Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0632

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 599 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 599 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Г-ийн Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаагийн үүрэгт ажилд цагдаагийн ахлагч цолтойгоор эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Маргаан бүхий тушаал нь бодит болсон үйл явдалд зөв үнэлэлт дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. ... Г.Г намайг уг үйл явдалд албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэсэн бөгөөд ... постод үүрэг гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтны хувьд ажиллаагүй байсан болохыг хэргийн оролцогчид болон тэдгээрийн мэдүүлгээр тогтоогддог. ... Гэтэл миний ажлаас халах сахилгын хамгийн хүнд шийтгэлийг оногдуулахдаа Хэн анх сэдсэн, хэнээс хэнд нөлөөлөл үзүүлсэн болон уг үйл явдлын санаачлагч буюу зохион байгуулагч нь хэн байсан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг гаргалгүй зөвхөн сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий байгууллагын өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэж дүгнэсэн байгаад туйлаас их гомдож байна. Анхан шатны шүүх хуралдаанд тээврийн цагдаа н.Т-ын өгсөн гэрчийн мэдүүлгээр энэ бодит үйл явдал тодорхой болох юм.

... Ямар үйлдэл хийсэн болохыг нарийвчлан тогтоогоогүйгээр тухайн үйл явдалд холбогдогч албан хаагчдын үйлдэлд холбогдох хэм хэмжээг бүхэлд нь нэгтгэн авч үзэн тушаалыг үндэслэн гаргасан бөгөөд үүнийг шүүх тухайн бодит үйл явдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитой хандаж шийдвэрлэх, тухайн үйл явдалд оролцогчдын үйлдэл, тэдгээрийн шалтгаант холбоо, үр дагаварт үнэлэлт дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

... Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 599 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Г.Г миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Г-оос “Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаагийн үүрэгт ажилд цагдаагийн ахлагч цолтойгоор эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд албанаас хална”, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж зааснаар төрийн тусгай буюу жинхэнэ албан хаагч албаны эрх мэдлээ хэтрүүлж,  өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Өлзийтийн шалган нэвтрүүлэх постоор “хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг бусадтай үгсэн тохирч, зохих зөвшөөрөлгүй, бүртгэлгүй нэвтрүүлсэн” болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүд, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр танилцуулга[1], тус албаны даргын зөвлөлийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл[2] зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Г.Г Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд заасан “ноцтой зөрчил” үйлдсэн нь тогтоогдсон энэ тохиолдолд түүнийг цагдаагийн албанаас халсан хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “ ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцжээ.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т ““ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон ... үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д “ ... ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” тохиолдолд цагдаагийн албанаас халахаар тус тус заасан.

Хариуцагч албан тушаалтан “ажлын байранд албан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн эсэх асуудлаар” бус “цагдаагийн албаны нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгож, алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” үйлдлийг шалган тогтоосон, улмаар тухайн үйлдэлд цагдаагийн ахлагч Г.Г-ийг цагдаагийн албанаас халсан нь хуулийн дээрх заалтад нийцсэн тул энэ талаарх “”ажлаас халах” хамгийн хүнд шийтгэлийг ногдуулсан” болон “постод үүрэг гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтны хувьд ажиллаагүй байсан” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

 

[1] 1 дэх хавтсын 143-151 дэх талууд.

[2] 1 дэх хавтсын 169-173 дахь талууд.