Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 10

 

 

 

 

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар

123/ШШ2018/0010

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, Ерөнхий шүүгч Б.Хажидмаа, шүүгч С.Төмөрбат /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Аурора Инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид

Хариуцагч: Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дэмжихгүй санал, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн "Аурора инвестмент" ХХК-нд холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын “Аурора инвестмент” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус  хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Аурора инвестмент” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох, хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Цэцгээ, нарийн бичгийн дарга О.Батномин, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч С.Бадамсүрэн нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Аурора инвестмент” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Төв аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Төв аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 33 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төв аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33 тоот шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн 96 тоот магадлалаар хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Магадлалын 6-р хуудаст "нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзал хууль бус байсныг тогтоолгохоор шаардаж буй эсэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, эдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна" гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. 1. Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 30-ны 89 тоот "дэмжихгүй" саналыг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах, 2. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 27-ны өдрийн Хуралдааны 41 дугаар тэмдэглэлийн “Аурора Инвестмент” ХХК-д холбогдох хэсгийг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах, 3. Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны 53 тоот тогтоолын Аурора Инвестмент ХХК-д холбогдох хэсгийг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргасан. Манай компани нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Оюу 1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026697 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна. 2017 оны 6 сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4480 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу Аймгийн Засаг дарга "дэмжихгүй" санал ирүүлсэн учир Кадастрын хэлтэс татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан. орон нутгаас ямар санал ирсэн зэргийг судалсны үндсэн дээр Төв аймгийн Засаг даргын Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 30-ны 01/1687 тоот албан бичгээр 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 89 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал"-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг "дэмжихгүй" гэсэн хариу хүргүүлсэн болохыг мэдсэн. Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 30-ны 89 тоот "дэмжихгүй" санал, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 27-ны өдрийн Хуралдааны 41 дугаар тэмдэглэлийн манай компанид холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны 53 тоот тогтоолын манай компанид холбогдох хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д "Аймаг. нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж, Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл. заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 10-д -Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байдаг. Гэтэл Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байна. Төв аймгийн засаг дарга Д.Баярбатын "дэмжихгүй" саналын үндэслэл нь "Газрын тухай хуулийн 6-р зүйл 6.2.1 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалт, Усан сан бүхий газар" гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:" гээд 6.2.1-д "бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар" гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.2, 52.7 дах хэсэг нь отрын бэлчээр, зуслан, намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт байхгүй. Иймд Төв аймгийн Засаг даргын 89 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна. Иймд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 30-ны 89 тоот "дэмжихгүй" саналыг хууль бусад тооцуулж хүчингүй болгож өгнө үү.

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." гэж, Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 09 дүгээр тогтоолын 9-д "Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны тогтоол байна" гэж заасан байхад Төв аймгийн Тэргүүлэгчид 2015 оны 11 сарын 27-ны 41 дугаар Хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь дээрх шаардлагыг мөн зөрчсөн байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасан шаардлага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн татгалзах үндэслэлд хамаарах ёстой. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасан ямар нөхцөл байдал байгааг огт дурдалгүй татгалзсан байна. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 27-ны өдрийн Хуралдааны 41 дугаар тэмдэглэлийн “Аурора Инвестмент” ХХК-д холбогдох хэсгийг хууль бусад тооцуулж хүчингүй болгож өгнө үү.

Мөн Дэлгэрхаан сумын 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоол буюу "санал" нь 19.5-д заасан заалт, Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байхад бэлчээрийн даац ихэдсэн, багийн иргэдийн хурлаас уурхайн ямар ч үйл ажиллагаа явуулахгүй гэж иргэд 100% саналаар дэмжсэн зэрэг үндэслэлийг дурдаж татгалзсан нь мөн л дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолыг зөрчиж байна. Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны 53 тоот тогтоолын “Аурора Инвестмент” ХХК-д холбогдох хэсгийг хууль бусад тооцуулж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг дарга Д.Баярбат нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр тэмдэглэлийн 3 дахь заалтаар даалгасан үүргийг хэрэгжүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот "Аурора инвестмент” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй" гэсэн саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ..." гэж заасны дагуу Аймгийн Засаг дарга нь сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, эдгээр саналыг харгалзан үзэж саналаа Ашигт малтмалын газарт уламжилсан. Холбогдох сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "дэмжихгүй* гэсэн санал ирсээр байхад аймгийн Засаг даргаас "дэмжиж" санал явуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж тодорхойлсон байдаг. Аймгийн Засаг даргын санал нь "Аурора инвестмент” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөхгүй, эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэхгүй бөгөөд харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг Ашигт малтмалын газрын шийдвэр нь "Аурора инвестмент" ХХК-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн захиргааны акт мөн. Харин аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргаас татгалзсан санал ирсэн тохиолдолд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана гэсэн ямар ч хууль эрх зүйн зохицуулалт, хуулийн заалт байхгүй юм. Мөн аймгийн Засаг даргын саналыг хууль ёсны эсэхийг хянан үзээд шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргах эрх хэмжээ нь зөвхөн Ашигт малтмалын газарт хуулиар олгогдсон. Иймд Ашигт малтмалын газарт аймгийн Засаг даргаас өгсөн санал нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй бөгөөд Ашигт малтмалын газар уг саналыг хянан үзээд, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргахад нь шууд нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхбат итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь саналаа тогтоолоор биш хуралдааны тэмдэглэлээр өгсөн нь Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 09 дүгээр тогтоолын 9-д “.... мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна" гэснийг зөрчсөн байна гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ" гэж заасны дагуу аймгийн Засаг дарга Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, саналаа өгсөн нь хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Монгол улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.12, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т ... Тэргүүлэгчдийн саналыг авна гэж зааснаас санал нь тогтоол хэлбэртэй байна гэж санал өгөх хэлбэрийг заагаагүй юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д "харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх" гэж санал өгөх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад тусгайлан олгосон байх тул аймгийн Засаг даргын гаргасан "дэмжихгүй" саналыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар тушаал "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэг Засаг даргын зүгээс хууль зүйн үндэслэлгүй санал өгсөн бол ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн байдаг бөгөөд энэ талаар эцсийн шийдвэрийг Ашигт малтмалын газар гаргаж байгаа. Иймд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 41 дүгээр тэмдэглэлээс болж нэхэмжлэгч "Аурора Инвестмент" ХХК-ны хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөгүй бөгөөд манай шийдвэрээс болж энэ компанид хохирол учраагүй гэж үзэж байна. Иймд Дэлгэрхаан сумын нутгийн иргэд, малчдын язгуур эрх ашиг, малын бэлчээр хадлангийн талбай багасаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга Д.Цэцгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинээр хүссэн хайгуулийн тусгай зөвшөөрөлд санал авах тухай 2015 оны 11 дүгээр сарын 09 ны өдрийн 07/786 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тус Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан хийж 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолоор Оюу-1 нэртэй 1462,13 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй. Манай сум 543 өрхтэйгээс 90 гаруй хувь нь мал аж ахуй эрхэлдэг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой их хэмжээгээр өсч, байгаль цаг уурын байдлаас шалтгаалан зуншлага оройтож, элсний нүүдэл, цөлжилт явагдан газрын доройтол талхагдалтанд өртсөн тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, бэлчээрийн даац 3-5 дахин буюу олон дахин хэтэрсэн. “Аурора Инвестмент” ХХК-ийн хайгуул хийхээр хүссэн талбайд 5 өрхийн 3 өвөлжөө, 2 хаваржаа, 4 худаг, улаан дэлийн булаг байдаг. Сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 87 тоот захирамж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 04-р сарын 30-ны өдрийн 25 тоот тогтоолоор энгийн хамгаалалтын бүс "тогтоосон гол, булаг шанд бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайн хилийн цэгүүдийн солбицолтой давхацсан байна. Тарган багийн малчдын усны ундаргын эх үүсвэр болсон “Тарганы” голтой ойрхон, бэлчээрийн гол нутаг учир ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохыг малчид эрс эсэргүүцдэг. Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэн нь эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхтэй. Үүний дагуу иргэд газраа эзэмшсэн. Төрийн байгууллагын зохих ёсны зөвшөөрөлтэй олгогдсон газар дээр хайгуулын тусгай зөвшөөрөл явуулах боломжгүй. Төрийн байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Эхэлж давуу эрхээ эдэлсэн иргэний эрх хайгуулын тусгай зөвшөөрлөөс болж хөндөгдөх ёсгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэний төлөөллийн байгууллага юм. Иймээс иргэдээ сонсож, түмнийхээ санал хүсэлтийг хүндэтгэн иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасан болно. Сумын иргэдийг тоосон дунд хүндхэн амьдрах нөхцөлийг бүрдүүлж эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, язгуур эрх ашиг, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар даргаар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд анх нэхэмжлэлийн “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дэмжихгүй санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн "Аурора инвестмент" ХХК-нд холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын “Аурора инвестмент” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, 026697 дугаарт бүртгэгдсэн Оюу-1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дэмжихгүй санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн "Аурора инвестмент" ХХК-нд холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын “Аурора инвестмент” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус  хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж маргажээ.[1]

Мөн нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс: Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Санал гаргах тухай 53 тоот тогтоол нь Ашигт малтмалын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал гаргахаар байхад нийт Төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргахдаа, хуульд заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр тодорхой хэлэлцэлгүй, шууд гаргасан хууль бус тогтоол юм. Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр тэмдэглэл нь холбогдох хуульд Хурал хэлэлцсэн асуудлаар “Тогтоол” гаргахаар заасан хэлбэрийг зөрчиж гарсан бөгөөд дээрх хууль бус саналуудыг үндэслэн аймгийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуульд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэсэнд нийцээгүй, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон заалтад хамааралгүй үндэслэл дурдаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн санал өгсөн нь хууль бус гэж, харин хариуцагч нараас Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал зөвхөн Тэргүүлэгчдээр бус нийт төлөөлөгчид нар асуудлыг хэлэлцэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргаж, санал хүргүүлсэн, тогтоол хүчин төгөлдөр гэж үзэж байна гэж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь батлагдсан журмаар тогтоосны дагуу хурлын тэмдэглэлээр асуудлыг шийдвэрлэж, санал хүргүүлсэн гэж, Засаг даргын зүйгээс сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, санал хүргүүлсэн гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Холбогдох үйл баримтыг авч үзвэл. Нэхэмжлэгч Аурора инвестмент ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Ашигт малтмалын газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл гаргасны дагуу, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Оюу 1 нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар Ашигт малтмалын газраас 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8559 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлжээ.[2]

Уг мэдэгдлийн дагуу Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Дэлгэрхаан сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж 02 дугаартай тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг эс дэмжсүгэй гэсэн шийдвэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан дагуу  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай тогтоолоор  “бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нутагт уурхайн ямарч ч үйл ажиллагаа явуулах боломжгүй мөн тухайн багт худаг ус татарч гол ширгэх үзэгдэл гарч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг эс дэмсүгэй” гэсэн тогтоол гарган холбогдох дээд шатны байгууллагад уламжлахаар шийдвэрлэсэн.[3]

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэлийг Аймгийн Засаг дарга Д.Баярбат танаа гэж гаргахдаа, шийдвэрлэсэн хэсэгтээ “Дэлгэрхаан суманд 1857.85 га газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх тухай асуудалтай танилцсан Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтуудыг удирдлага болгон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж шийдлээ, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад даалгав” гэж шийдвэрлэсэн,[4] үүнээс Төв аймгийн Засаг дарга нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 89 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын хуудсаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалтыг үндэслэн “дэмжихгүй” гэсэн саналыг тухайн өдрийн 01/1687 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн.[5]

Харин Ашигт малтмалын газар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8859 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хариуг 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Ирсэн бичгийн бүртгэлийн карт-д хүлээн авч бүртгээд, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 360 дугаар шийдвэрийн 3 дахь хэсгээр “Аурора инвестмен”т ХХК-ийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал ирсэн тул гээд, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.[6]

Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь энэ үйл баримтаас үзэж, хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын гаргасан санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал гаргах ёстой байхад үндэслэлгүйгээр татгалзсан санал гаргаж, Ашигт малтмалын газар тус саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул тухайн актуудыг хүчингүй болгуулна гэж тайлбарлаж байгаад холбогдуулан дүгнэвэл.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ", 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 19.11-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1 /Монгол улсын татвар төлөгч хуулийн этгээд, өргөдөл гаргахдаа талбайн байршил, зургийг шаардлагын дагуу гаргах, өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь хэлбэрийн шаардлага, хориглосон газар, нөөцөд авсан талбайтай болон бусад тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байх шаардлага/, 19.2.3 /...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт... тэмдэглэх/, 19.2.4 /хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол.../, 19.7 /тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан боловч 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч/-д заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө гэж зааснаас үзвэл төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн санал болон түүний үндэслэл болсон сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан хянаж үзээд, хуульд заасан ашигт малтмал, эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, тусгай зөвшөөрлийн талбайтай ямар нэгэн хэмжээгээр давхацсан тохиолдолд л тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаахаар заасан нь эцсийн шийдвэрийг төрийн захиргааны байгууллага өөрөө гаргах эрх, үүрэгтэй болохыг тодорхойлж байна. Нөгөө талаар Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэснээс үзвэл төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хянан үзэх шаардлагатай болохыг тодорхойлж хуульчилсан гэж тодорхойлогдсон байна.

 

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т /хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу гаргасан өргөдөл/ заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна гэж тодорхойлсноор энэхүү 19 дүгээр зүйл нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын хийж гүйцэтгэх үйл ажиллагаа, түүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход холбогдох асуудлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны харилцааг зохицуулсан болох нь тодорхойлогдож байх бөгөөд энэ маргааны хувьд асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 2015 оны 11 дүгээр сард холбогдох Засаг даргын саналыг авсан боловч 2017 оны 06 дугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд орон нутгийн захиргааны байгууллагын гаргасан байгаа актуудаас тусдаа эрх бүхий байгууллагын дараагийн шийдвэр гарсан байгаагаар маргаж буй актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Аурора инвесмент” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газруудын асуудлыг хэлэлцсэн гэх 53 дугаартай тогтоол нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу тодорхой хэлэлцээгүй, мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 41 дугаар тэмдэглэл нь тус тус Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолд" иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна" гэж тайлбарласнаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.4-т заасан хурлын “санал”-ын шаардлагыг хангаагүй, Засаг даргын санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан буюу Монгол улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд"... зөвхөн хуульд заасан үндэслэлээр ... татгалзсан хариу өгч болно" гэсэнд нийцээгүй байх зэргээр маргаан бүхий актууд нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй боловч маргаан бүхий актуудаас үл хамаарах шалтгаанаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19.11-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай тусгай зөвшөөрөл олгох асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нь хянан шийдвэрлэх эрх үүргийн хүрээнд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын санал холбогдох хуульд нийцэж исрэн эсэхийг нягтлан хянаж шийдвэрлэх атал тус асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэл болгон дурдсан. Харин үүнээс орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын болон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хянан шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн ашиг сонирхол сэргэх үндэслэлгүй буюу маргаан бүхий асуудлын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 19.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Аурора инвесмент" ХХК-ийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт холбогдуулан гаргасан "Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот “дэмжихгүй” санал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн "Аурора инвестмент" ХХК-нд холбогдох хэсэг, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын "Аурора инвестмент" ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ЗОРИГТБААТАР

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ХАЖИДМАА

                                                     ШҮҮГЧ                              С.ТӨМӨРБАТ

                                                                                                                      

 


[1] Хавтаст хэргийн 179-180 дахь тал

[2] Хавтас хэргийн 66 дахь тал

[3] Хавтас хэргийн 47-55 дахь тал

[4] Хавтас хэргийн 44-45 дахь тал

[5] Хавтас хэргийн 63 дахь тал

[6] Хавтас хэргийн 112 дахь тал