөн.
2. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул...” нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлзэсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан.
Хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг нь хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг хэлдэг бөгөөд хуулийн дээрх заалтаас үзвэл, тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас гадна үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл, хуульд заасанчлан урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргахаас гадна сөрөг шаардлагыг тооцох санал гаргах, өрийг хойшлуулах хүсэлт тавих зэрэг бусад хэлбэр, зан үйлээр илэрч болох ба эдгээр үйлдлүүдэд өрийн үндэслэл, хэмжээг заавал дурьдсан байх албагүй ба үүргээ хүлээн зөвшөөрч байгаа явдал нь л хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулахад ач холбогдолтой байдгийг эрдэмтэд тайлбарласан байдаг.
Хариуцагч Г.Ө гийн 2012 оны 5 дугаар сард зээлдүүлэгч “А” ХЗХ-нд зээлийн өр төлбөрөөс 22 445 000 төгрөг төлсөн нь сөрөг шаардлагыг тооцох санал гаргах хэлбэрээр үүргээ хүлээн зөвшөөрсөн явдал мөн бөгөөд хариуцагч бичгээр болон шүүхэд гаргасан тайлбаруудад болон шүүх хуралдаан дээр ч яригдсан. “...2012 оны 7 дугаар сард Дорноговь аймгийн айраг сумын Дай уулын талбайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ хийн ажилд гарахдаа Ц.Б-ын өрөмийг хамт оруулсан”, “.. аж ахуйн хашаа байхгүй учир манай хашаанд хагас жил шахам тавьсан”, “...өрөмдсөн үнэ болох 23 805 000 төгрөгийг ажил дууссаны дараа шууд бэлнээр өгсөн” зэргээр дурьдсан. Мөн ...өрмийн машиныг хадгалуулж байхад нэхэмжлэгч хоршооны захирал Ц.Б-ын худалдан авсан өрмийн машины дагалдах эд анги компрессор алга болсон ба түүнийгээ олж авах, өрөмдлөгийн ажил сураглах зорилгоор хариуцагч Г.Ө тэй байнга уулзалддаг байсан, 2015 оны хавар тааралдахдаа “чи мөнгөө нэхэхээ азнаж бай, би удахгүй өгнө, манай компани Асем виллагийн тэрбум төгрөгийн өрөмдлөгийн ажил хийж байгаа, мөнгө нь ороод ирэхээр танай мөнгийг өгнө” гэсээр өдийг хүрсэн нь хариуцагч Г.Ө өрийг хойшлуулах хүсэлт тавих хэлбэрээр үүргээ хүлээн зөвшөөрч байгаа явдал байсан ба шүүгчийн шийдвэртээ дурьдсан шиг “..нэхэмжлэгч талын шаардах эрх нь хугацаа дууссан үеэс буюу 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэсэн нь шүүгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн фактыг л олж харж, маргааныг хянан шийдвэрлэхээр хуралд орохоосоо өмнө урьдчилсан дүгнэлт хийн, үндэслэлгүй шийдвэрлэснээс гадна хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Тиймээс Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05459 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч “А” ХЗХ нь хариуцагч Г.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66 074 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...3 555 000 төгрөгийн үлдэгдэлтэй бусад хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 66 074 570 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч Г.Ө нь 16 347 000 төгрөгийг нэхэмжлэгч “А” ХЗХ-д 2017 оны 4 дүгээр сард төлж дуусгахаар тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05459 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.Ө гөөс нэхэмжлэгч “А” ХЗХ-д 16 347 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХЗХ-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 488 322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
С.ЭНХТӨР