Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд хаалттай хийж,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Шарга сумын 2 дугаар баг, Хамтын хүч гэх газарт хаягийн бүртгэлтэй, одоо Шарга сумын 4 дүгээр баг, Улаан туг гэх газарт оршин суух, эмэгтэй, РД-ДП78012607, Алагийн эх овогт Дашхүүгийн Туяацэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн Баян-Уул сум 4 дүгээр баг, хүйсийн говь гэх газарт оршин суух, эрэгтэй, РД-ДБ77070510, Тугчин овогт Бямбацэрэнгийн Батдоржид холбогдох

гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Нандин-Эрдэнийг өөрийн асрамжинд авахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Туяацэцэг, хариуцагч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 оны 09 сарын 24-ний өдөр Б.Батдоржтой гэр бүл болоод 2002 оны 07 сарын 15-ны өдөр охин Нандин-Эрдэнэ төрсөн. Бид хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2008 оноос хойш өдийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Батдорж нь олон хоног, сараар архи уугаад тэнэж явдаг, зарим үед хулгай хийх тохиолдол гардаг, амьдралдаа тус нэмэр муутай тэнэж явж явж ирэхэд нь өр нэхсэн хүн их ирдэг, архи ууж ирэхээрээ гэр орондоо муухай зан гарган хүүхдээ айлгаж цочоодог. Мөн гэр орноосоо ноос ноолуур, архины мөнгө хулгайн журмаар авч явдаг учир манай амьдрал ахуй өөдөлж дэвждэггүй сэтгэл санааны дарамт ихтэй байдаг байсан. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй, би 2016 оноос өөр хүнтэй хамтын амьдралтай болж хурим найраа хийсэн. Биднийг тусдаа амьдрах хугацаанд охин Нандин-Эрдэнэ миний асрамжид байсан тул охиноо өөрийн асрамжиндаа авч гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Батдорж охинтойгоо уулзаж харилцаатай байж болно. Харин сургууль соёлын газарт нь согтуу очиж уулзаж болохгүй, хүүхэд дээрээ очих үедээ цэвэрхэн хувцаслаад эрүүл очиж байгаарай гэж хүсмээр байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 оны 09 сарын 24-ний өдөр Туяацэцэгтэй гэр бүл болж, 2002 оны 07 сарын 15-ны өдөр охин Нандин-Эрдэнэ төрсөн. Бид хоёр хамт амьдарч байгаад 2008 оны 4 сараас тодорхой шалтгааны улмаас одоог хүртэл тусдаа амьдарч байна. Туяацэцэг нь одоо өөр хүнтэй суусан бөгөөд охин Нандин-Эрдэнийг өөр дээрээ асран хүмүүжүүлдэг. Одоо бид нэгэнт эргэж хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Харин би охинтойгоо эцгийн хувьд харилцаатай байж дуртай цагтаа уулзмаар байна. Би байнга наашаа цаашаа явж чадахгүй ирсэн үедээ охинтойгоо уулздаг баймаар байна. Туяацэцэгт хэлэхэд охиноо сайн харж хандаж яваарай гэж хэлмээр байна. Одоо хамт амьдарч байгаа хүн нь өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан гэж сонссон. Охинд минь эцэг нь болж хайрлаад авч явж чадах болов уу анхаар ч үзээрэй. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Туяацэцэг нь Б.Батдоржид холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, охин Нандин-Эрдэнийг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1/.

Б.Батдорж, Д.Туяацэцэг нар 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2002 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Батдоржийн Нандин-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын тайлбар, 105/000044 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 43 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна /хх-3, 5/.

Хариуцагч Б.Батдорж архи дарс уух, олон хоногоор гадуур тэнэж явдаг байдлаас болж гэрлэгчид таарч тохирохгүй 2008 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан байх ба нэхэмжлэгч Д.Туяацэцэг 2016 оноос өөр бусадтай хамт амьдарч байгаа шалтгааны улмаас шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан байх боловч амжилтгүй болсон, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ /хх-6/.

Хүүхдүүдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд гэрлэгчид тусдаа амьдарсан 2008 оны 4 дүгээр сараас хойш гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох охин Б.Нандин-Эрдэнэ ээжийнхээ асрамжинд байж, одоо Говь-Алтай аймагт 8 дугаар ангид суралцдаг талаар талууд тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин Б.Нандин-Эрдэнийг эх Д.Туяацэцэгийн асрамжинд байлгахаар тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон,  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Тугчин овогт Бямбацэрэнгийн Батдорж, Алагийн эх овогт Дашхүүгийн Туяацэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2002 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Батдоржийн Нандин-Эрдэнийг эх Д.Туяацэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Б.Батдорж, Д.Туяацэцэг нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                          Д.ЯНЖИНДУЛАМ