Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0528

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Аззаяа,

шүүгдэгч Т.Д, С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Д, С.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008005420336 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймагт зам ангид ажилладаг гэх, ам бүл 1, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайжийн бүргэд овогт Төмөрбаатарын Д /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймагт зам ангид ажилладаг гэх, ам бүл 1, оршин суух,

урьд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Чонос овогт Сүхбаатарын О /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Т.Д, С.О нар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын орчимд иргэн Л.Быг таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь уруулд шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний булгаралт, зүүн хацар, уруул орчимд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогч намайг Нэргүйгийнд зүгээр суулгахгүй, хажуугаас ёвроод байсан. Хохирогчийн нүүр лүү цохиж, өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн цээж рүү нэг удаа дэвссэн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэв.  

Эрүүгийн 2008005420336 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л.Бы: “2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Тахилтын задгайд байх гэрийнхээ хойд хашааны айл Нэргүйгийнд авлага болох 6000 төгрөгөө авахаар орсон. Би ороод хоол цай идчихээд гараад, гэртээ хариад амарч байхад 23 цагийн үед найз Сүхбаатар “хоёулаа дэлгүүр орж тамхи авъя” гээд ирэхээр нь хамт гараад дэлгүүр лүү алхсан. Гэтэл замд Нэргүйгийнд сууж байсан О, Д дэлгүүрийн ойролцоо өөдөөс гарч ирээд үг дуугүй Д гараараа миний ам руу нэг удаа цохитол би унасан. Босох хооронд Д дахиад хөлөөрөө миний ам руу өшиглөөд шүд унагаасан. Манай найз Сүхбаатар тэр хоёрыг надаас салгах гээд дийлээгүй, хүн дуудахаар буцаад гүйсэн. Би босоод зугтаасан. Араас О ирээд намайг дэгээдэж унагаагаад цээжин тус газар дэвссэн. Д араас ирээд, тэр хоёр нийлээд, толгой, нүүр лүү өшиглөөд байсан. Би босоод зугтаагаад, доошоо гүйгээд гудамжинд таарсан хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. Би гомдолтой байна, шүдээ хийлгэж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-31, 86/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.01.23-ны өдрийн 1776 дугаар шинжилгээний Хэсэг газрын үзлэгт: Дээд уруул бамбайж хавдсан, дээд уруулын дотор салстад цайвар ягаан өнгийн хөхөлбөр цус хуралт бүхий шархтай, шархны харалдаах баруун дээд 1-р шүд урагш хойш суларсан, зүүн 1-р шүд булгарсан, буйл хонхор, улаан ягаан цус хуралттай. ГССҮТ-ийн 2020.01.20-ны үзлэгт: Тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ.

Дүгнэлтэд: “1.Л.Бы биед уруулд шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний булгаралт, зүүн хацар, уруул орчимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид нэг шүдний булгаралт ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. 5. Дээрх шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх-9-10/,

“Виннер вэй” ХХК-ийн хөрөнгө, даатгалын болон хохирлын үнэлгээний 2020.03.13-ны өдрийн Ца-04/03 дугаар тайланд: “Гар утас /nokia 3310/, иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, Голомт банкны виза карт 97.779 төгрөг” гэжээ /хх-95-98/,

Гэрч Ж.Сүхбаатарын: “2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 17 цагийн үед Б, Хуягаа нар жижиг шилтэй архитай орж ирсэн. Тэр архийг хувааж уучихаад манайхаас гарсан. Би 23 цагийн үед дэлгүүр орж тамхи авахаар Быд очиж бид хоёр дэлгүүр лүү алхсан. Гудамжнаас 2 хар куртиктэй залуу гарч ирээд “энэ байна шүү дээ” гээд Быг нэг залуу нь гараараа нүүрэн тус газар луу нь цохисон. Б унасан. Нэг залуу нь намайг цохих гэж байсан уу, ямар ч байсан барих гээд куртикнээс зуурахаар нь куртикээ сугалж тайлаад гудамжаар дээшээ Хуягааг дуудахаар гүйсэн. Хуягаагийнх хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь гэр лүүгээ ороод утас аваад цагдаа дуудсан. Бтай муудалцсан 2 залуу дээрээс уруудаж байсан. Бор царайтай, шар царайтай 2 залуу байсан. Танихгүй бор залууг нь зүс харж байсан. Өмнө нь тэр хоёртой маргалдаж байсан асуудал байхгүй. Бид хоёрыг явж байхад ямар ч байсан бор царайтай залуу нь Бы нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч С.Нэргүйн: “...О, Д хоёр Өмнөговь аймагт манай хүргэн Баярмагнайн бригадад туслах ажилтнаар ажиллаж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад хүргэн Баярмагнай, дүү Мөнхбат, О, Д нар халамцуу гэрт ирсэн. Би хоол цайгаар дайлаад сууж байтал гаднаас манай доод хашааны Б халамцуу ороод ирэхээр нь бас хоол цай өгчихөөд байж байтал Б, Д хоёр хоорондоо шивэр авир гээд нэг нэгнээ түлхэлцээд нудралцаад байсан. Тэгэхээр нь “та нар больцгоо” гээд би Дг “чи наад хөгшин настай хүнээр яах гээд байгаа юм, зүгээр хоол идүүл” гээд хоол идүүлсэн. Удалгүй хүргэн Баярмагнай, дүү Мөнхбат, Д, О нар явах гээд гарсан. Араас нь Б гарсан. Би Быг хашааныхаа 00-оос цааш гаргаж өгчихөөд. О, Д хоёр “Бонго” машины тэвшин дээр гарч суух гэж байхад Б буцаж ирээд Дгаас салж өгөхгүй зууралдаад байхаар нь “та нар больцгоо” гээд салгаж Дг тэвшин дээр суулгаад явуулсан. Б яваад өгсөн. Миний дэргэд зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх-26/,

Шүүгдэгч Т.Дгийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн үед Баярмагнай ах хамт ажилладаг О, Мөөгий нар манайд 0,75 литрийн хоёр шил архи уучхаад 20 цаг өнгөрч байхад Баярмагнай ахын хадам ээж Нэргүйгийнд орсон. Хоол цай идээд сууж байтал зүс таних Б халамцуу орж ирсэн. Б миний хажууд суучихаад хатгаж, ёвроод зүгээр суулгахгүй байсан. Намайг гаръя гээд байгаа юм болов уу гэж бодоод “та түр байж бай” гэж хэлсэн. Удалгүй Б гараад явсан. Нэргүй эгчийнхээс О, Баярмагнай, Мөөгий бид 21 цаг өнгөрч байхад гараад харьсан. Гэрт хариад өмнө авсан 2 шил архины үлдэгдлээ хувааж уучихаад О бид хоёр Нэргүй эгчийн гэр лүү алхаж байтал Б нэг эрэгтэй хүнтэй явж байсан. Нэргүй эгчийнд байхад зүгээр суулгахгүй хүн хатгаад, ёвроод байхаар нь халамцуу ч байсан Быг баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, унахаар нь нэг өшиглөчихсөн. Быг өшиглөхөд миний гутал айлын хашаа руу орчихсон. Гутлаа авчихаад гараад ирсэн чинь О Б хоёр зогсож байсан. Би очсон чинь Б гудамжаар доошоо зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-77-78/,

Шүүгдэгч С.Огийн яллагдагчаар өгсөн: “Би найз Дгийн хамт ...Нэргүйгийнд орсон. Д, Б хоёр Нэргүй эгчийнд байхад л муудалцаад байсан. Ямар шалтгаанаар тэгээд байсныг мэдэхгүй. Д бид хоёр 22 цаг өнгөрч байхад Нэргүй эгчийнд очиж утсаар ярих санаатай алхаж байтал Б нэг эрэгтэй хүнтэй явж байсан. Д очоод шууд нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Б нүүрээ дараад газар унасан чинь хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Дахиад өшиглөх гэж байгаад гутал нь айлын хашаа руу орчихсон. Би Б ахын цээж рүү нь нэг удаа хөлөөрөө дэвссэн. Өөр Б ахад гар хүрээгүй. Б ах зугтаад явсан...” гэх мэдүүлэг /хх-82-83/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, шүүгдэгч Т.Ды иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-17/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-44/, гэрч Г.Баярмагнайн мэдүүлэг /хх-104/, шүүгдэгч С.Оы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-50/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн хохирол төлсөн “Т.Д, С.О нар хохирогч Л.Бд учруулсан хохирол 800.000 төгрөгийг төлж барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар бүлэглэн, согтуугаар хохирогч Быг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд 800.000 төгрөг төлсөн тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт цээжинд учирсан гэмтлийг дурдсан байгаа. Үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж байна...” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч Дгийн үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан талаар хохирогч тогтвортой мэдүүлдэг. Дэвссэн гэдэг нь тогтоогддог ч, түүний улмаас гэмтэл учраагүй байгаа. Гэмт хэрэг үйлдэх талаар нэгдсэн санаа зорилгод хүрээгүй, дэвссэн үйлдэл нь гэмт хэрэг биш тул Ог цагаатгаж өгнө үү. Дгийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Үйлдлээрээ нэгдсэн зүйл байхгүй. Хохирогч “толгой руу 2 удаа өшиглөсөн” гэх боловч нотлогддоггүй. Бүлэглэсэн гэж үзэхгүй...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Д, С.О нар согтуурсан үедээ бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын орчимд иргэн Л.Быг үл ялих зүйлээр шалтаглан зодож, уруулд шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний булгаралт, зүүн хацар, уруул орчимд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Л.Бы “...Д гараараа миний ам руу нэг удаа цохитол би унасан. Босох хооронд Д дахиад ам руу өшиглөөд шүд унагаасан. Манай найз Сүхбаатар тэр хоёрыг надаас салгах гээд дийлээгүй. Араас О ирээд намайг дэгээдэж унагаагаад, хөлөөрөө цээжин тус газар дэвссэн. Д араас ирээд, тэр хоёр нийлээд толгой, нүүр лүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-31, 86/, шүүх эмнэлгийн 1776 дугаар “1.Л.Бы биед уруулд шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний булгаралт, зүүн хацар, уруул орчимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-9-10/, гэрч С.Нэргүйн “...Д их согтолттой байсан. Огоос архи үнэртэж байсан, гэхдээ эрүүл шахуу байсан. Б, Д хоёр хоорондоо шивэр авир гээд нэг нэгнээ түлхэлцээд нудралцаад байсан. ...О, Д хоёр машины тэвшин дээр гарч суух гэж байхад Б буцаж ирээд Дгаас салж өгөхгүй зууралдаад байхаар нь би “та нар больцгоо” гээд салгаад...” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч Ж.Сүхбаатарын “...2 хар куртиктэй залуу гарч ирээд “өө энэ байна шүү дээ” гээд Быг нэг залуу нь гараараа нүүрэн тус газар луу нь цохисон. Б унасан...” гэх мэдүүлэг /хх-24/, шүүгдэгч Т.Ды яллагдагчаар өгсөн “...18 цагийн үед хамт ажилладаг хүмүүстэй хоёр шил архи хувааж уусан. ...Быг баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохиод унахаар нь ам руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-77-78/, шүүгдэгч С.Оы яллагдагчаар өгсөн “...Д очоод шууд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Б нүүрээ дараад газар унасан чинь нүүр лүү нь өшиглөсөн. Би Б ахын цээж рүү нь нэг удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-82-83/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ды хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Д, С.О нарын бүлэглэж, хохирогч Л.Быг үл ялих зүйлээр шалтаглан нүүр лүү нь цохиж, өшиглөж, дэвсэж зодон уруулд шарх, 1 шүдний сулрал, 1 шүдний булгаралт, зүүн хацар, уруул орчимд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нарын үйлдэл нэгдсэн санаа зорилгод хүрээгүй, бүлэглэж хөнгөн гэмтэл учруулаагүй, шүүгдэгч Оы дэвссэн үйлдлийн улмаас гэмтэл учраагүй тул цагаатгаж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, улмаар хөнгөн гэмтэл учруулсан байх тул тэдний үйлдлийг бүлэглэж үйлдсэн гэж үзэв.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд өмгөөлөх талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн “Т.Д, С.О нар хохирогч Л.Бд учруулсан хохирол болох 800.000 төгрөгийг төлж барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч нар гэм буруу дээр маргадаггүй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Хохирол төлөх талаар санаачлага гаргасан, ажил эрхэлдэг байдлыг харгалзан 1000 нэгж торгох ял оногдуулах санал гаргасан...” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар учруулсан хохирлыг төлсөн байгаа. Торгох ялыг багасгаж өгнө үү. Оы оролцоог харгалзан 450.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /онцын шалтаг шалтгаангүйгээр хүний эрх, эрх чөлөөнд бүлэглэж халдсан, гэмт хэрэгт оролцсон оролцоо Т.Д маргааныг эхлүүлж, ам хэсэг рүү гараараа цохин, унасны дараа өшиглөсөн, С.О араас нь хөөж унаган цээж хэсэгт дэвссэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 800.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэгт оролцсон оролцоо/-ыг тус тус харгалзан торгох ял оногдуулах дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, С.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж /зам ангид туслах ажилтай гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Т.Дг 700.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч С.Ог 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д, С.О нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжийн бүргэд овогт Төмөрбаатарын Д, Чонос овогт Сүхбаатарын О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д, С.О нарыг торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д, С.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д, С.О нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР