Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 609

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ИГ овогт С-н С-д холбогдох эрүүгийн 1805037430962 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын дотор засал хийдэг, ам бүл 2 эхийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ... дүгээр баг ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суудаг /РД:/, урьд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, И овогт С.С.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч С.С нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн төрөхийн дараах тасагт 2018 оны 5 дугаар сарын 10-наас 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд засвар хийж байхдаа 20 литрийн савалгаатай 6 ширхэг будаг болох хохирогч Э.Ган-Эрдэнийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө авч завшиж 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.С-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч С.С нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн төрөхийн дараах тасагт 2018 оны 5 дугаар сарын 10-наас 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд засвар хийж байхдаа “Д” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 20 литрийн савалгаатай 6 ширхэг будгийг өөртөө авч завшиж “Д” ХХК-д 720.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан С.Б-н “...С.С нь ажил гүйцэтгэж байх хугацаандаа 400.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хулгайлаад одоог хүртэл утсаа авахгүй алга болсон тул олж өгнө үү...” гэх өргөдөл /хх-ийн 20 тал/,

 

Хохирогч “Д” ХХК-ийн төлөөлөгч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Эх нялхасын хүүхдийн эрүүл мэндийн төвд дутуу төрөлттэй хүүхдийн тасаг засах ажлыг С.С-д өгсөн. Тэрээр 7-8 хүн дагуулж ирээд заслын ажлыг хийсэн. Хийх явцад дутуу төрөлттэй хүүхдийн тасгийн 1 өрөөнд 1 будаг орж байна, их будаг уудаг хана байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь нэг портер машин будаг өгсөн, тэгтэл Б надад захирлаа тус тасагт ийм будаг орохгүй гэж хэлсэн. Тэгэхэд би очиж шалгахад будаг байхгүй, С  болон бусад ажилчид байхгүй байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...Би Дамно ХХК-ийн үнэлгээний тайлантай танилцсан бөгөөд 720.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 26-28 тал/,

 

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн дараах тасагт засвар тендерийг манай компани авсан. Харин гүйцэтгэгчээр нь С  нэртэй хүн хийхээр болсон. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Эх нялхасын төрөхийн тасгийн 4, 5 давхарыг зассан.  Засвар хийх хугацаандаа С  гэх хүн манай компаниас маш их хэмжээний бараа бүтээгдэхүүн нэхдэг байсан. ...Би Эх нялхасын аж ахуй хариуцсан няравтай уулзахад С э гэх эмэгтэй манай барилыг материалыг зарж байсныг харсан гэсэн. Сүүлд эх нялхасын төрөх тасгийн нэгдүгээр давхарт байсан манай 2.1 сая төгрөгийн үнэ бүхий будгийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №БГ1-19-909 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 720.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 94, 95 тал/,

 

Шүүгдэгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би надад сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. ...Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49, 50-53 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.С нь зан байдлын хувьд  бол тайван дөлгөөн, гэнэн цайлган, ажилсаг, тусархуу, аймхай, итгэмтгий, өр зөөлөн зантай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/, шүүгдэгч С.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 тал/, гэрлэлт бүртгэлгүйн талаарх лавлагаа /хх-ийн 59, 62 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 61 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-69 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 70-76 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 86-90 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.С-ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 31-33, 34-35 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэргийн 38-39 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр 720.000 /долоон зуун хорин мянган/ төгрөгний хохирол учирсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ. 

 

Мөн шүүгдэгч С.С нь “Д” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох будгийг завшиж, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж буй нь шууд санаатай ба “Д” ХХК-ийн өмчид хууль бусаар халдсан  үйлдэлд хамаарна.

 

Иймд шүүгдэгч С.С-г 2018 оны 5 дугаар сарын 10-наас 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн төрөхийн дараах тасагт засвар хийж байхдаа “Д” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 20 литрийн савалгаатай 6 ширхэг будгийг өөртөө авч завшиж “Д” ХХК-д 720.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.С-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас “Д” ХХК-д 720.000 төгрөгийн хохирол хор учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №БГ1-19-909 дугаартай тайлангаар тогтоогдсон. Хавтас хэргийн 94 дэх талд “Д” ХХК-ийн төлөөлөгч Э.Г “...хохирол бүрэн төлөгдсөн, С тэй сайн дураар эвлэрсэн...” гэжээ. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгч С.С эс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч С.С нь Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч С.С д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.С-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч С.С д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.С д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ИГ овогт С-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С д 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.С-д мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА