Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 628

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч У.Н , түүний хууль ёсны төлөөлөгч Ц.У , тэдгээрийн өмгөөлөгч Л.Ганцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.м овогт У-н Н-д холбогдох эрүүгийн 2005012720958 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ээж, эгч, дүү, эгчийн ... хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбит ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, /РД: / урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И.м овогт У-н Н.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч У.Н  нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хялгант” зах дотор хохирогч Г.О-той хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.О-н нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, хамар хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч У.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан Г.О-н “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж “хялгант” модны захад өөрийн эзэмшлийн талбайд байх модыг Ш  гэж нэрлэдэг залуу нэг хүн дагуулж ирээд өөрийн модоо зарж байна гэхэд наадах чинь миний мод би заруулахгүй гэхэд намайг түлхсэн, би дараа нь түлхэхэд зөрүүлээд хамар, нүд орчим цохисон. Нүдний ухархай 3 см орчим язарсан, хамар муруйж хугарсан, нэлээд их цус гарсан...” гэх өргөдөл /хх-ийн 5 тал/,

Хохирогч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед санагдаж байна би түрээсийн талбай дээрээ байж байхад Ш  нэг залууг дагуулж ирээд мод худалдаж авъя гэж хэлэхээр нь би наад модоо наанаа хөрөөдөөд зарж болно гэж хэлэхэд Ш  үгүй би заавал өөрийнхөө мод хөрөөддөг газар зүснэ гэхээр нь би Ш  чи тэгвэл өөр газраас өөр хүний модыг зарчих гэхэд Ш  барьж байсан модоороо намайг түлхэхээр нь би хойшоо тэнцвэр алдаад ухраад модыг нь түлхэхэд шууд миний хамар руу цохиход миний хамарнаас цус гараад би доошоо суусан. ...Би дээшээ өндийхөд миний хамрыг хараад хамар чинь хугарчихсан байна гэхээр нь 1-р эмнэлгийн хойд талд байрлах “MGG” нэртэй хувийн эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугарчихсан байсан. Би 10 хоногийн дараа очиж хамраа тэгшлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 14 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3991 дугаартай “...Г.О-н биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 513 дугаартай “...У.Н  нь Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрөхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь олдмол эмгэг болно. У.Н  нь хэрэг үйлдэх үедээ Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрөхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. У.Н  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. У.Н  нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-29 тал/,

Шүүгдэгч У.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим санагдаж байна. Хялгант зах дээр явж байтал танихгүй нэг эрэгтэй хүн 4 метрийн прус мод авъя гэхээр нь би модыг нь голоор нь хуваагаад өгье гээд зүс таних О  гэх эмэгтэйгийн лангууны урд талд очоод мод зүсэх гэсэн чинь О  би наад модыг чинь зүсээд өгье гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд би О г түлхсэн юм шиг байна лээ. Тэгтэл О  нүүрээрээ урд талын машиныг мөргөчихсөн. Тэгээд О гийн хамар нь хугарчихсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хохирогчийн хамар руу цохисон, миний буруу, хохирогчтой уулзаж хохирол төлөх арга хэмжээ авмаар байна...” гэх мэдүүлэг зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч У.Н  нь хохирогч Г.О гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ц.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүү Н  нь сар болгон Сонгинохайрхан дүүргийн мэдрэлийн тасагт байнгын хяналтанд байдаг. Өвчин нь хөдөлбөл гарч явчих гээд байдаг. Ууралсан үедээ зан ааш нь хувирдаг. Анх төрөхдөө тархины даралттай төрсөн, одоо 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, групп авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 21 тал/, нийгмийн даатгалын хэлстийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 20 тал/,  Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 36 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөв гэж үнэлсэн болно.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У.Н-гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 17-18 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.                  

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч У.Н , хохирогч Г.О  нар нь үл ялих зүйлээс буюу “би зөвхөн энд мод хөрөөдөнө” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж эхэлсэн байх ба улмаар шүүгдэгч У.Н  нь хохирогч Г.О гийн биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч У.Н гийн хохирогч Г.О-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 3991 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.  

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 14 дэх талд 512.600 /таван зуун арван хоёр мянга зургаан зуу/-н төгрөгийн 6 ширхэг баримт гарган өгсөн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч У.Н гаас 512.600 /таван зуун арван хоёр мянга зургаан зуу/-н төгрөг гаргуулж, хохирогч Г.О-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч У.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Иймд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг арилгаагүй зэргийг харгалзаж, шүүгдэгч У.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдэлд нийцнэ гэж шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч У.Н д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.Н д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И.М овогт У-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч У.Н-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-гаас 512.600 /таван зуун арван хоёр мянга зургаан зуу/-н төгрөг гаргуулж, хохирогч Г.О-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Н  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА