| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0534/Э |
| Дугаар | 0560 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 0560
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Д.Туяана,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч М.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Еыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808049050366 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Молк овогт Мухметийн Е /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч М.Е нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “ хүнс” ХХК-ийн захирал Б.Эд ““Киа Бонго-3” маркийн автомашиныг өөрийн нэр дээр байдаг 4.750.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар “Нэткапитал Авто” ХХК-ийн барьцаанд байсан 09-33 УНА улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн автомашиныг 4.750.000 төгрөгөөр зарж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан, бусдад нийт 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Барьцаанд байгаа талаар хохирогчид хэлсэн. Машины мөнгийг надад хэд хувааж өгсөн учраас банк бус санхүүгийн байгууллагын мөнгөө өгч чадаагүй. Би хувиараа толгойн мах шулаад “ хүнс” ХХК-д өгдөг байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан. Дахиж тийм юм хийхгүй” гэв.
Эрүүгийн 1808049050366 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Эгийн: “...2015 онд Е гэх махны ченж залуугаас мал, мах худалдан авах болсноор танилцсан. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс манай компанийн хашаанд байдаг сул байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэн ажиллаж байхдаа “Киа Бонго-3” маркийн, 0933УНА улсын дугаартай авто машиныг зарна гэж ярихад нь би 4.750.000 авахаар тохиролцоод 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.250.000 төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдэл 3.500.000 төгрөгт “Старикс” маркийн 6136 улсын дугаартай автомашиныг өгөөд өөрийн болгож авсан. 2018 оны 7 дугаар сарын сүүлээр хүмүүс ирээд “Е “Киа Бонго-3” маркийн, 0933УНА улсын дугаартай авто машиныг зээлийн барьцаанд тавиад мөнгөө өгөхгүй хугацаа хэтэрсэн, манай компанийн нэр дээр бүртгэлтэй машиныг авна” гээд аваад явсан. Би Ет болсон асуудлыг хэлэхэд “санаа зоволтгүй, би удаахгүй аваад өгнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл авч өгөхгүй зугтаагаад алга болсон. Анх Еаас машины бичиг баримтыг үзэлгүйгээр шууд аваад, хэд хоногийн дараа ажилд гаргахаар машиныг жолоочид хүлээлгэж өгөхдөө бичиг баримтыг нь үзтэл “Нэткапитал” ХХК-ийн нэр дээр байхаар нь Еаас асуухад “би бага мөнгөний барьцаанд тавьчихсан байгаа, удахгүй шилжүүлээд өгнө” гэхээр нь итгээд өнгөрсөн. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Е түрээслэж байсан байрнаасаа юм авна гээд жижиг машинтай ирэхэд нь гаргахгүй гээд манаачид хэлж хашааны хаалгыг цоожлуулчихаад яваад өглөө ирэхэд гараад явчихсан байсан. Харин Е түүнээс хойш компанийн байранд ирэхгүй зугтаагаад байгаа. Еыг таньдаг болохоор итгээд л ямар нэгэн гэрээ, бичиг баримт үйлдэлгүйгээр авсан.
Тухайн автомашиныг худалдаж авахад барьцаанд байдаг гэдгийг нь мэдээгүй. Надад ерөөсөө хэлж байгаагүй. М.Еын нэр дээр байдаг гэж бодож байсан. Надад нийт 4.750.000 төгрөгийн хохирол учирсан. М.Е 1.400.000 төгрөгийн мах манай компанид нийлүүлсэн болохоор одоо 3.350.000 төгрөгийн хохиролтой байна. Учруулсан хохирлоо төлчихвөл ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-28-32, 151/,
Гэрч Б.Мөнх-Эрдэнийн: “2018 оны эхээр Е манай “ хүнс” ХХК-ийн хашаанд байрлах нэг өрөөг түрээслэн ажиллаж байхдаа өөрийн ажлын хэрэгцээнд Киа Бонго маркийн, 0933УНА улсын дугаартай автомашиныг хэрэглэдэг байсан. 2018 оны 5 дугаар сарын дундуур байсан шиг санаж байна Е “Киа Бонго маркийн 0933УНА улсын дугаартай автомашинаа зарах гэж байгаа, танайх авч ойр зуур ажилдаа хэрэглэхгүй юм уу” гэхээр нь би 4.750.000 төгрөгт авахаар болоод “Старикс” маркийн машиныг 3.500.000 төгрөгт тооцож өгөөд, үлдэгдэл 1.250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг автомашин нь манай компанийн хашаанд тавиастай байсан болохоор нь гадна үзэмжийг нь сайжруулахаар засварын газарт Еын хамт аваачиж өгөөд будаг замаск хийлгэсэн. 7 хоногийн дараа гаргаж явуулахад мотор нь дуутай байсан тул жолооч Ганзориг засвар үйлчилгээ хийж мөн 7-8 хонуулаад ажилд гаргасан. Ингээд машиныг жолооч Загирт хүлээлгэн өгч ажилд гаргаад 2-3 хонож байтал нэг өдөр хотын төвд хөдөлгөөнд оролцож явахад нь замын цагдаа зогсоож шалгахад уг машин “Неткапитал авто” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болохыг мэдээд ирж надад хэлсэн. Би тэр үед мөн мэдээгүй байсан болохоор Етай утсаар яриад асуухад “би хэдэн төгрөгийн барьцаанд тавьчихсан, одоо цөөн хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа, удахгүй чөлөөлж таны нэр дээр шилжүүлээд өгчихнө” гэхээр нь юм хэлээгүй өнгөрсөн. 2018 оны 7 дугаар сарын эхээр “Неткапитал авто” ХХК-иас хүмүүс ирээд автомашиныг хурааж аваад явсан. Энэ талаар Ет хэлсэн боловч удахгүй төлбөрийг хийгээд таны нэр дээр шилжүүлээд өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй байгаа юм. ...Машиныг бичиг баримтыг нь үзэж харалгүйгээр хүлээгээд авчихсан болохоор “Неткапитал авто” ХХК-ийн нэр дээр барьцаанд тавигдсан машин гэж мэдээгүй. Е ч хэлээгүй, бие биедээ итгээд өгч авалцсан. Тухайн үед бичиг баримтыг нь үзээд барьцаанд тавигдсан машин болохыг мэдсэн бол авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-45-48/,
Гэрч Ц.Ганзоригийн: “Би “ хүнс” ХХК-д 2018 оны хавар засварын механикаар ажилд орж ажиллаж байгаа. 2018 оны 5 дугаар сард Мөнх-Эрдэнэ “Киа Бонго” маркийн, 0933УНА улсын дугаартай автомашин авчраад “энэ машиныг үзэж засаад ажилд гаргахад бэлэн болгох хэрэгтэй байна” гэхээр нь би моторыг засаж боогоод гаргаж байсан. Харин тэр автомашиныг хэн хаанаас хэрхэн авсан болохыг мэдэхгүй. Сүүлд нэг хүн ирээд “энэ машин чинь зээлийн барьцаанд байгаа” гээд аваад явсан. Миний хувьд тухайн үед ажил ороод удаагүй байсан тул ямар учиртай болохыг мэдээгүй. Би авчирсан машиныг засаж янзлах үүрэгтэй. Надад хаанаас авсан хэний машин болохыг хэлээгүй, би гэрчилгээ бичиг баримтыг нь үзэж хараагүй болохоор мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-49-50/,
Шүүгдэгч М.Еын яллагдагчаар өгсөн: “Би 2015 оноос хойш Дэнжийн 1000-ын захаас хонины толгой худалдаж аваад шулаад, хиам борлуулдаг үйлдвэрүүдэд нийлүүлж зардаг байсан. “ Хүнс” ХХК-ийн хашааг сарын 500.000 төгрөгөөр түрээслэж хонины толгой шулах ажлаа 2018 оны 4 дүгээр сард үргэлжлүүлэхээр болсон. “Хаш Хүнс Трейд” ХХК-аас 0933 УНА улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн автомашиныг 9 сая төгрөгөөр худалдаж аваад удалгүй их хэмжээгээр толгой авч бизнесээ хийхээр тухайн автомашинаа “Нэткапитал авто” банк бус санхүүгийн байгууллагад унаж явах нөхцөлтэйгээр 4.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Тэр мөнгөөрөө толгой худалдаж аваад “ Хүнс” ХХК-ийн хашаанд толгой шулж “ Хүнс” ХХК-д нийлүүлж байсан. Мөнх-Эрдэнэ “09-33 УНА улсын дугаартай автомашиныг энэ хашаанд дэмий зогсоож байхаар ахдаа зарчих” гээд байсан. Мөнгөний хэрэг гараад 4.700.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод худалдсан. 2018 оны 9 дүгээр сард “ Хүнс” ХХК-тай түрээсийн хугацаа дуусаад гарсан. Тэрний дараа цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-144-145/,
0933УНА улсын дугаартай, Kia маркийн, Bongo моделийн тээврийн хэрэгслийн эзэмшигч “Нэт капитал авто” ХХК гэх лавлагаа /хх-63, 66/, М.Еын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-60/, М.Е, “Нэткапитал авто” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-157-160/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-100/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Е нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Эг хуурч, 4.750.000 төгрөгийг залилан авсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд 3.350.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг, хууль бус гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймээс гэм буруугийн талаар маргахгүй. Хохирлыг төлсөн гэдэг ч баримт байхгүй байна...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Е нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “ хүнс” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд захирал Б.Эг “Бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг өөрийнх мэт ойлголт төрүүлэн зарна, нэрийг нь шилжүүлж өгнө, мөн бусдын барьцаанд байгаа гэдгийг хэлэлгүйгээр” хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар “Нэткапитал Авто” ХХК-ийн барьцаанд байсан 09-33 УНА улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн автомашиныг 4.750.000 төгрөгөөр зарж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Эгийн “...Е нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс манай компанийн хашаанд байдаг сул байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэн ажиллаж байхдаа Киа Бонго-3 маркийн, 0933УНА улсын дугаартай авто машиныг зарна гэж ярихад нь би 4.750.000 авахаар тохиролцоод авсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын сүүлээр хүмүүс ирээд “Е “Киа Бонго-3” маркийн, 0933УНА улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавиад мөнгөө өгөхгүй хугацаа хэтэрсэн” гээд аваад явсан. ...бичиг баримтыг үзтэл “Нэт капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхаар нь Еаас асуухад “би бага мөнгөний барьцаанд тавьчихсан, удахгүй нэрийг нь шилжүүлээд өгнө” гэхээр нь итгээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-28-32/, гэрч Б.Мөнх-Эрдэнийн “...Е нэг өдөр надтай ойр зуурын юм ярилцаж байхдаа “Киа Бонго маркийн 0933УНА улсын дугаартай автомашинаа зарах гэж байгаа, танайх авч ойр зуур ажилдаа хэрэглэхгүй юм уу” гэхээр нь би 4.750.000 төгрөгт авахаар болоод “Старикс” маркийн машиныг 3.500.000 төгрөгт тооцож өгөөд, үлдэгдэл 1.250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Хөдөлгөөнд оролцож явахад нь замын цагдаа зогсоож шалгахад уг машин “Неткапитал авто” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болохыг мэдсэн. “Неткапитал авто” ХХК-аас хүмүүс ирээд зээлийн барьцаанд тавигдсан төлбөр тооцоогоо хийгээгүй гээд хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-45-48/, гэрч Ц.Ганзоригийн “...Киа Бонго маркийн 0933УНА улсын дугаартай авто машиныг “энэ машин чинь зээлийн барьцаанд байгаа” гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-49-50/, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Нэт капитал авто” ХХК гэх лавлагаа /хх-63, 66/, М.Еын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-60/, М.Е, “Нэткапитал авто” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-157-160/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч М.Еын “Нэткапитал авто” ХХК-ийн өмчлөлийн 0933УНА улсын дугаартай, Kia маркийн, Bongo моделийн тээврийн хэрэгслийг өөрийн автомашин гэж итгэл төрүүлэн хуурч, бусдын барьцаанд байгааг хэлэлгүйгээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Эгаас 4.750.000 төгрөгийн эд зүйлийг шилжүүлсэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эд 4.750.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн хохирогч Б.Эгийн “Тухайн тээврийн хэрэгслийг 4.750.000 төгрөгөөр худалдаж авсан. 3.218.000 төгрөгөөр автомашинд урсгал засвар хийсэн тул нийт 7.968.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс одоо 2.800.000 төгрөг дутуу болно” гэх гар бичвэрийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн улмаас учирсан 4.750.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна гэж дүгнэсэн болно. Харин хохирогч нь “автомашинд 3.218.000 төгрөгийн урсгал засвар хийсэн” гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй, энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, 4.750.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Хохирогч тээврийн хэрэгсэлд урсгал засвар хийсэн гэж 2.800.000 төгрөг нэхэмжилж байгаа ч энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. 5.168.000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Үүнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж байна. Засвартай холбоотой баримтаа гаргаж өгөөгүй тул түүнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул 450.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 4.750.000 төгрөгийн бодит хохирол учруулсан, хохирол төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Еыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч М.Еыг 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Е хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Молк овогт Мухметийн Еыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Еыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Еыг 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Е цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ет авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР