Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 0562

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Цийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008013730509 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гэрэлт зам Ундрага” ХХК-д туршилтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Онон овогт Пүрэвжавын Ц /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч П.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Ноёд” зочид буудлын ариун цэврийн өрөөнд Х.Сгийн гараас “Айфоне 8 плас” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би шар куртик, ногоон пүүзтэй явсан. Ариун цэврийн өрөөнд ороход согтуу эмэгтэйн гарт байсан утсыг би авсан. Хохирлыг төлсөн. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Тэнсэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2008013730509 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Сгийн: “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед буудлаас гарах гээд гар цүнх, гар утсаа аваад утсаараа ярих гээд нойлын өрөө рүү ороод эгч рүү залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд бие засаад сууж байхад дотор маань муухайрахаар нь доошоо бөхийгөөд сууж байтал миний сууж байсан нойлын хаалгыг танихгүй эрэгтэй хүн онгойлгоод гарт байсан “Айфони 8 Плас” маркийн гар утсыг шүүрээд аваад явчихсан. Тухайн эрэгтэй саарал өнгийн “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлтэй, шар өнгийн куртиктэй, үсээ хажуу тийшээ самначихсан харагдсан.

...Тухайн үед миний бие тааруу, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Анхны мэдүүлэг дээр болсон зүйлийн талаар орж гараад яаснаа сайн мэдэхгүй байсан учир өргөдөл гаргаж өгөхдөө ямар ч байсан алдсан, яаралтай олж өгнө үү гэж бичиж мэдүүлэг өгсөн. Сүүлд би хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар яг тодорхой санаж, бодож байгаад мэдүүлэг өгсөн. Миний бие 00-н өрөөнд сууж байгаад дотор муухайраад утсаа гартаа барьчихсан суултуур дээр гар утсаа барьчихсан сууж байхад тэр хүн шагайгаад намайг согтуу байсныг мэдэнгүүтээ утсыг шүүрээд зугтаачихсан. Би тухайн үедээ царай зүсийг нь харж амжаагүй бөгөөд утсаа алдангуутаа ресепшн дээр очоод тэр хүний утсаар нь цагдаа болон нөхөр лүүгээ залгаж хэлсэн. Би ресепшн дээр ирж хяналтын камерын бичлэгийг үзсэн. Миний утсыг авч гарч байгаа хүнийг хараад сүүлд зургаар нь таньсан. Би 00-н өрөө рүү гар утаснаас өөр зүйл авч ороогүй. Намайг утсаа барьчихсан байхад шүүрээд аваад гарсан. Би тухайн үед ухаан санаа орж гараад байсан учир гайхас гээд л өмдөө шувталсан байсан учир татаад гарсан нь тэр. Тэр хүн аль хэдийн гараад явчихсан байсан. Үнэлгээгээр тогтоогдсон 960.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-19-20, 23/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.03.23-ны өдрийн 450 дугаар тайланд: “I phone 8 plus гар утас /2019.08.29-ний өдөр Тэди төвөөс 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан/ 960.000 төгрөг” гэжээ /хх-54-55/,

Гэрч А.Хандармаагийн: “...Тэр өдөр 12 цагт ажлаа хүлээж авчихаад хүмүүсээ гаргах гээд өрөөнүүдээр явахад тэр эгч нилээн согтуу нэг эмэгтэйтэй хамт 14 цагийн үед надад гар цүнх болон гар утсаа “би хаячихаж магадгүй, хадгалж байгаач, маргааш авъя” гээд өгсөн. 10-20 минутын дараа “нөхөртэйгээ ярих гэсэн юм” гээд утсаа надаас авсан. Утсаа авчихаад 00-н өрөө рүү орж 30-40 минут гарч ирэхгүй суугаад байсан. Тэгэхэд хамт байсан эмэгтэй нь гараад явчихсан. Эрэгтэй, эмэгтэй 2 хүн өрөө асуухаар нь дээшээ гараад үзчих гээд буцаад караокены өрөө орж захиалгаа өгөөд ирэх хооронд тэр эгч гарч ирээд “миний утас байхгүй байна” гээд байсан. Би 00-н өрөө, хувцсанд нь үзэж өгөөд байхгүй болохоор нь тэр эгч “намайг авчихлаа” гээд байхаар нь цагдаа дуудаж шалгуулсан. Нөгөө өрөө үзсэн эрэгтэй, эмэгтэй 2 гараад явчихсан байсан. Сүүлд цагдаагийн хамт камер шүүж үзэхэд тэр өрөө асууж ирсэн эрэгтэй эмэгтэйгийнхээ араас гарахдаа гар утас халаасандаа хийгээд аваад гарч байгаа бичлэг байсан. Тэр хүний надад өгөөд буцаад авсан гар утас нь “i phone” маркийнх байсан. Надаас гар утсаа авчихаад 30-40 минут гарч ирээгүй бөгөөд би нэг очиход 00-н өрөөнд суугаагаараа унтаад байсан бөгөөд өмдөө тайлчихсан суултуур дээр сууж байсан. Тэгэхэд утас нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

Гэрч Г.Эрдэнэбаярын: “2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Дуулгат 112” чиглэлд үүрэг гүйцэтгэж байтал ““Ноёд” зочид буудалд гар утсаа алдлаа” гэх дуудлагад очиж шалгасан. Очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй, нэг эрэгтэй зогсож байсан. Эмэгтэй нь ““Ноёд” зочид буудлын үйлчлэгчид гар утсаа хадгалуулсан чинь утсыг өгөхгүй байна” гээд маргалдаад байхаар нь хяналтын камерыг шүүж үзтэл тухайн эмэгтэй гар утас, цүнхээ аваад үйлчлэгч зогсдог текний эсрэг талд байрлах нойл руу явж орж байгаа харагдсан. Удалгүй байж байтал нэг шар куртиктэй залуу, нэг эмэгтэйн хамт гаднаас орж ирээд үйлчлэгчийн хамт дээшээ өрөө үзчихээд бууж ирэх замдаа нөгөө гар утсаа алдсан эмэгтэйн нойл руу ороод удалгүй буцаж гарах замдаа баруун талын куртикныхээ халаасанд гар утас хийгээд гарч яваа нь харагдсан. Тухайн үед би өөрийн цагдаагийн таблет дээрээ бичлэг хийгээд авсан. Гаднаас орж ирсэн эрэгтэй нь шар өнгийн куртиктэй, хар цэнхэр өнгийн өмдтэй, үсээ хажуу тийшээ самнасан залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 37 минут 31 секунтийг зааж байх ба хар өнгийн урт хүрэмтэй гар утсаа хулгайд алдсан гэх эмэгтэй текэн дээр зогсож байгаа бичлэг байв. Уг эмэгтэй нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 37 минут 31 секундэд зүүн гартаа юм барьсан байдалтай байгаа, 15 цаг 37 минут 39 секундэд текний эсрэг талын нойл байгаа гэх хэсэг рүү явж байна. 15 цаг 57 минут 33 секундэд шар өнгийн куртиктэй эрэгтэй, цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэйн хамтаар гаднаас орж ирсэн. 15 цаг 59 минут 16 секундэд шар өнгийн куртиктэй эрэгтэй, цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэйн хамт үүдний хэсэгт гарч ирэх бөгөөд шар өнгийн куртиктэй эрэгтэй гар утсаа хулгайд алдсан гэх эмэгтэйн орсон гэх нойлын өрөөний чигт явж байна. 15 цаг 59 минут 29 секундэд шар өнгийн куртиктэй эрэгтэй гар утсаа хулгайд алдсан гэх эмэгтэйн орсон гэх нойлын өрөөний зүгээс халаасандаа юм хийж байгаа байдалтайгаар гарч байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-45-48/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “П.Цийн гэрэл зургийг өнгөтөөр хэвлүүлж адил төсөөтэй 3 ширхэг эрэгтэй хүний гэрэл зургийг А4 хэмжээтэй цаасан дээр 1-4 хүртэл тоогоор дугаарлан байрлуулав. П.Цийн гэрэл зургийг №2 гэж тэмдэглэн байрлуулав. Хохирогч Х.Сд “таны гар утсыг авч явсан залуугийн зургийг харвал таних уу” гэхэд хохирогч Х.С “Гар утсаа алдсаныхаа дараа камерын бичлэг үзсэн. №2 гэсэн зураг тухайн эрэгтэйн зураг мөн байна, таньж байна”” гэх тэмдэглэл /хх-50-52/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Х.Сгийн өргөдөл /хх-5/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-12/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-49/, гэрч П.Мөнхсувдын мэдүүлэг /хх-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-72/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-73/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-74/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-75/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-76/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-77/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-78-81/, хохирогчийн “П.Цээс 960.000 төгрөгийг бэлнээр авлаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-91/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж,

гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрсийг бэхжүүлсэн CD-д үзлэг хийн тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Ноёд” зочид буудлын ариун цэврийн өрөөнд иргэн Х.Сгийн гараас “Айфоне 8 плас” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Сгийн: “...нойлд бие засаад дотор муухайрахаар нь доош бөхийгөөд сууж байтал миний сууж байсан нойлын хаалгыг танихгүй эрэгтэй хүн онгойлгоод гарт байсан “Айфони 8 Плас” маркийн гар утсыг шүүрээд аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-19-20, 23/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 450 дугаар “I phone 8 plus гар утас 960.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-54-55/, гэрч А.Хандармаагийн “...эрэгтэй, эмэгтэй 2 хүн өрөө асуухаар нь дээшээ гараад үзчих гэж хэлээд буцаад караокены өрөө орж захиалгаа өгөөд ирэх хооронд тэр эгч гарч ирээд “миний утас байхгүй байна” гээд байсан. ...камер шүүж үзэхэд тэр өрөө асууж ирсэн эрэгтэй гарахдаа гар утас халаасандаа хийгээд гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/, гэрч Г.Эрдэнэбаярын “...нэг шар куртиктэй залуу, нэг эмэгтэйн хамт гаднаас орж ирээд үйлчлэгчийн хамт дээшээ өрөө үзчихээд бууж ирэх замдаа нөгөө гар утсаа алдсан эмэгтэйн нойл руу ороод удалгүй буцаж гарах замдаа баруун талын халаасанд гар утас хийгээд гарч яваа нь харагдсан...” гэх мэдүүлэг /хх-41-42/, камерийн бичлэгт үзлэг хийсэн “...шар өнгийн куртиктэй эрэгтэй гар утсаа хулгайд алдсан эмэгтэйн орсон гэх нойлын өрөөний чигт явж байгаа бичлэг байв. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 59 минут 29 секундэд шар өнгийн куртиктэй эрэгтэй нойлын өрөөний зүгээс халаасандаа юм хийж байгаа байдалтайгаар гарч байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл /хх-45-48/, таньж олуулах ажиллагаа явуулсан “П.Цийн гэрэл зургийг №2 гэж тэмдэглэн байрлуулав. Хохирогч Х.Сд “таны гар утсыг авч явсан залуугийн зургийг харвал таних уу” гэхэд хохирогч Х.С “№2 гэсэн зураг тухайн эрэгтэйн зураг мөн байна, таньж байна”” гэх тэмдэглэл /хх-50-52/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Х.Сгийн өргөдөл /хх-5/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, дүрс бичлэг бүхий CD-ээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Цийн хохирогч Х.Сгийн гараас гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр булаан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Сд 960.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “П.Цээс 960.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-91/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Ноёд” зочид буудлын ариун цэврийн өрөөнд хохирогчийн гараас утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар шүүгдэгч өнөөдөр хүлээж байна. Камерын бичлэгээр зугтааж байгаа бичлэг харагддаггүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрхэлсэн тодорхой ажилтай, 2-6 насны 2 хүүхэдтэй, гэр бүлээ тэжээж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэхэд татгалзах зүйлгүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан, шунахайн сэдэлтээр хохирогчийн өмчлөх эрхэд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 960.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Онон овогт Пүрэвжавын Цийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Цт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Ц тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР