Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 625

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Чинзориг,

Хохирогч Ч.А ,

Шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Б.Адалбек /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1503/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Д.З-т холбогдох эрүүгийн 2003000000180 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ..., эхнэрийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, Зүүн нарангийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг /РД:/, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, И овогт Д.З.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.З нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Апекс” худалдааны төвийн урд Тоёота приүс-20 маркийн 43-08 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.А ийн мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн “...3, 4 дүгээр хороолол Сөөхий худалдааны төвийн урд явган зорчигч автомашинд мөргүүлсэн гэх дуудлагийг хүлээн авч ...явган зорчигчийг мөргөсөн гэх цэгийг жолооч Д.З аар заалгаж А үсгээр тэмдэглэв. Явган зорчигч мөргүүлээд унасан гэх цэгийг явган зорчигчоор заалгаж Б үсгээр тэмдэглэв. Үл хөдлөх цэгээр замын хойд талд байрлах гэрлийн шонг сонгон авч В цэгээр тэмдэглэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 3-9 тал/,

 

Явган зорчигчийн согтууруулан ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...АПЕКС худалдааны төвийн урд зам харагдах ба замын хойд талаас урагшаа чиглэлтэй хоёр явган зорчигч зам хөндлөн алхаж явахад Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл зүүнээс баруун тийш чиглэлтэй орж ирээд нэг явган зорчигчийг мөргөөд зогсож байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

 

            Хохирогч Ч.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутын үед би ажил руугаа очих гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3, 4 дүгээр хорооллын Апекс худалдааны төвийн урд талын явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй гарч явтал миний зүүн гар талаас нэг Тоёота приүс-20 маркийн автомашин ирж мөргөсөн. Би мөргүүлээд газар унахад тухайн автомашины жолооч дээлтэй хөгшин эрэгтэй хүн байсан ба тэнд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж ирээд намайг аваад явсан. Миний сээрний 12 дугаар нугалам шахагдсан хугаралтай. Нуруундаа хагалгаа хийлгэсэн, одоо хэвтрийн дэглэм сахиж байгаа. Би гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хавтас хэрэгт баримтаар өгсөн хохирол төлөгдсөн. Мөн ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаах баримтууд /хх-ийн 21-25 тал/,

 

            Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 60 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Т-н 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4910 дугаартай “...Ч.А-ийн биед сээрний 12-р нугаламын шахагдсан хугарал, гуя шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

 

Мөрдөгчийн “...Тоёота приүс-20 маркийн 43-08 УНО улсын дугаартай автомашины жолооч Д-н З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ч-н А  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн  заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 32 тал/,

 

            Шүүгдэгч Д.З ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 50 минутын үед би Сансараас 3, 4-р хорооллын эцэс орох санаатай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Апекс худалдааны төвийн урд замд зүүнээс баруун тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байтал явган хүний гарцаар хойшоос урагшаа чиглэлтэй хоёр хүн машины урдуур ороод ирсэн ба би тормосоо гишгээд хойно нь явж байсан эмэгтэй явган зорчигчийг мөргөөд зогссон. Явган зорчигч мөргүүлээд автомашины урд унасан. ...Би эмчилгээний мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Учирсан хохирлыг машинаа зараад төлж барагдуулна... “ гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хохирогчид 1.715.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч З.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав тээврийн жолооч байсан. Зан байдлын хувьд тайван, их зөөлөн хүн, хүн болгонтой эвтэй харьцдаг, төлөв түвшин зантай, гэр бүл, үр хүүхдүүддээ түшиг тулгууртай ноён нуруутай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/, гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хадам аав зан байдлын хувьд төлөв түвшин зантай, гэр бүл, үр хүүхдүүддээ түшиг тулгууртай ноён нуруутай хүн. Манай аав хөлөнд нь яс ургаад жоохон хөл муутай болохоор машин жолоодож явдаг, хөгшин настай хүн болохоор машин жолоодох самбаачлах чадвар муудсан юм шиг байна. Олон жил Дархан-Уул аймгийн 26-р баазад тээврийн жолооч хийж байсан хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 тал/, жолоочийн эрхийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-75 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн шүүгдэгч Д.З-ын шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлөх төлбөргүй болох тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.З-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 26 дахь талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.З  нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Апекс” худалдааны төвийн урд Тоёота приүс-20 маркийн 43-08 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.А ийн мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Баянгол дүүргийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг 30 минутын үед зам тээврийн осол болсон байх ба уг осол шүүгдэгч Д.З ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарчээ.

 

Энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэн хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.З ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн уг осолд өртсөний улмаас Ч.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу сээрний 12-р нугаламын шахагдсан хугарал, гуя шилбэнд цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 4910 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

Иймд шүүгдэгч Д.З  нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг 30 минутын үед 43-08 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч буюу хохирогч Ч.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Д.З  нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.З  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирол, хор уршигт тооцож 1.714.548 /хх-ийн 21-25 тал/, төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүгдэгч Д.З  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 1.715.000 төгрөг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн 60 дахь талд авагдсан хохирол төлбөр төлсөн талаарх баримт, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Түүнчлэн хохирогч Ч.А  нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулна гэж мэдүүлсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

2. Шүүгдэгч Д.З т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.З  нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн болон хяналтын прокурорын ялын төрөл хэмжээний талаарх дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 2, 4, 5 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Д.З т шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг сануулж, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сиди нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Д-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З т 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.З т сануулсугай.

4. Хохирогч Ч.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар тогтож, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.З  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.А т 1.715.000 /нэг сая долоон зуун арван таван мянга/-н төгрөгийг хохиролд тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА