Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 123/ШШ2018/0011

    Зуунмод сум

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би Төв аймгийн Баянцогт сумын Засаг дарга, тус сумын газрын даамал, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдуулж, иргэн Ч.Пүрэвдоржоос гаргасан “Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших Их булгийн адагт байрлах төмс хүнсний ногоо, фермерийн зориулалтай 20 га газрын барьцаалбар бүртгэлтэй байхад хууль зөрчиж газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших Их булгийн адагт байрлах төмс хүнсний ногоо, фермерийн зориулттай 20 га газрыг дахин барьцаалбарт бүртгэн баталгаажуулахыг Төв аймгийн Баянцогт сумын газрын даамал болон Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгуулах, Төв аймгийн Баянцогт сумын газрын даамлын Ц.Энхболдод бичиж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 000506828 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж миний бие нь иргэн Ц.Энхболдтой 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, 25 сая төгрөгийн зээлийн барьцаанд түүний эзэмшлийн Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших Их булгийн адаг гэдэг газарт байрлах төмс хүнсний ногоо, фермерийн зориулалттай 20 га газрыг барьцаалсан юм. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан учраас дээрх барьцааны зүйлийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Газрын албанд очиж барьцаалбарыг бүртгүүлсэн. Иргэн Ц.Энхболд нь намайг тухайн газрыг барьцаалбарт бүртгүүлэхэд газар эзэмших эрхийг хэн нэгэн этгээд рүү шилжүүлээгүй байсан. Төв аймгийн газрын албаны мэргэжилтэнгээс дээрх газрын барьцаалбарыг Төв аймагт бүртгүүлж болох эсэхийг тодруулж асуухад, Төв аймгийн Газрын алба нь Баянцогт сумын Газрын албатай онлайнаар холбогдсон учраас тухайн газрын барьцаалбар нь Баянцогт сумын Газрын албаны сүлжээнд харагдана. Төв аймгийн Газрын алба иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй нь үүднээс сумдын газрын барьцаалбарыг сум руу явуулаад байдаггүй. Тиймээс заавал Баянцогт сум руу явж үртгүүлэх шаардлагагүй, аймгийн Газрын алба бүртгэл хийж баталгаажуулж болно гэж тайлбарласан. Тийм ч учраас Төв аймгийн Газрын алба нь тухайн газрын барьцаалбарыг бүртгэн баталгаажуулж, Кадастрын мэдээллийн санд барьцаалсан тухай бүртгэл хийсэн байдаг. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Газрын албан дээр очиход газрын даамал Б.Баярмаад иргэн Ц.Энхболд газрын “гэрчилгээгээ гээгдүүлсэн” гээд дахин гэрчилгээ бичүүлж авсан ба 20 га газраасаа 3 га газрыг аймгийн Газрын албан дээр очиж хасалт хийлгэсэн байсан. Баянцогт сумын Засаг дарга захирамж гаргаж баталгаажуулсан. Харин 17 га газар нь түүний нэр дээр байгаа. Одоо 000449809 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон учраас Цэнджав овогтой Энхболдын эзэмшилд буй Гуна 1-р баг Баян-Өндрийн ард байрлалтай /шинэ нэршлээр/ төмс хүнсний ногоо, фермерийн зориулалттай 17 га газрыг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр барьцааны бүртгэлд бүртгэж авлаа гэж тодорхойлолт хийж өгсөн. Одоо би 17 га газрыг дахиад барьцаалбарт бүртгэсэн гэж ойлгож байгаа. Үүний дараа тус сумын Засаг даргад гомдол гаргасан ба Баянцогт сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/227 дугаартай албан бичгээр “тухайн газрыг барьцаалсан тухай тэмдэглэлийг суманд ирж бүртгүүлээгүй, хууль зөрчиж шууд аймгийн Газрын албанд бүртгүүлсэн байна” гэж хариу өгсөн. Хэрвээ Төв аймгийн Газрын алба тухайн үед барьцаалбарыг бүртгэн авч, тэмдэглэгээ хийгээгүй бол би Төв аймгийн Баянцогт сумын Газрын албанд очиж бүртгүүлэх бүрэн боломжтой байсан. Төв аймгийн Газрын алба нь ганцхан миний газрын барьцаалбарыг бүртгэсэн зүйл байхгүй, өөр бусад иргэд, аж ахуйн нэгжийн сумын газрын барьцаалбарын бүртгэлийг бүртгэн баталгаажуулдаг юм билээ. Би тухайн газраа барьцаалбарт бүртгүүлэхдээ банкинд төлбөр төлж, мэдүүлгээ холбогдох баримтын хамт Төв аймгийн Газрын албанд хүлээлгэн өгсөн. Одоо миний зээлийн барьцаанд барьцаалсан 000449809 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон учраас барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж чадахгүй байна. Би Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/39 дугаартай захирамжаар хэн гэдэг этгээдэд ямар үндэслэлээр газар эзэмших эрхээ шилжүүлснийг одоо хүртэл мэдэхгүй байна. Төв аймгийн Баянцогт сумын Засаг дарга болон тус сумын Газрын даамал, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дээрх хууль бус үйлдэл нь нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Төв аймгийн Засаг даргад хандаж гомдлын хариуг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1749 дугаартай албан бичгээр өгсөн. Иймд Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших Их булгийн адаг /хуучин нэрээр/-т байрлах төмс хүнсний ногоо, фермерийн зориулалттай 20 га газрын барьцаалбар бүртгэлтэй байхад хууль зөрчин газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, мөн Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших Их булгийн адаг /хуучин нэрээр/-т байрлах төмс хүнсний ногоо, фермерийн зориулалттай 20 га газрыг дахин барьцаалбарт бүртгэн баталгаажуулахыг Төв аймгийн Баянцогт сумын Газрын даамал болон Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний хувьд кадастрын зурган дээр 2014 оны 05 дугаар сарын 09-нд Ч.Пүрэвдоржид барьцаалсан гэсэн тэмдэглэгээ хийгээд бичилт дээр албаны тэмдэг дарсан. Баянцогтын газрын даамал Баярмаагийн утас нь холбогдохгүй байна газар эзэмших гэрээ дүгнэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа тул суманд мэдэгдэхгүйгээр барьцааг бүртгэж болохгүй кадастрын зурган дээр тэмдэглэгээ хийлгээд та нар өөрсдөө сумандаа очиж гэрчилгээн дээрээ бичилт хийлгэх ёстой гэж тайлбарласан. Эрдэнэбат 2016 оны 03 дугаар сарын 22 ны өдрөөр барьцааг бүртгэж, барьцааны бүртгэлийн тэмдэгтийн хураамжийг Баянцогт сумын дансанд оруулсан мөнгөний баримт, тэмдэглэгээ бүхий кадастрын зураг болон барьцааны гэрээний 1 хувийг өөрийн биедээ авч үлдээд барьцааг сумын газрын даамал Баярмаад сумдын газрын даамлуудын сургалтын үеэр өгсөн гэж хэлсэн. Гэтэл Энхболд нь үүнээс өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 19 ны өдрийн 0005106 тоот баримтаар "Өдрийн сонинд" хүсэлтээ гаргаж 5000 төгрөг тушааж гэрчилгээ үрэгдүүлсэн гэж зарлуулсан байна. Энэ нь барьцааны гэрээ байгуулсан этгээдийн итгэлийг эвдэн гэрээгээ зөрчсөн асуудал болохоос манай байгууллага тухайн этгээдтэй үгсэн хуйвалдаж иргэнийг хохироосон асуудал биш. Үүний дагуу Ц.Энхболд нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 00506828 дугаартай шинэ гэрчилгээ авсан. Мөн 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр А/39 тоот захирамжаар 3 га газраа бусдад шилжүүлсэн гэж сумын газрын даамлын ирүүлсэн тайлбарт дурджээ. Харин иргэн Ц.Энхболд нь газар эзэмших эрхийг өөр этгээдэд хэсэгчлэн шилжүүлсэн тул барьцаанд байгаа газрын кадастрын зурагт орох өөрчлөлтийг намайг ээжлийн амралттай үед буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ны өдөр мэдээллийн санд мэргэжилтэн М.Цогжавхлангаар хийлгүүлсэн байна. Газрын мэдээллийн санг солбицол өндрийн нэгдсэн сүлжээнд шилжүүлснээр Ланд менежер программ хангамж нь 2016 оны 10 дугаар сард аймгийн хэмжээнд нэвтэрч Баянцогт сумын мэдээллийн сан сумандаа хийгдсэн. Энэ хугацаанаас 3 сарын дараа суманд хандсан. Сум нь тайлбар хийгээд 17 га газрыг Пүрэвдоржийн барьцаанд байгаа гэж бүртгэж авсан байна гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Энхболд нь 20 га газраа 2014 оны 05 сарын 09-ны өдөр Ч.Пүрэвдоржтой барьцааны гэрээ хийн 25.0 сая төгрөгөөр барьцаалсан ба Ч.Пүрэвдорж нь 25.0 сая төгрөгийг бэлнээр Ц.Цэдэн гэх иргэнд хүлээлгэн өгөн гарын үсэг зуралцсан байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээндээ барьцаа бүртгэлээ тухайн үедээ бичилт хийлгээгүй ба 2 жилийн дараа буюу 2016 оны 03 сарын 22-ны өдөр Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт очин барьцаа бүртгэлээ бүртгүүлэн батлуулсан байна.

Газрын гэрчилгээний барьцаа бүртгэлийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д ... газар эзэмших тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад барьцаалах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д ... зөвшөөрөлтэйгээр газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээгээ Иргэний хуулъд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ ... гэж заасан байдаг тул тухайн иргэн газрын гэрчилгээг аймгийн газрын албан дээр бүртгүүлж тэмдэглэгээг хийлгэх ёсгүй сумын газрын даамал дээр ирж бүртгүүлэн тэмдэглэгээг хийлгэх ёстой. Иргэн Ц.Энхболд нь 2015 оны 10 сарын 19-ны өдөр өдрийн мэдээ сонинд 000449809 дугаартай 20 га газрын гэрчилгээг гээсэн тул хүчингүй тооцов гэсэн сонингийн хайчилбар авчран 2015 оны 10 сарын 22 ны өдөр 000506828 дугаартай гэрчилгээг дахин шинэчилж авсан байна. Иргэн Ц.Энхболд нь сумын Засаг даргын 2016 оны 03 сарын 24-ны өдрийн А/39 тоот захирамжаар 20 га газраасаа 3 га газраа эрх шилжүүлсэн. Тухайн хэсэгчлэн шилжүүлсэн кадастрын зураглалаа 2016 оны 08 сарын 19-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар бүртгүүлж, Ланд менежер программ суманд 2016 оны 10 сард нэвтэрсэн тухайн газрыг барьцаалсан тухай тэмдэглэлийг суманд ирж бүртгүүлээгүй тул газрын даамал, тухайн үеийн Засаг дарга нар энэ тухай мэдээлэл байхгүй байсан. 2016 оны 10 сараас хойш мэдээллийн сан дах өөрчлөлт, шинэ бүртгэлийг суманд бүртгэж эхэлсэн. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ч.Пүрэвдоржийн өмгөөлөгч гэн хүн ирж болсон процессыг хэлэн 17 га газарт нь сумын газрын даамал Д.Баярмаа нь бичгээр барьцаалсан тухай тодорхойлолтыг хийж өгсөн байна. Иймээс дээрх асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын газрын даамал Д.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... 2017 оны 06 сарын 05-ны өдөр иргэн Ч.Пүрэвдоржийн өмгөөлөгч гэх хүн ирж болсон бүх процессыг хэлэн 17 га газарт нь сумын газрын даамал Д.Баярмаа би бичгээр иргэн Ц.Энхболдын газрын гэрчилгээг барьцаалсан тухай тодорхойлолтыг хийж өгсөн. Сумын Засаг даргад Ч.Пүрэвдорж нь иргэн Ц.Энхболдын газрыг хүчингүй болгон Ч.Пүрэвдоржид захирамж гаргаж өгнө үү гэсэн өргөдөл өгсөнийг сумын Засаг дарга боломжгүй хариуг өгсөн. Сумын газрын даамал өмнөх газрын гэрчилгээнд барьцаа бүртгэл хийгээгүй тул иргэн Ц.Энхболдын эзэмшлийн газрын гэрчилгээ нь барьцаанд байгааг мэдээгүй. Мэдсэн бол барьцаанд байгаа газрын гэрчилгээг газрын харилцаанд оруулах байсан гэж тус тус маргасан харин 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр талууд хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, шүүхэд ирүүлжээ.     

Гуравдагч этгээд Ц.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай талуудын эвлэрлийн гэрээний дагуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг үндэслэж нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Мөн гуравдагч этгээд Ц.Энхболдын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 000506828 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж нь эвлэрлийн гэрээний 5-р заалтанд дурьжээ. Иймд энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэжээ.

            Гуравдагч этгээд Б.Нарангэрэл талуудын эвлэрлийн гэрээний дагуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж, хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын Засаг дарга А.Даваадорж, газрын даамал Б.Баярмаа, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан нарын байгуулсан эвлэрлийн гэрээтэй танилцаа. Энэ гэрээний дагуу гуравдагч этгээд Б.Нарангэрэл миний хууль ёсны эрх ашиг хөндөөгүй болно. Иймд талуудын эвлэрлийн гэрээг шүүхээс батлахад миний хувьд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж, хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын Засаг дарга А.Даваадорж, газрын даамал Б.Баярмаа, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь харилцан тохиролцож 2018 оны 04 сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

1. Энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг гардан авсанаас өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч Ч.Пүрэвдоржид Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших Гуна 1 дүгээр баг, Баян-Өндөриин ар талд 3 га газар эзэмших захирамж гаргаж, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээг байгуулах,

2. Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж нь Төв аймгийн Баянцогт сумын Газрын даамлын гуравдагч этгээд Ц.Энхболдод бичиж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 000506828 дугаар бүхий гэрчилгээг хүчингүи болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,

3. Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Ч.Пүрэвдоржид олгож байгаа 3 га газар нь 188 дугаартай нотариатч П.Отгонжаргалын 375 дугаарт бүртгэсэн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ болон 376 дугаарт бүртгэсэн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралгүй болох,

4. Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж нь Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших Гуна 1 дүгээр баг, Баян-Өндөрийн ар талд байрлах төмс хүнсний ногоо, фермерийн зориулалттай, нэгж талбарын 18609318786344 дугаартай 17 га газрыг 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний дагуу 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй болох,

5. Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж нь Төв аймгийн Баянцогт сумын Газрын даамлын гуравдагч этгээд Ц.Энхболдод бичиж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 000506828 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах гэж нэхэмжлэгч, хариуцагч харилцан тохиролцжээ.

 

Энд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар түүний үндэслэлд холбогдох маргаанаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж нь гуравдагч этгээд Ц.Энхболдын эзэмшилд байсан 20 га газрыг зээлийн барьцааны үндсэн дээр 20 га-аар барьцаанд бүртгүүлэх гэсэн боловч тус 20 га газрын 3 га газар нь гуравдагч этгээд Б.Нарангэрэлийн нэр дээр эзэмших эрх нь шилжсэн учир барьцааны гэрээнд зааснаар 17 га газрыг барьцаанд бүртгэхэд 20 газар болгож бүртгүүлэх эсэх дээр зөрүү 3 га газрыг нэхэмжлэгчийн нэр дээр тусдаа өөр газарт олгохоор шийдвэрлэсэнээр маргааныг дуусгавар болохоор тохирчээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний 2 заалтанд дурьдсан Төв аймгийн Баянцогт сум 1-р баг “Баян-Өндрийн ар талд байрлах гуравдагч этгээдийн Ц.Энхболдын эзэмшлийн төмс хүнсний ногооны зориулалттай 17 га газрыг нэхэмжлэгч Ч.Пүрэвдоржийн нэр дээр барьцаалбараар бүртгэсэн болох нь  хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайханы[1], хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын[2], хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын газрын даамал Д.Баярмаагийн[3] шүүхэд ирүүлсэн хариу тайлбаруудаар нотлогдож байгаа дурьдах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийн гүцэтгэлд 17 га газар хамрахаар болж, эвлэрлийн гэрээнд заасан 3 га газар нь гэрээний үр дагаварт хамаарахгүй маргааныг шийдвэрлэх харилцаанд хийгдсэн байгаагаар нэгэнт хүчин төгөлдөр барьцааны бүртгэл болох 17 га газрын барьцаалбар хэвээр үлдэж, зөрүү 3 га газрыг тусдаа олгосон нөхцөл байдал буй болж байна.

Үүнээс нэхэмжлэгч, хариуцагчийн энэхүү эвлэрлийн гэрээний улмаас гуравдагч этгээд болох Ц.Энхболд, Б.Нарангэрэл болон бусад этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” мөн хуулийн 68.2-д ... нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна ... гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзахаар заасан байх бөгөөд энэ гэрээг шүүхээс баталгаажуулах тохиолдолд нэхэмжлэгчийн татгалзлыг нь эвлэрлийн гэрээг батлах замаар хангаж нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд хэргийн оролцогч нарт шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Баянцогт сумын Засаг дарга, Төв аймгийн Баянцогт сумын газрын даамал, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж, хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын Засаг дарга А.Даваадорж, Төв аймгийн Баянцогт сумын газрын даамал Б.Баярмаа, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь 2018 оны 04 дугаар сарын 16-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

                                                                                                              

 

ШҮҮГЧ                                             Д.ЗОРИГТБААТАР

 


[1]  Хавтас хэргийн 31-32 дахь тал

[2]  Хавтас хэргийн 33-34 дэх тал

[3] Хавтас хэргийн 35-36 дахь тал