Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0529

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,  

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч А.Д, өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч А.О, өмгөөлөгч А.Буяндэлгэр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Дыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Ог тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908034020264 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Мунан овогт Алтангэрэлийн Д /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 11 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан, Сартуул овогт Аюушийн О /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.Д нь А.Отэй бүлэглэн согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Г.Оын гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, 215.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн А.Д нь ганцаараа согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булагийн орчимд хохирогч Б.Ргийн эзэмшлийн “Ай фоне-4” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч А.О нь А.Дтой бүлэглэн согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Г.Оын гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, 215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Согтуу байсан болохоор ийм хэрэг хийчихсэн. Гэм буруугаа ойлгож байгаа. Хохирлыг төлсөн. Маш их гэмшиж байна. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Тухайн үед төрсөн эгч ослоор нас бараад сэтгэл санаагаар унаад архи уудаг болсон. Маш их гэмшиж байна. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1908034020264 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. Шүүгдэгч А.Д, А.О нар бүлэглэн согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Г.От хүч хэрэглэн гар утас, бэлэн мөнгийг дээрэмдэн авч 215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Г.Оын: “2019 оны 9 дүгээр сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, хуучин эцсийн хотын төв рүү явах автобусны буудлаас такси барихаар гараа өргөөд зогсож байтал 25-30 орчим насны согтуу хоёр залуу хүрч ирээд “ах хаа хүрэх гэж байгаа юм, такси бариад өгөх үү” гэхээр нь “ах нь өөрөө такси бариад явчихна” гэж хэлтэл “бид хоёр энэ хавьд хэнийг ч зүгээр явуулдаг хүмүүс биш” гээд намхан залуу нь өмдний халааснуудыг ухахаар нь би “зүгээр байгаач” гээд эсэргүүцэхэд арай өндөр залуу нь миний хоёр гарыг барьж байтал намхан залуу цамцны захаас бариад хоолойг минь боож толгой эргээд ухаан алдах үед халаасанд байсан Samsung S-5 маркийн шаргал өнгийн гар утас, бэлэн 60.000 төгрөгийг авсан. Тэр хооронд би хэсэг зуур ухаан алдаад уначихсан. Удалгүй сэртэл нөгөө хоёр залуу миний бүх халаасыг ухаж байхаар нь намхан залууг зуурч аваад “ахынхаа гар утсыг өгчих, миний виза карт гар утастай хамт байгаа, ах нь нэмээд 10.000 төгрөг өгье” гэж гуйгаад зогсож байтал гудамжнаас 5-6 залуучууд гараад ирсэн. Тэгтэл нөгөө намхан залуу миний гар утсыг буцааж өгсөн. Нөгөө залуучуудад “ахыг нь дээрэмдчихлээ” гэж хэлтэл намхан залууг нөгөө залуус “яасан их хөгшин хүн дээрэмддэг юм” гээд бариад авсан. Харин өндөр залуу нь миний 60.000 төгрөгийг аваад зугтаачихсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.

...Би өөрт учирсан хохирол 60.000 төгрөгийг Огийн төрсөн эгч Цэрэннадмидаас бүрэн барагдуулж авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-108, 113/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.09.05-ны өдрийн 19/171 дүгээр тодорхойлолтод: “Гар утас /Самсунг фирм, S5 загвар/ 150.000 төгрөг, виза карт /Хаан банк/ 5.000 төгрөг, бэлэн мөнгө 60.000 төгрөг, нийт 215.000 төгрөг” гэжээ /хх-125/,

Шүүгдэгч А.Дын яллагдр өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарч архи ууж байгаад 22 цаг өнгөрч байхад Отэй тааралдан 0,75 литрийн архи хувааж уугаад Огийн хамт 2019 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн үед Баянхошууны хуучин эцсээс хотын төв рүү явах автобусны буудал руу явж байтал 50 гаран насны ах такси барих гээд тэр хавиар архи уудаг, 40 гаран насны эмэгтэйтэй хамт явж байсан. Нөгөө эмэгтэй хохирогч ахыг үлдээгээд яваад өгчихсөн. О надад “хоёулаа энэ ахын гар утсыг дээрэмдэж авъя, өмдний арын халаасанд харагдаад байна, чи айгаад байгаа юм уу” гэхээр нь би “айгаагүй байна, тэгье” гэж архиныхаа халуунд хэлээд хохирогч ах дээр очтол О “ахаа, танд такси бариад өгөх үү” гэхэд “ах нь өөрөө бариад явчихна, манай гэр ойрхон” гэсэн чинь О “би энэ хавьд атаман” гэж томроод ахын гараас бариад автал ах эсэргүүцсэн. Би тэгэхээр нь хохирогч ахын цамцны захаас бариад боож ухаан алдуулсан. Тэгтэл О хохирогч ахын халаасыг ухаж 3 ширхэг 20.000 төгрөг авсан. Мөн гар утсыг авчихаад явах гээд байхаар нь Огийн гараас ахын гар утсыг авсан. Тэгтэл хохирогч ах босч ирээд “ахынхаа гар утсыг өгчих, 10.000 төгрөг өгье” гэхээр нь “за тэгье” гээд утсыг буцааж өгсөн. Гудамжнаас 5-6 залуу гарч ирэхэд хохирогч ах “ахыг нь дээрэмдчихлээ” гэсэн чинь О зугтаачихсан. Нөгөө залуус намайг барьж аваад гудамжаар Ог хайгаад олоогүй. Тэгтэл хохирогч ах цагдаад дуудлага өгч, намайг бариулсан. Би хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-187-190/,

Шүүгдэгч А.Огийн яллагдр өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 03-ны орой 22 цаг 30 минутын орчим танил Д гэх залуутай тааралдаж 0,75 литрийн архи уусан. 2019 оны 9 дүгээр сарын 04-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад Д бид хоёр Баянхошууны хуучин эцсийн хотын төв рүү явдаг автобусны буудал орчмоор архи олж уух санаатай архи хайгаад явж байтал, 50 гаран насны ах автобусны буудал дээр тэр хавьд архи ууж явж харагддаг эмэгтэйтэй такси барих гээд зогсож байхаар нь Д бид хоёр очиж зогсоод “ахаа хоёр дүү нь такси бариад өгөх үү” гэтэл нөгөө ах “хэрэггүй, ах нь өөрөө бариад явчихна” гэхээр нь хажууд нь зогсож байсан чинь хамт явж байсан хүүхэн яваад өгөхөөр нь Д бид хоёр ойр хавьд хүн харж байтал нөгөө ахын цамцны захнаас Д барьж, боож унагаасан. Би халаасанд нь байсан 4 ширхэг 1000 төгрөг, 1 ширхэг 20.000 төгрөг, 1 ширхэг 5.000 төгрөгийг авсан. Харин Д гар утсыг авчихаад зогсож байсан чинь гудамжнаас танихгүй, нилээн хэдэн залуучууд гарч ирсэн. Нөгөө ах “ахыг нь энэ хоёр залуу дээрэмдчихлээ, туслаарай” гэж хэлэхээр нь би тэр ахын халааснаас авсан  мөнгийг аваад гудамж руу ороод зугтааж, шууд гэртээ очиж амарсан...” гэх мэдүүлэг /хх-196-197/,

Хохирогч Г.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-104-105/,

 Хоёр: Шүүгдэгч А.Д ганцаараа, согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булагийн орчимд хохирогч Б.Ргийн эзэмшлийн “Ай фоне-4” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Ргийн: “2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3-19 тоотоос гараад автобусны буудал руу алхаж байтал Булагийн ойролцоо 20-25 орчим насны хоёр эрэгтэй халамцуу, архи үнэртүүлчихсэн сууж байснаа нэг нь “ахаа ус уух уу” гэж асуухаар нь “ууя” гээд ус уусан. Ус хийж өгсөн залууд “баярлалаа” гэж хэлчихээд явах гэтэл цамцны араас татахаар нь эргэж хараад тахимдаад бид хоёр газар унасан. Тэр залуу миний ард гараараа хоолой боохоор нь гараас нь татаад, “ах нь ухаан алдлаа” гэхэд намайг тавиад “мөнгө байна уу” гэхээр нь “мөнгө байхгүй” гэхэд “тэгвэл утсаа өг” гээд миний өмдний халаасанд байсан “I phone 4” загварын гар утсыг авчихаад “архи авчирч өгөөд аваарай” гэсэн. Хажуугаар өнгөрч байсан танихгүй хүүхэд “таны утсыг авсан хүн Баянхошуу дэлгүүрийн урд сууж байна лээ” гэхээр нь цагдаа нартай очиход утсыг авсан залуу дэлгүүрийн гадаа сууж байсан. Өмднийхөө халааснаас миний утсыг гаргаж ирсэн. Тэр залууг цагдаагийн хэлтэс рүү дагуулж явсан. Тахимдаад бид хоёр газар унахад хамт байсан залуу нь яваад өгсөн. Намайг үлдсэн нэг залуу нь боогоод, өмдний халаасанд байсан гар утсыг авсан. Миний утсыг авсан арай махлаг залуугийн нүүр нь энд тэндээ хөхөрчихсөн байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-17/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.08.07-ны өдрийн 19/174 дүгээр тодорхойлолтод: “Гар утас /Iphone фирм, загвар 4/ 120.000 төгрөг” гэжээ /хх-34/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “А.Дын биеэс гарч ирсэн гар утсыг Б.Рд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-12/,

Шүүгдэгч А.Дын яллагдр өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Монлаа гэх газар байх “Булаг” дээр 4 найзтайгаа уулзаад 0,75 литрийн 3 шил архи уусан. Тэр залуучууд ууж дуусаад гэр лүүгээ явсан. 40 орчим насны халамцуу ах булаг дээр ирэхээр нь би “ус уух уу” гэж асуухад “ууя” гээд уусан. Би тэр ахыг “баярлалаа” гээд цаашаа явахаар нь цамцны захаас унагаах гээд татсан чинь эргэж хараад намайг тахимдаад, бид хоёр хамт унасан. Газар уначихаад надтай ноцолдохоор нь би ард нь гараад араас нь бооход миний гараас татаад, “ах нь бие муутай, ухаан алдлаа” гэсэн. Би тавиад “мөнгө байна уу” гэж асуухад нь “байхгүй” гэхээр нь “тэгвэл утсаа өг” гээд хар өнгийн биеийн тамирын өмдний халааснаас цагаан өнгийн “Iphone 4” загварын гар утсыг аваад “архи авчирч өгөөд аваарай” гэсэн. Намайг тэр ахтай ноцолдоод, утсыг аваад явуулсны дараа Чинбаа гэх залуу явчихсан байсан. Би гар утсыг аваад Баянхошуу дэлгүүрийн гадаа сууж байтал цагдаа нар ирээд би утсыг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-77-79/,

шүүгдэгч А.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны тодорхойлолт /хх-68/, шүүгдэгч А.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-144/, гэрч А.Цэрэннадмидын мэдүүлэг /хх-123/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-151/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-153-157/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд өмгөөлөгч А.Буяндэлгэрээс гаргаж өгсөн “Суман хас” ХХК-ийн “А.О нь тус компанид ажиллаж байгаад чөлөө авсан. Цалин 800.000 төгрөг” гэх тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн тодорхойлолтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.      

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Д, А.О нар бүлэглэн, согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Г.Оын гар утас, бэлэн мөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авсан,

шүүгдэгч А.Д ганцаараа, согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Булагийн орчимд хохирогч Б.Ргийн эзэмшлийн “Ай фоне-4” маркийн гар утсыг хүч хэрэглэн хууль бусаар авсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч А.Дын дээрэмдэх гэмт хэргийн 2 үйлдлийг  тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.Дын 2 удаагийн үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцон хамтад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж шүүх зөвтгөж шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

Шүүгдэгч А.Д, А.Отэй бүлэглэн, согтуурсан үедээ хохирогч Г.Оын гар утас, бэлэн мөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 215.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Д ганцаараа, согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Б.Ргийн эзэмшлийн “Ай фоне-4” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Г.Оын “...намхан залуу нь миний өмдний халааснуудыг ухахаар нь эсэргүүцэл үзүүлэхэд арай өндөр залуу нь миний хоёр гарыг барьж байтал намхан залуун миний цамцны захнаас барьж хоолой боож Samsung S-5 маркийн шаргал өнгийн гар утас, бэлэн 60.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-108/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 19/171 дүгээр “Гар утас /Самсунг фирм, S5 загвар/ 120.000 төгрөг, виза карт /Хаан банк/ 5.000 төгрөг, бэлэн мөнгө 60.000 төгрөг, нийт 215.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-125/, хохирогч Г.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-104-105/,

хохирогч Б.Ргийн “...Тэр залуу миний ард гараараа хоолойг боохоор нь “ах нь ухаан алдлаа” гэхэд намайг тавиад “мөнгө байна уу” гэхээр нь “мөнгө байхгүй” гэхэд “тэгвэл утсаа өг” гээд миний өмдний халаасанд байсан “I phone 4” загварын гар утсыг авчихаад...” гэх мэдүүлэг /хх-17/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 19/174 дүгээр “Гар утас /Iphone фирм, загвар 4/ 120.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-34/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “А.Дын биеэс гарч ирсэн гар утсыг Б.Рд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-12/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Дын хохирогч Б.Ргийн хоолойг боон хүч хэрэглэн эд зүйлийг авсан, мөн шүүгдэгч А.Отэй бүлэглэн, хохирогч Г.Оын хоолойг боон хүч хэрэглэн эд зүйлийг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч А.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.Огийн шүүгдэгч А.Дтой бүлэглэн, хохирогч Г.Оын хоолойг боон хүч хэрэглэн эд зүйлийг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч А.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Рд 120.000 төгрөгийн, хохирогч Г.От 215.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Оын “Би өөрт учирсан хохирол болох 60.000 төгрөгийг бэлнээр О гэх залуугийн төрсөн эгч Цэрэннадмидаас бүрэн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-113/, хохирогч Б.Ргийн “...Би өөрийнхөө гар утсыг хүлээж авсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-17/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “А.Дын биеэс гарч ирсэн гар утсыг Б.Рд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-12/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д, О нар бүлэглэн, согтуугаар хохирогч От хүч хэрэглэн эд зүйл, шүүгдэгч Д ганцаараа, согтуугаар Рд хүч хэрэглэн эд зүйл дээрэмдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Дыг 4 жил 4 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Ог 2 жил 6 сарын хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Д 2 удаагийн үйлдэлтэй, О 1 удаагийн үйлдэлтэй, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзсан...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “Гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Шүүгдэгч Д анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирлын хэмжээ бага, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, 1 жил 6 сар хорих ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “Гэм буруу, зүйлчлэлээр маргаагүй. Шүүгдэгч О анхнаасаа үнэн зөв, тогтвортой мэдүүлж ирсэн. Гарыг нь барьж, мөнгийг аваад зугтсан, ажил эрхэлж байгаа, охиныхоо сургалтын төлбөрийг төлдөг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.      

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.     

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нар согтуурсан үедээ, бүлэглэж, хохирогч нарын хоолойг боон хүч хэрэглэн эрх, эрх чөлөөнд нь халдан эд хөрөнгийг нь авсан үйлдлийн шинж чанар/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /Хоёр хохирогчид нийт 335.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлөгдсөн, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч А.Д дээрэмдэх гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн буюу 2 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч А.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан, 1 удаагийн үйлдэлтэй, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын оролцсон оролцоо/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ог 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон заалт биш тул шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, тэдний хувийн байдал, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзсэн болно. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдох юм.

Шүүгдэгч А.Дын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг, шүүгдэгч А.Огийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцохоор шийдвэрлэв. /хх-235/.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мунан овогт Алтангэрэлийн Д, Сартуул овогт Аюушийн О нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ог 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Дын цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг, шүүгдэгч А.Огийн цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, А.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д, А.О нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Д, А.О нарын эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, А.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР