| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2016/00468/и |
| Дугаар | 53 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 53
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ****************** нэхэмжлэлтэй
хариуцагч- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, *************** Говь-Алтай салбарт холбогдох
2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 8.304.000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж, амралтын олговорт 988.000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 сарын 13-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж явсаар 2016 оны 09 сраын 13-ны өдөр ажилдаа эргэж орсон. Говь-Алтай, Завхан аймгийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 548 тоот тогтоолоор үндэслэлгүй хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан нь тогтоогдсон. Энэ цагаас хойш байгууллагтайгаа эв зүйгээ олох гэж амаар болон бичгээр цахим шуудангаар хүсэлт удаа дараа гаргасан боловч удирдлагын зүгээс зохих байгууллагад ханд гэсэн хариу амаар болон бичиг, цахим шуудангаар өгсөн. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш шүүхэд хандсан өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн байгаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Одоо анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилд эргэж орсон 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 8.304.000 төгрөг нэхэмжилж байна. Би сарын 800.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Мөн хэрвээ ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй байсан бол би хэвийн ажлаа хийгээд ээлжийн амралтаа аваад явах боломжтой байсан. Гэвч намайг ажилд авахгүй байсаар байгаад 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажилд авсан тул 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж, амралтын олговорт 988.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Би нийтдээ гурван шаардлага буюу ажилгүй байсан хугацааны цалинд 8.304.000 төгрөг гаргуулах, 2016 оны ээлжийн амралтын биеэр эдлэх, ээлжийн амралтын нөхөн олговорт 988.000 төгрөг гаргуулах гэсэн шаардлага гаргаж байгаа. Миний энэ шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ************* нь ********* ХХК-ний Говь-Алтай салбарын харьяа Харзат тооцооны төвийн захирлаар 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад салбарын захирлын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/169 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. ************** 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/хт2016/00548 тоот тогтоолын дагуу салбарын бүс хариуцсан захирлын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/109 тоот тушаалаар Харзат тооцооны төвийн захирлаар томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг банкнаас олгосон.
Цалингийн тодорхойлолт хуулбар байгаа тул нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Уг нь анхан шатын шүүхийн шийдвэр 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатын шүүхэд шинэ нотлох баримт болох эмнэлгийн бичгийг гаргаж өгснөөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарах дээд шүүхийн тогтоол гарах үед үнэлэгдэж процессын алдаа гарч нэхэмжлэгчийн талд шийдвэр гарсан тул хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ************ нь цалингаа яаж бодсон бодолт нь, сард хэдэн төгрөгийн цалин авдаг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Ээлжийн амралтын олговор авах, биеэр эдлэх гэж яриад байгаа. Ээлжийн амралтын тооцоогоо 2015 оны 06 сраын 04-ний өдөр хийгээд ээлжийн амралтаа аваад явсан. Түүнээс хойш өвчтэй гэх шалтгаанаар 10 сарын 13-ны өдийг хүртэл ажилдаа ирээгүй. Тэгээд манайх ажлаас чөлөөлсөн. Өмнө нь ээжлийн амралтаа аваад явсан тул одоо ээжлийн амралт гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ээлжийн амралтын олговор, цалинг олгох боломжгүй, хүлээн зөвшөөрхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ нь *********** Говь-Алтай салбарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 8.304.000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж, амралтын олговорт 988.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ /хх-1/.
Хариуцагч тал анхан шатын шүүхийн шийдвэр 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатын шүүхэд шинэ нотлох баримт болох эмнэлгийн бичгийг гаргаж өгснөөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарах дээд шүүхийн тогтоол гарах үед үнэлэгдэж процессын алдаа гарч нэхэмжлэгчийн талд шийдвэр гарсан тул хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/109 тоот тушаалаар Харзат тооцооны төвийн захирлаар томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг банкнаас олгосон. Ээлжийн амралтын тооцоогоо 2015 оны 06 сраын 04-ний өдөр хийгээд ээлжийн амралтаа авч яваад өвчтэй гэх шалтгаанаар 10 сарын 13-ны өдийг хүртэл ажилдаа ирээгүй тул ажлаас чөлөөлсөн. Өмнө нь ээжлийн амралтаа аваад явсан тул одоо ээжлийн амралт гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ээлжийн амралтын олговор, цалинг олгох боломжгүй, хүлээн зөвшөөрхгүй гэж маргасан /хх-18, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгч *********** Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2016/00548 дугаартай тогтоолоор *********** Говь-Алтай салбарын харьяа Харзат тооцооны төвийн захиралын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 570.000 төгрөг, 2015 оны 2 дугаар улирлын урамшуулалт цалин 160.000 төгрөг, нийт 730.000 төгрөгийг ********** Говь-Алтай салбараас гаргуулж *********** олгохоор шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 12 дугаартай магадлал, 001/ХТ2016/00548 дугаартай тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-28-33, 34-37/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч *********** хариуцагч тал дээрх Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2016/00548 дугаартай тогтоолын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/109 тоот тушаалаар *********** Говь-Алтай салбарын харьяа Харзат тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд нь эгүүлэн авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна /хх-18/.
Нэхэмжлэгч ажлаас хэзээ халагдсан болон ажилд эгүүлэн томилсон тухай тушаалуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээр баримтуудыг нотлох баримтаар гаргаж мэтгэлцээгүй, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар *********** 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлж, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилсон талаар талууд маргаагүй болно.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалингийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, ************ цалингаа яаж бодсон бодолт нь, сард хэдэн төгрөгийн цалин авдаг нь нотлогдохгүй байна. Мөн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ээлжийн амралтын тооцоогоо хийгээд ээлжийн амралтаа аваад явсан түүнээс хойш ажил хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн зүйлийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байхад Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2016/00548 дугаартай тогтоолыг хариуцагч Төрийн банкны Говь-Алтай салбар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгч *********** 16/109 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн авсан байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна /хх-18, 34-37/.
Мөн нэхэмжлэгч ************* нь ажлаас чөлөөлсөн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/169 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан талаар тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийдвэрт бичигдсэн, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 570.000 төгрөгийг нэхэмжилсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч *********** 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрт 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан талаар дурдсан байх тул энэ өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх нийт 213 хоногийн олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч Төрийн банкны Говь-Алтай салбараас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч *********** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарын 3 дугаар хуудсанд 2015 оны 6 дугаар сарын бичилт хийгдэж, 2015 оны 6 сард ээлжийн амралтаа аваад дахин ажиллаагүй талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна /хх-4/.
Нэхэмжлэгч ********* 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн магадлал, тогтоолоор авсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх тул 2015 оны 5 дугаар сар, 4 дүгээр сар, 3 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 631.428,57 + 1.525.941,9 + 880.000 = 3.037.370,4 : 3 сар = 1.012.457 : 21 = 48.212 төгрөг байх тул 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажлын 213 өдрөөр тооцож үзвэл ********* олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорын хэмжээ нь 10.269.156 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч ********* нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.304.000 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.304.000 төгрөгийг хариуцагч ********** Говь-Алтай салбараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...нийтэд илэрхий үйл баримт ...дахин нотлохгүй...” гэж заасан тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр, 4.1.1-д Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүд, 4.1.3-т Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; 4.1.4-т шинэ жил: 1 дүгээр сарын 1; 4.1.5-д Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8; 4.1.6-д .Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн сонгуулийн өдөр зэрэг дээрх ажлын өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.
Ээлжийн амралтын тухайд биеэр эдлээгүй, ажлаагүй, ажлаас чөлөөлөгдсөн бол ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхтэй бөгөөд олговороос олговор тооцох үндэслэлгүй юм. Харин ээлжийн амралтын олговрыг уг ажилтны ээлжийн амралт эдлэхээс өмнөх ажлын нэг жилийн хугацааны дундаж цалин хөлсийг үндэслэн тодорхойлохоор Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалаар баталсан “ээлжийн амралт олгох заавар”-т заасан.
Нэхэмжлэгч ********** нь 2016 онд цалин авч ажиллаагүй, ажилгүй байсан хугацааны олговор шаардаж байгаа тул ээлжийн амралтыг биеэр эдүүлэх, ээлжийн амралтын олговорт 988.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2016 оны ээлжийн амралт биеэр эдлэх болон ээлжийн амралтын олговорт 988.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч ********** Говь-Алтай салбараас 147.814 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуухад “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилд авсан тушаал гарсан 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 8.304.000 төгрөг...” нэхэмжилж байгаа талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ********** Говь-Алтай салбараас ажилтаны ажилгүй байсан 213 өдөрт ногдох олговорт 8.304.000 /найман сая гурван зуун дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны ээлжийн амралт биеэр эдлэх, ээлжийн амралтын олговорт 988.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Туулын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ************* Говь-Алтай салбараас 147.814 /нэг зуун дөчин долоон мянга найман зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ