Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 610

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт Ж-н Б-д холбогдох эрүүгийн 2005017801068 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, метал боловсруулалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... эцэг, эх ... дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, хайрхан ... дугаар гудамжны ...тоотод оршин суудаг /РД: /, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б-н овогт Ж.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Б нь 2020 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны гадаа авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Т.Б-ний өмчлөлийн “Lexus RX-450” загварын тээврийн хэрэгслийн эд зүйл гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б-г “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Яллагдагч Ж.Б нь 2020 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны гадаа авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Т.Б-ний өмчлөлийн “Lexus RX-450” загварын тээврийн хэрэгслийн эд зүйлийг гэмтээсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, автомашины гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16 тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №БГ-20-208 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 550.400 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 18-21 тал/,

            Хохирогч Т.Б-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 4 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны гадаа хүүхдүүд юм нүдээд “цонхыг нь хагалаач, юундаа айгаад байгаа юм” гээд байхаар нь би цонхоор харчихаад 102-т залгаж мэдэгдчихээд бичлэг хийсэн. Тухайн үед гурвуулаа явж байсан бөгөөд 2 залуу нь машин руугаа явсан ба нэг залуу нь машиныхаа дугаарыг 46-39 УБГ гэж орилж байсан. ...Тэдгээр хүмүүсийг би танихгүй. Миний Lexus RX 450 маркийн автомашины баруун хойд хаалга, зүүн урд талын крыло, хамгаалалтын хальс зэрэг нь хонхойсон. Үнэлгээгээр 550.400 төгрөг гэж гарсан. Хохирлоо авмаар байна. Ямар шалтгаанаар эвдэлсэн болохыг мэдмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,

            Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 00 цаг өнгөрч байхад Б  ах манай байранд ирээд бид нар Т , Ц , З  нартай хамт яваад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б  ахын найзынд очсон. 3 цагийн орчим гурван найз нь гаргаж өгч байгаад нэг найз нь Б  ахын машиныг өшиглөчихсөн юм. Тэгээд Б  ах “миний машиныг өшиглөж байгаа юм чинь, тэрний машиныг өшиглөнө” гэж орилж байгаад хажуу талын цагаан өнгийн RX маркийн машины баруун урд хаалгыг өшиглөсөн. Тэгээд Т ийг  “Чи энэ машиныг өшиглөчих гэсэн чинь”  Т  “яах юм бэ” гээд байж байтал цонхноос /хэдэн давхар гэдгийг нь анзаараагүй/ эрэгтэй хүн “хөөё яагаад байгаа юм бэ” гээд орилоход Б  “45-39 УБГ улаан өнгийн приус-30” гээд орилоод байсан. Тэгээд Т ийг “юундаа айдаг юм бэ” гэх зэргээр орилж байгаад машинд нь суулгаад ундаа олж ууя гээд Өргөөгийн автобусны буудал дээр зогсож байтал араас RX маркийн цагаан өнгийн машин ирээд манай машиныг шахаж орж ирээд, хоёр хүн бууж ирээд манай урд талын хоёр хаалгыг онгойлгосон. Б  ах зугт гэхээр нь шууд хөдлөөд Саппорогийн орчим явж байгаад зүүн эргэх гэж байгаад эргэлтэн дээр огцом эргээд онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-546 тал/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...туранхай цайвар өнгийн хувцастай эрэгтэй нь машинаас бага зэрэг хөндий зогсоод “45-39” УБГ, улаан өнгийн приүс-30 шүү” гэж хэлж байгаа дүрс бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 49 тал/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Ж.Б ээс хохирлын мөнгө 350.000 төгрөгийг Т.Б д 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 10 минутад хүлээлгэн өгөв” гэх  тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 64-66 тал/,

 

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 75, 76 тал/,

            Шүүгдэгч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр найз Т , Д , Т  нарын хамт Т ын Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байр, орцыг нь санахгүй байна гэрт нь орж архи уусан. Би танил М , Т  нарыг дуудаж машинаа бариулахаар болсон. Намайг Т , Т  нар гаргаж өгөөд, Т  миний машиныг өшиглөхөөр нь би зөрүүлээд өшиглөхдөө өөр машиныг өшиглөсөн. Би андуураад өөр машины жолоочийн талын хаалга буюу баруун хаалгыг өшиглөөд, Т ийг “Энэ машиныг өшиглөчих” гэж хэлсэн. Тэр машин цагаан өнгийн RX байсан. Тэр машиныг өшиглөсний дараа 2 давхараас нэг эрэгтэй “болиоч ээ” гэхээр нь “46-39 УБГ приүс-30, би Баянголд том шүү” гэж хэлсэн. Тэгээд явж байгаад Өргөөгийн автобусны буудал дээр байхад араас ирэхээр нь зугтаад Саппорогийн эргэлтэн дээр машинтайгаа хөмрөөд осолд орсон. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Би тэр машины эзнийг өмнө нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-58 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөр 550.000 төгрөг төлсөн. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллаганд өгсөн “...Ж.Б нь миний том хүү, энэ жил ШУТИС-ыг төгссөн. Миний том хүү учраас биеэ даасан, дүү нартаа халамжтай, бүх зүйлээ гэртээ ирж асууж зөвлөж шийддэг, даруухан, ер нь их хэрэг төвөгт ороод байдаггүй. Энэ хэргийг санамсаргүй болсон байх гэж бодож байна. Найзууд нь их сайн хүүхдүүд” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 67 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 68 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                   

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 42-45 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.                  

                                          

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.Б нь хохирогч Т.Б-ний өмчлөлийн “Lexus RX-450” загварын тээврийн хэрэгслийн эд зүйл болох баруун хойд хаалга, зүүн урд талын крылон, хамгаалалтын хальс зэргийг хууль бусаар буюу өшиглөж гэмтээсэн үйлдэл тогтоогдсон.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэргийн 18-21 дэх талд авагдсан “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 550.400 /таван зуун тавин мянга дөрвөн зуу/-н төгрөгний хохирол учирсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ. 

Мөн шүүгдэгч Ж.Б нь хохирогч Т.Б-ний эзэмшлийн автомашины эд анги болох баруун хойд хаалга, зүүн урд талын крылон, хамгаалалтын хальсыг гэмтээж буй үйлдэл, эд хөрөнгөнд учирсан хохирол хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгийг гэмтээж буй нь шууд санаатай ба хохирогчийн өмчид хууль бусаар халдсан  үйлдэлд хамаарна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн...” гэмт хэргийн шинж бүрдсэн гэж дүгнэж, шүүгдэгч Ж.Б ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-д 550.400 /таван зуун тавин мянга дөрвөн зуу/-н төгрөгний эд хөрөнгийн хохирол учирсан болох нь  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №БГ-20-208 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар ...550.400 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлангаар тогтоогдож байна.

Хохирогч Т.Б  Баянгол дүүргийн прокурорын газар гаргасан хүсэлтдээ “...Ж.Б сайн дураараа надад хохирлын мөнгийг өгсөн...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...хохиролд тооцож 550.000 төгрөг төлсөн...” гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч Ж.Б ээс гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ж.Б эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ж.Б ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сиди нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт тул хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Б эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т  болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-н Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-эд мэдэгдсүгэй.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар тогтож, энэ  хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА