Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2018/0009

Төв аймаг

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэлд холбогдох иргэн М.Доржмаагийн гаргасан “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т Засаг даргын Тамгын дарга Ч.Сарангэрэл холбогдох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд, түүний улмаас нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу өөр албан тушаалд шилжүүлэн томилсон захиргааны акт гаргахыг Засаг даргын Тамгын газрын даргад даалгах, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэлийн намайг өөр албан тушаалд шилжүүлэн томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 10 сарын цалин 6.119.370 төгрөгийг гаргуулах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Доржмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Доржмаа би Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэлтэй тохиролцож ажлаа өгсөн байхад үүнтэй холбогдох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсны дагуу өөр албан тушаалд шилжүүлэн томилсон захиргааны акт гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэлд даалгах, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэлийн намайг өөр албан тушаалд шилжүүлэн томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны нийт 10 сарын цалин болох 6.119.370 /Зургаан сая нэг зуун арвсан ёсөн мянга гурван зуун далан/ төгрөгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрыг 6 хэлтэс, 1 штаб нийт 41 хүртэл орон тоотой байхаар тогтоосон. Энэ тогтоосон орон тооны хязгаарт багтаан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө" гэж заасны дагуу аймгийн онцлог, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан орон тоо, ажил үүргийн хуваарийг өөрчлөх эрхтэй байдаг. Энэ хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/30 тоот тушаалаар шинэчилэн баталсан. “... М.Доржмаагийн нэхэмжлэлд дурдсан харилцан тохиролцсоны дагуу өөр албан тушаалд шилжүүлэн томилсон захиргааны акт гаргахыг даалгах, өөр албан тушаалд шилжүүлэн томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацаа болох 10 сарын цалин гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан боловч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр талууд хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Доржмаа, хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл нар нь харилцан тохиролцож 2018 оны 04 сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч Монгоо овогтой Доржмааг Аймгийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ТЗ-5 зэрэглэлийн ажлын байр хангах,

2. 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 сарын 31-ний хоорондох үндсэн цалин болох 4.079.584 /дөрвөн сая далан есөн мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг нөхөн олгох,

3. Аймгийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалыг үндсэн цалингаас тооцож нөхөн төлнө гэжээ...

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” мөн хуулийн 68.2.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд хэргийн оролцогч нарт шүүгчийн захирамжийн үр дагав рын талаар тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч М.Доржмаа, хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл нар нь 2018 оны 04 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

  ШҮҮГЧ                                           Д.ЗОРИГТБААТАР