Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2052

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00978 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч БХЗХТБАА-д холбогдох

 

Нийслэлийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах, илүү суутгасан төлбөр 7 342 322 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шүүхийн шийдвэрээр “Д” ХХК болон Н.О-оос “Э” банкинд төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед зээлийн төлбөрийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 1 400 000 төгрөг үлдсэн байсан. Үлдэгдэл төлбөрийг өөр компанид шилжүүлэхээр болсон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн 33 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан байхад илүү төлбөр тэтгэврээс суутган авсан. 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 33 дугаар шийдвэрийн үлдэгдлийн талаар хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа. Хэргийн 27 дугаар хуудсанд шүүхийн шийдвэр авагдсан. 2016 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд 50 хувийн суутгал хийгдэж Төрийн банкинд тушаасан талаарх албан бичиг хэрэгт авагдсан байна. Мөн гадаадад зорчих эрхийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад илүү төлбөр төлөгдсөн байгааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэр гарсан байгаа. Тус шүүхийн шийдвэрүүдийн 765 748 төгрөг гаргуулах үндэслэлтэй, Н.О нь нийт 30 659 448 төгрөгийн төлбөртэй байгаа. Үүний дагуу албадан гүйцэтгэх хуудас нь бичигдэж ирсэн. 1995 оноос хойш Н.О нь 1997 онд 2 000 000 төгрөг, 1996 онд 1 718 000 төгрөг төлсөн. Мөн тэтгэврээс нь суутгал хийгдсэн. 2008 оноос суутгагдсан талаар манайд мэдэгдсэн зүйл байхгүй. 2011 оноос эхэлж суутгал хийгдсэн. Энэ хүний хувьд нийт 11 000 000-12 000 000 төгрөгийн төлөлттэй байгаа. 1996 оны байдлаар санхүүгийн үлдэгдлийг манайд ирүүлсэн. 1 450 245 төгрөгийг “Э” банкинд төлөх ёстой. 7 210 744 төгрөгийг “Т” банкинд төлөх үлдэгдэлтэй. Өнөөдрийг хүртэл энэ хүний ардаас 21 жилийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. 2015 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар эдийн засгийн үлдэгдлээр 9 918 499 төгрөг хийгдсэн. Тэтгэврийн суутгалаар 8 748 800 төгрөг суутгал хийгдсэн. Энэ хүн өнөөдрийг хүртэл Улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой үлдэгдэл байгаа. Нийт 900 000 гаран төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 143 дугаар зүйлийн 143.1-т заасныг баримтлан БХЗХТБАА-аас Н.О-ийн тэтгэврээс илүү суутгасан төлбөрийг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр буюу 7 342 322 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-д олгож, Нийслэлийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж, 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Н.О-ийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХЗХТБАА-д136 410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2667 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 19/473 тоот албан бичгээр нэхэмжлэгч Н.О нь 9 192 067 төгрөг төлсөн нь тогтоогдсон, өөр төлбөр төлөгчөөс төлбөр төлсөн гэх баримт гаргаж өгөөгүй. Нийслэлийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр 12 сая төгрөгийг Н.О-оос гаргуулж, “Э” банкинд олго гэсэн шүүхийн хүчин төгөлдөр баримт, шийдвэрт шүүхээс хүчингүй болгосон, үнийн дүнд өөрчлөлт оруулсан шийдвэр байх тул 12 сая төгрөгөөс 9 сая төгрөгийг хасахад төлбөрийн үлдэгдэл 3 сая төгрөг байна.

2. Мөн 33 дугаар шийдвэрийн “Эрчим” банкинд олгохоор шийдвэрлэсэн байхад 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2 тоот 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 тоот мэдэгдлүүдэд “Х” гэж тушаасан төлбөрийг “Э” банкны төлбөрт тооцож зөрүү төл гэж шийдвэрлэсэн нь буруу байна.

3. Нэхэмжлэгч Н.О-оос төлбөрт орж ирсэн төлбөрийн мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу “төлбөрт орж ирсэн мөнгийг хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагын  хэмжээнд хувь тэнцүүлэн төлбөр авагч нарт олгоно” гэж заасны дагуу хуваариласан нь хуулийн дагуу байх тул анхан шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч БХЗХТБАА-д холбогдуулан Нийслэлийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах, илүү суутгасан төлбөр 7 342 322 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг бүрэн барагдуулаагүй гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, Нийслэлийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр “Д” ББХК болон Н.О-оос 12 050 000 төгрөгийг гаргуулж “Э” банкинд олгохоор, мөн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр “Д” ББХК-ийн захирал Н.О-оос 17 893 700 төгрөгийг гаргуулж “Т” банкинд олгохоор, Улсын дээд шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр тогтоолоор Нийслэлийн шүүхийн 1994 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаар шийдвэр, Дээд шүүхийн 1994 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр магадлал, Дээд шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 153 дугаар тогтоолыг хянаж “Д” ББХК-иас 9 856 912 төгрөгийг гаргуулан ХОТШ банкны 434 дүгээр салбарт олгохоор өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэж байжээ. Эдгээр шүүхийн шийдвэрүүдээр төлбөр төлөгч нь “Д” ББХК болон Н.О, төлбөр авагч нь “Э”, “Т”, ХОТШ банкууд тус тус байна.

 

Хариуцагч БХЗХТБАА-ны 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2 тоот “Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай” мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн тэтгэврээс 2008 оноос 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд 9 192 067 төгрөгийн суутгал хийж, хариуцагч байгууллагын дансанд шилжүүлсэн талаарх Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 19/473 тоот албан бичиг, тодорхойлолт, нэхэмжлэгчээс 922 750 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаарх орлогын мэдүүлэг зэрэг нийт 10 114 817 төгрөгийн баримт хэрэгт авагджээ.

 

Хариуцагч уг мөнгийг дээрх шүүхийн шийдвэрүүдийн аль төлбөр авагчид шилжүүлсэн болон шийдвэрүүдэд заасан төлбөрийг тус тусдаа, эсхүл нэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар гүйцэтгэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

Учир нь хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл, 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 тоот “Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай” мэдэгдэл, хариуцагч байгуулагын 2015 оны 10 дугаар сарын 14, мөн оны 10 дугаар сарын 21, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн тооцоо гэх баримтуудад үлдэгдэл төлбөрийн хэмжээ, хугацаа, шүүхийн магадлалын дугаар, төлбөр авагчийн нэр харилцан зөрүүтэй бичигдсэн байх бөгөөд шүүхийн аль шийдвэрийн дагуу нэхэмжлэгчээс нийт хэдэн төгрөгийн төлбөр барагдуулах ажиллагаа хийгдсэн талаарх үйл баримт тодорхой бус байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх замаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “Нийслэлийн шүүхийн 1995 оны 33 дугаар шийдвэртэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг бүхэлд нь хариуцагч байгууллагаас гаргуулна” гэснийг шүүх 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 181/ШЗ20/04450 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, төлбөр төлөгч Н.О-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг бүхэлд нь ирүүлэхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн байх боловч дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг арилгаж, хэргийн үйл баримт, эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00978 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                   С.ЭНХТӨР