| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0082/Э |
| Дугаар | 0093 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 0093
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
улсын яллагч Д.Туяана,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908057031866 дугаар хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жавхлант Өргөө констракшн” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух
урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар 16 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 159 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 08 сар, 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Бэсүд овогт Баасангийн Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гтэй “автомашинтай аятайхан явсангүй” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөхөн тус газар нь отвёркоор хатгаж эрүүл мэндэд нь зүүн хөхний хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Машины хаалганд байсан отвёркийг “айлгая” гээд аваад буусан. Хохиролд 1.000.000 төгрөг өгсөн. Хүүхэд өвдөөд сандраад явж байхад 2 удаа шахаж орж ирээд инээгээд байхаар нь ийм явдал болсон. Гэр бүлийн санхүүгийн асуудлаа би зохицуулж явдаг тул цагийн ажил хийх боломжгүйг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908057031866 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Гийн: “2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өөрийн 84-79 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад хүн гар өргөхөөр нь авах гээд хоёрдугаар эгнээнээс 75-30 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур орж нэгдүгээр эгнээнээс хүн аваад явж байхад тухайн тээврийн хэрэгслийн жолооч араас сигналдаад 5 шарын автобусны буудал хүртэл миний машины урдуур хойгуур шахаад явуулахгүй байсан. Тэгээд уулзвар дээр түгжрээд зогсож байтал тухайн тээврийн хэрэгсэл зүүн талаараа шахаж ирээд миний машины хаалга руу хаалгаа онгойлгож байгаад цохиод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад “чи яагаад байгаа юм бэ” гэтэл тухайн залуу машинаасаа ногоон өнгийн отвёрк гаргаж ирээд “чи яагаад байгаа юм бэ, аятайхан явж чадахгүй байна уу” гэж хэлээд дайрах гээд байхаар нь би отвёркийг булааж авах гэж байтал тэр залуу эрчиндээ миний зүүн талын цээж хэсэг газар руу хатгасан. Миний биеэс цус гараад байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г эмчилгээний зардалд 900.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.11-ний өдрийн 13466 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Гийн биед зүүн хөхний хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-26/,
Шүүгдэгч Б.Ггийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн 75-30 УНБ улсын дугаарын автомашинтай гэртээ очих гээд Төмөр замын гарам гараад баруун гар тийш дохио өгөөд эргэх үед мөн баруун гар тийш эргэх гэж байсан 84-79 УБЯ улсын дугаартай автомашин ямар нэгэн дохио өгөхгүй гэнэт урдуур дарж орж ирсэн. Тэр үед замын хажуу талд хоёр хүн гар өргөөд зогсож байсныг хараад нэгдүгээр эгнээнээс шууд дарж орж ирсэн юм байна лээ. Би уг тээврийн хэрэгслийг зогсоож өнгөрөөгөөд хажуугаар нь хоёрдугаар эгнээ рүү шилжээд машиныхаа сигналыг дараад өнгөрсөн. Тэгээд 5 шарын буудал орчим гуравдугаар эгнээнд явж байхад нөгөө тээврийн хэрэгсэл хоёрдугаар эгнээнээс гэнэт урдуур дарж ирээд зогссон. Би цонхоо онгойлгоод “чи яаж яваад байгаа юм” гэсэн чинь миний өөдөөс инээгээд байсан. Би тэр үед миний таньдаг хүн юм байлгүй дээ гэж бодоод чигээрээ явсан. Би буцаж эргэдэг уулзварын хэсэг байхаар нь тэр зайг ашиглаад 84-79 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд шахаж зогсоод “энэ яаж яваад байгаа юм бол доо, жоохон айлгачихъя” гэж бодоод машиныхаа хаалганд байсан ногоон өнгийн иштэй, төмөр үзүүртэй тог шалгадаг отвёркийг гартаа атгаад буучихаад тэр залууд “чи яаж яваад байгаа юм бэ, түрүүнээс хойш урд явахдаа огцом дохио өгөхгүй яваад байх юм” гэтэл тэр залуу уурлаад хоорондоо заамдалцаж, ноцолдож эхэлсэн. Тэгсэн би нэг эрчиндээ тэр залуугийн зүүн талын цээж хэсэг газар нь тухайн ногоон өнгийн отвёркоор нэг удаа хатгачихсан. Тэр залуугийн цээж хэсэг газраас цус гарсан. ...Би Г гэх хүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Эмчилгээний зардалд нийт 1.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-78-81/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-46/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-47/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-72/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-85/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж,
эд мөрийн баримт болох шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан халив /отвёрк/-ийг оролцогч нараар таниулж тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гтэй “автомашинтай явахдаа зүй бус явлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн хөхөн тус газар нь халив /отвёрк/-аар хатгаж зүүн хөхний хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Гийн “...би отвёркийг булааж авах гэтэл тэр залуу эрчиндээ миний зүүн талын цээж хэсэг газар руу хатгасан. гараад байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-22-23/, шүүх эмнэлгийн 13466 дугаар “1.Б.Гийн биед зүүн хөхний хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ, /хх-26/, шүүгдэгч Б.Ггийн яллагдагчаар өгсөн “...би эрчиндээ тэр залуугийн зүүн талын цээж хэсэг газар нь ногоон өнгийн отвёркоор нэг удаа хатгачихсан...” гэх мэдүүлэг /хх-80-81/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, эд мөрийн баримт болох шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан халив /отвёрк/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ггийн хохирогч Б.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан халив /отвёрк/-аар цээж хэсэгт нь хатгаж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г эмчилгээний зардалд 900.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-22-23/-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Гтэй маргалдан овтёркоор хатгаж хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нь ажилгүй тул торгох ял оногдуулах, торгох ялыг биелүүлэх боломжгүй...” гэж,
шүүгдэгч “Би гэр бүлийн санхүүгийн асуудлаа зохицуулж явдаг тул цагийн ажил хийх боломжгүй тул торгох ял оногдуулж өгнө үү. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /оролцогчдын хэн аль нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зүй бус үйлдэл гаргаснаас улбаатай маргалдан шүүгдэгч халив /отвёрк/-аар хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 1.000.000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Жавхлант өргөө констракшн” ХХК-д туслах ажилтан ажилтай гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Гд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ногоон өнгийн халив /отвёрк/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Баасангийн Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ногоон өнгийн халив /отвёрк-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР