Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0530

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,  

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд,

шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008010870447 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Таван толгой шин” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эгч, дүү нарын хамт оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 583 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Диваагийн Х /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Д.Х нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол, 116 дугаар байр, 48 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Этэй хардалтын улмаас маргалдан, улмаар хоёр гараас нь зуурч хана мөргүүлэн цохиж зодон, бие махбодид нь “тархи доргилт, бугалганы цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж  байна. Одоо тусдаа амьдарч байгаа” гэв.

 

Эрүүгийн 2008010870447 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Эийн: “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 116 дугаар байрны 48 тоотод хамтран амьдрагч Д.Х, түүний эгч Амаржаргалын хамт байсан. Д.Х өөр өрөөнд кино үзэж байгаад миний байсан өрөөнд орж ирээд “чи наад утсаа үзүүл” гэхээр нь үзүүлсэн чинь “чи нөгөө цэргийн даргатайгаа яриад байна уу” гээд хардаад байсан. Бид хоёр маргалдсан чинь Д.Х миний гарнаас зулгаагаад хоёр гарнаас зуурч байгаад, өрөөний ханыг 2-3 удаа мөргүүлсэн. Д.Х намайг аргадаад, миний толгой өвдөөд байхаар нь би жоохон хэвтсэн чинь унтаад өгсөн байсан. Тэгээд шөнийн 03 цаг болж байхад сэрээд найз Цээгий рүү залгаад Цээгий цагдаад мэдэгдсэн. Өмнө нь бид хоёр хоорондоо маргалдаж байсан. 2019 оны 8 дугаар сард намайг цохиод баривчилгаанд явж байсан. Би эмчилгээ хийлгэсэн. Надад одоо эмчилгээний баримт байхгүй. Би Д.Хаас эмчилгээний зардал болгож 1.514.000 төгрөг бэлнээр авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-16-17, 18-20/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.02.11-ний өдрийн 2436 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Э-н биед тархи доргилт, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-33-34/,

Гэрч Б.Цэрэнхандын: “2020 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө унтаж байсан чинь 03 цагийн орчим найз Э залгаад “хамтран амьдрагч намайг зодоод миний утсыг авчихаад өгөхгүй байна, би сая унтсан хойно нь гар утсаа авлаа, чи цагдаа дуудаад өгөөч” гэж ярьсан. Тэгээд би цагдаагийн 102 дугаарын утсанд залгаад Эийн хамтран амьдрагч Хын гэрийн хаягийг зааж өгсөн. Манай найз Б.Э нь Д.Хтай хамт амьдраад 2 жил гаруй болж байгаа...” гэх мэдүүлэг /хх-22/,

Гэрч Д.Амаржаргалын: “2020 оны 02 дугаар сарын 06-ны 19 цагийн орчим гэртээ ирсэн чинь дүү Д.Х, Б.Э нар байсан. Д.Х бид хоёр голын өрөөнд зурагт харж байгаад би ядраад байхаар нь өөрийнхөө өрөөнд ороод унтаж амарсан. Тэгтэл 20 цагийн орчим Д.Х, Э нар маргалдаж байх шиг сонсогдож байгаад чимээгүй болсон. Унтаж байсан чинь хаалга дуугарах чимээ гараад байхаар нь босоод харсан чинь Д.Х, Э нар “цагдаа ирсэн байна, гарч учраа олъё” гэх зүйл яриад гараад явсан. 2019 оны 8 дугаар сард Д.Х нь Б.Этэй маргалдаад шүүхээр баривчлагдаж байсан. 2018 оны 1 дүгээр сараас Б.Этэй хамт амьдрах болсон...” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Б.Ангарагхүүгийн: “Эргүүлийн автомашинд үүрэг гүйцэтгэж байхад 2020 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 03 цаг 37 минутад “Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 116 дугаар байрны 48 тоотод манай найзыг хамтран амьдрагч нь зодоод байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Б.Э 31 настай, эмэгтэй “намайг манай хамтран амьдрагч хана мөргүүлж зодсон” гэх зүйл ярьж байсан тул Д.Х болон Б.Эийг хэлтсийн төв байранд авчирч материалжуулсан. Очиход Б.Эийн гар нь улайсан байдалтай, нүүрэн хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Шүүгдэгч Д.Хын яллагдагчаар өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 06-ны 19 цагийн орчим 116 дугаар байр, 48 тоотод хамтран амьдрагч Б.Э, эгч Д.Амаржаргал нартай хамт байсан. Эгчийн өрөөнд орж кино үзэж байгаад Б.Эийн өрөөнд орж ирсэн чинь гар утсаараа оролдож байхаар нь “чи хүнийг битгий сэв суулгаад бай л даа, яагаад ингээд хүнтэй чаат бичээд байгаа юм бэ, гар утсаа надад үзүүлчих” гэсэн Б.Э “гар утсаа үзүүлэхгүй” гээд нуугаад цонх онгойлгоод хашгираад байхаар нь би уур хүрээд хоёр гарын бугалганаас барьж аваад хана руу түлхсэн чинь Б.Э хана мөргөөд унасан. Тэгээд би буруу зүйл хийснээ мэдээд Б.Эээс уучлалт гуйгаад, аяганд ус хийж өгөөд, Б.Э тайвшраад унтаад өгсөн. Б.Этэй 2018 оны 1 дүгээр сараас хамтран амьдарсан. Өөрийнхөө бурууг бүрэн ухамсарлаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-54-58/,

гэрч П.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-28/, аюулын зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-37-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-72/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-73/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-74/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-75/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-76-77/, “Таван толгой шин” ХХК-ийн “Д.Х тус компанид хүнд даацын автомашины жолооч ажилтай, сарын дундаж цалин 900.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-78/, шийтгэврийн хуулбар /хх-79/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Х нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 116 дугаар байр, 48 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Этэй “гар утсаа үзүүлсэнгүй” гэж шалтаглан зодож, тархи доргилт, бугалганы цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Эийн “...Д.Х “чи наад утсаа үзүүл” гээд үзүүлсэн чинь “чи цэргийн даргатайгаа яриад байна уу” гээд миний гарнаас зулгаагаад хоёр гарнаас зуурч байгаад өрөөний ханыг 2-3 удаа мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-16-17/, шүүх эмнэлгийн 2436 дугаар “1.Б.Э-н биед тархи доргилт, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжилгээ /хх-33-34/, гэрч Б.Цэрэнхандын “...Б.Э над руу залгаад “манай хамтран амьдрагч намайг зодоод миний утсыг авчхаад өгөхгүй байна, би сая унтсан хойно нь гар утсаа авлаа, чи цагдаа дуудаад өгөөч” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Д.Амаржаргалын “...Д.Х, Э нар хоорондоо хэсэг маргалдаж байх шиг сонсогдож байгаад чимээгүй болсон…” гэх мэдүүлэг /хх-24/, гэрч Б.Ангарагхүүгийн “...Б.Э “намайг манай хамтран амьдрагч хана мөргүүлж зодсон” гэх зүйл ярьж байсан. ...Б.Эийн гар нь улайсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч Д.Хын яллагдагчаар өгсөн “...Б.Эийн хоёр гарын бугалганаас барьж аваад хана руу түлхсэн чинь хана мөргөөд унасан...” гэх мэдүүлэг /хх-54-58/, аюулын зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-37-47/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Хын хамтран амьдрагч Б.Эийг “хардсан” нэрээр “гар утсаа үзүүлсэнгүй” гэж шалтаглан толгойгоор нь хана мөргүүлэн зодож тархи доргилт, бугалганы цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Д.Хаас эмчилгээний зардал болгож 1.514.000 төгрөг бэлнээр авсан.  Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18-20/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Эийг зодож, хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Өмнө нь бас зодсон зөрчилд шийтгэгдэж байсан. 900.000 төгрөгийн цалинтай хүнд торгох ял оногдуулах нь тохирохгүй гэж үзэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Ажил хөдөлмөр эрхэлдгийг харгалзан 450.000 төгрөгөөр торгож өгнө үү. Амралтаар ирсэн хугацаандаа ийм асуудалд орсон. Ажлаас нь дуудаад байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулвал ажлаас халагдах, эрх зүйн байдал нь дордох тул торгож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /“хардсан” нэрээр “гар утсаа үзүүлсэнгүй” гэж шалтаглан толгойгоор нь хана мөргүүлэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 1.514.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа ачааны машинаар үйлчилгээнд явдаг гэх, сарын 900.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч Д.Хыг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Диваагийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР