Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 626

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Ганхөлөг /томилолтоор/,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А.А-д холбогдох эрүүгийн 2005019371028 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны ...  дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт ... аймгийн Сагсай сумын ... дугаар баг ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух хаягтай, /РД: / урьд

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар 30-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эхүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Т овгийн, А-н А-т.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.А нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны гадаа Х.Ж-г нь “яасан том юм бэ” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь цохиж зодон, эрүүл мэндэд нь  “баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч А.А нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны гадаа хохирогч Х.Ж-г ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Х.Ж-г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15 цагт ажил тараад найз Е , А т, Х  нарын хамт ...пабд орж пиво ууж сууцгаасан. ...пабаас гарахаар болоод тооцоо хэд болсон талаар А таас асуутал 67.000 төгрөг гэсэн. Би ийм их тооцоо гарах ёсгүй, өмнө захиалсан пивоны тооцоо болох 32.000 төгрөгийг төлсөн гэж хэлээд А ттай маргалдаж маргаан дунд миний эрүүний хэсэгт гараараа цохисон. ...гараад А т яваад өгсөн. ...түрээсийн гэртээ очиход машины түлхүүр байхгүй байгааг мэдсэн. А т руу мессеж бичсэн чинь надад түлхүүр байна гэсэн. Түлхүүр аваад ир гэж хэлчихээд байрны гадаа Е гийн хамт А тыг хүлээсэн. ...хүрч ирж түлхүүр өгсөнөө баруун гараараа зүүн нүдний хэсэгт 1 удаа цохисон. ...нүүр хэсэгт дахиад 3-4 удаа цохисон. Эмчилгээтэй холбоотой ямар ч баримт байхгүй. Би А-тай 1 нутгийн хүүхдүүд учраас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,

Гэрч Н.Е-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15 цагт ажил тараад найз Ж , А т, Х  нарын хамт ...пабад орж пиво уусан. 67.000 төгрөгний тооцоо гарсан байна гэж А т хэлсэн. Ж  тийм их тооцоо гарах ёсгүй гээд А ттай маргалдаж ...А т эрүү хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Гараад А т тэр хоёр тус тусдаа яваад өгсөн. ...Баянол дүүргийн 13 хороо 2а байранд ирээд гэр болон машины түлхүүрээ алга болгосон байсан. А т түлхүүр аваад явсан байсан. ...гэрийн гадаа А тыг хүлээсэн. ...хүрч ирээд бид хоёрт хандан та хоёр яасан том юм бэ гээд Ж гийн өөдөөс явж очоод баруун гараараа зүүн нүдний хэсэгт 1 удаа цохисон. ...нүүр хэсэгт дахиад 3-4 удаа цохисон. Ингээд би очоод салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С-н 6390 дугаартай дүгнэлтээр “...Х.Ж-г ийн биед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/,

Шүүгдэгч А.А тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд ялагдагчаар мэдүүлсэн: “...Яваад очтол Ж  “чи ямар их хүн зоддог хүн бэ? Дахиад зодчих” гээд байхаар нь баруун гараараа зүүн нүдэнд нь 1 удаа цохиод тонгойх үед нь нүүр рүү нь 3-4 удаа цохисон. Тэр үед Е ирээд салгасан. Ж  намайг цохиж зодсон зүйл болоогүй. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ж  бид хоёр найзууд тул хохирол төлбөр нэхэмжлээгүй. Торгох ял оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон А.А-тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 тал/, гэрлэлт бүртгэлгүйн талаарх лавлагаа /хх-ийн 30 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 31 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 32 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 33 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 34-37 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 45-49, 50-56 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ирүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.А-тээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 8-9 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч А.А нь хохирогч Х.Ж-г  цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Х.Ж-г ийн биед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хэргийн 17-18 дахь талд авагдсан шинжээч эмчийн 6390 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэл болох нь нотлогдсон байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 6390 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч А.А нь хохирогч Х.Ж-г  цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч А.А нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны гадаа Х.Ж-г этэй үл ялих зүйлээс буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ж-г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 6390 дугаартай дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд хохирогч хавтас хэргийн 13-15 дахь талд өгсөн мэдүүлэгтээ   “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.А-таас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч А.А-тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч А.А-тад шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.А-тад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт А.А-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.А-тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.А-тад мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.А-тад нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА