Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00041

 

 

Эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай

 

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 59 дүгээр байрны 22 тоотод оршин суух, Шарнууд овогт Төмөрбаатарын Бибишид холбогдох “Зан үйлд нөлөөлөх сургалтанд хамруулан, эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Гүлбану, зөрчил гаргагч Т.Бибиш, нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Гүлбану шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүчирхийлэл үйлдэгч Т.Бибишийн нөхөр П.Нямпүрэв 10 гаруй жил Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад 2016 оны 11 дүгээр сард Солонгос улсаас ирсэн.  Багануурт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг “манай эхнэр Бибиш нь намайг Солонгос улсад байх хугацаанд байнга архи ууж, хүүхдүүдээ хайхардаггүй талаар сонсож байсан, миний зүгээс эхнэр Бибишийг зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах хүсэлтэй байна” гэсэн тайлбарыг Цагдаагийн байгууллагад өгсөн. Хүчирхийлэл үйлдэгч Бибишийн хүү Н.Өсөх-Ирээдүй тайлбартаа манай аав Солонгосоос ирээгүй байхад ээж мааань олон хоногоор архидаж дүү бид хоёрыг хайхрахгүй, эмээгийнд үлдээгээд явдаг, би ээжийнхээ олон хоногоор архи уудаг асуудлыг аавдаа мэдэгдмээргүй байна, манай ээж согтуу байхдаа дүү бид хоёрыг үл тоон амт, чанаргүй хоол хийж өгдөг, ээж согтуу ирэхээрээ бид нарыг унтуулахгүй ядаргаатай байдаг, ээж согтуу үедээ гараа хавсраад ганцаараа яриад суугаад байдаг, энэ байдлаас дүү бид хоёр их айдаг, бид хоёрыг зодож байсан удаа байхгүй гэх мэдүүлдэг. Хүчирхийллийн нөхцөл байдлын талаар Багануур дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багтай эрсдлийн үнэлгээ хийхэд “дунд” зэрэг гэж үнэлэгдсэн байгаа. Иймд цагдаагийн ахмад Н.Гулбану би Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд хохирогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Т.Бибишийг зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах, эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна гэв.

Зөрчил гаргагч Т.Бибиш шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд суух хүсэлтэй байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлтийг дэмжиж байна, Миний хувьд өмнө нь Солонгос улсад олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн, Багануурын унаган иргэн болохоор таньдаг хүмүүс их байдаг. Таньдаг хүмүүстэйгээ таарахаар архи уучихдаг юм. Тэрнээс биш байнга уугаад байдаггүй. Өөрөөсөө их ичиж байна, цаашид архи уухгүй сайн ээж, сайн эхнэр байж чадна гэж бодож байна гэв.

         ҮНДЭСЛЭХ нь

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “хохирогчийн гомдол, цагдаагийн байгууллагын ажилтны эсхүл өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах тухай шийдвэрийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8 дахь хэсэгт заасны дагуу гаргана” гэж зааснаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь Төмөрбаатарын Бибишид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн зүйлийн  16.1.5 дахь хэсэгт заасан эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд  ирүүлжээ.

            Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч Н.Гүлбану, 3 дугаар хорооны нийгмийн ажилтан Л.Гэрэлтуяа нарын хамтарч гаргасан Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээгээр үйлчлүүлэгчид аюул учрах эрсдэлийн түвшин “дунд” зэрэг гэсэн дүгнэлтийг хийжээ.

           Зөрчил гаргагч Т.Бибиш нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй /2 настай, 10 настай/ хоёр хүүхдээ хайхардаггүй, бусдын асрамжинд олон хоногоор үлдээж анхаарал халамж тавьдаггүй, тэднийг  тайван бус байдалд оруулж сэтгэл санааны дарамт үүсгэдэг болох нь цагдаагийн байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.       

              Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ” гэж заажээ.    

          Хүүхдийн хувьд тэднийг тэжээн тэтгэж асран хамгаалах үүргийг хуулиар  хүлээсэн этгээд болох эх нь архи согтууруулах ундаа хэрэглэж зүй бус байдал гаргаж байгаа нь тэдний хүмүүжил, сэтгэхүйд сөргөөр нөлөөлж болзошгүй учраас  зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах арга хэмжээг авах нь зүйтэй байна.

              2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн учраас хүчин төгөлдөр мөрдөгдөж  байгаа хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

           1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44  дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар Шарнууд овогт Төмөрбаатарын Бибишийг зан үйлд нөлөөлөх сургалтанд хамруулсугай.  

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар  зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯА