Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 63

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч- ************* нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ************* өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. 1980 онд 8-р анги төгсөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумийн малын эмчийн ангид элсэн орж 1983 онд малын бага эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр бригадад малын эмчээр томилогдон ажилласан бөгөөд 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс гэрээт малын эмчээр ажилласан. Одоо нас ************** хүрсэн, малын эмч нарыг хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хууль байгаа тул тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үеийн ажилласан жилийн тушаалыг архиваас авч шүүхэд өгсөн. 1990-1996 онуудын тушаал байхгүй, архиваас хайгаад ч гарч ирэхгүй байсан. Тэгсэн хувийн мал эмнэлгийн эзний гэрт хэдэн баримт байсан тэгээд материал бүрдүүлж өгсөн. хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч 1990-1996 оны хоорондох тушаал байхгүй, манай байцаагч шинэ хүн тул учрыг нь олохгүй шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн. Иймд 1984 оны 11 сарын 20-ны өдрөөс 1997 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багт малын эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************* нь 1984 оны 11 сарын 20-ны өдрөөс 1997 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багт малын эмчээр ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаартай “Баян-Өндөр бригадад малын бага эмчээр томилсон” нотариатаар батлуулсан тушаалын хуулбар,

Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн даргын 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай “Баян-Өндөр бригадын ЭТЦ-ийн эмчээр томилсон” тушаалын архивын хуулбар,

мөн нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай “мал тууврын эмчээр явах болсон тул Баян-Өндөр хэсгийн малын бага эмчийн ажлаас түр чөлөөлсөн” тушаалын архивын хуулбар,

Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай “Баян-Өндөр багийн бага эмчээр томилсон” нотариатаар батлуулсан тушаалын хуулбар,

мөн албаны даргын 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “1997 оны ажиллах чиглэл, даалгавар өгөх, цалин тогтоох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын 2 дугаар хавсралт, Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг даргын тамгын газар гэсэн тамга дарсан цалингийн хүснэгт,

375 дугаартай хүндэт тэмдэгийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар,

254387 дугаартай хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа,

253238 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа,

0149050 дугаартай гишүүний бат илэрхийлэх дэвтэр эх хувиараа,

604695 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх дэвтэр эх хувиараа,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 400 дугаартай цалингийн лавлагаа,

Цогт сумын мал эмнэлэг үржлийн албаны эрхлэгчийн 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай “мал эмнэлгийн ажилтануудын цалин нэмэх тухай, ...малын бага эмч ************... гэсэн” тушаал хавсралтын хамт эх хувиараа,

мөн албаны эрхлэгчийн 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал эх хувиараа,

Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “...Баян-Өндөр багийн бага эмч ************ 27 хоногоор ээлжийн амралт олгох тухай...” тушаал эх хувиараа,

1995-1999 он цалингийн тодорхойлолт гээд Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг дарга гэсэн тамг дарсан баримт,

879 дугаартай дипломын нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ /хх- 35, 36, 37, 38, 39, 40, 41, 44-71, 72-100, 101-113, 114-134, 135, 136, 137, 140, 141, 142, 143, 144, 145/.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан дээрх баримтуудаас Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, 0149050 дугаартай гишүүний батлах гэсэн дэвтэр, 604695 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх гэсэн дэвтрүүд дээрх овог, нэр, төрсөн он зэрэг нь засвартай, өмнөх нэрийг хусаж арилгаад нэхэмжлэгчийн овог нэрийг бичсэн баримт байх тул эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-39, 101-113, 114-134/.

Нэхэмжлэгч ************** 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлгийн тасгаас нээсэн 254387 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Цогт сумын мал эмнэлэгт бага эмчээр мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар тушаалаар томилов гэж, Цогт сумын мал эмнэлгийн бага эмчийн үүрэгт ажлаас Цогт сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1996 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тушаалаар чөлөөлөв гэсэн бичилт хийгдэж дээрх бичилт бүр дээр “мал эмнэлгийн улсын хяналтын албаны улсын байцаагч УКА14-05-13 гэсэн бөөрөнхий тэмдэг дарж, ажлаас чөлөөлсөн 1996 он, 06 дугаар сар хоёрыг хусаж арилгаад засаж 1996, 06 гэж бичсэн байна /хх-45-46/.

Нэхэмжлэгч ************ 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цогт сумын Баян-Өндөр бригадад малын бага эмчээр томилсон болох нь Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаартай нотариатаар батлуулсан тушаалын хуулбараар /хх-35/, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өндөр хэсгийн малын бага эмчийн ажлаас нь түр чөлөөлсөн болох нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай архивын хуулбар тушаал /хх-37/, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өндөр багийн бага эмчийн ажилд томилсон болох нь Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай нотариатаар батлуулсан тушаалын хуулбараар тус тус тогтоогдож байна /хх-38/.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тушаал хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд уг тушаалын 2 дугаар хавсралтад Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын тамгын газар гэсэн улаан тамга дарсан нь нотлох баримтын шаардлага хангасан байх бөгөөд уг хавсралтад мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалын хавсралт гээд эмч нарын нэр гэсэн жагсаалтын 9 дугаарт ********** ТҮ-4 зэрэглэлтэй, улсад ажилласан жил 13, сарын цалин 18.100 төгрөг гэж заажээ /хх-40/.

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 400 дугаартай лавлагаагаар Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Өндөр бригадад малын эмчээр ажиллаж байсан ******* нь 1992 оны 1-12 сар, 1993 оны 1-12 дугаар саруудад авч байсан цалингийн тодорхойлолт гаргасан /хх-135/, Цогт сумын мал эмнэлэг үржлийн албаны эрхлэгчийн 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай “цалин нэмэх тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын доороос 2 дахь мөрөнд ********** гээд 1320 гэж бичигдсэн, мөн албаны эрхлэгчийн 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай “********* ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “Баян-Өндөр багийн бага эмч ******** 27 хоногоор ээлжийн амралт олгох” тухай тушаалууд эх хувиараа авагдсан байх бөгөөд дээрх тушаалуудад Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлгийн тасаг гэсэн бөөрөнхий тэмдэг дарагдсан байна /хх-140-143/

Нэхэмжлэгч ********* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дэх хөдөө аж ахуйн техникумыг 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр малын бага эмчээр төгссөн болох нь 879 дугаартай дипломын нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-145-146/.

Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох цалингийн талаар гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1984 оны 13 дугаартай тушаал, Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн даргын 1990 оны 13 дугаартай тушаал, Говь-Алтай аймгийн Цогт сумын мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1996 оны 09 дугаартай тушаал, мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалын 2 дугаар хавсралт, Цогт сумын мал эмнэлэг үржлийн албаны эрхлэгчийн 1992 оны 03 дугаартай, 09 дугаартай, 1996 оны 12 дугаартай тушаалууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэргийг үндэслэн ********** 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр бригадад малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаа, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан болох нь нотлогдохгүй байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ************ нь 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр бригадад малын бага эмчээр ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ