Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2051

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00738 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 316 934.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , Н.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь хариуцагч Э.Б-тэй 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 99 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 69 тоот зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулсан.

Эхний зээлийн гэрээ буюу 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 99 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч нь бизнесийн зориулалтаар 29 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй авсан. Хариуцагч Э.Б нь зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Сонгинохайрхан дүүргийн 000000 дүгээр хороо,0000000, Москвагийн гудамж 0000000 дугаар байрны 000000 тоот хаягт орших орон сууцны зориулалттай 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 12 151 166.15 төгрөг, зээлийн хүүнээс 8 482 599.08 төгрөг төлсөн ба үндсэн зээл болон зээлийн хүүний үлдэгдлийг графикийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачилгаар цуцалж Э.Б-с барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үндсэн зээл 16 848 833.85 төгрөг, зээлийн хүү 3 484 578.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 204 497.89 төгрөг, нийт 20 537 910.41 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түүнчлэн Э.Б нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 69 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар авсан. Тус зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож дээр дурдсан хөрөнгийг барьцаалсан Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болно. Гэвч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 1 282 776 төгрөг, зээлийн хүүнээс 962 811 төгрөг төлсөн ба үндсэн зээл болон зээлийн хүүний үлдэгдлийг графикийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачилгаар цуцалж үндсэн зээл 6 717 224 төгрөг, зээлийн хүү 1 991 064 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70 735 төгрөг, нийт 8 779 024 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Зээлдэгч Э.Б-с дээр дурдсан хоёр зээлийн нийт үлдэгдэл 29 316 934.41 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгчийн захирамжийн дагуу сүүлд ирүүлсэн нэмэлт нотлох баримтыг уншаад сайн ойлгосонгүй. 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 99 тоот гэрээгээр үндсэн зээлээс 12 151 116 төгрөг, зээлийн хүүгээс 8 482 599 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч дурдаж байна. Ингээд бодохоор ойролцоогоор 20 орчим сая төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн нийт шаардлага 29 сая төгрөг байгаа. Иймд нэгэнт төлсөн байгаа 20 орчим сая төгрөгөө хасаад үлдсэн зөрүү дүнг бид хүлээн зөвшөөрч болох юм. Ер нь бол сүүлд өгсөн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж бодож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу хариуцагч Э.Б-с 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 16 848 834 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3 484 578 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 204 497 төгрөг, нийт 20 537 910 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 69 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үүрэгт 6 717 224 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1 991 064 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үүрэгт 70 735 төгрөг, нийт 8 779 024 төгрөг, хоёр зээлийн гэрээний нийт төлбөрт 29 316 934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 535 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Э.Б-с 304 535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Э.Б би нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь 2015 оны 10 сараас хойш нэхэмжлэгч К-д 500 000 нэг удаа мөн 700 000 төгрөгөөр 2 удаа тушаасан боловч энэ төлөлт нь миний зээлийн төлөлтөөс хасагдаагүй төдийгүй энэ талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч харамсалтай нь нэхэмжлэгч байгууллагаас өөрийн тооцооллын програм түүний зохих хуулгыг гарган хэрэгт хавсарган түүнийг шүүх хурал дээр үнэлж шийдвэр гаргасан нь ИХШХШТХуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримт үнэн зөв талаасаа эргэлзээгүй байх ИХШХША шударга явагдах үндэс нь болдог. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын өөрийн гаргаж өгсөн санхүүгийн тооцооллыг хэн нэгэн хөндлөнгийн эрх бүхий субьектээр хянуулалгүйгээр, баталгаажуулалгүйгээр шүүх хуралдаанд шууд үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хэт өрөөсгөл болжээ. Хэдий ИХШХШТухай хуульд заасан шаардлагыг хангасан буюу Капитал банкнаас гаргаж өгсөн дээр дурдсан тооцоолол нь нотариатаар баталсан хувь байдаг боловч нотариатын баталгаа нь ердөө хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл болохоос уг баримтын үнэн зөв тооцоолол эсэхэд баталгаа гаргасан үйлдэл биш билээ.

Иймд миний зүгээс нэхэмжилж байгаа үнийн дүнгээс 1 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч, хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэж, Иргэний хуулийн заалтыг шийдвэрт бүрэн гүйцэд бичээгүй байна.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 29 316 934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 99 тоот, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 69 тоот Зээлийн болон барьцааны гэрээнүүд байгуулагдаж хариуцагч нь 99 тоот гэрээгээр 29 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй, 69 тоот гэрээгээр 8 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.6 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс тус тус зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 000000 дүгээр хороо,  Москвагийн гудамж 000000 байрны 0000000 тоот 27 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалжээ.

 /хэргийн 5-20 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар зээл, хэтэрсэн хугацааны хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч 99 тоот зээлийн гэрээний төлбөрт 20 633 715 төгрөг, 69 тоот зээлийн гэрээний төлбөрт 2 245 587 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч Э.Б сар бүр зээлийн хүүг болон үндсэн зээлээс зохих хувийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн нь зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээг цуцласан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулга, бусад тооцоо нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Учир нь хариуцагч зээлийн гэрээнүүдэд заасан хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэсэн буюу төлбөрт хэдэн төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч болон бусад этгээд тэдгээрийн зээлийн гэрээний үүргийг хянан баталгаажуулж нотлох үүрэггүй юм.

 

Хариуцагчийн төлбөр төлсөн талаарх түүний зээлийн дансны хуулгыг нэхэмжлэгч нотариатаар гэрчлүүлж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтанд тавигдах шаардлагыг хангасан бөгөөд уг баримт нь хуурамч, эргэлзээтэй болохыг шинжээчийн дүгнэлтээр нотлохгүй тул энэ талаар гаргасан түүний хүсэлтийг шүүх хангахаас татгалзсныг буруутгах үндэслэлгүй болно.

 

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч 2015 оны 10 дугаар сараас хойш 500 000 төгрөг 1 удаа 700 000 төгрөг 2 удаа нийт 1 900 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснийг зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй гэх давж заалдах гомдолд дурьдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А.А-ыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2006 оны 11 дгээр сарын 25-ны өдрийн 14 тоот тогтоолоор томилсныг, 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон Улсын бүртгэлийн 000000 гэрчилгээнд мөн өдөр бүртгэж, бичилт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрх олгосон 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8/1596 тоот итгэмжлэлийн дагуу Л.Ц шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчид эрх үүрэг танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдаагүй байх боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тодруулахад эрх, үүрэгтэй танилцсан гэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй болно.

 

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээл, хүүгийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн заалтыг бүрэн гүйцэд бичилгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тодорхойлсон, банкны үйл ажиллагааг зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б-с 29 316 934 төгрөгийг гаргуулж, “К” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.НАРАНЦЭЦЭГ

                       

                                                  ШҮҮГЧИД                            Э.ЗОЛЗАЯА     

                    

                                                                                  С.ЭНХТӨР