Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 0561

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Х.Еркебулан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа,

шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Жийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008005760112 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Энхбатын Ж /РД: /.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “Дельта-9 тетрагидроканнабиноль”-ын агууламжтай 3,2614 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 19-06 тоот гэртээ болон Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дахиж ийм алдаа гаргахгүй. Мэдүүлэг өгөхгүй. Төв аймгийн Жаргалант сум руу халтуурт явсан. Буцаж байхдаа замын хажууд зогсоход өмнө нь харж байсан ургамал байсан. Сонирхоод авчихсан. Ганбат надад ургамал байгааг мэдээгүй. Уг ургамлыг татаж үзэхэд хоолой хорсоод байсан” гэв.

 

Эрүүгийн 2008005760112 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хүний биед үзлэг хийсэн 2020.01.19-ний өдрийн “...Э.Ж нь цахилгаантай цамцтай байв. Цахилгаантай цамцны зүүн гар талын халааснаас цагаан өнгийн гялгар уутанд хийсэн 4,1 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл гарч ирсэн. “Энэ юу болох” талаар өөрөөс нь асуутал “өвс” гэж нэрлэдэг гэж хэлснийг тэмдэглэлд тусгаад хураан авахаар тогтов...” гэх тэмдэглэл /хх-15-16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2020.01.19-ний өдрийн “...Иргэн Э.Жид хар тамхины тестийн битүүмжийг өөрт нь өгч шалгуулан задлуулж байна. Тестийг өөрт нь өгч дотор нь шээлгэж, таглахад тестийн хариу ТНС /каннабис/ буюу цэнхэр тест нь нэг зураас сөрөг гэж гарч байв” гэх тэмдэглэл /хх-17-20/,

Гэрч Б.Ганбатын: “Би Жийг 2010 оноос хойш зүс таньдаг байж байгаад 2018 оны дундаас найз нөхөд болж нийлж эхэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай найзууд уулзаж байна гээд дуудахаар нь би Хорооллын эцэст очоод 2-3 пиво, бага зэрэг архи уусан. Тэнд Ж байсан. Тэнд хэсэг байж байгаад Баянхошуу руу явцгаасан. Гудамжинд зогсож байхад Ж гадаа тамхи татаж байхаар нь би очоод “тамхинаасаа өгөөч” гэсэн чинь татаж байсан тамхиа өгсөн. Би аваад сорсон чинь тамхи биш ч юм шиг зөөлөн сонин амттай байсан. Тэгэхээр нь би “энэ юу юм бэ, ямар сонин юм бэ” гэхэд “ороодог тамхи” гэсэн. Тухайн үед халамцуу байсан учраас цаасанд ороосон тамхи байна гээд татаад дуусгасан. Өглөө үүрээр Жийн хамт Баянхошууны Хөтөл рүү машинтайгаа явж байхад цагдаа зогсоож шалгасан чинь Жийн халааснаас гялгар ууттай, нунтаг, өвс шиг юм гарч ирээд, бид 2-ыг шалгасан. Би хаанаас, хэзээ авсныг мэдэхгүй. Ж хэлэхдээ “Төв аймгийн Жаргалант сумаас авчирсан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-44-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.01.31-ний өдрийн 751 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Ж”, “Ганбат 1996.01.02” гэж хаягласан 2 ширхэг шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 9. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэжээ /хх-50-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.01.31-ний өдрийн 752 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 3,2614 гр цагаан өнгийн гялгар ууттай ургамал дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ илрэв. 3. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын конвенцийн жагсаалтад багтдаг” гэжээ /хх-57-58/,

Шүүгдэгч Э.Жийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын эхээр Төв аймгийн Жаргалант сум руу халтууранд явж хүн хүргэж өгчихөөд, буцаад явж байгаад замын хажууд зогсон бие засаж байхад зурагтаар болон фэйсбүүкээр харж байсан 5 салаа навчтай мансууруулдаг гэх өвстэй адилхан өвс ургаж хатсан байхаар атгаж аваад машиныхаа голын хайрцганд байсан жижиг гялгар уутанд хийж, тэр үед өмсөж явсан цагаан өнгийн бэлтгэлийн цамцныхаа халаасанд хийсэн. Тэр үедээ тэр өвснөөс хэрэглээгүй, гэртээ ирээд нөгөө өмсөж явсан цамцаа тайлж орхиод мартсан. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр найзуудтайгаа уулзах гээд нөгөө цагаан өнгийн бэлтгэлийн цамцаа өмсөж гарсан. Тамхи татах гэсэн чинь байхгүй болчихоод цамцныхаа халаасанд гялгар ууттай өвс байгааг мэдээд Нөат-ын баримтны цаасанд нөгөө өвснөөсөө ороож байгаад тамхи шиг болгож татсан. Намайг татаад гадаа зогсож байхад найз Ганбат “тамхинаасаа соруулчих” гэхээр нь би татаж байснаа өгсөн. Ганбат татаж үзээд “энэ юу юм бэ” гэж асуухаар нь би “ороодог тамхи” гэж хэлсэн. Тэгээд бид 2 машины гадаа гудамжинд юм ярьж байгаад нөгөө өвсөө татаж дуусгасан. Үлдсэн гялгар ууттай өвсөө би буцаагаад цамцныхаа халаасанд хийчихсэн байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм мансууруулах бодис хэрэглэхгүй...” гэх мэдүүлэг /хх-68-69/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020.04.07-ны өдрийн 372 дугаар дүгнэлтэд: “1. Э.Ж нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Э.Ж нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 4. Э.Ж нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Э.Ж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Э.Ж нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэжээ /хх-63-64/,

мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-33/, гэрч Г.Баярмаагийн мэдүүлэг /хх-47/, гэрч Н.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-48/, шүүгдэгч Э.Жийн хувийн байдлыг харуулсан гэрэл зураг /хх-88/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-90/, эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас /хх-91/, мэргэжлийн үнэмлэхний гэрчилгээний хуулбар /хх-120/, зөрчлийн материал шилжүүлсэн тухай албан бичиг /хх-145/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.07-ны өдрийн 545 дугаар шийтгэврийн хуулбар /хх-147-148/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг,

мөн өмгөөлөх талаас гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгч Э.Жийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-36-37, 38-39/-ийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.      

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Ж нь 3,2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, 2020 оны 01 дүгээр сарын 19-нд гэртээ болон биедээ хадгалсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Мөрдөгч хуулийг хэрхэн зөрчсөн талаар үндэслэлээ хэлэхгүй байна. Хэрэглэсэн асуудал нь Зөрчлийн тухай хуульд заагдсан асуудал. Нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар юуг, хэрхэн шалгах юм. Яллах дүгнэлтэд дурдсан асуудлаар шүүх шийдэх боломжтой...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Гэм бурууд тохирсон ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүслээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д зааснаар эргэлзээгүй тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хувийн байдлыг тогтоох хэрэгтэй. Өмнө нь хэдэн удаа хэрэглэсэн эсэхийг, мөрдөгчийн байцаалт үнэн зөв эсэхийг тогтоох хэрэгтэй...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 3,2614 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар уг бодисыг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 19 дүгээр гудамж, 06 тоот гэртээ болон Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хүний биед үзлэг хийсэн “...Э.Жийн цахилгаантай цамцны зүүн гар талын халааснаас цагаан өнгийн гялгар уутанд хийсэн 4,1 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл гарч ирсэн. “Энэ юу болох” талаар асуутал “өвс” гэж нэрлэдэг гэж хэлснийг...” гэх тэмдэглэл /хх-15-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн “Иргэн Э.Жид хар тамхины тестийн битүүмжийг өөрт нь өгч шалгуулан задлуулж байна. Тестийг өөрт нь өгч шээлгэж, таглахад тестийн хариу ТНС /каннабис/ буюу цэнхэр тест нь нэг зураас сөрөг гэж гарч байв” гэх тэмдэглэл /хх-17-20/, гэрч Б.Ганбатын “...Ж татаж байсан тамхиа надад өгсөн. Тэрийг нь би аваад сорсон чинь тамхи биш ч юм шиг зөөлөн сонин амттай байсан. Би “энэ юу юм бэ, ямар сонин юм бэ” гэхэд “ороодог тамхи” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-44-45/, шинжээчийн 751 дүгээр “1. Шинжилгээнд ирүүлсэн “Ж”, “Ганбат 1996.01.02” гэж хаягласан 2 ширхэг шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн шээс тус бүрт тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 9. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт /хх-50-51/, шинжээчийн 752 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 3,2614 гр цагаан өнгийн гялгар ууттай ургамал дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв...” гэх дүгнэлт /хх-57-58/, шүүгдэгч Э.Жийн яллагдагчаар өгсөн “...5 салаа навчтай мансууруулдаг гэх өвстэй адилхан өвс ургаж хатсан байхаар атгаж аваад машиныхаа голын хайрцганд байсан жижиг гялгар уутанд хийж, тэр үед өмсөж явсан цагаан өнгийн бэлтгэлийн цамцныхаа халаасанд хийсэн. ...нөгөө өвснөөсөө ороож байгаад тамхи шиг болгож татсан...” гэх мэдүүлэг /хх-68-69/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Жийн сэтгэц нөлөөлөх бодис делта 9 тетрагидроканнабинол агууламжтай 3,2614 грамм өвсийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно”, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох учиртай, өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байсан эсэх, мөрдөгчийн байцаалт үнэн зөв эсэхийг тогтоох шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн 2020.03.27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “Таны өвс гэж зүйлийг хэрэглэхдээ ундааны сав цоолсон, хуйлсан мөнгө, тугалган цаас зэргийг хэрхэн яаж хаанаас олж авсан бэ, хэрэглүүрээр хэрэглэхэд таны хажууд танаас өөр хүн байсан уу” гэж мөрдөгч хөтөлж асуусныг хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн болно. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тухайлбал хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Ганбатын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр ундааны цоолсон сав, хуйлсан мөнгө, тугалган цаас хэрэглэсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй, хэргийг прокурорт буцааснаар тогтоогдох боломжгүй ажиллагаа гэж үзэн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жид 2 жил 1 сарын хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Нийгмийн аюулын хэр хэмжээ, хор аюулыг харгалзан үзэх, ял оновчтой байх ёстой...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ам бүл 5, өвчтэй эцэг, эхээ асардаг, гэр бүлээ тэжээдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Гэм буруугаа ойлгож ухаарсан, засрал хүмүүжил олсон гэж бодож  байна. Хувь хүний үйлдэлд тохирсон ял оногдуулах ёстой...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /худалдаалах зорилгогүйгээр өөрөө түүж, бэлтгэж, хадгалсан, хэрэглэсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бодит хохирол шаардахгүй ч, хор уршгийн хувьд их/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3-т заасан мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.

Хэдийгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /түүж бэлтгэх, хадгалах, хэрэглэх/ гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний удмын санд нөхөж баршгүй гэм хортой, зуршил болгодог, энэ төрлийн гэмт хэрэг ихэссэнээр хэрэглэгч, донтогчдын хүрээ ихэсч, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг гэмт этгээдүүдийн үйл ажиллагаа идэвхжиж улмаар гэмт хэргийн шалтгаан нөхцөл болох, цаашид хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлдгөөр уг гэмт хэргийн нийгмийн хор аюул, хор уршиг илэрдэг ч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог. Иймд шүүгдэгч Э.Жийн дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.       

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 3,2614 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг өвс мэт бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ж цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сартуул овогт Энхбатын Жийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Жид тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ж тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 3,2614 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг өвс мэт бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР