Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 80

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Я.Туул                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                            Л.Энхтайван

                                                    Хохирогчийн өмгөөлөгч     Р.Атарцэцэг

                                               Яллагдагч                           Н.Ганхуяг

                                                    Түүний өмгөөлөгч               М.Гансүх

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 318 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Олхонууд овогт Намжилдоржийн Ганхуягт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000113 дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Н.Ганхуяг нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Зүүн моностой” гэх газарт согтуурсан үедээ иргэн Ю.Насанбаттай маргалдан толгойн тус газарт нь модоор цохиж, Ю.Насанбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Н.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 318 дугаартай шүүгчийн захирамжаар:

 -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Олхонууд овгийн Намжилдоржийн Ганхуягт холбогдох 201718000113 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ю.Насанбатын хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр Н.Өнөрсайхан /РД:НИ68111209/-ыг томилж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар эрх үүргийг нь тайлбарлан өгч шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахыг шүүгчийн туслахад даалгаж,

-Яллагдагч Н.Ганхуягт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Энхтайван давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасан өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

1.Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэтэл шүүхээс шүүгдэгч Н.Ганхуягийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй хэрнээ түүнийг хорих ялаас өвчний учир чөлөөлөх эсэх талаар дүгнэлт хийж дахин шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар  сарын 29-ний өдрийн 823 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Н.Ганхуягийн  ...элэгний хавдар бүхий байдал нь одоогоор ялаас чөлөөлөх өвчний жагсаалтанд хамаарахгүй байна” гэж тодорхой гарсан байхад шүүхээс дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар буцаасан нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх шинжээч томилох бүрэн эрхтэй байхад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

3.Н.Ганхуягийг 2017 оны 06 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүгч Д.Нацагдорж авч байсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчин Н.Ганхуягт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин оролцсон нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчжээ. Иймд Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 318 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Яллагдагч Н.Ганхуяг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний элэг 65 хувь үлдсэн, 6-7 тооны хавдартай. Одоо 12 сарын 24-ний өдөр дурангийн хагалгаанд орно. Шүүх эмнэлгийн дүгнэлт миний санасанд гарсангүй гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Анхнаасаа цагдан хорьсон шүүгч дээр хэрэг очсон бол прокурор татгалзах ёстой байсан. Прокурор хүнийг цагдан хорьсон эсэх асуудлыг мэдэхгүй байна гэж байхгүй. Ямар ч хамаагүй аргаар гэм буруутайд тооцох шүүх хуралдаанд шилжүүлье, тэгээд надад ашиггүй шийдвэр гарвал давж заалдах шатны шүүх рүү эсэргүүцэл бичье гэсэн байдал харагддаг.

Л.Энхтайван прокурор анхан шатны шүүх хуралд орчихоод, 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 8 тоот прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд байгаа нь ойлгомжгүй байна. Дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн юм уу, эсвэл Л.Энхтайван прокурор өөрийгөө дээд шатны прокурор гэдгээ нотлох хэрэгтэй. Дээд шатны прокурорын эсэргүүцэл гэсэн мөртлөө гарын үсэг зурснаар Прокурорын тухай хууль зөрчсөн. Процессын хувьд маш ойлгомжгүй. Улсын яллагч эсэргүүцэл бичиж байгаа бол улсын яллагчаараа бичих хэрэгтэй. Сэлэнгэ аймгийн Прокурорын газар техникийн алдаа гаргасан гэдгээ ярих байх. Анхан шатны шүүгчийн хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэл зөв зүйтэй гэж үзэж байна. Прокурорын шатнаас эхлүүлээд мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаах, мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтүүдийг гаргаж байсан. Анхан шатны шүүх дээр хэрэг ирэхэд хэргийг мөрдөн байцаалтанд буцаагаад тухайн үед хяналт тавьж байсан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй гэж харж байсан. Шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчсөн. Өвчний жагсаалтанд хамааралтай өвчнийг дурдаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдэж ирсэн. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Ганхуягт холбогдох хэрэгт хохирогч Насанбатын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. 2017 оны 06 сарын 29-ний 823 тоот шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 09 сарын 28-ны өдөр Хавдар судлалын төвөөс авч ирсэн тодорхойлолт зөрж байгаа учир урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шинжээч томилуулъя гэсэн асуудлыг хэлэлцүүлсэн. Шүүх үүнийг хүлээж аваагүй, нотлох баримтанд үнэлж болох хэдий ч шинжээчийн дүгнэлт гарахад энэ асуудал тодроогүй. Хавдар судлалын эмнэлэг хувь хүнд 3 дугаар өмөнгийн үед орсон байна гэсэн үг өгүүлбэр тавих эрх байдаггүй юм байна. Энэ бол хохирогч Насанбатын эхнэр Өнөрсайхан захирал, чанарын менежер гээд бүх хүнтэй уулзахад “энд нэмж бичсэн байна. хэн бичсэнийг шалгах боломжгүй” гэдэг. Энэ хүн манайд үзүүлдэг, удаа дараа оношилгоогоор орсон байна гэдэг тодорхойлолтыг бичиж өгсөн байдаг. Гэтэл энэ доор нь нэмээд “3 үе” гээд бичсэн 2 өөр бичиглэл байна гэсэн тайлбар өгсөн. Энэ асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй, хэргийг прокурорт буцаана гэдгийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтад “ялаас чөлөөлөх өвчний жагсаалтанд хамаарахгүй” гэсэн байдаг. Прокурорт буцаах шаардлагагүй. Урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогч Насанбат нь зодуулсны улмаас тархины хагалгаанд орж түүний улмаас хэл хөгжил ярианы согог тогтсон,  ярих чадваргүй болсон. Эхнэр Өнөрсайханыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож өгөөч гэж санал тавьсан үүнийг шүүх хүлээж авсан. Таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгч шүүх хуралдаанд орох боломжгүй талаар өчнөөн шүүх хуралдаан дээр маргаан гаргадаг. Гэвч хүлээн зөвшөөрдөггүй, энэ бол мөрдөн байцаалтын ажиллагаанд хамаарна гэсэн байдлаар асуудалд хандаад байдаг. Өмгөөлөгчийн хувьд хуулийг зөв хэрэглэх ёстой гэж бодож байна гэв.

Тодорхойлох нь:

 

Яллагдагч Н.Ганхуяг нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Зүүн моностой” гэх газарт согтуурсан үедээ иргэн Ю.Насанбаттай маргалдан толгойн тус газарт нь модоор цохиж, Ю.Насанбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг анхан шатны шүүх Н.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 318 дугаартай шүүгчийн захирамжаар Олхонууд овгийн Намжилдоржийн Ганхуягт холбогдох 201718000113 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 тоот эсэргүүцлийн дагуу Н.Ганхуягт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан шүүгч  мөрдөн байцаалтын явцад  Н.Ганхуягт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 13 тоот захирамжаар  /1-р хх-ийн 102-р ху/ тогтоогдож байх ба мөрдөн байцаалтын явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгч уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй…”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ…” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Улсын яллагчийн эсэргүүцэл бичихдээ Дээд шатны прокурорын эсэргүүцэл гэсэн албан бичгийн маягт хэрэглэсэн зөрчил гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн нь мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “…гомдол эсэргүүцэл гаргагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл  гаргах эрх бүхий хүн,  хуулийн этгээд биш…” гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд улсын яллагчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 тоот эсэргүүцэл хуулийн шаардлага хангаагүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай… шийдвэр гаргуулахыг хүссэн  яллагдагч Н.Ганхуягийн өмгөөлөгч М.Гансүхийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.


         Анхан шатны шүүх Н.Ганхуягт холбогдох  хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул улсын яллагчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 тоот эсэргүүцэл болон өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт дурдсан бусад үйл баримтуудад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 318 дугаартай  захирамжийг  бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж залдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3, 2  дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 318 дугаартай  захирамжийг  бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Н.Ганхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ