Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 118/2021/0027/З |
Дугаар | 221/МА2021/0602 |
Огноо | 2021-11-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0602
2020 оны 03 сарын 31 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
А.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Р.С нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу А.М-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга, газрын даамал, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2021/0037 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан 500 м.кв газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж,
2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/224 дугаартай захирамжийг хүчингүй болгож,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Мад олгуулж,
4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, Б.Г нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хооронд нь нэг бүрчлэн харьцуулан үзээгүй, үнэлэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч А.М-д эзэмшүүлсэн 500 м.кв газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, ийнхүү уг газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгуулах тухай шаардлагын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн С.О-т газар эзэмших эрх олгосон шийдвэрийг Тосонцэнгэл сумын (шинээр томилогдсон) Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/04 дүгээр албан бичигтэй танилцан мэдсэн бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу Тосонцэнгэл сумын Засаг даргад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч хариуг өгөөгүй тул 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан.
Ийнхүү гаргасан гомдлын хариуг сумын болон аймгийн Засаг дарга нар өнөөдрийг хүртэлх хугацаанд хариу өгөөгүй.
Газрын тухай хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ”, 7.2 дахь хэсэгт “Кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу маргаан бүхий гарын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координажуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, ийнхүү уг газрын нийтийн эзэмшилтэй холбоотой орц, гарцыг тогтоох нь тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал буюу үүрэг юм.
Хариуцагч нь миний газар эзэмших эрхийг хязгаарлаж, гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохдоо маргаан бүхий газар нь бусад этгээдтэй давхцаж байгаа эсэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх эсэх, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заагдсан ажиллагааг огт хийж гүйцэтгэлгүй дахин шинэ актыг гаргасан байх ба уг захиргааны актыг гаргасан талаар нэхэмжлэгчид болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдээгүй.
Мөн нөхцөл байдлыг тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байх ба нэхэмжлэгчээс дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргах боломж бүрдэх байсан боловч анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж заасны дагуу Тосонцэнгэл сумын газрын даамал Р.С нь маргаан бүхий газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх эрх хэмжээтэй байх боловч Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр “... Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч А.М-д Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэхээр эрх олгогдсон 500 м.кв газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг Тосонцэнгэл сумын газрын даамал Р.С-т даалган шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч бодит байдал дээр хэрэгжээгүй бөгөөд хариуцагч Р.С нь ямар зорилго, шалтгаантайгаар өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг ийнхүү хясан боогдуулж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар “2. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай байгууллагын мэргэжилтэн Д.Б тус газарт хяналтын хэмжилтийг хийхэд А.М-ын эзэмшлийн гэх газар нь 646 м.кв байсан ба сумын Засаг даргын 2010 оны 14 дүгээр захирамжаар А.М-д олгогдсон 500 м.кв газар нь хангалттай байна гэж тогтоосон боловч А.М нь хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байгаа тул газрын мэдээллийн системд орж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна”, “4. Иргэн А.М-аас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргад ирүүлсэн гомдлын хариуг манай байгууллагаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 193 дугаар албан бичгээр Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүргүүлсэн” гэж ирүүлсэн.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гомдол гаргаагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч А.М нь Завхан аймгийн Засаг даргад гаргасан гомдолдоо: “Газрын кадастрын хувьд шүүхээс даалгасны дагуу 2020 оны турш миний кадастрыг гаргах талаар ажиллаагүй, надад мэдэгдээгүй, намайг оролцуулаагүй бөгөөд анх 2018 оны 06 дугаар сард Л.Б Засаг дарга, газрын даамал нарт гомдол гаргахад С.О-т олгосон газраасаа үлдсэн бусад газрыг миний кадастр мэтээр 646 м.кв газар зурж өгсөн. Энэ 646 м.кв нь миний газрын гэрчилгээтэй тоо, хэмжээ таарахгүй байсан тул шүүхээс кадастрыг үнэн зөвөөр нь гаргаж, орц гарцыг тодорхойлон, нийтийн эзэмшилтэй холбож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан ч газрын даамлын зүгээс нөгөө л надад тулгаад байгаа 646 м.кв кадастрын зургаа хэмжээг нь багасган 500 м.кв болгон дулаан, цэвэр усны шугам сүлжээ, холбооны худаг сувагчлал дээр зураад байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, гаргасан миний нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй хэвээр, эрх ашиг минь зөрчигдсөөр байна” гэж дурдсан байдаг.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс “бусдын эзэмшил газар дээр давхардуулан газар олгохдоо урьд нь огт газар эзэмшиж байгаагүй хүнд өмчлөх эрхтэйгээр олгосон, үүнийгээ хамгаалж шүүхийн шийдвэр биелүүлж байгаа нэрээр дахин дахин захиргааны акт гаргаж, хамгийн сүүлд албан тушаалаасаа огцроод явахаасаа өмнө 224 дүгээр захирамжийг гаргаж байгаа үйлдэл нь мөн л хууль зөрчсөн үйлдэл, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны шүүхийн 25 дугаар шийдвэр 45 хоногийн хугацаанд биелэгдээгүй тул газар шууд өмчлүүлсэн А/10 дугаар захирамж нэгэнт хүчингүй болсон. Ингээд өөрийн эзэмшлийн газрынхаа хил зааг координат орц гарцыг гаргуулж, нийтийн эзэмшилтэй холбуулж хууль ёсныхоо эрх ашгийг хамгаалах гэж гурван жил гаруй хугацаа өнгөрч өөрийн зөрчигдсөн хууль ёсны эрх ашгаа шүүхээр хамгаалуулах гэсэн нэхэмжлэгчийн хүсэл зоригийг огт ойлгохгүй эрхийг нь удаа дараа зөрчиж байгаад гомдолтой байгаагаа хангалттай илэрхийлдэг. Гэвч шүүх хурал дээр шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа, шийдвэр цаасан дээр бичигдэн гарч ирэхдээ 2 өөрөөр илэрхийлэгдсэнийг гайхаад барахгүй байна. Нэхэмжлэгчид гарц орцыг шууд гарган өгч, иргэн О-т байшингийх нь /хэдий хууль бус ч гэлээ/ суурь 80 м.кв газрыг олгоё гэж шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарласан. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч С 500 м.кв-г шийдсэн тул миний нэхэмжлэлийн заалтыг хэрэгсэхгүй болгож байгаа нь нөхцөл байдлыг дахин яг хуучин байранд нь аваачиж тавьж байгаа бөгөөд энэ нь миний эрх ашгийг хөндсөн хэвээр хамгийн гол кадастрын асуудлыг орхигдуулж шийдвэрлэсэнд байгаа юм. Миний нэхэмжлэлийн гол зорилго бол орц гарцаа гаргуулж нийтийн эзэмшилтэй шууд холбогдох, энэ асуудал шийдэгдэхгүй, хууль бус газар олголтоос болж олон жил бүх талаар чирэгдүүлж байгаа” гэх зэргээр өөрийн ямар эрх хэрхэн, яаж зөрчигдөж байгаа талаар удаа дараа тайлбарлахад үүнийг шүүхийн зүгээс огт анхаарч үзээгүйд гомдолтойгоо хангалттай илэрхийлдэг юм.
Хариуцагч бөгөөд Тосонцэнгэл сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С нь нэгэнт өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлдэггүй, хувийн ашиг сонирхол гаргадаг үйлдлийн улмаас нэхэмжлэгч удаа дараа хохирч байгаа тул түүний дээд шатны байгууллага болох Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг хариуцагчаар татсаныг буруутгах боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн хариуцагчаар сонгон татсан Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Тосонцэнгэл сумын газрын даамал Р.С-ийг шууд харьяалах дээд шатны байгууллага бөгөөд тус байгууллагад даалгаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой юм. Түүнчлэн анхан шатны шүүхийн зүгээс Р.С-ийг Тосонцэнгэл сумын газрын даамлын хувьд хамтран хариуцагчаар татсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй тул түүнд даалгаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 224 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэдий ч хоёр дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргээгдэхгүй нөхцөл байдал үүсч байгааг анхаарах нь зүйтэй.
Хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нэхэмжлэгч А.М-ын холбогдох газрын кадастрын бүртгэл хийгдээгүй, хийгдсэн гэх кадастрын зураг нь орц, гарцыг тогтоогоогүй бөгөөд инженерийн шугам сүлжээн дээр байгаа нь тогтоогдоно.
Иймд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2021/0037 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч А.М-ын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/10 дугаар захирамжийн холбогдох хэсгээр С.О-т тус сумын 1 дүгээр багийн 2-1-1б тоот байршилд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 17446400067537 /одоо мэдээллийн санд 8103001591 болж шинэчлэгдсэн/ дугаартай 189 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч А.М уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар, өөрийн эзэмшил газрын кадастрын зураглалыг үнэн зөвөөр гаргуулахыг даалгуулахаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байжээ.
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжийн иргэн С.О-т холбогдох хэсгийг 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэхээр эрх олгогдсон 500 м.кв газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг Тосонцэнгэл сумын газрын даамал /Р.С/-д дзаалгаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч А.М “... С.О-т бусдын эзэмшил газар дээр давхардуулан өмчлөлөөр хууль бусаар газар олгохдоо миний эрх ашгийг хөндөж, барилгын норм, норматив, хоорондын зай, ... шугам сүлжээний хамгаалах зурвасыг үл тоон, манай барилгын нэг талын хана, цонхнуудыг бүхэлд нь хааж, орц гарцгүй болгож, нийтийн эзэмшилд холбогдох боломжгүй болгон, ямар ч техникийн нөхцөл, зөвшөөрөлгүйгээр байшинг шахаж барьсан ... С.О-т 2016 оны ... А/10 дугаар захирамжаар 189 м.кв газрыг өмчлөх эрхтэйгээр олгосон байдаг ... өмнө нь ... А/10 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, өөрийн кадастрын зургийг нэн даруй гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ... 45 хоногийн хугацааг шүүхээс тогтоож өгсөн ... 45 хоногийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй ... О нь өөрөө газар эзэмшиж байгаагүй .... Миний 500 м.кв газрын кадастрыг хийхдээ намайг огт дуудаж ирүүлээгүй ... 500 м.кв тулгасан газрын дийлэнх хэсэгт нь инженерийн шугам сүлжээ таарчихсан байгаа учраас орц, гарц хийж хувийн бизнес явуулах боломжгүй болоод байгаа ... сумын Засаг дарга өөрт олгогдоогүй эрх эдэлж захирамж гаргасан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 83 дугаар тогтоолд 2020 оны 1-р улиралд багтаан газар эзэмшүүлэхээр байхад 2020 оны 11 сард С.О-т газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь үндэслэлгүй, шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд захирамж гаргаагүй тул А/224 дугаартай захирамж үндэслэлгүй ...” гэсэн үндэслэлээр “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эх олгох тухай” А/224 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 500 м.кв эзэмшил газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгуулах” нэхэмжлэл гарган маргажээ.
1. Нэхэмжлэлийн “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/224 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрчилгээ /1хх-37/, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/439 дүгээр албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч нь Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолоор эдэлгээний хугацаа дуусч ашиглалтын шаардлага хангахгүй болсноор акталж данснаас хасагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 3140963001 дугаар, Шилүүстэй сумын 3140963001 хөрөнгийн дугаар бүхий холбооны салбарын 192 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний барилгыг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн нь тогтоогдсон байх бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжаар газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлээгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч А.М-д 500 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0302835 дугаар гэрчилгээ олгогдож, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эх олгох тухай” А/224 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “в”, 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 118/ШШ2019/0025 дугаар шийдвэр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гуравдагч этгээд С.О-т Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт Эрдэм 2-228б тоот “хуучнаар холбооны зүүн тал” гэх байрлалд дэлгүүрийн зориулалттай 189 м.кв газрыг эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч А.М-ын “Тосонцэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөнд Дархан-Уул баг, Эрдэм хороо 2-228б тоот хуучин холбооны зүүн талд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан 0,07 га газар эзэмшүүлэхээр, хугацааг 2020 оны 1 дүгээр улирлын 1 дүгээр сард хэрэгжүүлэхээр тусгасан байх боловч хариуцагч 2020 оны 11 дүгээр сард гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 118/ШШ2019/0025 дугаартай шийдвэр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч хариуцагч 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор буюу шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй ...” гэсэн үндэслэлээр маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Харин шүүх “гуравдагч этгээдээс хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших хүсэлтийг гаргаагүй, иргэн Д.Ч-ээс гуравдагч этгээдэд газар эзэмших эрх шилжсэн гэх нөхцөл тогтоогдоогүй буюу иргэн Д.Ч-ийн 120 м.кв газар эзэмших эрх хадгалагдаж байхад Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн маргаан бүхий А/224 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 189 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус” гэх зэрэг үндэслэлээр Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн маргаан бүхий А/224 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал,
Хэрэгт авагдсан Газар эзэмших эрхийн 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0095734 дүгээр гэрчилгээ, Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар албан бичиг, мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 49 дүгээр лавлагаа, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Д.Ч, Т.А, С.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд С.О-т эзэмшүүлсэн гэх маргаан бүхий газрыг анх Тосонцэнгэл сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг үндэслэн иргэн Д.Чингэс /гэрчилгээн дээр нэрийг Д.Ч гэж бичсэн/-т нэгж талбарын 1205-147 дугаар, 120 м.кв хэмжээтэй газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0095734 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан байх бөгөөд уг газар дээрх дэлгүүрийн зориулалттай 18 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр анх 2008 оны 03 дугаар сарын 08-ны өдөр иргэн Д.Ч, 2008 оны 10 дугаар сарын 21-нд иргэн С.Б, С.О /гуравдагч этгээд/ нар, 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х.У, 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр С.О, С.Б нар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба эдгээр нэр бүхий иргэдийн хооронд дэлгүүрийн барилгын өмчлөх эрх шилжиж байсан боловч дэлгүүрийн барилгад хамаарах газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлж байгаагүй, энэ талаар ямар нэгэн захиргааны акт гараагүй болох нь тогтоогдсон байна.
Иймд гуравдагч этгээдийн С.О-т эзэмшүүлсэн гэх маргаан бүхий газрыг иргэн Д.Ч-ээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжсэн талаар баримт, нотолгоогоор тогтоогдоогүй, тус маргаан бүхий бүхий газарт байрлах 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ч 2008 онд өмчлөх эрхтэй болсон бөгөөд дээр дурдсанаар нэр бүхий иргэдийн хооронд өмчлөх эрх нь шилжиж байсан, тус үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээд С.О худалдаж аван, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч 2010 онд 500 м.кв газрыг эзэмшихээс өмнө 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдэж байсан байх бөгөөд маргаан бүхий 120 м.кв газрыг иргэн Д.Ч эзэмшиж байсан, Д.Ч-ээс гуравдагч этгээдэд хуулийн дагуу шилжсэн нөхцөл байдал тогтоогдоогүй энэ тохиолдолд гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн газрыг оролцуулан нэхэмжлэгч 500 м.кв газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэрэгт Тосонцэнгэл сумын Холбооны салбараас “... барилгын эзэн болох Т.А-ын хувийн эзэмшилд 120 м.кв талбайг хүсэлтийн дагуу тасдан өгч ... тухайн хасагдсан 120 м.кв талбайг манай эзэмшлийн талбайгаас хасч газар эдэлбэрийн тооцоо хийж байхыг уламжилья ...” гэх хүсэлтийг тус салбарын 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар албан бичгээр тус сумын газар зохион байгуулагч Г.Т-д гаргасан баримт авагдсан байх боловч тус салбарын эзэмшил газраас 120 м.кв газрыг Т.А-т эзэмшүүлэх талаар эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гараагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.3-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд иргэн нь аливаа газрыг эзэмших хүсэл эрмэлзэлтэй тохиолдолд өөрийн овог нэр, регистрийн дугаар, эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, тойм зураг зэргийг хавсарган тухайн газар байршиж буй засаг захиргааны нэгжид хандаж захиргааны байгууллагаас гаргасан загварт нийцүүлэн гаргах бөгөөд нөгөө талаас эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар шийдвэр гаргахдаа газар эзэмшлийн давхцал үүсэх эсэх, тухайн этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхэд харшлах шалтгаан нөхцөл байгаа эсэхийг бүх талаас нь шалган тогтоож, хүсэлт гаргасан иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага хангагдсан тохиолдолд газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшүүлэх шийдвэр гаргахаар, сумын Засаг дарга нь иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд С.О нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул дэлгүүрийн эзэмшил 189 м.кв газрыг өмчлөх хүсэлт гаргаж байсан байх бөгөөд түүнд газар өмчлүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрүүд хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон, үүнээс хойш гуравдагч этгээд С.О-т эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас тухайн 189 м.кв газрыг эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлэх талаар аливаа шийдвэр гараагүй байхаас гадна хэрэгт гуравдагч этгээдээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад гаргасан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “... 2011 оны 06 дугаар сараас хойш худалдан авч 9 жил эзэмшиж байгаа шүүхийн шийдвэрийн хугацаанд эзэмшүүлж өгнө үү ...” гэх хүсэлтээс өөр гуравдагч этгээд тухайн газраа эзэмшиж, ашиглаж, өмчлөх талаар хүсэлт гаргаж байсантай холбоотой баримт авагдаагүй, уг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтэд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж тус тус заасны дагуу эзэмшихийг хүссэн газрын хэмжээ, зааг байршил зэргийг тусгаагүй байна.
Иймд гуравдагч этгээдээс хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших хүсэлтийг гаргаагүй, иргэн Д.Ч-ээс гуравдагч этгээдэд газар эзэмших эрх шилжсэн гэх нөхцөл тогтоогдоогүй буюу иргэн Д.Ч-ийн 120 м.кв газар эзэмших эрх хадгалагдаж байхад Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн маргаан бүхий А/224 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 189 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус, Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн маргаан бүхий А/224 дүгээр захирамжийг дээрх хуульд нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Энэхүү шүүхийн шийдвэрт буюу шүүхийн “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/224 дүгээр захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн хэсэгт гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэлийн “500 м.кв эзэмшил газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад” даалгуулах шаардлагын тухайд:
Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасантай нийцсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” хуульд заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон тохиолдолд тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
Энэ тохиолдолд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжийн иргэн С.О-т холбогдох хэсгийг 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэхээр эрх олгогдсон 500 м.кв газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг Тосонцэнгэл сумын газрын даамал /Р.С/-д дзаалгаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн “500 м.кв эзэмшил газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгуулах” нэхэмжлэлд дурдсан үйл баримт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлтэй. Иймээс шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж , холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.
Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 118/ШШ2019/0025 дугаар шийдвэрийг биелүүлэх хүрээнд нэхэмжлэгч А.М-ын эзэмшлийн 500 м.кв хэмжээ бүхий газрын кадастрын зургийг үйлдэж, эзэмших эрхийн Э-0905000106 дугаар авч улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 85 дугаартай албан бичиг, 8103006063 нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураг зэргээр тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчээс “... 500 м.кв газрыг баталгаажуулах нэрийдлээр ... шинээр ... гаргасан ... хэмжилтийг хийхэд надад огт мэдэгдээгүй, би оролцоогүй, миний гарын үсэг байхгүй ... газрыг давхардуулан эзэмшүүлсэн, орц, гарц хаасан, газрын хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилж газрын мэдээллийн санд оруулсан ...” гэж маргажээ.
Иймд хэдийгээр нэхэмжлэгч маргаан бүхий газарт хэмжилт хийхдээ өөрт нь мэдэгдээгүй, оролцоогүй гэж маргаж байх боловч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинээр гаргасан кадастрын зургийг эс зөвшөөрч буюу нэхэмжлэлийн шаардлагаа тус кадастрын зурагтай холбогдуулан гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу “500 м.кв эзэмшил газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, газрын нийтийн эзэмшилтэй холбогдох орц, гарцыг тогтоохыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгуулах” шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Харин Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар газрын кадастртай холбогдсон маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргахаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинээр гаргасан кадастрын зурагтай холбоотой асуудлаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.М-ын өмгөөлөгч Б.Г, Э.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ