Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 0538

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран, 

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шинжээч Г.Цэндсүрэн, М.Баттөмөр, В.Балжинням,

гэрч Д.Наранчимэг,

хохирогч Д.Б, өмгөөлөгч К.Баатар,

шүүгдэгч Ц.О, өмгөөлөгч Д.Өлзийсайхан, С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903010720467 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Цолмонгийн О /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.О нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны 06 цаг 56 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Zo milon” худалдааны төвийн зүүн замд “Тоёота приус-30” маркийн, 44-31 УБО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас урдаа явсан унадаг дугуйтай зорчигч Д.Бийг  мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 10-нд Эмээлтээс Улаанбаатар чигт 1 дүгээр эгнээгээр явж байсан. Дугуйтай хүн зүүн гар талаас орж ирж мөргүүлсэн, миний буруу байхгүй. Үзэгдэх орчин сайн байсан. Дугуйтай хүн яах ийхийн зуургүй гэнэт орж ирсэн. Би тоормос гишгээд зогссон. Миний урд болон баруун талд дугуйтай хүн явж байгаагүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 10-нд өглөө ажилдаа дугуйтай явсан. Зам дээр 2 хүн зогсож байсан. Тэр хоёрын хажуугаар өнгөртөл гэнэт унасан. Тэгтэл надаас 20 гаруй метрийн орчим 1 эмэгтэй алхаад явсан. Зам дээр байгаа 2 хүнийг харсан уу гэхэд үгүй гэсэн. Дугуйн үнэ 1.019.000 төгрөг, эмчилгээ 3.990.240 төгрөг, эм, бусад зардал 73.937 төгрөг, ажилгүй цалингийн зөрүү 1.512.303 төгрөг, 6.595.480 төгрөг нэхэмжилж байна. Би нэгдүгээр эгнээний баруун талаар явж байсан. Уулзвар нэвтрээд 100 гаруй метр явсан байсан. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон” гэв.

Гэрч Д.Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би замын баруун талд зогсож байсан. Уулзвар миний зүүн талд байсан. Дугуйтай хүн баруун захаар явж байсан. Дуу чимээ гарахад эргэж харсан. Надаас барагцаагаар 100 гаруй метр орчим гэж бодож байна. Дугуйтай хүн агаарт хөөрөөд унаж байсан. Машины зүүн талд унасан. Машин замын шороон зам руу бараг орсон байсан” гэв.

Шинжээч Г.Цэндсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Унадаг дугуйнд учирсан эвдрэл, гэмтэл нь зүй тогтлын хувьд араас мөргөгдөх үед үүснэ. Машин, унадаг дугуй ямар байрлалтай мөргөлдсөнийг тогтоохын тулд зураг 7, 9-г үзэхэд хүлээн авагч гадаргуу дээр үүссэн шинж тэмдэг хөдөлгөөнтэй байгааг илэрхийлсэн тул дугуйг явж байхад араас мөргөсөн гэдгийг тогоож байгаа. Харилцан үйлчилсэн биетүүд харилцан ул мөр үлддэг зүй тогтолтой. Дугуйн ачаа баруун хойноос урагш чиглэлтэй гэмтсэн. Машин эхлээд унадаг дугуйн арын дугуйтай харьцаад хэв гажилт үүсгээд улмаар унадаг дугуйн ачаанд хүрч гэмтээнэ. Урд дугуй, баруун урд талын амартизаторт үүссэн гэмтэл мөргөгдөх, шүргэгдэх үед үүссэн. Унадаг дугуйг ард, урдаас нь зургаар харуулсан байгаа. Үүнээс хүчний харилцан үйлчлэл, хүч харагдана. Машины өргөн 1,6 метр байдаг. Замын хөдөлгөөний дүрэмд 50 см зайд байх ёстой. Унадаг дугуй шулуун явж байгаагүй. Бага зэрэг ташуу байрлалтай явж байхад мөргөсөн. Унадаг дугуй машины зүүн талаас орж ирсэн гэх баримт хэрэгт байхгүй” гэв.

Шинжээч М.Баттөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай шинжээч нарын тухайд техникийн бүрэн бүтэн байдлыг үзэж дүгнэх ёстой. Зүүн урд крылоны гэмтэл орхигдсон байна” гэв.

Шинжээч В.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргасан. Зорчих хэсэг нийт 15 метр, 1 эгнээ 3,75 метр, машины өргөнийг бодох ёстой. Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой зай заагаагүй. Замын шороон хэсэгт мөр үүсээгүй. Машины зүүн урд талд гэмтэл, мөр үүссэн байгаа. Хурдыг тодорхойлох боломжгүй, АВС буюу зам дээр чирэгдэлгүй зогсдог системтэй. Кримниластикийн шинжээчийн дүгнэлт, 2 гол гэрчийн мэдүүлгээр дугуйтай хүнийг араас нь мөргөсөн болох нь тогтоогдсон. Тээврийн хэрэгслийн хажуунаас унадаг дугуй ирсэн бол мөр машины урд гарахгүй. Гарсан ч шинж тэмдэг нь өөр байх байсан. Хамгийн анхны үзлэг үнэн байх магадлал өндөр байдаг” гэв.

 

Эрүүгийн 1903010720467 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Бийн: “2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 06 цаг 30 минутад гэрээсээ гарч “Хатан” кашмерийн ертөнцийн зүгээр хойд уулзвараар баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахдаа хоёр талынхаа тээврийн хэрэгслийг харж байгаад замын зорчих хэсгийн урд талд гарсан. Тухайн үед тээврийн хэрэгслүүд байхгүй, хөдөлгөөн сийрэг байсан. Би замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний баруун тал руу шахаад явж байсан. Автобусны буудал өнгөрөхөд буудал дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байгаа харагдсан. Гэнэт араас унадаг дугуйны хойд дугуй мөргөж газар унасан. Сая өөрийг чинь дахин танилцуулж тайлбарлаж хэлэхээр би осол гарах үед замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний зүүн талд шахаж явсан, мөн зам хөндлөн гарч байгаа мэтээр зурагдсан байна. Миний автомашинд мөргөгдсөн гэх А үсгийг буруу газар тавьсан байна. Би нэгдүгээр эгнээний баруун тал руу шахаад явж байхад тухайн осол гаргасан авто машины жолооч нойрмоглосон уу, яасан бүү мэд миний хойноос ирж мөргөөд, миний урд гарч шороон зам дээр замын зорчих хэсгийг чөлөөлж зогссон байсан. Би ослын дараа тухайн осол гаргасан автомашиныг харахад автомашины баруун тал буюу баруун талаараа намайг мөргөөгүй авто машиныхаа зүүн тал буюу жолоочийн эсрэг талын урд гуферийн хэсгээрээ мөргөж гэрэл нь хугарч, гуфер нь зурагдсан байсан. Би түүнийг нь харчихаад жолооч эмэгтэйд “чи нойрмоглож явсан уу, автобусны буудал дээр хоёр хүн зогсож байхыг харсан уу” гэж асуухад “хараагүй” гэж хэлж байсан. Би бодохдоо нойрмоглоод замын хажуу руу үүрэглэж явахдаа миний араас ирж мөргөсөн юм байна гэж бодсон. Миний зүгээс осол гаргасан буруутай жолоочоос эмчилгээний төлбөр болон өөрт учирсан бодит хохирлоо бүрэн гаргуулж авна, гомдолтой байна. Харин осол гаргасан жолооч эмнэлэг дээр ирэхдээ Барагшун болон Алтангагнуур авчирч өгсөн. Мөн шинжилгээ өгөхөд төлбөрийг гаргасан. 

Би замын зорчих хэсэг буюу нэгдүгээр эгнээний баруун тал руу шахаад явж байхад гэнэт араас ирж тээврийн хэрэгсэл мөргөж би унадаг дугуйтай агаар дээр хөөрч байгаад замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний голын хэсэгт буюу цус гарч гоожсон хэсэгт унасан нь үнэн. Тэр эмэгтэй ирээд миний хамар, амнаас гарсан цусыг арчиж намайг түшиж босгохоор нь машин дээр очиход зүүн талын нэмэлт гэрэл хагарчихсан байхаар нь “чи яаж явахаараа машиныхаа зүүн талаар ирж мөргөдөг юм бэ” гэж асуухад “уучлаарай, миний болгоомжгүйгээс боллоо” гэж хэлсэн. Удалгүй нэг замын цагдаа ирээд миний зургийг авсан. Удалгүй түргэний машин ирээд намайг авч явсан. Шинээр жолоо барьж байгаа хүн бол зүүрмэглэж, нойрмоглох зүйл байхгүй. Тиймээс хол зам туулсан жолооч ядарч нойрмоглосон гэж бодож байна. Ц.Оаас 6.1 сая төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо түргэн шуурхай гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-15-16, 17-18, 169-170/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.18-ны өдрийн 11134 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Б-н биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, зүүн эгэм ясны хугарал, хуйханд цус хуралт, баруун хацар, хамар, хамрын дор, зүүн хацарт зулгаралт, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зүүн эгэм орчимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /хх-29/,

Шинжээч Т.Номинцэцэгийн: “Үзүүлэгч Д.Бөд учирсан дээрх гэмтлүүд хэрэг болох үед үүссэн шинэ гэмтлүүд байсан. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн толгойн болон бүсэлхий нурууны КТГ зургууд, ГССҮТ-ийн рентген зураг зэргээс шинэ гэмтэл гэдэг нь харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-106/,

Гэрч Д.Наранчимэгийн: “2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө Улаанбаатар хот орох гээд “Zo Milon” худалдааны төвийн урд буюу “Хатан” кашмер ноолуурын үйлдвэрийн хойд талд зогсож байсан. Замын хойд талд байдаг уулзвараар нэг ногоон өнгийн хувцас өмссөн дугуйтай хүн гарч ирээд бид хоёрын урдуур өнгөрсөн. Удалгүй нэг бараан өнгийн жижиг машин өнгөрсөн. Жаахан байж байтал “түс тас” хийгээд явчихаар нь хартал нөгөө урдуур явж байсан дугуйтай хүнийг урдуур өнгөрсөн машин мөргөөд нөгөө хүн агаарт хөөрөөд газар унаж байгаа харагдсан. Би осол хэрэг гарахыг ойролцоогоор 100 орчим метрээс харсан. Харж байхад машинаас нэг эмэгтэй хүн гарч ирээд сандраад газарт унасан хүний наана цаана гараад гүйгээд байсан. Уулзварын тушаа буюу жаахан ертөнцийн зүгээр зүүн гар талд нь байсан. Дугуйтай хүн зүүн гар тийш явдаг зам руугаа нэгдүгээр эгнээгээр явж байсан.

 ...Би замын зорчих хэсгийн урд талд гараа өргөөд зогсож байхад унадаг дугуйтай хүнийг явж өнгөрсний дараа удалгүй бид хоёрын урдуур бараан өнгийн жижиг суудлын автомашин 1, 2 дугаар эгнээний голоор маягтай яваад өнгөрсөн. Тухайн автомашины жолооч бид хоёрыг гар өргөөд зогсож байгааг харахгүй яваад өнгөрсөн. Ойролцоогоор 70-90 орчим метрийн цаана “тас няс” хийх чимээ гарахаар нь харахад ногоон өнгийн хувцастай унадаг дугуйтай явж байсан эрэгтэйг жижиг суудлын автомашин араас нь мөргөөд, унадаг дугуйтайгаа агаарт хөөрөөд газар унаж байгаа харагдсан. Унадаг дугуйтайгаа агаарт хөөрч байгааг нь харахад автомашины зүүн тал буюу жолоочийн эсрэг талд хөөрч байсан. Унадаг дугуйтай зорчигч хүү бид хоёрын урдуур явж өнгөрөхдөө нэгдүгээр эгнээний баруун тал руу шахаж бид хоёрын хажуугаар ойрхон явж өнгөрсөн.

...Тухайн зам тээврийн осол гаргасан хөх өнгийн суудлын автомашин их хурдтай хажуугаар өнгөрсөн. Зам тээврийн осол гаргаад зогссоны дараа эмэгтэй хүн машины гадна байхаар нь ганцаараа явж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл удалгүй нэг эмээ, нэг залуу 2 гараад ирчихсэн харагдсан...” гэх мэдүүлэг /хх-25, 87, 171-172/,

Насанд хүрээгүй гэрч Ю.Бямбасүрэнгийн: “2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 06 цаг өнгөрч байхад ээжийнхээ хамт сургууль руугаа явахаар “Хатан” кашмерийн хойд талын зам дээр буюу замын зорчих хэсгийн урд талд унаа барихаар гар өргөөд зогсож байтал унадаг дугуйтай хүн ээж бид хоёрын урдуур хот руу чиглэлтэй, нэгдүгээр эгнээний баруун талаар ойрхон зөрөөд өнгөрсөн. Удалгүй жижиг суудлын автомашин замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр хурдтай өнгөрсөн. Ээж бид хоёр Эмээлтээс ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг хараад, гар өргөөд зогсож байтал тоормосны чихарсан чимээ гарахаар нь эргээд харахад унадаг дугуйтай хүн эргэлдээд замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний зүүн талд унаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-89/,

Гэрч Ч.Пунцагийн: “2019 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02 цаг өнгөрч байхад Булган аймгийн Сансар сумаас Улаанбаатар хот руу охин, ач нарын хамт гарсан. Улаанбаатар хот руу нилээд дөхөөд нэг газар зогсоод ач Г.Чингүүн машин жолоодож байснаа болиод охин Ц.О жолоодоод явсан. Гэнэт замын хойд талаас нэг шувуу шиг юм машины урдуур ороод ирсэн. Тэгтэл манай охин тоормосоо гишгэтэл түг хийгээд явчихсан. Би машины хойд талд буюу жолоочийн эсрэг хойд талд суугаад явж байсан. Би өөрийнхөө сууж явсан талын хойд цонхоор харсан. Гэнэт л замын хойд талаас гараад ирсэн байх. Би бол урагшаа хараад л явж байсан. Урд ямар нэг зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-22/,

Гэрч Г.Чингүүний: “2019 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02 цаг өнгөрч байхад Булган аймгийн Сансар сумаас Улаанбаатар хот руу ээж, эмээ нарын хамт гарсан. Шөнө машин жолоодож байгаад үүр цайгаад гэгээ орж байхад Эмээлт овооны хажууд жолоогоо шилжүүлээд нэг хэсэг унтчихсан. Огцом тоормослоод “түс” хийгээд дуугарахаар нь сэрээд зүүн толиндоо харахад зам дээр нэг дугуйтай хүн уначихсан байсан. Буугаад иртэл нэг ахимаг насны ах “цагдаа дуудаад яах вэ, зүгээр эмнэлэгт очоод үзүүлье” гэхээр нь ээж “цагдаа, түргэн дуудъя” гэсэн.

...Удалгүй түргэний машин ирээд нөгөө хүнийг эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь замын цагдаа нар ирж хэргийн газарт хэмжилт хийж, зураг авсан. Тэр үед дуудлагаар ирсэн замын цагдаа замын зорчих хэсэг дээр унадаг дугуйтай хүний хамраас гоожсон цусыг харж, тэр газар үсэг тавиад байсан. Анх унадаг дугуйтай хүнийг мөргөсөн газраас цустай газар хүртэл ойролцоогоор 3-4 орчим мерт газар байсан. Ослын дараа харахад автомашины зүүн талын урд их гэрэл хагарч, урд гуферийн зүүн хэсэг зурагдаж, будаг нь халцарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-19, 20/,

Гэрч Б.Буян-Өлзийн: “2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө эрт 06 цаг өнгөрч байхад буюу ээлж солигдохоос өмнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл ирсний дагуу ослын газарт очиход хөх өнгийн Тоёота Приус 30 маркийн эмэгтэй жолоочтой тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн баруун талд буюу Эмээлтээс Улаанбаатар луу урууддаг замын урд талд зогсож байсан. Унадаг дугуйтай хүнийг машиндаа оруулаад хойд суудалдаа суулгачихсан, унадаг дугуй нь машины хажууд бетонон шон түшүүлээд тавьсан байсан. Автомашины жолооч болон унадаг дугуйтай хүнээс ослын талаар тодорхой асуугаагүй, ослын газарт байсан цус мэт хүрэн өнгийн зүйлийг ойролцоо түүмбэ тавьж, ослын газрын хамгаалалтанд авсан...” гэх мэдүүлэг /хх-173-174/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2020.03.06-ны өдрийн 1227 дугаар дүгнэлтэд: “...3. - Зураг 18, 19-д үзүүлсэн арын ачаа гулзайж, баруун хойд булан хэсгээр дээш чиглэлд дэрвийсэн, баруун босоо тулгуурын боолт хэсгээр цуурч ханзарсан, тулгуурын гол хэсгээр урагш чиглэлд гулзайсан гэмтэл нь төмөр эдлэлийн бат бөхийн хязгаар давсан хүчээр баруун хойноос урагш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргүүлэх үед үүссэн байх үндэслэлтэй. – Зураг 40-43-д үзүүлсэн хойд дугуйн обод 12см хэмжээтэй ободын төв буюу дотогш чиглэлд гулзайж нугарч, тасарч хугарсан, гэмтэлтэй хэсгийн зах ирмэг бохирдолгүй, хигээс төмөр гулзайж, тасарсан хэсгээр сугарч гарсан гэмтлүүдийн зүй тогтол гэмтэл үүссэн чиглэл зэрэгт үндэслэн хойноос урагш чиглэлд, төмөр эдлэлийн бат бөхийн хязгаар давсан хүчээр харилцан үйлчлэхэд буюу мөргүүлэх үед үүссэн байх үндэслэлтэй. Зураг 40-д үзүүлсэн гэмтэлтэй обод хийлдэг хошуу бэхэлгээтэйгээ байгаа нь хойноос урагш чиглэлд мөргөх хүчин зүйлийн нөлөөгөөр зураг 39-д үзүүлсэн хойд дугуйн дотуур хаймарын хошуу салж хагарсан байх үндэслэлтэй. Хойд талын ачаа, хойд дугуйнд үүссэн гэмтлүүдийн чиглэл, байрлал, үйлчилсэн хүчин зүйлүүд ижил тул нэг удаагийн үйлдлээр, нэг үүсгэгчээр үүссэн байх үндэслэлтэй.

- Зураг 31, 32-т үзүүлсэн баруун урд амортизаторын үзүүр хэсгээр 3х1,2см хэмжээтэй хонхойж, ташуу чигт зурагдсан гэмтэл нь урдаас хойш чигт хатуу гадаргуутай хүчтэй харилцан үйлчлэхэд буюу дугуй хажуулдаж унах үед газартай харьцах үед үүссэн байх үндэслэлтэй.

- Зураг 30-д үзүүлсэн урд дугуйн обод сэнсэрсэн гэмтэл болон хигээс төмөр хэвийн гэмтэл нь ташуу чигт хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу дугуй онхолдож унах үед үүссэн байх үндэслэлтэй.    

- Зам тээврийн осол хэргийн газарт авсан гэрэл зургийн үзүүлэлтийн 7, 9-д Toyota Prius 30 маркийн, 44-31 УБО улсын дугаартай автомашины урд бамбайн зүүн урд булан хэсэгт, зүүн урд дохионы баруун талд байрлалтай хэсэгт сэвтэж, зурагдаж, дугуйн хээ бүхий тоосон мөр дүрс /зураг 53, 54, 55/ нь дөрвөлжин хэлбэртэй, тогтонго биш, дүрс үзүүр төгсгөл хэсгээр дээш чиглэлтэй даялаж зурагдсан шинж тэмдэг, шинжилгээнд ирүүлсэн унадаг дугуйн арын дугуйн хээ 4,5 эгнээ бүхий төвгөр хэлбэртэй /зураг 56/, арын обод, ачаа хойноос урагш чиглэлд эвдрэл гэмтэл үүссэн зэрэг шинж тэмдэгт үндэслэн CUBE маркийн унадаг дугуйн араас Toyota Prius 30 маркийн, 44-31 УБО улсын дугаартай автомашин зүүн урд хэсгээр мөргөсөн байх үндэслэлтэй.  

Дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн CUBE маркийн, LTD3012420 V0V25553BTHN арлын дугаартай унадаг дугуй эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. Урд дугуй сэнсэрсэн, арын дугуйн обод хугарч гулзайсан, арын ачаа гулзайж сэнсэрсэн, ачааны баруун тулгуур төмөр гулзайсан, гинж салсан, баруун урд амортизаторын доод үзүүр хэсгээр хонхойж зурагдсан гэмтэлтэй. 3. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтэл тул осолд нөлөөлөхгүй. 4. Хойд дугуй, арын ачаанд үүссэн эвдрэл гэмтлүүд араас мөргөгдөх үед үүссэн эвдрэл гэмтэл байна. Урд дугуй, баруун урд амортизаторын гэмтэл ослын үед ташуу чигт үүссэн эвдрэл гэмтэл байна. 5. Дээрх гэмтлүүд ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. 6. Шинжилгээнд ирүүлсэн унадаг дугуйн урд, хойд дугуйн тоормос ажиллаж байна. 7. CUBE маркийн, LTD3012420 V0V25553BTHN арлын дугаартай унадаг дугуйн араас Toyota Prius 30 маркийн, 44-31 УБО улсын дугаартай автомашин зүүн урд хэсгээр мөргөсөн байх үндэслэлтэй. 8. Шинээр нөхцөл байдал илрээгүй” гэжээ /хх-177-195/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020.03.23-ны өдрийн 132 дугаар дүгнэлтэд: “1.Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын анхны болон дахин үзлэг, тэмдэглэлүүд, хэмжилтийн анхны болон дахин үзлэгийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зам, орчны байдал, унадаг дугуйгаар зорчигчийн тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн болон унасан гэх цэгүүдийн байрлал, хоорондын зай, тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, түүнд учирсан эвдрэл, жолооч, хохирогч, хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн шинжээчийн 2019.09.18-ны өдрийн 11134 дугаартай дүгнэлт, автомашинд хийсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019.09.23-ны өдрийн оношилгооны дүгнэлт, унадаг дугуйнд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.03.06-ны өдрийн 1227 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Приус-30 маркийн 44-31 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Унадаг дугуйгаар зорчигч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар бүлгийн 25.4 дэх заалт “Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно: a/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд.” гэсэн шаардлагыг биелүүлээгүй /зөрчсөн/ үндэслэлтэй байна. 3.Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй байна. 4.Автомашинд хийсэн 2019.09.23-ны өдрийн оношилгооны “...Ослын улмаас урд бамперын зүүн гар талын дугуйрсан булан хэсгээр зурагдаж будаг халцарсан, урд бамферын зүүн урд хэсэгт байрлах нэмэгдэл гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг гэмтэлтэй.”, “...иж бүрдлийн гэмтлүүд ослын улмаас үүссэн гэмтэл.” гэх дүгнэлт, унадаг дугуйнд хийсэн 2020.03.06-ны өдрийн 1227 дугаартай шинжээчийн “...Хойд дугуй, арын ачаанд үүссэн эвдрэл гэмтлүүд араас мөргөгдөх үед үүссэн эвдрэл гэмтэл байна.” гэх дүгнэлт, хэргийн газрын анхны үзлэгийн тээврийн хэрэгслийн зургийн 7, 9 /дугуйн хээн тоосон мөр/, 10, унадаг дугуйн зургийн 11, 12, 13, 14, 15 дугаар үзүүлэлтүүд , хохирогчийн /зорчих хэсгийн дагуу явсан гэх/ болон хөндлөнгийн гэрчийн /урдуур гараад өнгөрсөн гэх/ мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал зэргийг үндэслэхэд унадаг дугуйгаар зорчигч замын зорчих хэсгийн баруун гар талын захад шахаж явсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Т.Приус-30 маркийн 44-31 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О нь унадаг дугуйгаар зорчигч /аюул, саад/-ийг хараад тээврийн хэрэгслийн жолоодлогыг баруун гар тийш дараагүй тохиолдолд дээрх гэмтэл тээврийн хэрэгсэлд үүсэх боломжгүй буюу жолооч Ц.О, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэх гэрчүүдийн мэдүүлгүүдээр уг Т.Приус-30 маркийн 44-31 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урдаа яваа унадаг дугуйтай хүн /аюул, саад/-ийг харах, тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зогсоох арга хэмжээ авах, түүнийг мөргөхгүй байх цаг хугацаа, орон зайн боломж үүсгээгүй гэж үзэхээр байна. 5.Хэргийн газрын анхны үзлэгийн тээврийн хэрэгсэлд авсан фото зургийн үзүүлэлтүүд, Т.Приус-30 маркийн 44-31 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн оношилгооны дүгнэлтээр тээврийн хэрэгслийн зүүн урд крылод эвдрэл, гэмтэл учраагүй байна. 6. Уг зам тээврийн осол нь осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн жолооч нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан өөрт хамаарах шаардлагыг биелүүлээгүйгээс гарсан үндэслэлтэй гэж шинжээч үзэж байна” гэжээ /хх-206-207/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019.09.23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “1.Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, их гэрлийн тусгалын чадлын хэмжээ, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал иж бүрдлийн хувьд, ослын улмаас урд буферийн зүүн гар талын дугуйрсан булан хэсгээр зурагдаж будаг нь халцарсан, урд буферийн зүүн урд хэсэгт байрлах нэмэгдэл гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг гэмтэлтэй нь техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй байна. 2. Ослын улмаас урд буферийн зүүн гар талын дугуйрсан булан хэсгээр зурагдаж будаг нь халцарсан, урд буферийн зүүн урд хэсэгт байрлах нэмэгдэл гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг гэмтэлтэй...” гэжээ /хх-35-38/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2019.10.17-ны өдрийн 1528684 дүгээр тайланд: “Унадаг дугуйн шууд зардал 959.000, шууд бус зардал 60.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.019.000 төгрөг” гэжээ /хх-45-47/,

Шүүгдэгч Ц.Оын яллагдагчаар өгсөн: “Анх би тэр дугуй унасан хүнийг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад гэнэт машины зүүн тал буюу ертөнцийн зүгээр хойд талаас гарч ирээд миний зүүн урд хэсэгт мөргүүлэхэд нь харсан. Тэр хүн баруун талыг шахаад явж байсан зүйл байхгүй. Зүүн талаас л гэнэт гараад ирсэн. Манай хүүхэд Булган аймгаас машин барьж ирээд Эмээлт захын тэнд надад шилжүүлсэн учир би ядраагүй байсан. Би жолоо барьж байхдаа ямар нэгэн байдлаар унтаж, үүрэглэж, зүйрмэглэсэн зүйл байхгүй. Би уг замын 1 дүгээр эгнээгээр ганцаараа явж байсан. Тэр хоёр хүн зогсож байсныг би харсан. Би тухайн үедээ гэмтэл дээр шаардлагатай эм авч, эмчилгээний зардлыг гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-107-108/,

осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-159-164, 6, 7-9, 204/, мөрдөгчийн тогтоол /хх-14/, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц”-ын Д.Б нь тус компанийн Зуухан цехийн Туслах тоноглолын машинч ажилтай, сарын дундаж цалин 2.768.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-67/, хохирлын баримтуудын хуулбар /хх-67-70, 72-75/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-82-85/, гэрч Д.Нранчимэгийн мэдүүлэг /хх-105/, ““Дулааны 4 дүгээр цахилгаан станц”-ын машинч ажилтай Д.Б нь гэмтлийн улмаас 2019.9.10-2019.11.16-ны өдрийг хүртэл 49 хоногийн хугацаатай эмчийн чөлөөтэй байсан. Дээрх хугацааны цалингийн зөрүү 1.512.303 төгрөг” гэх тодорхойлолт /хх-110/, эмнэлгийн хуудас /хх-111-113/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-59/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-57/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О нь 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчин унадаг дугуйтай урд нь явсан иргэн Бийг мөргөж, хүндэвтэр гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Нэхэмжлэлийг бүрэн гаргуулах үндэслэлтэй, шүүгдэгчийн төлсөн 635.000 төгрөгийг хасах ёстой...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг буруутай гэсэн боловч шинжээч дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Шүүгдэгчийн гэм буруутай болох нь хангалттай нотлогдож байна. Хохирогч нэгдүгээр эгнээгээр баруун талаар явж байсан нь гэрч нарын мэдүүлэг, үзлэгээр тогтоогддог. Гэнэт орж ирсэн гэх асуудал баримтаар тогтоогдоогүй. Хохирогчийн өөрийн төлсөн хохирлын 635.000 төгрөг хасагдахгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар “Шүүгдэгчийн гэм буруутай болохыг баримтаар, шүүх хуралдаанаар ч нотолж чадаагүй. Хохирогчийн мэдүүлэг тогтворгүй, шинжээч нар түүнийг нь нотолж чадаагүй. Эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэсэн зарчим байна. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч, хохирогч нарыг буруутгасан. Дугуйны хээ л яриад байна. 2 гэрчийн хажуугаар өнгөрөхдөө баруун гараар өнгөрсөн, цааш 100 метр явахдаа байрлал өөрчилсөн эсэхийг тогтоож чадаагүй. Тусалж дэмжиж мөнгө өгсөн гэдэг. Хажуугаас ороод ирсэн тохиолдолд шүргэх боломжгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдоогүй. Хэргийг прокурорт буцаалаа ч нөхөн гүйцэтгэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг нотлоогүй. Замын баруун талаар явж байхад машины зүүн талаар мөргөх боломжгүй гэж шинжээч Цэндсүрэн хариулсан. Унадаг дугуйн баруун талд, машины зүүн хэсэгт гэмтэл учирсан. Үүнээс үзэхэд унадаг дугуйтай хүн тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж, тээврийн хэрэгслийн дээгүүр давж унаад тээврийн хэрэгсэл шороон хөвөөн дээр очиж зогссон. Хангалттай нотлогдоогүй гэж үзэж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.О нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 06 цаг 56 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Zo milon” худалдааны төвийн зүүн замд “Тоёота приус-30” маркийн, 44-31 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас урдаа явсан унадаг дугуйтай зорчигч Д.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Бийн “...замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн гар тийш явж байхад машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-15-16, 17-18, 169-170/, гэрч Д.Наранчимэгийн “...нэг дугуйтай хүн бид хоёрын урдуур өнгөрсөн. Удалгүй нэг бараан өнгийн жижиг машин өнгөрсөн. Тэгээд жаахан байж байтал “түс тас” хийгээд явчихаар нь хартал нөгөө урдуур явж байсан дугуйтай хүнийг урдуур өнгөрсөн машин мөргөөд нөгөө хүн агаарт хөөрөөд газар унаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-25, 87, 171-172/, насанд хүрээгүй гэрч Ю.Бямбасүрэнгийн “...унадаг дугуйтай хүн ээж бид хоёрын урдуур хот руу чиглэлтэй, нэгдүгээр эгнээний баруун талаар ойрхон зөрөөд өнгөрсөн. Удалгүй жижиг суудлын автомашин замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр хурдтай өнгөрсөн. ...тоормосны чихарсан чимээ гарахаар нь эргээд харахад унадаг дугуйтай хүн эргэлдээд унаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-89/, шүүх эмнэлгийн 11134 дүгээр “1. Д.Б-н биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, зүүн эгэм ясны хугарал, хуйханд цус хуралт, баруун хацар, хамар, хамрын дор, зүүн хацарт зулгаралт, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зүүн эгэм орчимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-29/, шинжээчийн 1227 дугаар “...4. Хойд дугуй, арын ачаанд үүссэн эвдрэл гэмтлүүд араас мөргөгдөх үед үүссэн эвдрэл гэмтэл байна. Урд дугуй, баруун урд амортизаторын гэмтэл ослын үед ташуу чигт үүссэн эвдрэл гэмтэл байна. 7. CUBE маркийн, LTD3012420 V0V25553BTHN арлын дугаартай унадаг дугуйн араас Toyota Prius 30 маркийн, 44-31 УБО улсын дугаартай автомашин зүүн урд хэсгээр мөргөсөн байх үндэслэлтэй” гэх дүгнэлт /хх-177-195/, шинжээчийн 132 дугаар “1. ...Т.Приус-30 маркийн 44-31 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Унадаг дугуйгаар зорчигч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар бүлгийн 25.4 дэх заалт “Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно: a/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд.” гэсэн шаардлагыг биелүүлээгүй /зөрчсөн/ үндэслэлтэй байна. 4. ...унадаг дугуйгаар зорчигч замын зорчих хэсгийн баруун гар талын захад шахаж явсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Т.Приус-30 маркийн 44-31 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О нь унадаг дугуйгаар зорчигч /аюул, саад/-ийг хараад тээврийн хэрэгслийн жолоодлогыг баруун гар тийш дараагүй тохиолдолд дээрх гэмтэл тээврийн хэрэгсэлд үүсэх боломжгүй буюу жолооч Ц.О, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэх гэрчүүдийн мэдүүлгүүдээр уг Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урдаа яваа унадаг дугуйтай хүн /аюул, саад/-ийг харах, тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зогсоох арга хэмжээ авах, түүнийг мөргөхгүй байх цаг хугацаа, орон зайн боломж үүсгээгүй гэж үзэхээр байна. 6. Уг зам тээврийн осол нь осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн жолооч нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан өөрт хамаарах шаардлагыг биелүүлээгүйгээс гарсан үндэслэлтэй” гэх дүгнэлт /хх-206-207/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-82-85/, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-159-164, 6, 7-9, 81, 204/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Оын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчиж, унадаг дугуйтай урд нь явсан хохирогч Д.Бийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Ц.Оын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болох хохирогч, гэрч Д.Наранчимэг, Ю.Бямбасүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруутай болох нь хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.       

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон дугуйн үнэ 1.019.000 төгрөг, хагалгааны зардал 3.990.240 төгрөг, эм тариа, бусад зардал 73.937 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.512.303 төгрөг, нийт 6.595.480 төгрөгийг шүүгдэгч Ц.Оаас гаргуулж, хохирогч Д.Б /Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гарам, 27-09 тоотод оршин суух, РД-ХБ65090175/-д олгохоор шийдвэрлэж, харин шүүгдэгч нь хохирогчид 635.600 төгрөгийн эм тариа, эмчилгээний төлбөр төлсөн болохыг тэмдэглэж байна.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч гэмшиж байгаа, хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оад 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Прокурорын саналыг дэмжиж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлөөгүйг харгалзаж үзнэ үү. Торгох ялаар шийтгэхэд татгалзах зүйлгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар “Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Дөнгөж сая гэм буруутай гэж үзсэн. Хохирлыг бас тогтоосон болохоор хохирлоо төлнө. Хохирогчийн эрх зүйн байдалтай ял шийтгэл бас хамааралтай. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал ажил хийж орлого олох боломжгүй болно. Иймээс 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлснийг харгалзан үзнэ үү. Торгох ялаар шийтгэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа урдаа яваа тээврийн хэрэгслийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож яваагүйгээс урдаа унадаг дугуйтай явсан хохирогчийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, тээврийн хэрэгсэлд 1.019.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, баримтаар тогтоогдсон хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу гэмт хэрэг үйлдээгүй гэх, хохирол төлөөгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.00.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Ц.Оыг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цолмонгийн Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Оаас 6.595.480 /зургаан сая таван зуун ерэн таван мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б /Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гарам, 27 дугаар гудамж, 09 тоотод оршин суух, РД-ХБ65090175/-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР