Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2017/00038

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 10 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, Баасангийн Баттөмөрийн   нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 10 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, Чулуунбаатарын Отгонбаатарт  холбогдох  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Баттөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баттөмөр би Ч.Отгонбаатартай 2005 онд гэрлэж 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас хүү О.Төрболд 2006.03.24-ний өдөр, бага охин О.Энхзаяа 2009.07.13-ны өдөр төрсөн. Нөхөр Отгонбаатар нь 2008 оноос эхлэн намайг байнга зодох болсон. Голдуу ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зэрлэгээр зоддог. Тархи толгой, нүүр ам хэсэгт маань голдуу цохиж өшиглөдөг. Ер нь хүүхдүүдийнхээ дэргэд л намайг зодож байдаг. Хүүхдүүд маань аймхай болсон. Аав нь ирэхгүй оройхон болохоор л аав архи уусан юм болов уу гээд зовницгоогоод өвөөгийнх рүү, ахынх руу явъя гээд байдаг. Эхэн үедээ зодоод уучлалт гуйдаг байснаа сүүлдээ битгий ярь гээд загнаад байдаг болсон. Энэ мэтчилэн намайг байнга зоддог. Цаашид  энэ хэвээр байвал миний амь нас, эрүүл мэнд, хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хор хохирол учирч болзошгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Ч.Отгонбаатар шүүхэд  гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Отгонбаатар миний бие Баттөмөрийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Би эхнэр Баттөмөрөөс уучлалт гуйж, шүүхэд  нэхэмжлэл гаргаснаас хойш 2017 оны 01 сарын 31-ний өдөр хоорондоо ярилцаж цаашид гэр бүлээ бүтэн байлгаж үр хүүхдээ эцэг эхийн хайраар дутаахгүй, үр хойчийнхоо  амьдралыг бодож эвлэрсэн, би эхнэр хүүхэддээ хайртай гэр бүлээ цуцлах санаа бодол байхгүй, өөрийн бурууг ухамсарласан цаашид архи хэрэглэхгүй амьдарч чадна гэсэн амлалтыг эхнэртээ өгсөн тул хэргийг эвлэрснээр  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баттөмөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баттөмөр миний бие тус шүүхэд 2017 оны 01 сарын 05-ны өдөр нөхөр болох Отгонбаатараас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш нөхөр Отгонбаатар нь буруугаа хүлээсэн. Дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүй архи дарс уухгүй гэсэн амлалтыг өгсөн. Иймээс би 2 хүүхдийн минь эцэг учраас хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн татгалзал зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

       Нэхэмжлэгч Б.Баттөмөр нь хариуцагч Ч.Отгонбаатараас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Учир нь :

Нэхэмжлэгч Б.Баттөмөр нь Ч.Отгонбаатараас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Монгол  улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2-д   заасныг тус  тус   удирдлага  болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Баасангийн Баттөмөрийн   нэхэмжлэлтэй Чулуунбаатарын Отгонбаатарт  холбогдох  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг урьдчилан  төлснөөс 35.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг  улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Баасангийн Баттөмөрт олгосугай.

           

         

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.ЦЭЦЭГДУЛАМ