Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0612

 

 

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0612

Улаанбаатар хот

 

 

 

 

                                                     Ү.Б-ийн нэхэмжлэлтэй

                 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ү.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч У.Х, гуравдагч этгээд Г.Г нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ү.Б-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “...Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 43 дугаар зүйлийн 43.3.1-43.3.4, 43.6, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.2, 25.1.5-д заасныг тус тус үндэслэн Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаар “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/26 дугаар “Г.Г-ыг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.3-д заасныг тус тус үндэслэн Булган аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/18 дугаар “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоож”,

3 дахь заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус үндэслэн Булган аймгийн Засаг даргыг Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ү.Б-д хариуцлага тооцох эсэх асуудлыг шийдвэрлэсэн шинэ акт гаргах хүртэл түүний 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаартай захирамжийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж”,

4 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан ...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д давж заалдах гомдолдоо: “... Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийн зарим заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэн Ү.Б нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Засаг даргын 2021 оны Б/10, Б/18, Б/25, Б/26 дугаар захирамжуудтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх хянан үзээд Б/10, Б/26 дугаар захирамжуудыг хүчингүй болгон, Б/18 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосон мөртлөө Б/25 дугаар захирамжийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь хэдийгээр хуульд заасан зохицуулалт боловч энэ маргааныг шийдвэрлэхэд хэрэглэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Б/25 дугаар захирамж нь ажлаас чөлөөлсөн шийдвэр тул уг захирамжийг хүчингүй болгуулах Ү.Б-г Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 72 хоногийн цалинтай тэнцэх 4,702,608 төгрөгийн нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байсан.

Аймгийн Засаг дарга Б/25 дугаар захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн гаргасан байдаг. Гэтэл шүүх дүгнэхдээ Шилэн дансны тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 2 дугаар хавсралтад холбогдох мэдээллийг оруулахдаа тус цонхонд бүртгэгдэх мэдээллүүдээс онцлог зардлуудын хэмнэлт, хэтрэлтийн талаарх тайлбарыг дэлгэрэнгүй бичиж хавсаргахыг тайлбарласан байна” гээд онцлог зардлуудын хэмнэлт, хэтрэлтийн талаарх тайлбар” гэсний дагуу холбогдох мэдээллийг оруулах үүрэг байсныг харуулж байна” гэх мэтээр үндэслэл болгоогүй хуулийн зүйл, заалтыг тайлбарлаж захирамжийг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, дээрх шилэн дансны хууль болоод Засгийн газрын журмын талаар хэн ч ярьж мэтгэлцээгүй, энэ талаар шалгаж тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Өмнө арга хэмжээ авагдсан Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б/18 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор Б/25 дугаар захирамжийн үндэслэл болгосон “Албан үүргээ удаа дараа /3 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн гэх Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг үндэслэх боломжгүй болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн нь үндэслэлтэй болохыг дүгнээгүй, худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийг “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу шалгаж тогтоолгүйгээр хариуцлага тооцох шийдвэр гаргасан зэргийг бүрэн дүүрэн хянаж үзэлгүй шийдвэрлэсэн Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн 3, 4, 5 дахь заалтыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.”

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ү.Б-гээс “Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10, 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25, Б/26 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, мөн оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.

Маргаан бүхий Б/10 дугаар захирамжаар “Бугат суманд баригдсан Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажилд гүйцэтгэлийн болон чанарын хяналт тавих албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ү.Б-д албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан,

Б/18 дугаар захирамжаар “Ү.Б нь дээрх Б/10 дугаар захирамжийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан,

Б/25 дугаар захирамжаар “Ү.Б нь худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас халсан,

Б/26 дугаар захирамжаар “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Г-ыг томилсон” байна.

1. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчаас нэхэмжлэгч Ү.Б-г Бугат суманд баригдсан Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажилд гүйцэтгэлийн болон чанарын хяналт тавих албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болохыг хэрхэн шалгаж тогтоосон, маргаан бүхий Б/10 дугаар захирамжийг биелүүлээгүй гэж  нэхэмжлэгчийн буруутгах хууль зүйн үндэслэлтэй эсэх, худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдлыг бодит байдалд ямар баримтад үндэслэн хэрхэн тогтоосон болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг шүүх гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэж ойлгохоор, 38.4-т зааснаар төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулахаар хуульчилсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ү.Б-ийн гаргасан гэх зөрчлийг баттай тогтоосон эсэх талаарх баримтыг бүрэн цуглуулаагүй, цугларсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргалгүй, тэдгээрийг үндэслэн маргаан бүхий актууд хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дүгнэн хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөж, дүгнэлт өгөх боломжгүй.

2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийг Сургуулийн барилга, 320 хүүхдийн суудал /Булган, Бугат сум/ ажил гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэлд чанарын болон хугацааны хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй” гэж үзээд Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгосон, “...хуулиар өөрт ногдуулсан үүргээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан сахилгын арга хэмжээг биелүүлээгүй хэмээн буруутгаж түүний өөрт хамаарах сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын талаар гомдол гарган хянан шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах үндэслэл хариуцагчид байгаагүй” гэж дүгнээд Б/18 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосон байна.

Улмаар “... Б/25 дугаар захирамжийн үндэслэл болсон “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөл дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа ч “Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй хэмээх зөрчил гаргасан болох нь нотлогдсон, ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.137.1.8-д заасан зохицуулалтуудыг үндэслэн Ү.Б-д хариуцлага тооцсон хариуцагчийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа “ “Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан хэмээх үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцлага тооцох эсэх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэлээр Булган аймгийн Засаг дарга нь тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Б-д хариуцлага тооцох эсэх асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл хариуцагчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаартай захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар зөрүүтэй дүгнэлтүүдийг хийжээ.

Мөн “... нэхэмжлэгчийн “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх эрхгүй” гэж үзээд хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч маргаж байгаа асуудлаар тухайн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий, эсхүл дээд шатны байгууллагад огт хандаагүй, эсхүл хандаж шийдвэрлүүлэх боломжтой тохиолдолд энэхүү хуулийн заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой.

Уг маргааны хувьд нэхэмжлэгчээс өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан талаар, мөн түүнийг ажлаас үндэслэлгүй халсан акттай тус тус маргаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа “Б/25 дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсэн тул энэ шаардлагыг шийдвэрлэх боломжгүй, ... дахин шинэ акт гаргахдаа Ү.Б-ийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллах эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргасан тохиолдолд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд дахин гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй” гэж дүгнэн  нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзсан нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгчид цаг хугацааны болоод бусад байдлаар сөрөг үр дагаврыг бий болгож байна.

Шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэх, тийм бол зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх боломжтой талаар нягталж, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үнэлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой бөгөөд шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой байх ёстой.

Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна.

Товчхондоо анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, нэхэмжлэлийн зарим шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                  А.САРАНГЭРЭЛ

                ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 

 

 

c